Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00509

 

 

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00509

 

 

С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/02932 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А ХХК-нд холбогдох,

1,316,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Лхагвасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. С- нь А ХХК-ийн барьж ашиглалтанд оруулж буй А худалдааны төвийг анх ашиглалтанд бүрэн ороогүй байх хугацаанд тус төвийн 2 дугаар давхрын 5 тоот 17,55 м.кв талбайг удаан хугацаагаар маникюрын /****/ үйл ажиллагаа явуулах зориулалтаар түрээслэхээр харилцан тохиролцсон. Анх гэрээ байгуулахад тус барилга ашиглалтад бүрэн ороогүй байсан тул эхний жилд нэг м.кв талбайг 12,000 төгрөг байхаар тохирсон. Түрээсээр эзэмшихээр тохирсон талбайн барьцаа болгож 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 877,500 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөн л барьцаа төлбөрийн 50 хувь нэмж 438,750 төгрөг, нийт 1,316,250 төгрөг төлсөн. Гэтэл дөнгөж түрээсэлж эхлээд удаагүй байхад коронавирус гарч үйл ажиллагаа явуулаагүй. Энэ хугацаанд төлбөр авахгүй гэдгээ хариуцагч мэдэгдэж байсан.

Үүний дараа 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр А ХХК өмнө байгуулсан гэрээг сунгаж байгаа гэж тайлбарлан 02/14 дугаар бүхий Худалдаа үйлчилгээний барааны талбайн түрээсийн гэрээг байгуулахыг шаардаж байгуулсан. Нэгэнт гэрээ байгуулсан тул гэрээний үүргээ түрээсийн төлбөрөө тухай бүрт төлж биелүүлж байсан.

1.2. Гэтэл 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 22/46 дугаар албан мэдэгдлийг 2022 оны 07 дугаар сард танилцуулж түрээсийн талбай чөлөөлж өгөхийг шаардсан. Миний бие уг түрээсийн талбайд удаан хугацаагаар үйл ажиллагаа явуулна гэж найдаж ашиглалтад бүрэн орохыг хүлээж үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж, нэмэлт зардал гаргаж тоолуур суулгасан байсан тул 2022 оны 09, 10 дугаар сард түрээсийн төлбөртөө тооцон суутгасан. Хариуцагч түрээсийн гэрээг нэг талын санааачилгаар 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс цуцалсан атлаа барьцаа төлбөр болох 1,316,250 төгрөгийг буцаан өгөөгүй.

Барьцаа төлбөрөөс ажиллаагүй саруудын түрээсийг хасахыг зөвшөөрөхгүй. 2021 оны 03 дугаар сараас хөл хорио нээгдээгүй, дахин хөл хориог тогтоож байсан тул маникюрын хувьд ажиллах боломжгүй байсан. 2021 оны 08 дугаар сараас үйл ажиллагаа явагдаж эхэлж, гэрээг шинэчилж хийсэн. Иймд барьцаа төлбөр гэж илгээсэн 1,316,250 төгрөгийг хариуцагч А ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. А ХХК нь иргэн С-тай 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулахдаа гэрээнд заасны дагуу 877,500 төгрөгийг барьцаа төлбөрт урьдчилан авсан. Тухайн үед улс орон даяар цар тахлын нөхцөл байдал хүндэрч худалдааны үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор түрээслүүлэгч нь гэрээ байгуулагдсан үеэс эхлэн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээслэгчийг түрээсийн төлбөрөөс бүрэн чөлөөлсөн. Үүнээс хойш түрээсийн 1 м.кв талбайн үнийг 12,000 төгрөг буюу 1 сарын түрээсийн төлбөр 210,600 төгрөг болгон гэрээний бус байдлаар хөнгөлсөн.

Түрээслэгч С- 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 сарыг дуустал төлбөр төлөлт хийгээгүй бөгөөд энэ хугацааны төлбөрийг барьцаа төлбөрөөс суутгасан. Улмаар түрээслэгч С- нь 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээ шинэчлэн байгуулсан үеэс эхлэн төлбөр төлөлтөө цаг тухай бүрт нь хийсэн.

2.2. 2021 оны 03 дугаар сараас хөл хориог сулруулж үйл ажиллагааг нээж байсан тул нэхэмжлэгч ажиллах боломжтой байсан. Гэтэл өөрөө ажиллаагүй тул түрээсийн төлбөрийг төлөхгүй гэх үндэслэлгүй. Дээрх нөхцөл байдлаас дүгнэн үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул манай байгууллагын хүлээн зөвшөөрч буй 315,000 төгрөгөөс бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 287 дугаар зүйлийн 287.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч А ХХК-аас 1,087,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 228,900 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 30,646 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн.

Шүүх хуралдаанд хариуцагч талаас нотлох баримт нэмж гаргуулахаар, шүүх хуралдааныг түр хугацаагаар хойшлуулах хүсэлтийг гаргасан. Тус нотлох баримт нь нэхэмжлэгч С-ыг гэрээний үндсэн дээр үйлчилгээний талбайг бүрэн ашиглах боломжтой байсныг нотлох баримт байсан бөгөөд тухайн хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд чухал баримт байсан. Гэтэл анхан шатны шүүх нэг талын хүсэл зоригийг илүү хангаж, хариуцагчийн мэтгэлцэх боломжийг хязгаарлан нотлох баримт гаргах, нотлох баримттай танилцаж шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчиж хурлыг үргэлжлүүлсэн нь талуудад тэгш боломжийг олгоогүй.

4.2. Шүүх талуудын дунд шинээр байгуулагдсан гэрээг шинээр эрх зүйн харилцааг үүсгээгүй, өмнөх гэрээг үргэлжлүүлсэн агуулгатай гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. А ХХК нь С-тай 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр анх гэрээ байгуулж, 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрээгээ шинэчлэн байгуулсан байдаг. Тус гэрээнүүд нь дотоод агуулгын хувьд барьцаа мөнгөтэй, барьцаа мөнгөгүй болон түрээслэгчид олгосон хөнгөлөлт урамшууллын хувьд өөр өөр байдлаар зохицуулсан гэрээ байхад анхан шатны шүүхээс гэрээг сунгагдсан хэмээн үзсэн нь үндэслэлгүй юм.

4.3. Улс орон даяар Ковид-19 цар тахлын тархалт нэмэгдэж хорио цээр, хөл хориог тодорхой чиглэл бүрийн үйл ажиллагаанд тавьсан. Үүнтэй холбоотойгоор А ХХК нь өөрсдийн үйл ажиллагаандаа төрийн байгууллагуудын тухайн үеийн шийдвэрүүдийг дагаж мөрдөн зөвхөн В1, 1 давхарт байрлах хүнсний тасгуудаа л ажиллуулсан. Харин Улсын онцгой комиссын даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 18 дугаартай тушаалаар Түр журам баталсан бөгөөд тус журмаар тодорхой чиглэлийн үйл ажиллагаануудыг, халдвараас сэргийлэх шаардлагуудыг хангасан тохиолдолд үйл ажиллагаагаа явуулах боломжтой болохыг баталсан. Улмаар үсчин гоо сайхан, маникюр нь халдвар хамгааллын дэглэмээ сахин үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болсон. Нэхэмжлэгч С-ын хувьд маникюрын чиглэлийн үйл ажиллагаагаа явуулах боломжтой үедээ өөрөө явуулж чадаагүй нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. Гэтэл анхан шатны шүүх тус баримтуудыг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүйгээр нотлох баримтанд бус өөрийн үзэмжээр хэргийг шийдэж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

4.4. Талууд анх 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээг байгуулж, гэрээ байгуулагдсан өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл манай байгууллагын зүгээс цар тахлын нөхцөл байдлыг харгалзаж түрээсийн төлбөр огт аваагүй. Харин 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шинээр гэрээ байгуулах хүртэл түрээсийн үндсэн үнийн дүн буюу 50,000 төгрөгөөр бус гэрээний бус байдлаар хөнгөлсөн нөхцөлөөр 12,000 төгрөгөөр ямар ч алданги тооцохгүй барьцаа мөнгөнөөс суутгасан. Ингээд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дээрх нөхцөл байдлыг танилцуулж шинэ нөхцөлөөр гэрээгээ байгуулж, гэрээний харилцаа дуусгавар болоход тооцоо нийлж зөрүү төлбөр болох 315,150 төгрөгийг иргэн С-д хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй.

Иймд хариуцагчаас 315,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Тухайн түрээсэлж байсан объект нь 2020 оны 10 дугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэтэл 2020 оны 10 дугаар сард цар тахлын улмаас хөл хорио тогтоож үсчин, гоо сайхны газар сүүлд нээгдэх салбарт орж, үйл ажиллагаа явуулах боломжгүй буюу цагаан сар болон шинэ жилийн баяруудад ажиллах боломжгүй болсныг хариуцагч тал түрээснээс хөнгөлсөн мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй.

Шүүх хурлын хүрээнд бусад баримтуудыг үнэлснээс гадна 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаагүй хугацааны төлбөрийг барьцаа төлбөрөөс бидэнд мэдэгдэхгүйгээр, харилцан тохиролцохгүйгээр нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, барьцаа төлбөрийг суутгаж авсанд гомдолтой байгаа учраас тус мөнгийг нэхэмжилсэн. Талууд харилцан тохиролцож урт хугацаанд хамтарч ажиллаж болно, жил бүр гэрээг сунгах зарчмаар нөхцөл тавьсан боловч хариуцагч талын санаачилгаар хамтран ажиллах боломжгүй байна гэх шаардлагыг хүлээн авч, барьцаа төлбөрийг авахаар хариуцагч талд хандсан боловч түрээсэнд суутгаж авсан. Энэхүү хугацаанд ковидын вакцинжуулалт явагдсан, 1 сарын хугацаатай хөл хорио тавигдсан. Үүнтэй холбоотой Улсын онцгой комиссын албан даалгавар, тогтоол, шийдвэрийг авчирсан. Тухайн 04-05 дугаар сард хатуу хөл хорио тогтоож, ажиллах нөхцөл боломжийг олгоогүй атлаа барьцаа төлбөрийг суутгаж авсныг зөвшөөрөхгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч С- нь хариуцагч А ХХК-д холбогдуулан 1,316,250 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 315,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Зохигчийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч А ХХК нь А худалдааны төвийн 2 дугаар давхрын 5 тоот 17,55 м.кв талбайг маникюрын үйл ажиллагаа зориулалтаар С-ын эзэмшилд 1 жилийн хугацаатай шилжүүлэх, нэхэмжлэгч С- нь 1 сарын төлбөрт 877,500 төгрөг төлөхөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрийг 50 хувиар, 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрийг 30 хувиар хөнгөлттэйгөөр төлөх, 1 сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрт 877,500 төгрөгийг барьцаа болгон түрээслүүлэгчийн дансанд байршуулах тухай нөхцөлийг харилцан тохиролцсон.

Гэрээний хэрэгжилтийн явцад короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдлыг харгалзаад талууд 1 сарын түрээсийн төлбөрийг 210,600 төгрөгөөр тооцсон.

3.2. Нэхэмжлэгч барьцаа төлбөрт 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 877,500 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 438,750 төгрөг, нийт 1,316,250 төгрөгийг хариуцагчид урьдчилан төлсөн, цар тахалтай холбоотойгоор 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаагүй.

 

3.3. Хариуцагч нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэг талын санаачилгаар гэрээг цуцлахыг мэдэгдсэнээр 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрээг цуцалсан.

 

4. Мөн хэрэгт авагдсан гэрээ, зохигчийн тайлбараар 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний харилцаа дуусахаас өмнө талууд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дахин Худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр хариуцагч А ХХК нь А худалдааны төвийн 2 дугаар давхрын 5 тоот 17,55 м.кв талбайг маникюрын үйл ажиллагаа зориулалтаар С-ын эзэмшилд 1 жилийн хугацаатай шилжүүлэх, нэхэмжлэгч С- нь 1 сарын түрээсийн төлбөрт 210,600 төгрөг төлөх үүрэг хүлээсэн үйл баримт тогтоогдож байна.

 

5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааны төрөл, хүлээсэн үүргийн хэмжээ, үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

5.1. Зохигч нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болон 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус тус Худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүсчээ.

Харин гэрээний зүйл болох үйлчилгээний зориулалттай талбай нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

5.2. Талуудын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний 5.2.1-д Гэрээ байгуулагдахаас өмнө түрээслүүлэгчийн ... дансанд гэрээний зүйлийн 1 сарын түрээсийн төлбөрийн хөнгөлөгдөөгүй үнийн дүнтэй тэнцэх хэмжээний төлбөр 877,500 төгрөгийг барьцаа болгон шилжүүлсэн байх гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох дэнчинд хамаарч байна.

Гэрээнд дэнчингийн хэмжээг 877,500 төгрөг гэж заасан боловч нэхэмжлэгчээс 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 877,500 төгрөг, 10 дугаар сарын 01-ний өдөр 438,750 төгрөг, нийт 1,316,250 төгрөгийг дэнчин болгож хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцалсан, эсхүл дэнчин тавигч тал нь үүргээ гүйцэтгэхдээ үүргийн гүйцэтгэлд дэнчинг оролцуулаагүй бол үүрэг гүйцэтгэж дууссаны дараа дэнчин авсан тал нь дэнчинг буцааж өгөх ёстой тул нэхэмжлэгч нь дэнчинг буцаан шаардах эрхтэй.

 

6. Дэнчингээс 2021 оны 03-07 дугаар сарын түрээсийн төлбөрийг суутгах эсэх дээр зохигч маргасан.

Анхан шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27, 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91, 04 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дүгээр тогтоолд зааснаар короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын улмаас гамшгаас хамгаалах бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн, дээрх цаг хугацаанд хязгаарлалт тогтоогоогүй үйл ажиллагааны төрөлд маникюр-ийн үйл ажиллагаа багтаагүй тул 2021 оны 03 дугаар сараас 05 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны төлбөрийг нэхэмжлэгч хариуцахгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

6.1. Харин анхан шатны шүүх нь бэлэн байдлын зэрэг буурч, короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх шалгуурыг хангасны үндсэн дээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх боломжтой болсон гэж дүгнэсэн атлаа 2021 оны 06, 07 дугаар сарын төлбөрийг нэхэмжлэгч, хариуцагч нарт тэнцүү хэмжээгээр хариуцуулсан нь үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 06, 07 дугаар сард короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын улмаас ажиллах боломжгүй байсан гэдгээ шүүхийн өмнө нэхэмжлэгч нотлоогүй.

Иймд 2021 оны 06, 07 дугаар сарын түрээсийн төлбөр 421,200 төгрөгийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид төлөх үүрэгтэй байна.

Мөн гэрээ цуцлагдсантай холбоотойгоор 2022 оны 08 дугаар сарын 01-10-ны өдрийн түрээсийн төлбөр 70,200 төгрөгийг нэхэмжлэгч хариуцах ба тоолуур, цахилгааны төлбөртэй холбоотой зардал нь баримтаар нотлогдоогүй тул түрээсийн төлбөрөөс суутгах төлбөрт тооцогдохгүй.

 

6.2. Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн 1,316,250 төгрөгийн дэнчингээс 2021 оны 06, 07 дугаар сарын түрээсийн төлбөр 421,200 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 01-10-ны өдрийн түрээсийн төлбөр 70,200 төгрөг, нийт 491,400 төгрөгийг хасч тооцоход 824,850 төгрөг үлдэж байх тул үүнийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

7. Хариуцагч нь Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын улмаас хөл хорио, хязгаарлалт тогтоосонтой холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2022/17433 дугаар захирамжаар хангахаас татгалзсаныг буруутгахгүй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/02932 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 824,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 491,400 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын 30,646 төгрөг гэснийг 24,346 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Т.БАДРАХ