Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1092

 

 

 

 

 

 

 

 

 

С.Баттулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/02948 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Баттулгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ирмүүнмальти медиа” ХХК, А.Дэлгэржаргал нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 141 798 290 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Баттулга

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Дэлгэрбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч С.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ирмүүнмальти медиа” ХХК нь С.Баттулгатай 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийн 3.5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай, 2012 оны 09 сарын 25-ны өдөр 30 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 20 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 30 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай, 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай тус тус зээлж, нийт 110 000 000 төгрөгийг авсан. Дээрхи Зээлийн гэрээнүүдийн хугацааг 2013 оны 10 дугаар сарыг дуустал тус тус сунгасан бөгөөд энэ хугацааны хүүг сар бүр төлж барагдуулсан. Ирмүүнмальти медиа ХХК нь зээлийн үндсэн төлбөр 110 000 000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сард бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээний хугацаа дууссан байна. Төлбөрөө төлөөч гэхээр гэрээг сунгана одоогоор төлөх боломжгүй байна гэдэг боловч гэрээг сунгахгүй ямар нэгэн шалтаг шалтгаан хэлээд явсаар байсан. Ингээд 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр урьд нь өөр өөр хугацаанд зээлсэн 5 зээлийн үндсэн төлбөрийг нэгтгэж гэрээ хийх саналыг А.Дэлгэржаргал тавьсаны үндсэн дээр харилцан зөвшөөрч бүх гэрээг нэгтгэж Үндсэн зээл 110 000 000 төгрөгнөөс 3.5 хувийн хүү тооцох нөхцөлтэйгээр 4 сарын хугацаатай, Зээлийн гэрээ байгуулсан. Ингэхдээ хүү 15 015 000 төгрөгийг оруулан зээлийн хэмжээг 125 015 000 төгрөг гэж тусгасан байгаа.

“Ирмүүнмальти медиа” ХХК нь зээлийг 2014 оны 7 дугаар сарын 30 ны өдөр төлөх үүргээ биелүүлээгүй тул 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн “Зээлийн гэрээний хавсралт №1” нэмэлт гэрээгээр “гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-ийг үндэслэн гэрээний хугацааг 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж, зээлийн хэмжээг 140 415 000 төгрөгөөр тохиролцсон.2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр “Зээлийн гэрээний хавсралт №2” нэмэлт гэрээгээр мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтын үндэслэн гэрээний хугацааг 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан.

“Ирмүүнмальти медиа” ХХК болон үүсгэн байгуулагч А.Дэлгэржаргал нараас нийт 141 798 290 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ үнийн дүнг гаргахдаа шинэчлэн байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний үндсэн зээл 110 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй нь 2014 оны 04 дүгээр сарын 1-нээс 2014 оны 7 дугаар сарын 30-ныг хүртэл нийтэд нь 125 015 000 /хүү нь 15 015 000/ төгрөг, гэрээний хугацааг сунгаад 2014 оны 8 дугаар сарын 01-нээс 2014 оны 10 сарын 31 хүртэл хүүтэйгээ нийлээд 140 415 000 төгрөг болсон. Энэ гэрээний хугацаа дуусаад 2014 оны 11 дүгээр сарын 1-ээс 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гэрээ сунгагдаад энэ хугацааны хүү нь 14 743 575 төгрөг болсон. Үнийг хариуцагчийн хүсэлтийн дагуу  нотариатын төлбөрийг бага төлөх зорилгоор зөвхөн хүүн дээр нь тусдаа 2014 оны 11 дүгээр сарын 1-нд “Зээлийн гэрээ” байгуулсан. Ингээд үндсэн зээл 110 000 000 төгрөг, хүү 2014 оны 04 дүгээр сарын 1-нээс 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 15 015 000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 01-нээс 2014 оны 10 сарын 31-ний өдрийг хүртэл 15 400 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 14 743 575 төгрөг. Нийт 155 158 575 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн. Үүнээсээ 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 20 000 000 төгрөг төлөөд үлдэгдэл нь 135 158 575 төгрөг болсон. Ингээд 2015 оны 6 дугаар сарын 30-аас 2015 оны 10 дугаар сарын 28-ныг хүртэл хугацаанд гэрээнд заасны дагуу 0.05 хувийн алданги буюу нэг хоногийн 67 579 төгрөгийг 98 хоногоор үржүүлээд 6 622 742 төгрөг, нийт 141 798 290 төгрөгийг “Ирмүүнмальти медиа” ХХК болон үүсгэн байгуулагч А.Дэлгэржаргал нараас гаргуулахаар нэхэмжилж байна.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигч оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээнэ. Үүний дагуу “Ирмүүнмальти медиа” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь А.Дэлгэржаргал учраас хамтран хариуцагчаар татсан. Хувьцаа эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл нь хувийн эд хөрөнгө болон компанийн эд хөрөнгө нь санхүүгийн тайлан дээрээ зааглагдсан тохиолдолд хувийн эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээхгүй юм. Хувийн эд хөрөнгө нь компанийн эд хөрөнгөөс зааглагдсан гэдгийг хариуцагч тал нотолж чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага болох 141 798 291 төгрөгийг “Ирмүүнмальти медиа” ХХК  болон уг компанийн хувьцаа эзэмшигч А.Дэлгэржаргал нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ирмүүнмальти медиа” ХХК болон уг компанийн хувьцаа эзэмшигч А.Дэлгэржаргал нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэмүүлэн, өмгөөлөгч А.Зоригтбаатар нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ирмүүнмальти медиа” ХХК нь иргэн С.Баттулгатай өмнө нь гэрээ байгуулж мөнгө өгөлцөж авалцаж байсан. 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр“Зээлийн гэрээ” байгуулж, 20 000 000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 30 000 000 төгрөг нийт 50 000 000 төгрөг хүлээж аваад зээлийн гэрээний төлбөрийг гэрээнийхээ үндсэн хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сарын 10-аас 2012 оны 11 сарын 17 хүртэл төлж байсан. 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээг 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан. Энэхүү хугацааны зээлийн хүүгийн төлбөрт 22 750 000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлийг бол төлөөгүй. Дараагийн зээлийн гэрээг 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 20 000 000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй байгуулсан. Энэхүү гэрээг 2013 оны 6 дугаар сарын 24, 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сунгасан байдаг.  Зээлийн хүүг дараа сард нь төлнө гэж гэрээндээ тохиролцсон байсан. Ийм учраас 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 20 000 000 төгрөгний хүү болох 7 700 000 төгрөгийг төлсөн. Зээлийн үндсэн төлбөр 20 000 000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төлсөн. Ийм учраас энэ гэрээний үүрэг дуусгавар болсон учраас энэ гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах эрхгүй юм.

Гуравдахь гэрээг 2013 оны 06 дугаар сарын 24-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 30 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй байгуулсан. Хүүгийн хэмжээг дараа сараас эхэлж тооцно гэж заасан. Энэ гэрээг сунгаагүй. 2013 оны 07 дугаар сарын 31-ээс 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл нийт 4 200 000 төгрөгийн хүүг төлсөн. Үндсэн зээл болох 30 000 000 төгрөгийг төлөөгүй байгаа.

Дөрөв дэх гэрээг 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 10 000 000 төгрөгийг аваад зарлагын баримтан дээрээ хоногийн 0.2 хувийн хүүтэй авсан. Гэрээг 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 28 хоногийн хүү болох 561 000 төгрөгийг 2013 оны 8 дугаар сарын 31-нд шилжүүлсэн. Үүнээс хойшхи хүүг 2013 оны 9 дүгээр сарын 30-аас 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нийт 1 610 000 төгрөгийг гэрээний хугацаанд төлсөн. Гэрээг 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай хийсэн. 10 000 000 төгрөг төлөгдөөгүй.

Нийт 4 гэрээний мөнгө болох 110 000 000 төгрөг хүлээж авсан. Үүнээс 20 000 000 төгрөгийг үндсэн зээлээс төлж 90 000 000 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй байгаа.  Энэхүү гэрээнүүдийн хугацаа сунгагдаагүй гэж үзэж байгаа учраас зээлийн хүү төлөөгүй. “Ирмүүнмальти медиа” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр 125 015 000 төгрөгийн, 2014 оны 08 дугаар сарын 01-ний 140 415 000 төгрөгийн, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 14 743 575 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээг тус тус байгуулсан байдаг. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Гэтэл эдгээр гэрээнүүдээр мөнгө шилжүүлж өгөөгүй. Энэ гэрээнүүд нь манай талд хэтэрхий хохиролтойгоор тогтоогдсон нөгөө талын хүсэлтэнд тулгуурлаж хийгдсэн хүүг үндсэн зээлийн хэмжээнд оруулж, үндсэн зээл болгосон, хүүгээс алданги тооцсон байгаа. Иймд 2014 оны 4 дүгээр сарын 1, 8 дугаар сарын 1, 11 дүгээр сарын 1-ний өдрүүдийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээдэг. Өөрөөр хэлбэл компанийн хүлээх үүргийг үүсгэн байгуулагч өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээр хариуцахгүй бөгөөд гагцхүү компанид оруулсан хөрөнгө буюу эзэмшиж байгаа хувьцаагаар хариуцлага хүлээхийг хэлдэг.

Нэхэмжлэгч С.Баттулгын зээлдүүлсэн гэх мөнгөн хөрөнгийг А.Дэлгэржаргал нь иргэн хүний хувьд хүлээн авч өөрийн хувийн үйл ажиллагаандаа захиран зарцуулаагүй учир уг иргэний хэрэгт хариуцагчаар татагдах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд С.Баттулгаас тус шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасныг үндэслэн “Ирмүүнмальти медиа” ХХК болон үүсгэн байгуулагч А.Дэлгэржаргал нараас 141 798 290  төгрөгийг гаргуулж С.Баттулгад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 084 165 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ирмүүнмальти медиа” ХХК, үүсгэн байгуулагч А.Дэлгэржаргал нараас 866 941 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баттулгад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Ирмүүн мальтимедиа” ХХК-ийн төлөөлөгч А.Дэлгэржаргал давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд нотлох баримтыг эргэлзээгүй, бүрэн үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс өмнөх 4 зээлийн гэрээний хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, үндсэн зээлээс 20 000 000 төгрөгийг төлж, зээлийн үлдэгдэл төлбөр 90 000 000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрсөн. Нөгөөтэйгүүр өмнөх 4 зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 110 000 000 төгрөг болохыг нэхэмжлэгч нь нотолж чадаагүй ба хариуцагчийн зүгээс үндсэн төлбөрөөс 20 000 000 төгрөгийг төлсөн болохоо нотлосон юм.

Гэтэл шүүхийн зүгээс дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүй орхигдуулж, өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг 110 000 000 төгрөгөөр тогтоосон хууль зүйн үндэслэлгүй буюу нотлох баримтыг шүүхийн зүгээс бүрэн дүүрэн үнэлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагчаас 141 798 290 төгрөг гаргуулах тухай юм.

Гэтэл шүүхийн зүгээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, дүгнэлт хийжээ. Учир нь Иргэний хуулийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тоо, төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т  “Мөнгө  буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.

Гэвч С.Баттулга нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ байгуулсан хэдий ч уг зээлийн гэрээний дагуу  зээлийн хөрөнгийг Ирмүүн Мальтимедиа ХХК-д огт шилжүүлээгүй тул уг гэрээний дагуу 110 000 000 төгрөгийг нэхэмжлэх, шүүхийн зүгээс уг гэрээг үндэслэн хариуцагчаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм. Нэхэмжлэгч С.Баттулга нь 2014 оны 08 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний Хавсралт №1 хэмээх баримтад гарын үсэг зуруулсан бөгөөд Гэрээний 2.1-д заасан зээлийн хэмжээг 140 415 000 /Нэг зуун дөчин сая дөрвөн зуун арван таван мянган/ төгрөг болгож, Гэрээний 2.4-д заасан “Зээлдэгч нь гэрээний 2.1 дэх заалтад заасан нийт дүнд хүү тооцож төлнө” болгож өөрчилсөн байдаг.

Ийнхүү өөрчлөгдсөн зээлийн хэмжээ болох 140 415 000 төгрөг бол талуудын 2013 онд байгуулагдсан өмнөх 4 гэрээний 110 000 000 төгрөг /одоогийн зээлийн үлдэгдэл бол 90 000 000 байгаа болно/ дээр 2013 оны 08-р сарын 22-ны өдрийн 99/02 тоот зээлийн гэрээний хугацаа 2013 оны 11-р сарын 30-нд дууссан бөгөөд 2013 оны 12-р сарын 01-ний өдрөөс 2014 оны 03-р сарын 31-н хүртэл хүү төлөх талаар гэрээний сунгалт хийгдээгүйгээс байх үеийг оруулан нэхэмжлэгч С.Баттулгын гаргасан зээлийн хүүний тооцоо гэх 15 015 000 төгрөг болон 2014 оны 04-р сарын 01-ны өдрөөс 2014 оны 08-р сарын 01-ны өдөр хүртэлх 4 сарын хүү гэх 15 400 000 төгрөгийг оруулан нэмж тооцон гаргасан нийт дүн юм.

Өөрөөр хэлбэл зээлийн үндсэн төлбөр дээр зээлийн хүүг нэмж гаргасан дүн бөгөөд зээлийн гэрээний хавсралт №1-р уг дүнд буюу зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгийн төлбөрт сар тутамд 3,5 %-ийн хүү төлөхөөр заасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Нэгдүгээрт: Иргэд хоорондын зээлийн гэрээнд хүүгээс хүү тооцох аргачлалыг хэрэглэдэггүй бөгөөд зөвхөн банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох үйл ажиллагаанд зээлдүүлэгчийн  үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох аргачлалыг хэрэглэдэг бөгөөд энэхүү заалт нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг ноцтой зөрчсөн.

Хоёрдугаарт: 2014 оны 04-р сарын 01-ны өдрийн Зээлийн гэрээний 4.4-т Зээлдэгч нь зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,05%-ийн алданги тооцож зээлдэгчид төлнө гэж заасан боловч Монгол Улсын Иргэний хуулийн 222  дугаар зүйлийн 222.6-д зааснаар Хүүгээс анз тооцохгүй бөгөөд энэхүү заалт нь Иргэний хуулийн 222.6-д заасныг ноцтой зөрчсөн.

Гуравдугаарт: 2014 оны 11-р сарын 01-ны өдрийн Зээлийн гэрээний 2.1-т заасан Зээлийн хэмжээ гэх 14 743 575 /Арван дөрвөн сая долоон зуун дөчин гурван мянга таван зуун далан таван/ төгрөг бол нэхэмжлэгч С.Баттулгын 140 415 000 төгрөгөөс 3,5%-ийн хүү буюу сар тутмын хүү болох 4 914 525 төгрөгийг 2014 оны 8,9,10 сард нийт 3 сарын төлөх хүү хэмээн тооцож гаргасан мөнгөн дүн бөгөөд уг 3 сарын хүү дээр зээлийн гэрээ байгуулж, гарын үсэг зуруулсан байна.

Уг гэрээний 2.2-т Сар тутамд 3,5%-ийн хүү, 4.4-т зээлдэгч нь хугацаандаа  зээлээ төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,05%-ийн  алданги тооцож зээлдүүлэгч төлнө гэж заасан.

Гэтэл шүүхийн зүгээс Иргэний хуулийг зөрчсөн гэрээний нөхцлийг үндэслэж, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06-р сарын 22-ны өдрийн “Иргэний хуулийн 5,6,7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 17 дугаар тогтоолд “Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “Хууль зөрчсөн” гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцээгүй байхыг хэлнэ” заасан байдаг.

Хариуцагч “Ирмүүн мальтимедиа” ХХК-ийн зүгээс 2012 оны 09-р сарын 17, 2012 оны 11 сарын 22, 2013 оны 06-р сарын 24, 2013 оны 08-р сарын 22-ны өдрийн гэрээнүүд хүчин төгөлдөр гэж үзсэн тул гэрээний үндсэн төлбөр 110 000 000 төгрөгөөс 20 000 000 төгрөгийн төлөлтийг төлсөн, уг гэрээнд заагдсан хугацаанд зээлийн хүүг төлсөн тул 90 000 000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байгааг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн хуульд нийцээгүй шаардлагыг биелүүлэхээс татгалзсан  боловч шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн хууль зөрчсөн шаардлагыг хуульд нийцсэн хэмээн тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч “Ирмүүн мальтимедиа” ХХК-ийг үүсгэн байгуулагч, 100% хувьцааг эзэмшигч А.Дэлгэржаргал нь хувийн эд хөрөнгөөсөө “Ирмүүн мальтимедиа” ХХК-ийг заагласан гэх байдлаа баримтаар нотлоогүй тул С.Баттулгын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Ирмүүн мальтимедиа” ХХК болон үүсгэн байгуулагч А.Дэлгэржаргал нараас зээлийн төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзэн буруу шийдвэр гаргасан.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” хэмээн заасан байдаг.

Мөн нэхэмжлэгч С.Баттулгатай байгуулсан зээлийн гэрээг иргэн А.Дэлгэржаргал бус “Ирмүүн Мальтимедиа” ХХК байгуулсан бөгөөд зээлийн төлбөрийг А.Дэлгэржаргал бус “Ирмүүн Мальтимедиа” ХХК нь төлж байсан.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж  чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж заасан байдаг.

Гэтэл шүүхийн зүгээс дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч иргэн А.Дэлгэржаргалаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Хариуцагч А.Дэлгэржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр буюу шүүх хуралдаанд итгэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн байдаг. Хариуцагч А. Дэлгэржаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхэд гаргаж өгсөн итгэмжлэлийг зохиогчид, түүний өмгөөлөгчид танилцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байх нь энэхүү итгэмжлэлд:

“Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан бүрэн эрхийг итгэмжлэн олгож байна. Эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримтттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, нэхэмжлэл гардаж авах эрхтэй хэмээн дурьдсан болохыг шүүх хуралдааны дараа олж мэдлээ.

Өөрөөр хэлбэл шүүхийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан итгэмжлэлтэй танилцуулалгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гаргасны  дараа хэргийн материалтай танилцах эрхтэй” гэж ноцтой зөрчсөн. Мөн шүүх хуралдаанд оролцох эрхгүй итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т “Шүүгч нь шүүх хуралдаанд оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгана” гэж заасныг ноцтой зөрчсөн бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй.

Нөгөөтэйгүүр шүүхийн зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ба шүүх хуралдаанд оролцвол зохих этгээдийг оролцуулах, мэтгэлцэх зарчмыг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүй.

Гэтэл  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40,2-т заасныг зөрчиж, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй бөгөөд маргааны  үйл баримтад буруу дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул 2016 оны 101/ШШ2016/02948 тоот шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндсэн зээлийн хэмжээнд хангаж, зээлийн хүү тооцсон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч А.Дэлгэржаргал давж заалдах гомдолдоо: “...Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” хэмээн заасан байдаг. Мөн нэхэмжлэгч С.Баттулгатай байгуулсан зээлийн гэрээг иргэн А.Дэлгэржаргал бус “Ирмүүн Мальтимедиа” ХХК байгуулсан бөгөөд зээлийн төлбөрийг А.Дэлгэржаргал бус “Ирмүүн Мальтимедиа” ХХК нь төлж байсан. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж  чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж заасан байдаг. Гэтэл шүүхийн зүгээс дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй буюу хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, иргэн А.Дэлгэржаргалаас надаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Учир нь Иргэний хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээд нь иргэний эрх зүйн харилцаанд бие дааж оролцох бөгөөд үр дагаврыг тусдаа хариуцах зохицуулалттай. А.Дэлгэржаргал миний бие нэхэмжлэгчтэй дээрх зээлийн гэрээнүүдийг Ирмүүн мальтимедиа ХХК-ийг төлөөлөн, түүний албан тушаалтны хувиар байгуулж, гарын үсэг зурсан бөгөөд зээлийн хүүгийн төлбөр болон үндсэн төлбөрийг миний бие огт төлж байгаагүй ба “Ирмүүн Мальтимедиа” ХХК нь төлж байсан.

Мөн миний бие дээрх зээлийн төлбөрийг авч ашиглаагүй ба уг зээлийн төлбөрийг бүхэлд нь “Ирмүүн Мальтимедиа” ХХК нь компанийн үйл ажиллагаанд ашигласан байдаг.

Гэвч шүүхийн зүгээс бусдын хариуцах үүргийг А.Дэлгэржаргал надад ногдуулан шийдвэрлэж буй нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчим болон хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхыг зарчмыг ноцтой зөрчиж, маргааныг шийдвэрлэсэн.

А.Дэлгэржаргал миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон бөгөөд энэхүү итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан буюу “Эсрэг талын шаардлага тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, нэхэмжлэл гардаж авах ” эрхийг олгосон.

Түүнээс биш шүүх хуралдаанд оролцох эрхийг олгоогүй байтал шүүхийн зүгээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 99 дүгээр зүйлийн  99.2-т заасныг зөрчиж буюу уг үүргээ биелүүлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдийг шүүх хуралдаанд оролцуулсан байна. А.Дэлгэржаргал миний бие шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулж, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүсэлтэй байсан боловч шүүх үүргээ биелүүлээгүйн улмаас энэхүү эрхийг эдлэх боломжийг олгоогүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын А.Дэлгэржаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                                                

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч С.Баттулга нь хариуцагч “Ирмүүнмальти медиа” ХХК, А.Дэлгэржаргал нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, алдангид 185 242 691 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 141 798 290 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч “2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ”-гээр зээлдэгчид мөнгө шилжүүлээгүй, хариуцагч талд хэтэрхий хохиролтойгоор нэхэмжлэгч талын хүсэлтэнд тулгуурлаж хийгдсэн, хүүг үндсэн зээлийн хэмжээнд оруулсан, хүүгээс хүү, алданги тооцсон гэрээнүүд тул хүлээн зөвшөөрөхгүй, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д заасны дагуу хувьцаа эзэмшигч А.Дэлгэржаргал хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй” гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Ирмүүнмальти медиа” ХХК иргэн С.Баттулга нарын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, 20 000 000 төгрөгийг, 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 30 000 000 төгрөгийг тус тус сарын 3.5 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээний хугацааг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан. “Ирмүүнмальти медиа” ХХК нь зээлийн хүүгийн төлбөрт 22 750 000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээл 50 000 000 төгрөгийг төлөөгүй,

2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, 20 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээний хугацааг 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сунгасан. “Ирмүүнмальти медиа” ХХК нь зээлийн хүүгийн төлбөрт 7 700 000 төгрөгийг төлсөн. Зээлийн үндсэн төлбөр 20 000 000 төгрөгийг төлөөгүй,

“Ирмүүнмальти медиа” ХХК нь иргэн С.Баттулгатай 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулж, 30 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл зээлж, гэрээний хугацааг сунгаагүй. “Ирмүүнмальти медиа” ХХК нь зээлийн хүүгийн төлбөрт 4 200 000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээл 30 000 000 төгрөгийг төлөөгүй,

“Ирмүүнмальти медиа” ХХК нь иргэн С.Баттулгаас 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бэлнээр 10 000 000 төгрөгийг зарлагын баримтаар хоногийн 0.2 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээг 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 3 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй байгуулсан. 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 28 хоногийн хүү болох 561 000 төгрөгийг 2013 оны 08 дугаар сарын 31-нд шилжүүлсэн. Үүнээс хойшхи хүүг 2013 оны 09 дүгээр сарын 30-аас 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нийт 1 610 000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээл 10 000 000 төгрөгийг тус тус төлөөгүй, дээрх зээлийн гэрээнүүдэд талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээ”-нүүдийг байгуулсан, зээлийн гэрээнүүдийн хугацааг 2013 оны 10, 11 сарыг хүртэл сунгасан, зээлийн гэрээнүүдийн хугацаанд төлбөл зохих хүүгийн төлбөрүүдийг бүрэн төлсөн, нийт үндсэн зээл 110 000 000 төгрөгийг зээлийн гэрээнүүдийн хугацаа дуусахад төлөөгүй байсан талаар маргаагүй байна. /хх 62-94/

 

Талууд хоорондоо харилцан тохиролцож, дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг нэгтгэж 110 000 000 төгрөгийг үндэслэн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулан сарын 3.5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай, зээлдэгч хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.05 хувийн алданги төлөх, 15 015 000 төгрөгт хүү тооцохгүй талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасантай нийцсэн байна. /хх 6-7/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Баттулга нь хариуцагч “Ирмүүнмальти медиа” ХХК-д 110 000 000 төгрөгийг өмнөх 4 зээлийн гэрээний дагуу 5 удаагийн үйлдлээр шилжүүлэн өгсөн бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Ирмүүнмальти медиа” ХХК нь 110 000 000 төгрөгийг ашиглаж байсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч С.Баттулга нь 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ”, 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээний хавсралт №1”, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ”, “Зээлийн гэрээний хавсралт №2” зэрэг гэрээнүүдэд хүүгийн хэмжээг тодорхой зааж тохиролцсон гэх үндэслэлээр 45 158 575 төгрөг нэхэмжилсэн тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зээлийн хүүг 45 158 575 төгрөгөөр тооцож, үндсэн зээл 110 000 000 төгрөг, нийт 155 158 575 төгрөг, хариуцагч “Ирмүүнмальти медиа” ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 19-ны өдөр 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байх тул зээлийн гэрээний гүйцэтгээгүй үнийн дүнгээс хасч 135 158 575 төгрөг /155 158 575 төгрөг – 20 000 000 төгрөг /-өөр тооцож төлөхөөр үүрэг хүлээсэн гэж дүгнэсэн нь зөв байна. /хх-76/

 

Шүүх талуудын хоорондын “Зээлийн гэрээ”-ний 4.4-д “зээлдэгч нь хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.05 хувийн алданги тооцож зээлдүүлэгчид төлнө” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч нь 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл алдангийг 6 639 715 төгрөг /нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тооцож/-ийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ирмүүнмальти медиа” ХХК, А.Дэлгэржаргал нараас 141 798 290 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/02948 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Ирмүүнмальти медиа” ХХК-ийн төлсөн 416 942 төгрөг,  хариуцагч А.Дэлгэржаргалын төлсөн 866 942 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ

                                           ШҮҮГЧИД                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН