Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00487

 

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00487

 

 

Ү.Дуламжавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2023/00187 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/03299 дугаар захирамж, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШЗ2021/14420 дугаар захирамжаар Б-, В-,А- нараас 50,203,975 төгрөг гаргуулж Г ББСБ ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болохА-ын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Толгойт, 18101, Москвагийн гудамж, 48а, *** тоотод байршилтай, 40,49 м.кв орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгийн үнэлгээ хийсэн бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 89,250,000 төгрөгөөр үнэлүүлсэн талаар 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 4-151/11927 дугаартай мэдэгдлээр танилцуулсан.

Тус орон сууцыг өнөөдрийн зах зээлийн үнээс багаар үнэлж, энэхүү үнийн дүнгийн 70 хувийн дүнгээр худалдан борлуулах гэж байгаа байдал нь төлбөр төлөгчид илт хохиролтой байна. Өөрөөр хэлбэл, тухайнА-ын өмчлөлийн эд хөрөнгөд үнэлгээ тогтоохдоо зах зээлийн бодит ханшид тулгуурлаагүй, хэт доогуур үнэлж тайлан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагууА- нь Баян модот ХХК-аар хийлгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3299 дугаар захирамжаар Б-, В-,А- нараас 50,203,975 төгрөгийг гаргуулж Өлзий капитал ББСБ-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48А байр, *** тоот хаягт байршилтай 40,49 м.кв талбайтай, Ү-2201044201 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч нар 250,000,000 төгрөгийн үнийн санал өгснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул хөдлөнгийн шинжээчээр Баян модот ХХК-ийг томилж, үнэлгээчин үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 89,250,000 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн Баян модот ХХК-ийн 2022 оны 06 сарын 06-ны өдрийн ОСҮ-22/05 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухайА-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В-т хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр утсаар мэдэгдэж, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр үнэлгээний талаарх мэдэгдлийг танилцуулсан байгааг анхан шатны шүүх 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үнэлгээний мэдэгдлийг танилцуулсан, шүүхэд нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр буюу 23 хоногийн дараа гаргасан нь мэдэгдлийг танилцуулсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болох хугацаа өнгөрсөн байна гэж дүгнэжээ.

Ү.Дуламжавын итгэмжлэгдсэн төлөөлөгч В- нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хөрөнгийн үнэлгээний мэдэгдэлтэй танилцаж гардан авч, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргаж тус шүүхээс нэхэмжлэгчА-ын энэхүү нэхэмжлэл нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхийн харьяалал зөрчсөн үндэслэлээрА-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гарсныг гардан авч, шүүхийн харьяалал бүхий Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлд хавсаргаж өгөх материалуудыг яаралтайгаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргуулан авч нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хуулийн хугацаа өнгөрсөн гэж анхан шатны шүүх дүгнэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас оролцоогүй, тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. НэхэмжлэгчА- нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2019/03299 дугаар захирамжаар хариуцагч Б-, В-,А- нараас 50,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Өлзий капитал ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

4.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШЗ2022/00995 дугаар захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болохА-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Толгойт, 18101, Москвагийн гудамж, 48а, *** тоотод байршилтай, 40,49 м.кв талбай бүхий орон сууцыг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр битүүмжилж, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хураасан.

 

4.2. Талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 5/161 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Баян модот ХХК-ийн үнэлгээчин С.Цэвээнроломыг шинжээчээр томилж, шинжээч нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Толгойт, 18101, Москвагийн гудамж, 48а, *** тоотод байршилтай, 40,49 м.кв талбай бүхий орон сууцыг 89,250,000 төгрөгөөр үнэлсэн.

 

5. Хариуцагч нь шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцүүлж гүйцэтгэсэн, уг ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй /хх 54-56, 61-63/.

Хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар зохигч тохиролцоогүй тул хариуцагч нь үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцсэн гэж анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг өгсөн байна /хх 55-57/.

 

5.1. Анхан шатны шүүх үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй, нэхэмжлэгч нь үнэлгээг зах зээлийн бодит ханшид тулгуурлаагүй, хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Баян модот ХХК-ийн үнэлгээчин ньА-ын өмчлөлийн 40,49 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 89,250,000 төгрөгөөр үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010 он/-ийн 8, 9 дүгээр зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг хангасан үнэлгээг хийсэн байна.

 

6. Үнэлгээний талаарх мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгчА-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч В-т 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, төлбөр авагч Г ББСБ ХХК-ийн төлөөлөгч Г.Авирмаад 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр, төлбөр төлөгч Б-д 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн талаар шийдвэр гүйцэтгэгч Т.Баттүшиг тэмдэглэл үйлджээ /хх 73-77/.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь үнэлгээний талаар 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мэдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаагүй тул нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

7.1. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр уг үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан боловч тухайн шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хуулийн хугацаа хэтэрсэн талаарх шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэж дурдаад гомдолд дээрх захирамжийг хавсарган ирүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй уг баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэхгүй.

 

7.2.. Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШЗ2022/10704 дугаар захирамжаар түүний гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас хойш 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШШ2023/00187 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Т.БАДРАХ