Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 00007

 

 

 

 

                                           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Энхтайван даргалж, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын даргад  холбогдох “Цагдаагийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/173 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” шаардлага бүхий Б.Э******-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э****** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У*****  , хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э******  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цагаан нуур суманд цагдаагаар ажиллаж байсан Б.Э******  би цагдаа О*********-г гэр орноо нүүлгэж авахаар 2016.10.09-ний шөнө ирээд 2016.10.10-ны өглөө явахаар нь хэсгийн төлөөлөгч А********-ийн  хамт гэрийг нь ачиж өгч бид хоёр гэр бүлийнхээ хамтаар гаргаж өгөөд хамтдаа усанд явж байхад Б*******  гэдэг залуу согтуугаар мотоцикл жолоодчихсон араар нь нэг хүн суулгачихсан явж байгаад айлын хашаа мөргөөд унчихсан байдалтай байхаар нь очиж “яаж яваад байгаа юм бэ?” гэж хэлэхэд Б*******  нь миний баруун нүд рүү нэг удаа цохих үед нь би газар унсан. Тэгэхэд хэсгийн төлөөлөгч А******  тэр залууг барьж аваад ноцолдож байх хооронд би мотоциклийг нь авч яваад цагдаагийн хашаанд, грашинд аваачиж тавсан. Б*******  нь согтуу орилж, хашгарч ирээд надтай барилцаж аваад ноцолдоход нь танхайрсан үйлдлийг нь таслан зогсоолгохоор нүүрлүү нь гараараа 1 удаа, баруун хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. Б******* ийг гэр лүү нь явуулах гэж байхад эхнэр нь ирээд намайг ажлын өдрөөр архи ууж хүн зодлоо гэхэд нь хэсгийн төлөөлөгч Б******* ийн эхнэртэй уулзсан. Б*******  бид хоёр эвлэрсэн бөгөөд ... тухайн үед намайг цагдаагийн ажилтан гэдгийг мэдээгүй, би тэр үед энгийн хувцастай явж байсан болохоор таниагүй сүүлд нь Б*******  мэдээд уучлаарай гэж хэлсэн. Би ажлын байран дээр архи уугаагүй, мөн цагдаагийн ажилтны дүрэмт хувцас хэрэглээгүй, энгийн хувцастай явсан байхад ажлаас халсан тушаал уншиж танилцуулахдаа ажлын байранд дүрэмт хувцастай архи уусан гэж мэдэгдсэн. Шилжээд явж байгаа цагдаагийн ажилтнаа үдэж гаргаж өгөхдөө бид нар хамтдаа 1 шил архи хувааж ууцгаасан юм. ... Цагдаагийн газар миний гаргасан зөрчилд Цагдаагийн байгууллагын хуулинд заасан шат дараалсан сахилгын шийтгэлийг оногдуулах байтал ажлаас шууд халах шийдвэр гаргасанд гомдолтой байна. Ажлаас халах шийдвэртээ үндэслэж баримталсан хуулийн заалтууд нь зөрчилдөж, хууль бус шийдвэр гаргасанд миний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөж байгаа тул Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/173 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү” ... 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хатгал тосгоны цагдаагаар О*********-г очиход гэр орныг нь нүүлгэж өгөх ажлаар өглөө 09 цаг болж байхад би тухайн үед цагдаа хувцастай явсан. Орой нь усанд явахдаа гадна талынхаа гитлийг тайлчихсан байсан юм. Усанд 15 цагийн үед машинаар явж байхдаа Б******* тэй таараад хоёулаа буугаад уулзсан. Тэгэхэд Б*******  намайг цохисон. Унаж явсан мотоциклийг нь журмын хашаанд хийчихээд байж байтал Б*******  араас мотоциклио авъя гэж ирсэн. Тухайн үед шонгийн модонд гавлачихсан байхдаа тохойгоороо 2 удаа цохисон. Эхнэр Гэрэлмааг ирэхэд хэл амаар доромжилсон нь үнэн. Тэр үед би энгийн хувцастай явсан. Хагас түрийтэй гуталтай, хар өмдтэй, дээгүүрээ ноосон цамцтай, куртикээ тайлчихсан байсан. А******  намайг цагдаа хувцастай явсан гэж мэдүүлэг өгсөн байсан нь худлаа юм. Олзвой тухайн үед болсон үйл явдлыг харсан учраас үнэн зөв мэдүүлэг өгсөн байсан. Тухайн үед А******  бид хоёр усанд явахдаа А******  хөх өнгийн юүдэнтэй цамцтай, би хар өнгийн ноосон цамцтай, хоёулаа хагас түрийтэй гуталтай явсан. Тэгж явж байхдаа Б******* тэй таарсан. Тухайн өдөр өмнө нь ажиллаж байсан цагдаагийн гэр орныг нүүлгэх болсон учраас би Засаг даргаас нэг өдрийн чөлөө авчихсан байсан. Нэхэмжлэлээ дэмжиж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Э******  нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын даргын Б/173 дугаар тушаалыг хүчингүй болгуулж,  ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тушаалд албаны дүрэмт хувцастай архидан согтуурсан гэсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5-д заасан заалтыг зөрчсөн гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан заалтыг үндэслэж төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан байдаг. Цагдаагийн байгууллагаас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас халах мэдэгдлийг Б.Э****** т гардуулж өгөхдөө хууль болон журамд заасан заалтыг зөрчиж 11 хоногийн дараа хугацаа хэтрүүлж өгсөн байдаг. Хуульд зааснаар ажлаас халсан тушаалын эх хувийг мөн гардуулж өгөөгүй тул нийгмийн даатгалын байгууллагаас ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болсон. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.4-т заасан заалтуудтай зөрчилдөж байна. Ажлаас халсан тушаал нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, албан тушаалтны гарын үсэг, тамга байхгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг зөрчсөн байна. Ажлаас халах тушаалыг гаргахдаа баримталсан хуулийн заалт нь тохироогүй. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн заалтуудыг баримталж шийдвэр гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн байх тул уг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй. Энэ баримталж байгаа хуулийн заалт нь Цагдаагийн албаны тухай хууль болон бусад хуулийн заалттай зөрчилдөж байна. Тухайлбал 2013 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т зааснаар цагдаагийн албан хаагчид нь өргөсөн тангараг болон хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахдаа Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хууль, ёс зүйн дүрмийг баримталж сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байдаг. Гэтэл тушаалын үндэслэх хэсэгт тухайн холбогдох хуулийн заалтууд болон ёс зүйн дүрмийн заалтуудыг баримтлаагүй байна. Б.Э******  нь төрийн жинхэнэ албан хаагч байхад Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримталж ажлаас халсан нь хуульд нийцэхгүй. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т заасан заалтыг зөрчиж байна. Болсон процессийн хувьд иргэн Б*******  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад айлын хашаа мөргөчихсөн байхад нь хэсгийн төлөөлөгчтэйгээ хамт усанд явж байхдаа таараад тухайн иргэний гаргасан зөрчлийг таслан зогсоохоор газар дээр нь Б.Э******  очиж шаардлага тавин мотоциклийг нь журамлаж гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлж журмын хашаанд мотоциклийг нь аваачиж тавьсан байгаа. Тэр үед иргэн Б*******  согтуугаар гудамжинд хашгиран ирж зүй бусаар харьцсан байдаг. Тухайн үед Б*******  нь Б.Э****** ыг цагдаагийн ажилтан гэдгийг мэдээгүй гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Тавьсан шаардлагыг эсэргүүцсэн тул цагдаагийн хэсгийн хашаанд оруулж сагсны шийднээс гавласан байдаг. Б.Э******  тухайн өдөр Засаг даргаас нэг өдрийн ажлын чөлөө авчихсан энгийн хувцас, цагдаагийн ажилтны формыг хольж өмссөн байсан. Тэр үедээ үүрэг гүйцэтгэж иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр үйлдлийг таслан зогсоох зорилгоор гавлаж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар эрх, иргэнийхээ үүргийн дагуу нийгмийн хэв журам сахихыг шаардаж арга хэмжээ авсан байсан. Хэл амаар доромжилж эсэргүүцэл үзүүлээд байхаар нь 2 удаа тохойлдсон гэж байгаа. Цагдаагийн Ерөнхий газраас ирсэн албан бичигт энэ тодорхой дурдагдсан байгаа. Албаны дүрэмт хувцасны хувьд тухайн үедээ Засаг даргатай уулзах, гэр орныг нь ачиж үдэж гаргаж өгөхдөө жагсаал хувцастай явсан байдаг. Буцаж ирээд хэсгийн төлөөлөгчтэй хамт нуур руу усанд явахдаа хувцасаа сольсон байдаг. Тэр үедээ Б******* ийн гаргасан зөрчилд энгийн хувцастай байсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Тусгай хэрэгсэл хэрэглэх заалтын хувьд захиргааны зөрчил үйлдэж байгаа этгээдийн үйлдлийг таслан зогсоох зорилгоор тусгай хэрэгслийг хэрэглэнэ гэсэн Цагдаагийн албан тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, Хууль зүйн сайдын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/124 тушаалаар батлагдсан Цагдаагийн байгууллага болон цагдаагийн албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэхдээ тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх заавар журмын дагуу биеийн хүч, гав хэрэглэсэн байдаг. Түр саатуулах байргүй газарт зөрчилд холбогдсон этгээдэд гар хурууны гав хэрэглэж болно гэсэн хуулийн заалтын дагуу Б.Э******  иргэн Б******* т хэрэглэсэн байдаг. Б.Э******-ын хувьд тухайн зөрчил гаргах үедээ эрх, үүргийнхээ дагуу албан ажлын чөлөө авсан байсан. Сумын Засаг даргаас чөлөө авахдаа Олзвойн гэр орныг нүүлгэх асуудлын талаар чөлөө авсан байдаг боловч Засаг дарга нь хууль тогтоомжид заасан эрх, үүргийнхээ дагуу уг чөлөөг өгсөн байгаа. Цагдаагийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомжоор цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, гүйцэтгэх ажил эрхлэх, дотоод журамд зааснаас бусад ажлыг тухайн орон нутгийн Засаг дарга удирдана гэсэн зааврын дагуу орон нутагт ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн байдаг. Тухайн үед байгууллага албан ажлын шугамаар аймгийн төв рүү орж ирэх үедээ Засаг даргадаа мэдэгдэж чөлөө авсан байдаг. Иймд хууль зүйн үндэслэлгүй гаргасан Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/176 дугаар тушаалыг хүчингүй болгуулж ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах саналтай байна гэв.

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын дарга Ц.А*********** шүүхэд гаргасан тайлбартаа: “Батжаргалын Энхбаяр нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Б.О*********-г гаргаж өгөхдөө согтууруулах ундаа хэрэглэсэн болохоо тайлбарлаж бичсэн байна. Тухайн өдөр ажлын өдөр байсан согтууруулах ундаа хэрэглэсэн нь Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийг зөрчсөн нь холбогдох албаны шалгалтаар тогтоосон. ... албаны шалгалтаар иргэн Ч.Мягмарбаяраас авсан тайлбараас харахад хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.А****** , хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Э******  нар нь Б.Б******* ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн дагуу тодорхой үйл ажиллагаа явуулсан болох нь тодорхой байна. ... Б******* ийг цагдаагийн байрны хашаанд байсан сагсны шийднээс гавалж тусгай хэрэгсэл хэрэглэсэн ба түүнийг гавтай байхад Б.Э******  хөл рүү нь өшиглөж байсанг болиулсан тухай Д.А******  тайлбарласан. ... Энэ нь “Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 18 дугаар зүйлд “Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 18 дугаар зүйлд Цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэхдээ биеийн хүч хэрэглэж болох бөгөөд хүч хэрэглэхгүйгээр үүрэг гүйцэтгэх боломжтой тохиолдолд биеийн хүчийг хэрэглэхгүй гэж заасныг зөрчиж хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдсан үйлдэл тогтоогдсон. Б******* ийн эхнэр Б.Гэрэлмаатай “битгий хуцаад бай, энэ чиний байх газар биш, эндээс зайл гөлөг минь, гичий минь” гэх зэрэг үг хэлж бүдүүлэг харьцаж, хөл дээрээ зогсож чадахгүй гуйваж байсан. Дээрх баримтууд нь Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийг ноцтойгоор зөрчсөнийг баталж байгаа. Албаны шалгалтаар Энхбаяр нь тухайн үед цагдаагийн цэнхэр цамц, цагдаа өмдтэй, хагас түрийтэй гуталтай. Гэхдээ мөрдөс, таних тэмдэг зүүгээгүй байсан гэж дурьдагдсан байсан учир албаны дүрэмт хувцастайгаар согтууруулах ундаа хэрэглэсэн нь нотлогдож байна гэж үзсэн. Б.Э******  нь Цагаан-Уул сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байхдаа 2016.04.04-07-ны өдрүүдэд хариуцсан сумандаа очилгүй ажил тасалсан ба энэ үед утсаар нь холбогдсон алба хаагч нарт Цагаан-Уул сумандаа ажил хийж явсан мэтээр худлаа ярьж байсан байдаг. Энэ зөрчилд нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. ...Цагдаагийн ахлагч Б.Э******  сахилгын шийтгэл ногдуулахдаа “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 6.1-т зааснаар сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж, учирсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ... Иймд иргэн Б.Э******-ын захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У*****   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар илт худлаа ярьж байна. Тухайн өдөр Б.Э******  цагдаагийн албаны дүрэмт хувцастай байсан гэдгийг гэрчүүд албан шалгалтын материалд тайлбарласан. Мөн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан хүсэлтийнх нь дагуу хэрэгт авагдсан материалаар албан дүрэмт хувцастай явсан гэдэг нь нотлогдож байгаа. Сумын Засаг дарга цагдаагийн ажилтнуудыг удирдах журам байхгүй. Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/79 дугаартай тушаалаар батлагдсан албан хаагч нарт чөлөө олгох асуудлыг тухайн байгууллагын хүний нөөц сургалт хариуцсан менежер судалж дарга шийдвэрлэнэ гэсэн журамтай. Энэ журмын дагуу цагдаагийн байгууллагын албан хаагч нар чөлөө авахдаа шууд удирдах даргадаа мэдэгдэж тухайн шатны дарга Цагдаагийн газрын даргад мэдэгдэж Цагдаагийн газрын дарга 14 хоног хүртэл хугацаагаар цалинтай, цалингүй чөлөө олгох эсэхийг шийдвэрлэдэг. Чөлөө олгох асуудал нь Засаг дарга, ИТХ-ын дарга нарт хамаарахгүй. Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар сумын Засаг даргын хүлээх үүрэг нь нийтийн хэв журам сахиулах чиглэлээр ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч нарын тээвэр, холбоо, шатахуун, хүнс орон байраар хангах асуудлыг шийдвэрлэх юм. Албаны шалгалтын материалд үндэслэн Цагдаагийн газрын дарга 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б/173 дугаар тушаалыг гаргасан. Б.Э****** ыг Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хуралд оруулахад өөрийн гэм буруутай үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрсөн. Албаны шалгалтын материалтай ар гэрийнх нь болон өөрөө ч танилцсан. Цагдаагийн байгууллагаас гаргасан тушаал шийдвэрийг мэдэгдэл хэлбэрээр танилцуулдаг. Б.Э******-ын хувьд Цагдаагийн байгууллагаас халагдсан талаар мэдэгдлээ авах талаар өөрөө санаачилга гаргаагүй. Эцэг нь шийдвэр гарсны дараа манай хүүхдийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж тушаалтай ирж танилцаад явсан. Б.Э******-ын хувьд ажлаас халагдсан тушаалаа авах гэж цагдаагийн байгууллагад хандсан асуудал байхгүй. Мөн сахилгын зөрчил гаргачихаад гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч Улаанбаатар хот болон бусад цагдаагийн хэсэг, бусад газарт шилжиж ажиллах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмаар албан хаагч цагдаагийн байгууллагаас чөлөөлөгдсөн нөхцөлд тойрох хуудас зуруулаад үүний дараа байгууллагатай тооцоо хийх ба тооцоо хийхийг үүрэг болгосон. Гэтэл Б.Э******  тойрох хуудас зуруулаагүй. Тухайн үед эцэг нь ирж хүүхдээ БНСУ руу явуулах, визний асуудлаар ярилцаж, байгууллагаас ажиллаж байгаа гэсэн тодорхойлолт хийж өгөхийг шаардсан. Байгууллага Б.Э****** ыг тооцоо хийж дуусгахыг шаардсан. Түүний хувьд урд нь сахилгын зөрчил гаргаж ажлаас халагдаж байсан. Тэгэхдээ ч байгууллагатай тооцоо хийхгүй явсаар байгаад шүүхийн шатанд дүрэмт хувцас болон бусад тооцоог хийж дуусгаж байсан. Б.Э******-ын хувьд ийм асуудлаар ердөө явдаггүй, эцэг нь байнга түүний өмнөөс явдаг байсан гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасны дагуу Б.Э******  төрийн жинхэнэ албан хаагч хүн байсан. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т зааснаар Цагааннуур сумын хэсгийн цагдаа гэсэн албан тушаал нь төрийн тусгай албан тушаал. Мөн хуулийн 5.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч байсан. Өөрөөр хэлбэл Цагдаагийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т сахилгын шийтгэлийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулна гэдэг боловч өнөөдрийг хүртэл энэ хууль хэрэгжээгүй учраас төрийн жинхэнэ албан хаагчийнхаа хувьд Төрийн албаны тухай хуулийг баримтлан үйл ажиллагаагаа явуулна. Энэ үүднээс тушаалд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг ногдуулсан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан оногдуулах шаардлагагүй. Дээрх хуулийн 26.5-д заасны дагуу нэг төрлийн шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй. 26 дугаар зүйлийн 26.6-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэдэг. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/74 тоот Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын даргын тушаалаар цалингийн хэмжээг 20 хүртэл бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ өдрөөс хойш  5 сар хүрэхгүй хугацаанд дахин давтан ийм зөрчил гаргасан. Энэ нөхцөл байдлыг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5-д заасан заалтуудыг зөрчсөн, мөн зөрчлийн шинж нь эрүүгийн шинжтэй үйлдэл байсан хэдий ч хариуцагч байгууллагын зүгээс залуу хүний ирээдүйг бодож эрүүгийн хэрэг үүсгээгүй байдаг. Сахилгын зөрчлийг давтан үйлдсэн, дүрэмт хувцастай согтуурсан, ёс зүйн зөрчил гаргасан, иргэдтэй зүй бус харьцсан, бусдад хүч хэрэглэсэн гэдгээ нэхэмжлэгч бүгдийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хүнд төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халахаас өөр арга хэмжээ авах үндэслэлгүй. Иймд албан тушаалтан сахилгын шийтгэлийг зөв ногдуулсан. Албан хаагчид чөлөө олгох эрх зөвхөн газрын даргад байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э******  нь Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Албан хаагчийг ажлаас халж, цагдаагийн цол хураах тухай” Б/173 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад  дор дурдсан хуулийн  үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий актаар “...Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Цагааннуур сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байсан Б.Э****** ыг Төрийн албан тухай хуулийн13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.5-д заасныг зөрчсөн тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг үндэслэн төрийн албанд 1 /нэг/ жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж, Хууль зүйн сайдын 2015 оны А/64 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн албан тушаалын цол олгох журам”-ын зургаадугаар бүлгийн 6.1.1-д заасныг ... баримтлан “цагдаагийн ахлагч” цолыг хураасугай” гэж шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч  үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгчийг “...албаны дүрэмт хувцастай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  архи ууж, бусадтай зүй бусаар авирласан, хууль, журам зөрчиж тусгай хэрэгслэл хэрэглэсэн зөрчил гаргасан үйлдэлд албаны шалгалт явуулсан талаархи 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Танилцуулгаар “Хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Э******  нь цагдаагийн тангараг өргөсөн албан хаагчийн хувьд ёс зүйн ноцтой зөрчил гаргасан болох нь баримтаар нотлогдож, ажлын цагаар архидан согтуурсан, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журам”-ын 19 дүгээр зүйлд заасан үндэслэлийг зөрчиж захиргааны зөрчил гаргасан иргэн Б.Б******* ийг Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн албан өрөөнд хүргэж ирснийхээ дараа нэг бүрийн тусгай хэрэгсэл болох гаваар гавласныхаа дараа тохойгоороо удаа дараа цохисон явдал нь 18 дугаар зүйлд “Цагдаагийн албан хаагч  албан үүргээ гүйцэтгэхдээ биеийн хүч хэрэглэж болох бөгөөд хүч хэрэглэхгүйгээр үүргээ гүйцэтгэх боломжтой тохиолдолд  биеийн хүч хэрэглэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн,

“Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 1.9-д заасныг зөрчиж иргэн Б.Гэрэлмаатай ёс зүйгүй хүндэтгэлгүй бүдүүлэг харьцсан нь тогтоогдсон  бөгөөд, Төрийн албаны тухай хуулийн 13 зүйлийн 13.1.5-д заасан  “...төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэсэн төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн, шалгалтын танилцуулганд дурьдагдсан зөрчлүүдийг  гаргаснаа нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдаанд  хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.Э****** т сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Уг тушаалаар тус цагдаагийн газрын Цагааннуур сумын хэсийн цагдаа, цагдаагийн ахлагч Батжаргалын Энхбаяр нь албаны дүрэмт хувцастай архидан согтуурч, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчиж, иргэдтэй зүй бус харьцсан гэх үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтыг зөрчсөн байх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26,1,3,-д заасныг ... үндэслэлэн түүнийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын  шийтгэл ногдуулж, “цагдаагийн ахлагч” цолыг хураасан  байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Цагааннуур сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Э******  2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.Гэрэлмаатай зүй бусар харьцаж, бүдүүлэг үг хэрэглэсэн нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2011 оны 598 дугаартай тушаалаар батлагдсан Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн Дөрвийн 4.1.2- “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгчтэй  тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, тэдний нэр төр, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх”,  хэдийгээр чөлөө авсан гэж тайлбарлах боловч, ажлын цагаар дүрэмт хувцастай архи ууж, улмаар иргэн Б.Б******* ийг хэсгийн төлөөлөгчийн ажлын байранд авчирч, улмаар шонд гавлаж, тохойгоороо ёворч, түүнд гэмтэл учруулсан нь гэрч нарын мэдүүлэг, эмнэлгийн дүгнэлт, нэхэмжлэчийн өөрийнх нь тайлбараар нотлогдож байгаа ба энэ үйлдлээрээ мөн дүрмийн 4.4.5-д заасан ажлын байранд болон ажлын цагаар дүрэмт хувцастай согтууруулах ундаа хэрэглэхгүй байх “ заалтыг зөрчсөн нь нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан төрийн тусгай албан тушаал нь 5.2-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд хамаардаг бөгөөд төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж буй төрийн жинхэнэ албан хаагч мөн хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчсөн нь түүнд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох юм.

Нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчилд Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын даргаас  мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг баримтлан төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Цагдаагийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасны дагуу Монгол Улсын Хууль Зүйн сайдын 2015 оны А/64 дугаартай тушаалаар батлагдсан Цагдаагийн албан тушаалын цол олгох журамын Зургаагийн 6.1.2-т зааснаар цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халагдсан цагдаагийн албан хаагчийн цолыг 6.1-д зааснаар томилох эрх бүхий этгээд хураахаар зохицуулагдсан байх тул нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-т зааснаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр цагдаагийн албанаас халсан үндэслэлээр цагдаагийн ахлах, ахлагч цолыг хураахаар шийдвэрлэсэн нь журмын дээрх зохицуулалттай нийцсэн байна.

Түүнчлэн Цагааннуур сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Э****** т урьд нь буюу Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 05 сарын 13-ны өдрийн Б/74 дүгээр тушаалаар ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, ажил тасалсан шалтгаанаар цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсөн байх бөгөөд дахин сахилгын зөрчил гаргасан тул  хариуцагч талаас түүнийг “ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй зөв  байна.   

Дээрх байдлаар нэхэмжлэгч Б.Э******-ын гаргасан сахилгын зөрчил тогтоогдсоноор Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1, Цагдаагийн албан тушаалын цол олгох журам-ын Зургаагийн 6.1-д заасан томилох эрх бүхий этгээдээс хуулийн 26.4-т заасан хугацаанд хуульд заасан үндэслэл журмын дагуу сахилгын шийтгэл ногдуулж, улмаар цагдаагийн албан тушаалын цолыг хураасан нь холбогдох хууль, журмын зохицуулалттай нийцсэн, маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй гарснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.2, 26.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э******-ын тус шүүхэд гаргасан Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын даргын холбогдох “Газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/173 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ЭНХТАЙВАН