Улсын дээд шүүхийн Тогтоол

2010 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2010/0169

 

Д.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

     Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн О.Зандраа даргалж, шүүгч А.Доржготов, Б.Ундрах, Л.Атарцэцэг, Д.Пунцаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Мөнхзул, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г нарыг оролцуулан хийж, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 108 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 184 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Д.Э-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Пунцагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гадаадын хөрөнгө оруулалттай “ВНР минералс интернейшнл эксплорейшн” компанид 1997 оны 2 дугаар сарын 17-ны өдөр ХААҮЯ /тухайн үеийн нэрээр/-наас Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Оюу толгой гэдэг газарт хайгуул хийлгэх зорилгоор 210 тоот лицензийг 3 жилийн хугацаагаар анх олгосон байна. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /тухайн үеийн нэрээр/-ны дарга 2000 оны 6 дугаар сарын 21-ний өдөр буюу лицензийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсноос хойш 4 сар 4 хоногийн дараа үндэслэлгүйгээр 259 дүгээр шийдвэр гаргаж, лицензийн хугацааг 2000 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 2002 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 2 жилээр нөхөн сунгаж, хууль зөрчсөн байна. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д лиценз бүрмөсөн дуусгавар болох үндэслэлийг заахдаа лицензийн хүчинтэй байх хугацаа дууссан гэжээ. Иргэн миний бие Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /тухайн үеийн нэрээр/-ны 2000 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 259 дүгээр хууль зөрчсөн шийдвэрийг 2009 оны 9 дүгээр сарын 23-ны  өдөр албан ёсоор олж мэдсэн бөгөөд үүнээс хойш 30 хоногоос хэтрүүлэлгүй гомдлоо гаргасан учир хөөн хэлэлцэх хугацааны талаар ямар нэгэн маргаан байхгүй болно. Ашигт малтмалын газрын 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 3-6198 дугаар шийдвэрийг үл зөвшөөрөх тул Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан иргэн миний байгалийн баялгийг мэдэж, эзэмших тухай эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын алба /тухайн үеийн нэрээр/-ны даргын 2000 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 259 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Л.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: АНУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтай Б Э П м ХХК нь Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн сайдын 1997 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А-4 дүгээр тушаалыг үндэслэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойн 1350 хав.дөр.км талбайн орд хэсэгт Стратегийн болон тусгай ашигт малтмалын ордын хайгуул хийх тусгай зөвшөөрлийн 210 дугаар гэрчилгээг 3 жилийн хугацаагаар, мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Их шандын 1168.5 хав.дөр.км талбайн орд хэсэгт 211 дүгээр гэрчилгээг 3 жилийн хугацаагаар тус тус олгосон байна. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 1999 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 205 дугаар шийдвэрийг үндэслэн талбай буцааж хүлээлгэн өгөх өргөдлийн бүртгэлийн 107Х дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Би Эйч Пи минералсХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюут толгойн 112112 гектар талбай бүхий Х-066 /210/ дугаар ашигт малтмалын хайгуулын лицензээр олгогдсон талбайгаас 22728 гектар талбайг буцаан хүлээлгэн өгч үлдэж байгаа 135987 гектар талбайд Х-066 /210/ дугаар лицензийн гэрчилгээний хавсралтад тэмдэглэл хийсэн байна. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюу толгойн 135987 гектар талбай бүхий Х-066 /210/ дугаар ашигт малтмалын хайгуулын лицензээр олгогдсон талбайгаас 112120 гектар талбайг буцаан хүлээлгэн өгч үлдэж байгаа талбайг 4 хувааж Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюут толгойн 8496 гектар талбайд Х-066 /210/ дугаар лицензийг, Манахтын 4537 гектар талбайд X-066 /210/-1 т дугаар лицензийг, Хөх хадын 1764 гектар талбайд Х-066 /210/ -2 дугаар лицензийг, Улаан уулын 9070 гектар талбайд Х-066 /210/-3 дугаар лицензийг тус тус шинээр олгон хавсралтад тэмдэглэл хийсэн байна. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2000 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 259 дүгээр шийдвэрээр Би Эйч Пи минералс интернэйшнл Эксплорэйшн инк корпорацийн лицензүүдийн 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ээлжит төлбөрийг хуулийн хугацаанд нь бүрэн төлсөн болон бусад хуулийн этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй байгаа зэргийг харгалзан үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 12.4, 15 дугаар зүйлийг үндэслэн ашигт малтмалын хайгуулын Х-066 /210/ дугаар, Х-067 /211/ дугаар лицензүүдийн хүчин төгөлдөр хугацааг тус тус 2000 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр тооцож, 2002 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаагаар сунгаж лицензийн гэрчилгээний хавсралтад тэмдэглэлгээг хийсэн байна.Би Эйч Пи минералс интернэйшнл Эксплорэйшн инк корпораци нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюу толгойн 8496 гектар талбай бүхий 066Х дугаар лицензийг шилжүүлэх өргөдлийн бүртгэлийн 946Х дугаарт бүртгүүлж, тус албаны даргын 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 254 дүгээр шийдвэрээр Айвенхоу майнз монголия инк ХХК-д шилжүүлсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “О т” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Дээрх шийдвэр нь иргэн Д.Э-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж заасан бөгөөд Монгол Улсын төр нь байгалийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх бүхий субъект болдог. Иймд  иргэн Д.Э-ын үзэж байгаачлан иргэн байгалийн баялгийг шууд эзэмших эрхтэй гэсэн үг биш юм. Д.Э болон өөр ямар ч иргэн, хуулийн этгээд тухайн хайгуулын талбайд хөрөнгө оруулсан эсхүл энэ талбайд лиценз авахаар хандсан үйл баримт байхгүй учир түүний хууль ёсны ашиг сонирхол энэ маргаж байгаа захиргааны актаар хөндөгдөөгүй юм. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9 заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 108 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай 1997 оны хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 15 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 25 дугаар зүйлийн 2, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 1997 оны хуулийн 5 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны /хуучин нэрээр/-ын даргын 2000 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 259 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий иргэн Д.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Э-ын давж заалдах гомдлоор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 4 дүгээр сарын 20-ны 184 дүгээр магадлалаар: Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 108 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ВНР минералс интернейшнл эксплорейшн” компанид анх 1997 оны 02 дугаар сарын 17-ны өдөр лицензийг 3 жилийн хугацаатай олгож, энэхүү хугацаа 2000 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болсон тул уг компани лицензийн хүчинтэй байх хугацааг сунгуулах тухай өргөдлийг цаад зах нь 2000 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хэтрүүлэлгүй гаргах ёстой байсан боловч, 2000 оны 6 дугаар сарын 14-ний өдөр энэхүү өргөдлийг гаргасан нь хэргийн материалд нотлох баримтаар авагдсан байгаа. Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулийн энэхүү заалтыг хэрэглээгүйгээс хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. ВНР минериалс интернейшнл эксплорейшн компаний хувьд энэхүү хугацаа 2000 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болсон тул АМГТХЭГ-ын ГУУКА /тухайн үеийн нэрээр/-ны даргын 2000.06.21-ний өдрийн 259 тоот шийдвэрээр хугацааг нь нөхөж, сунгаж өгснийг нь хууль зөрчсөн гэж үзэж, маргаж байгаа юм. Аливаа эрх, хугацаа бүрмөсөн дуусгавар болох гэдэг хууль зүйн фактыг шүүх анхааралдаа аваагүй, энэхүү фактыг зохицуулсан, тайлбарласан олон улсын болон үндэсний хууль, төсөөтэй эрх зүйн зарчмыг хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэрэглээгүйгээс хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2010 оны 108 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2010 оны 184 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                 ХЯНАВАЛ:

ВНР минералз интернэйшнл эксплорейшн инк корпораци”-ийн Монгол дахь салбар компанийн хүсэлт, холбогдох баримтыг үндэслэн, Геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын 2000 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 259 дүгээр шийдвэрээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Оюутолгойн 135987 гектар талбай бүхий Х-066/210/, мөн аймгийн Цогтцэций сумын нутагт Их шанхын 44809 гектар талбай бүхий Х-067/211/ тоот лицензүүдийн хүчин төгөлдөр хугацааг 2000 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөр тооцож, 2002 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар сунгасан нь Ашигт малтмалын тухай /1997 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 15 дугаар зүйлийн 2, 3 дах хэсгийн заалтад нийцжээ.

ВНР минералз интернэйшнл эксплорейшн инк корпораци”-ийн Монгол дахь салбар компанийн  ашигт малтмалын хайгуулын лицензийн хугацааг сунгуулах үед иргэн Д.Энхбат ашигт малтмал хайх, ашиглах лиценз эзэмших хүсэлт гаргаж байгаагүйгээс үзэхэд Геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын 2000 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 259 дүгээр шийдвэр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх боломжгүй юм.

Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж,  Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсний дээр хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Э-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 108 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 184 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      О. ЗАНДРАА

 

  ШҮҮГЧ                                     Д.ПУНЦАГ