Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 01

 

 

 

   

   2023          03           14                                    206/МА2023/00001

 

 

 

М.Гэрэлчулууны хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2022/00649 дугаар шийдвэртэй,

  Ховд аймаг, Дөргөн сум, Аргалант багт оршин суух, Яргай овогт Мягмарын Гэрэлчулууны хүсэлттэй,

Г.Буяннэмэхийг 1997 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр үрчилж авсныг хүчинтэйд тооцуулах тухай” хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Гэрэлчулуун, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Аззаяа нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1 Миний бие нь 1997 оны 09 сарын 17-ны өдөр хүү Г.Буяннэмэхийг үрчилж авсан. 1997 оны 09 сарын 17-ны өдөр үрчилж авсан гэрчилгээг гээсэн, мөн архивт шивэгдээгүй байна. Тухайн үед ажиллаж байсан хүмүүс одоо байхгүй, тэдний хариуцлагагүй байдлын улмаас хүүхдээ 3 нас хүрэхээс нь өмнө үрчилж аваагүй гэх шалтгаанаар би тэтгэвэрт гарч чадахгүй байна. Үрчлэлтийг хэзээ бүртгүүлснээ санахгүй байна. Өмнө нь хүүхдийн үрчлэлттэй холбоотой асуудлаар төрийн байгууллагад хандаж байгаагүй. Иймд хүү Г.Буяннэмэхийг 1997 оны 09 сарын 17-ний өдөр үрчилж авсныг хүчинтэйд тооцож өгнө үү гэжээ.

2. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2022/00649 дугаар шийдвэрээр:

2.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Яргай овогт Мягмарын Гэрэлчулууны 1997 оны 09 сарын 17-ны өдөр хүү Г.Буяннэмэхийг үрчилж авсныг хүчинтэйд тооцуулах тухай хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

2.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

3. Хүсэлт гаргагчийн давж заалдсан гомдлын агуулга: Миний бие нь 1997 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүү Г.Буяннэмэхийг үрчилж авсан. 1997 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр  үрчилж авсан гэрчилгээг гээсэн, мөн архивт шивэгдээгүй байна.Тухайн үед ажиллаж байсан хүмүүс одоо байхгүй, тэдний хариуцлагагүй байдлын улмаас хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө үрчилж аваагүй гэх шалтгаанаар би тэтгэвэрт гарч чадахгүй байна. Иймд хүү Г.Буяннэмэхийг 1997 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр  үрчилж авсныг хүчинтэй тооцож  өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ нь:

            4. Давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагч М.Гэрэлчулууны гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар  хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.    

            5. Хүсэлт гаргагч М.Гэрэлчулуун нь  хүү Г.Буяннэмэхийг 1997 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр үрчилж авсныг хүчинтэйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд  гаргажээ.

6. Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийн дагуу шаардлагаа нотлохоор М.Гэрэлчулуун, Г.Буяннэмэх нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Буяннэмэхийн төрсний бүртгэлийн лавлагаа, үрчилсний бүртгэлийн лавлагаа, П.Гантөмөр, М.Гэрэлчулуун нарын гэрлэсний гэрчилгээний хуулбар зэрэг баритуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Түүнчлэн шүүх санаачилгаараа хүүхэд үрчилснийг мэдэгдэх хуудас, Үндэсний төв архивын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №03-05/2577, 03-05/2578 дугаартай ам бүлийн лавлагаанууд, 2001 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын “Үрчилж нэр өөрчлөх тухай” 56 дугаар захирамжийн архивын хуулбар, Г.Буяннэмэхийн 1998, 2000 онд авахуулсан гэх гэрэл зургуудын хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн  228401002004 дугаартай овог нэр өөрчилсний бүртгэлийн  лавлаагаа, 228401002003 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, П.Гантөмөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрч Б.Оюун, Г.Буяннэмэх, Н.Цэнд-Аюуш, П.Гантөмөр нарыг гэрчээр асуусан мэдүүлэг зэрэг нотлох  баримтуудыг бүрдүүлжээ.  

7.Хүсэлт гаргагч нь “Миний бие нь 1997 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүү Г.Буяннэмэхийг үрчилж авсан. 1997 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр үрчилж авсан гэрчилгээг гээсэн, мөн архивт шивэгдээгүй байна.Тухайн үед ажиллаж байсан хүмүүс одоо байхгүй, тэдний хариуцлагагүй байдлын улмаас хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө үрчилж аваагүй гэх шалтгаанаар би тэтгэвэрт гарч чадахгүй байна. Иймд хүү Г.Буяннэмэхийг 1997 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр  үрчилж авсныг хүчинтэй тооцож  өгнө үү” гэх тайлбарыг гаргажээ.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан хэлэлцэгдсэн  Буяннэмэхийг  төрүүлсэн эх А.Цэцэгмаагийн “...Миний бие 1996 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүү Ц.Мөнх-Оргилыг төрүүлсэн бөгөөд 1997 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын харьяат П.Гантөмөр, М.Гэрэлчулуун нарт өргүүлсэн нь үнэн болно.” гэх тодорхойлолт, гэрч  Б.Оюуны”...манай нөхрийн ах болох П.Гантөмөр, эхнэр М.Гэрэлчулуун нар 1997 онд Цэцэгмаа гэх хүнээс 1 ой 5-6 сартай эрэгтэй хүүхэд Буяннэмэхийг үрчилж авсныг сайн мэднэ...” гэх мэдүүлэг, 

гэрч Н.Цэнд-Аюушийн “...П.Гантөмөр, М.Гэрэлчулуун нар 1997 онд Цэцэгмаа гэдэг хүнээс Буяннэмэхийг өргөж авах үед би болон манай нөхөр, П.Гантөмөр, М.Гэрэлчулуун бид 4 очиж авсан.Тухайн үед Буяннэмэх 1 настай байсан,өргөж авахаас өмнө өөр нэртэй байсан  бөгөөд тэр нэрийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг,

гэрч Г.Буяннэмэх “...Намайг 1 нас гаруйтай байхад өргөж авч байсан гэсэн,би Гантөмөрөөр овоглодог. П.Гантөмөр, М.Гэрэлчулуун нарын ганц хүүхэд.Урьд нь миний нэрийг Мөнх-Оргил гэдэг байсныг бага байхад Буяннэмэх гэж өөрчилсөн.Би төрүүлсэн ээжийнхээ талаар сайн мэдэхгүй,өөрийгөө өргөмөл хүүхэд гэдгийг 10 жилийн сурагч байх үедээ мэдсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч П.Гантөмөрийн ”...Г.Буяннэмэхийг 1997 оны намар миний том ах, түүний  эхнэр бид 3 Цэцэгмаа гэх хүнээс очиж  хүүхэд үрчилж авахад 1 ой гарантай дөнгөж хөлд орж байсан.Бид үрчилж авсан тэр ондоо ЗДТГ-т хүсэлтээ гаргаж байсан.Гэтэл сүүлд үрчлэлт хийгдсэн байна лээ.Буяннэмэх өөрийгөө өргөмөл хүүхэд гэдгийг мэдэхгүй...”  гэх гэрч нарын мэдүүлгүүдээр П.Гантөмөр, М.Гэрэлчулуун нар нь хүү Г.Буяннэмэхийг 1 настай байхад нь  А.Цэцэгмаагаас үрчилж аваад өсгөж хүмүүжүүлсэн  бодит үйл явдлыг гэрчүүд гэрчилж байгаа боловч түүнийг 1997 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр  хуульд заасан журмын дагуу үрчилж авсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

9.Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана.”гэж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.-д “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг энэ хуулийн 11.4-т заасан дүгнэлтэд үндэслэн 20 хоногийн дотор гаргана.”, мөн хуулийн 11.6-д “Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ.” гэж  тус тус хуульчилжээ.

10.Хэрэгт авагдсан  баримтаас үзвэл  1996 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төсрөн хүү Цэцэгмаа овогтой Мөнх-Оргилыг 2001 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын “Үрчилж нэр өөрчлөх тухай” 56 дугаар захирамжаар П.Гантөмөр, М. Гэрэлчулуун нар үрчилж авч,  нэрийг нь Буяннэмэх болгон өөрчилсөн үйл баримт тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл П.Гантөмөр,М. Гэрэлчулуун нар А.Цэцэгмаагаас хүү Мөнх-Оргилыг 2001 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хуулийн дагуу үрчлэн авч хүүхдийн  нэрийг Буяннэмэх болгон өөрчилсөн  байна.

11.Дээрх хуулиудад зааснаар хүүхэд үрчилсний бүртгэл  хийгдэж, үрчлэн авсан эцэг П.Гантөмөр, эх М.Гэрэлчулуун, хүү Буяннэмэх нарын хооронд  төрсөн эцэг, эх хүүхдийн адил эрх эдлэх, үүрэг хүлээх харилцаа үүссэн байна.

12.Түүнчлэн 2001 онд хүү Г.Буяннэмэхийг П.Гантөмөр, М. Гэрэлчулуун нар үрчлэн авч иргэний улсын бүртгэл хийгдсэн бүртгэлийг  үгүйсгэх үндэслэлгүй бөгөөд улсын бүртгэл үнэн зөв байна.

13.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн талаас нь үнэлж дүгнэж хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн  үндэслэлтэй болсон байх тул М. Гэрэлчулууны “хүү Г.Буяннэмэхийг 1997 оны 9 сард үрчилж авч Дөргөн суманд бүртгүүлсэн үнэн” гэх гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2021/00649 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хүсэлт гаргагч М. Гэрэлчулууны  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй  орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн  162.4-т зааснаар хүсэлт гаргагч М. Гэрэлчулууны   давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70200  төгрөгийг  төрийн сангийн  дансанд хэвээр нь үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         М.НЯМБАЯР

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          С.ӨМИРБЕК

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА