Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 901

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Ат холбогдох  эрүүгийн 1805041800973 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Э.А нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Бурхант төвийн караокед хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн М.Аын “Самсунг жи-3” маркийн гар утсыг нь “утсаар чинь яриад өгье, манай найз ирж авах ёстой” гэж хуурч шилжүүлэн авч 479.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт: Би өөрийн гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргийг би үнэн зөв мэдүүлсэн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

 

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч М.А мөрдөн байцаалтанд “2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр найз Идэрзолбоо, Баясаа нарын хамт хорооллын эцсээс  такси бариад Өргөө кино театрын хойд  талын Бурхант төв дээр очиж буусан юм. Бид гурвын сууж явсан таксинд жолоочтойгоо нийлээд хоёр хүн явж байсан. Баясаа бид хоёр түрүүлээд Бурхант төв рүү орсон бөгөөд Идэрзолбоо тамхи татахаар үлдсэн юм. Удалгүй Идэрзолбоо таксинд явж байсан жолоочийн хажууд сууж явж байсан залуутай хамт орж ирсэн. Баясаа, Идэрзолбоогийн нөгөөх үл таних залуу бид 4 Бурхант төвийн караокед суугаад дуулж байтал Идэрзолбоогийн дагуулж орж ирсэн нөгөө үл таних залуу” утсаар чинь яриад өгье, намайг манай найз ирж авах ёстой” гээд миний утсыг 4 удаа авч гараад буцаж орж ирсэн юм. 5 дахь удаагаа миний утсаар ярих гээд авч гараад буцаж орж ирээгүй. Би гар утсаа 2018 оны 7 дугаар сарын 02-нд 480.000 төгрөгөөр худалдан авч байсан” /хх-ийн 11/ гэх мэдүүлэг,

 

Самсунг Жи-3 маркийн гар утас 479.000 төгрөгөөр үнэлэгдсэн Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан  /хх-ийн 17/,

 

Хохирогч М.Аын “497.000 төгрөгийг бэлнээр авсан, надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, энэ хэргийг хааж өгнө үү” гэсэн бичгийн хүсэлт /хх-ийн 50/,

 

Сэжигтнээр Э.А мөрдөн байцаалтанд “2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн орчим Саппоро дээрээс такси бариад гэр рүүгээ харих гээд явж байтал таксины жолооч залуутай танилцан юм яриад явж байгаад хорооллын эцсээс 3 залуу гараа өргөж байхад таксины жолооч авчих уу гэхээр нь би авчих гээд тэр гурвыг хойд  талын суудал дээр суулгаад Өргөө кино театрын хойд талд очиж зогссон. Тэгээд бид нар машин дотроо юм ярьж сууж байгаад таксины жолооч 2,5 л пивоны савны талаар шахуу монгол архи гаргаж ирэхээр нь хорооллын эцсээс суусан 3 залуу надтай хамт уусан. Хойно сууж явсан 3 залуу бид нар нэг газар суух гэж байна хамт сууж сайхан танилцъя гэхээр нь би тэгье гээд Өргөө кинотеатрын хойд талын Бурхант төвийн нийтийн караоке руу орсон. Би буухдаа таксины жолоочийн залуугийн дугаарыг нь аваад орой залгая ирээд авчихаач гээд явуулсан...Тухайн үед би гар утасгүй явж байсан бөгөөд орой над дээр өргөдөл гаргаж өгсөн залуугийн утсан дээр нь таксины жолоочийн дугаарыг тэмдэглээд авсан байсан тул нөгөө залуугийн утсаар таксины жолоочоо дуудаад утсыг нь өгөлгүй таксинд суугаад явчихсан юм. Тухайн үед би маш их хэмжээний согтолттой байсан яаж харьснаа ч санахгүй байна. Миний авч явсан утас Самсунг Жи 3 гар утас байсан. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр найзуудтайгаа архи ууж явж байгаад тэр утсыг хаячихсан юм аа” /хх-ийн 8/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 51/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.А нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Бурхант төвийн караокед хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан иргэн М.Аын Самсунг Жи-3 маркийн гар утсыг нь  “утсаар чинь яриад өгье, манай найз ирж авах ёстой” гэж хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 479.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч М.Аын”...Идэрзолбоогийн дагуулж орж ирсэн нөгөө үл таних залуу...5 дахь удаагаа миний утсаар ярих гээд авч гараад буцаж орж ирээгүй...” /хх-ийн 11/ гэсэн мэдүүлэг болон сэжигтнээр Э.Аын өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...нөгөө залуугийн утсаар таксины жолоочоо дуудаад утсыг нь өгөлгүй таксинд суугаад явчихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Э.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “хохирлоо бүрэн барагдуулж бид сайн дураараа эвлэрсэн” гэх тэмдэглэл, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг Э.Ат танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Шүүх, шүүгдэгч Э.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1.     Шүүгдэгч Аыг бусдыг хуурч, өмчлөгийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

3.     Э.Ат тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан  зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Э.Ат анхааруулж мэдэгдсүгэй.

 

5.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Э.Ат хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

6.     Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

7.     Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8.     Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

  

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ