| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0213/Э |
| Дугаар | 213 |
| Огноо | 2018-12-03 |
| Зүйл хэсэг | 162.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Ж.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807006120219 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******т төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Улаанбаатар хот, *******,*******,******* тоотод оршин суух, урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, регистрийн ********** дугаартай, ******* овогт Ж.Э.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Ж.Э нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар ******* тоотод А.Бийг өөрийн эхнэр Э.Ог уруу татлаа, нэр холбогдсон хүний гэрийг нь зааж өг гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э мэдүүлэг өгөхгүй гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч А.Бийн өгсөн: “Э хутганы араар болон нөгөө гараараа ээлжлэн толгойн энд тэндгүй 5-6 удаа цохьсон, гарч зугтахад гэрийн гадаа үснээс татаж унагаад хөлөөрөө нэлээд хэдэн удаа зүүн гар, мөр, толгойн орчимд ойролцоогоор 7-8 удаа өшиглөж дэвссэн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 12 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Э.Огийн өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 26-ны орой манай ажил дээр ирээд Эод зодуулсан тухай хэлсэн” гэх мэдүүлэг,
/хх-ийн 15 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч Б.*******ий өгсөн: “үл таних ах орж ирээд эгчийн толгой руу хэд хэдэн удаа цохиж авахаар нь би очиход гартаа хутгатай байсан, би голоор нь ороод гарыг нь барих гээд зууралдахад эгч гарч зугтахад тэр ах араас нь хөөж гэрийн гадна барьж аваад үснээс нь татаж унагаад хөлөөрөө хаа хамаагүй өшиглөж дэвсээд байсан” гэх мэдүүлэг,
/хх 18 дугаар хуудас/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08 шэ/539 дугаар:
/хх-ийн 23 дугаар хуудас/
Ял шалгах хуудас бусад баримтууд /хх-39-64 дүгээр хуудас /зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ******* тоотод А.Бийг “өөрийн эхнэр Э.Огийн нэр холбогдсон гэх *******гийн гэрийг зааж өг” гэж хэрүүл маргаан үүсгэн хутганы ишээр цохих, үстэх, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун мөр, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн хохирогч А.Бийн “Э хутганы араар болон нөгөө гараараа ээлжлэн толгойн энд тэндгүй 5-6 удаа цохьсон, гарч зугтахад гэрийн гадаа үснээс татаж унагаад хөлөөрөө нэлээд хэдэн удаа зүүн гар, мөр, толгойн орчимд ойролцоогоор 7-8 удаа өшиглөж дэвссэн” гэх,
гэрч Б.*******ий “үл таних ах орж ирээд эгчийн толгой руу хэд хэдэн удаа цохиж авахаар нь би очиход гартаа хутгатай байсан, би голоор нь ороод гарыг нь барих гээд зууралдахад эгч гарч зугтахад тэр ах араас нь хөөж гэрийн гадна барьж аваад үснээс нь татаж унагаад хөлөөрөө хаа хамаагүй өшиглөж дэвсээд байсан” гэх мэдүүлгүүд, шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 08 шэ/539 дугаар дүгнэлт /хх-23/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэх,
Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч тайлбар байхгүй гэжээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Ж.Эод хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
III. Бусад асуудлаар
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь 1.000.000 төгрөг нэмэмжилсэн боловч холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй байх тул дээрх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй, хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ж.Эод хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Эод 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Эод нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт зааснаар Ж.Эод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг ******* дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
5. Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч А.Б нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ