Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1152

 

“**” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/02507 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “**” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “**” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 46 257 840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Гэрээнээс учирсан хохиролд 14 514 030 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.**

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.**

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.**

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “**” ХХК нь “**” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 70 хоногийн хугацаатай барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд “**” ХХК нь гэрээний үүргээ хариуцагч компанийн хяналтын инженерийн хяналт доор бүрэн гүйцэтгэсэн. Гэтэл хариуцагч санхүүжилт орж ирээгүй байна гэж манай ажлыг удаашруулж, 2015 оны 6 дугаар сар хүртэл байлгаж байж ажлаа гүйцэтгүүлсэн. Нийт     120 000 000 төгрөг ажлын хөлсөнд өгөх байснаас 24 600 000 төгрөгийг өнөөг хүртэл өгөөгүй. Хэрвээ 70 хоногтоо багтаад ажлаа хийлгэсэн бол асуудал дуусах байсан. Гэтэл одоо санхүүжилт орж байна гэж хэлээд дулаарахаар барилгаа барья гээд 4 дүгээр сар хүртэл хүлээлгэсэн.

“**” ХХК нь эхнээсээ бидний хийсэн ажлыг хүлээн зөвшөөрөөд санхүүжилтийг хийгээд явж байсан. Энэ бүхнээс харахад бидний хийсэн ажил болж байсан учраас санхүүжилт хийж байсан нь харагдаж байна. Тиймээс тухайн үед бидний хийсэн ажил шаардлага хангахгүй байсан бол гэрээг цуцлах эрх нь “**” ХХК-д байсан. Гэвч гэрээгээ цуцлаагүй байж эцэст нь үлдэгдэл ажлын хөлсийг өгөөгүй. Иймд бидний гүйцэтгэсэн ажлын хөлс болох 24 600 000 төгрөг, нэмэлт ажлын хөлс 11.368.700 төгрөг, ажилчдын замын зардал 2 240 000 төгрөг, хугацаа алдсан хоног тутмын бодит зардал /ажилчдын хоол, унаа, тамхи, байрны зардал гэх мэт/ 6 450 000 төгрөг, итгэмжлэгдсэн лабораториор шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулсны зардал 1 599 140 төгрөг зэрэг 21 657 840 төгрөг, нийт 46 257 840 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани гэрээний дагуу “**” ХХК-аар ажил гүйцэтгүүлсэн нь үнэн. Бид гэрээний дагуу гүйцэтгэсэн ажилд нь тохирсон хөлсийг буюу 95 400 000 төгрөгийг “**” ХХК-д төлсөн. Харин “**” ХХК нь барилгын ханыг хазгай өрсөн, өрлөгийн дүүргэлтийг дутуу хийсэн зэрэг олон тооны гологдол гаргаж гэрээнд заасан ажлаа чанаргүй гүйцэтгэснээс өөрсдөө засч янзлаагүйгээс бид 15 000 000 гаруй төгрөгийн нэмэлт зардал гарсан. “**” ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлаа бүрэн гүйцэтгээгүй, нэмэлт ажил гүйцэтгээгүй атлаа нэмэлт ажлын хөлсөнд 11 368 700 төгрөг нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Уг гэрээний 1.2, 1.4-т зааснаар “**” ХХК нь барилга угсралтын ажлыг иж бүрнээр нь гүйцэтгэх ёстой байсан.

“**” ХХК нь нэхэмжлэлдээ заасан барилгыг гэрээ болон барилгын норм, стандартад нийцүүлж гүйцэтгээгүйгээс тус “**” ХХК нэмэлт зардал гарган ажил гүйцэтгэж хохирсон. Мөн гэрээнд заагдсан зарим ажлаа гүйцэтгээгүйгээс манай компани нэмэлт зардал гарган ажил гүйцэтгэгч авсан. “**” ХХК нь ханыг хазгай барьсан, ханын дүүргэлтийг дутуу хийсэн, 38-ийн ханыг нааж бэхлээгүй гэх зэрэг олон зөрчил дутагдал гаргасныг Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1601130 тоот дүгнэлт гарган баталсан. Иймд бид14 514 030 төгрөгийн зардал гарган уг доголдлыг засварласан тул уг зардлыг “**” ХХК-аар гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажил гүйцэтгэх гэрээний хөлс 24 600 000 төгрөгийг хариуцагч “**” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч “**” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх үлдэх 21 657 840 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 14 514 030 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн        389 590 төгрөг, “**” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234 800 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч“**” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 280 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “**” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс нилээд хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон нь зөв ч манай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай 14 541 030 төгрөгийн үнийн дүн бүхий сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэгч “**” ХХК-ийн гаргасан ажлын доголдол буюу буруутай үйл ажиллагаанаас нь шалтгаалж учирсан хохиролтой холбоотой юм. Бид “**” ХХК-ийн гаргасан ажлын доголдол буюу буруутай үйл ажиллагааг нь хангалттай нотолсон. Гэтэл шүүхээс хариуцагч гэрэл зураг болон инженер н.Болормаагийн мэдүүлгийг л гаргаж өгсөн мэтээр дүгнэсэн нь буруу байна. Бид нэхэмжлэгчийн гаргасан ажлын гологдол буюу буруутай үйлдлийг нь санхүүгийн эх баримтуудыг үндэслэн нотолж тооцон иргэний хэрэгт гарган өгсөн байгаа.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулсан гэрээний 5.5-д “ажлын гологдол, зөрчил гаргавал үүнээс үүдэн гарсан зардлыг гүйцэтгэгч бүрэн хариуцна” гэж заасныг оруулсан атлаа сөрөг нэхэмжлэлийг хангах нэг үндэслэл болгоогүй нь буруу байна.

Шинжээч шүүгчийн захирамжид заасны дагуу дүгнэлтээ гаргаж гүйцэтгэгч “**” ХХК-ийн гүйцэтгэсэн баганын цутгалт марк, стандартыг хангахгүй байгааг тогтоосон байгаа. Харин бид баганын цутгалттай холбож сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх энэ талаар мөн буруу дүгнэлт хийжээ. Анхан шатны шүүх ийнхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөв ойлгоогүй, энэ талын нотлох баримтуудыг зөв үнэлээгүй атлаа хариуцагчийг нотлох баримт гарган өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй гэсэн нь илэрхий ташаа дүгнэлт болсон байна.

Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт       10 085 970 төгрөг төлүүлэх тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч “**” ХХК нь хариуцагч “**” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 46 257 840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс учирсан хохиролд 14 514 030 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажил гүйцэтгэх гэрээний хөлс 24 600 000 төгрөгийг хариуцагч “**” ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч “**” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 21 657 840 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс 14 514 030 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч “**” ХХК-ийн төлөөлөгч М.** нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч “**” ХХК-ийн захирал Ц.**, “**” ХХК-ийн захирал М.** нар 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулжээ.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээнд: “нэхэмжлэгч “**” ХХК нь 26 257 840 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч “**” ХХК нь 5 000 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлж, тус компанийн захирал Ц.**ийн өмчлөлийн ** улсын дугаартай “Тоёота Кроун” маркийн сувдан цагаан өнгөтэй автомашиныг 15 000 000 төгрөгөөр үнэлж “**” ХХК-ийн захирал Ц.**ын нэр дээр шилжүүлж төлбөрийг барагдуулах, “**” ХХК нь 14 514 030 төгрөгийн сөрөг нэхэмжлэлээс татгалзаж байна” гэжээ.

 

Энэхүү Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/02507 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “**” ХХК нь хариуцагч “**” ХХК-д холбогдуулж гаргасан гэрээний үүрэгт 26 257 840 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч “**” ХХК нь 5 000 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 13-ний өдөр “**” ХХК-д төлөх, ** улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашиныг 15 000 000 төгрөгт тооцож “**” ХХК-ийн захирал Ц.**ын нэр дээр шилжүүлэх, “**” ХХК-д холбогдох 14 514 030 төгрөгийн сөрөг нэхэмжлэлээс “**” ХХК татгалзаж, зохигчид эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 176 326 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасны дагуу зохигчид энэ магадлалд хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй.

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ДАВААДОРЖ

 

                                                            ШҮҮГЧИД                               А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                            Э.ЗОЛЗАЯА