Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/73

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Ц.Хонгорзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Д-ын Г-д холбогдох эрүүгийн 1727001000016 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны .. дугаар сарын ..-ний өдөр Өвөрхангай аймгийн .... суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, ах, эгч дүү нарын хамт Төв аймгийн .......оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овгийн Д-ын Г

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Д.Г нь 2017 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ..... багт байрлах Ч.А-ын эзэмшлийн “Түмэн хишигт” дэлгүүрт нэвтэрч үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч хохирогч Ч.А-т 336.000 /гурван зуун гучин зургаан мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2017 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг байрлах иргэн Л.А-ийн эзэмшлийн “Таны” дэлгүүрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч хохирогч Л.А-т 240.000 /хоёр зуун дөчин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгч Д.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Манай сургуулийн урлагийн үзлэг болохоос өмнө Д болон түүний ахтай бид 3 пиво уусан. Тэгээд харих гэж яваад найз охинтойгоо уулзаад бид хоёр маргалдаж улмаар хэрэлдсэн. Тэгээд би уурандаа хоёр давхар дэлгүүр рүү орсон. Дараа нь хажуу талын дэлгүүр рүү нь орсон. Би дэлгүүрт орж эд зүйл хулгайлсан” гэсэн мэдүүлэг,

Хохирогч 1963 онд төрсөн Л-ийн А мөрдөн байцаалтын шатанд 2018-01-31-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багт байх манай дэлгүүрт хулгай орсон юм. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өглөө иртэл дэлгүүрийн хаалганы хойд талд байх жижиг цонхны хамгаалалт төмрийг хөшөөд вакум цонхыг нь ойлгосон байхаар нь дэлгүүрээ онгойлгож ороод хартал хулгай орсон юм шиг байхаар нь цагдаад мэдэгдсэн. Эрэгтэй хүний ноосон цамц 2 ширхэг, биеийн тамирын өмд 2 ширхэг, Нокиа 3110 маркийн гар утас 1 ширхэг, 50000 төгрөг бэлнээр, эрэгтэй турсик 4 ширхэг, бэлэн гоймон 4 ширхэг, компод 1 ширхэг зэрэг зүйлүүд алдагдсан байсан. Эрэгтэй хүний ноосон цамцаа 1 ширхэгийг нь 30.000 төгрөгөөр, нийт 60.000 төгрөг, биеийн тамирын өмд 1 ширхэгийг нь 25.000 төгрөгөөр, нийт 50.000 төгрөг, гар утсаа 60.000 төгрөгөөр авч байсан. Бэлэн гоймон нэг бүр нь 2500 нийт 10.000, эрэгтэй түрсик нэг бүр нь 3500 нийт 14000 төгрөгийн эд зүйлүүд алдсан. 1 ширхэг компод 6000 төгрөг. Манай дэлгүүрээс нийт 250.000 төгрөгийн эд зүйл хулгайд алдсан байсан....150.000 төгрөгийн эд зүйл буцааж авсан. 250.000 төгрөгийн эд зүйл хулгайд алдсан. Шинээр цонхны хаалт хийлгэсэн түүний мөнгө 110.000 төгрөг авсан. Тухайн үед үнийн зөрүүтэй хэлсэн байж магадгүй. Ингээд надад бүх хохирлыг Д.Г төлж барагдуулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 37-38, 170-171 дүгээр хуудас/

Хохирогч 1984 онд төрсөн Ч-ийн А мөрдөн байцаалтын шатанд 2018-01-31-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 07-ны өглөө гэртээ байж байтал дэлгүүрт хулгай орсон байна гэж Б хэлсэн. Манай дэлгүүр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багт байх “Түмэн хишиг” гэх дэлгүүр байгаа юм. Дэлгүүр дээр иртэл ертөнцийн зүгээр баруун тийш харсан цонхны төмөр хаалтыг эвдээд цонхыг нь онгойлгоод хоёр давхарт гараад үүдний торон хаалтыг нь сөхөөд орсон байсан. Тэгээд хартал өлгүүртэй хувцасны өлгүүрүүд үлдсэн байсан. Тэгээд эд зүйл алдагдсаныг мэдсэн. Эрэгтэй хүний хар хөх өнгийн биеийн тамирын өмд 1 ширхэг, эрэгтэй хүний дотуур саарал өнгийн өмд 2 ширхэг, эрэгтэй хүний хар ногоон өнгийн куртик 1 ширхэг, эрэгтэй хүний саарал өнгийн куртик 1 ширхэг, эрэгтэй малгайтай хөх өнгийн цамц 1 ширхэг, малгайтай цахилгаантай хар болон хүрэн өнгийн цамц 2 ширхэг, улаан өнгийн пүүз 1 ширхэг, хөх шар өнгийн биеийн тамирын хослол 1 ширхэг тус тус алдагдсан байсан. Эрэгтэй хүний хар хөх өнгийн биеийн тамирын өмдөө 25.000 төгрөг, эрэгтэй хүний дотуур саарал өнгийн өмдөө нэг бүрийг нь 8000 төгрөг, нийт 16000 төгрөг, эрэгтэй хүний хар ногоон өнгийн куртикээ 70000 төгрөг, эрэгтэй хүний саарал өнгийн куртик 50000 төгрөг, эрэгтэй малгайтай хөх өнгийн цамц 25.000 төгрөг, малгайтай цахилгаантай хар болон хүрэн өнгийн цамц нэг бүр нь 28.000 төгрөг нийт 56.000 төгрөг, улаан өнгийн пүүз 40.000 төгрөг, хөх шар өнгийн биеийн тамирын хослол 60.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Манай дэлгүүрээс нийт 342.000 төгрөгийн үд зүйл алдагдсан байна.

Би хохирлын мөнгөө бүрэн гүйцэт гаргуулан авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 98-99, 169 дүгээр хуудас/

Гэрч 1986 онд төрсөн Н.Б мөрдөн байцаалтын шатанд 2017-12-08-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 07-ны өглөө 09 цаг 40 минутанд ажил дээрээ ирээд хаалгаа онгойлгоод орсон чинь хамт гутал зардаг А-ийн наад талын хаалганы хаалтыг цааш нь муруйлгаад татсан байсан. Тэгээд А, А нар луу утсаар залгаж хэлсэн. А бид хоёр хамгийн сүүлд дэлгүүрээ цоожлоод гарсан...” /хх 103 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,

Гэрч 1992 онд төрсөн М.Г мөрдөн байцаалтын шатанд 2018-03-25-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 12 дугаар сарын 06-ны өглөө 10 цагийн үед болов уу босоод манай нөхөр О, ээж О, аав А, Д-ын Г тавуулаа Рамын дэнжид малын бой хийхээр яваад орой 18 цагийн үед гэртээ ирцгээсэн. Ирэхдээ тавуулаа хамт ирсэн. Д, хадам аав А, хадам ээж О нар гэрлүүгээ орсон. О Г-тай хамт манайд орж ирсэн. Цай уугаад сууж байтал Г-ын ах Г эхнэр Д-гийн хамт ирсэн Г-ыг ах нь авъя Г явахгүй гээд үлдсэн. Г ах явсны дараа Г-ыг мотоциклтой хүн орж ирээд аваад явсан. Хэн байсныг мэдээгүй. Гадаа харанхуй болсон байсан. Тэгээд манай нөхөр О толгой хүзүүгээ угаагаад орондоо ороод хэвтсэн. 22 цаг өнгөрч байхад Г ганцаараа орж ирээд гар утсаа аваад гарсан. Түүнээс би хүүхдээ усанд оруулах гээд гэрийнхээ хаалгыг дотроос нь цоожлоод усанд оруулж байтал гэрийн хаалга Д байна гээд нүдэхээр нь онгойлгож өгөөгүй. Тэгтэл Г байна уу хаашаа хэнтэй гарсан бэ гэж асуухаар нь саяхан утсаа аваад гарсан гээд хаалгаа онгойлгож өгөөгүй. Хашааны гаднаас мотоцикл хөдлөөд явсан. Унтаж байтал үүр цайж байх үед эгчээ хаалгаа гээд Г хаалга нүдэхээр нь онгойлготол ороод ирсэн. Г-ыг орж ирэхэд нь хартал шинэ хувцаснууд өмсчихсөн байсан. Өглөө сэрээд хартал Г бэлэн гоймон дэвтээж идсэн байсан. Г-аас хаанаас ямар хувцас авчраад өмссөн юм гэтэл Хөнөгт ангийнхаа хүүхдийнд үлдээсэн байсан хувцсаа мотоциклтой явж авчирсан гэж хэлсэн. Бэлэн хоол хаанаас авсан юм гэтэл Ц-гийн бүжгийн хүүхдүүдтэй нийлж бэлэн гоймон авсныг үлдэхээр нь аваад ирлээ гэж байсан. 2017 оны 12 дугаар сарын 05-нд 2 цагийн үед орж ирж хоноод 2017 оны 12 дугаар сарын 06-ны өглөө босоод бойнд тавуулаа хамт яваад орой 18 цагийн үед манай гэрт ирсэн. Мотоциклтой хүн ирээд авч явсан нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны 21 цаг. Буцаж ирэхдээ 22 цаг өнгөрч байхад ирээд гар утсаа аваад явсан. Тэгээд өглөө үүрээр орж ирсэн...” /хх 46-47 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1 дүгээр хуудас/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 10 дугаар хуудас/,

- “Лэндс” ХХК-ны хохирогч Л.А-, Ч.А- нарын хулгайд алдсан эд зүйлийн үнэлгээ /хх 51-53, 105-108 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутагт байрлах хохирогч Ч.А-ын эзэмшлийн “Түмэн хишигт” дэлгүүр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч, хохирогч Ч.А-т 336.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2017 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутагт байрлах хохирогч Ч.А-ын эзэмшлийн “Таны” дэлгүүр буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч, хохирогч Л.А-т 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг  яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд тусгайлсан санал гаргаагүй болно.

Иймд шүүгдэгч Д.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Д.Г-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 13 ширхэг хурууны мөрийг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалахаар тус тус шийдвэрлэв.

Хохирогч Ч.А, Л.А нарт 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдааны товыг 99068391, 99273797 дугаартай утсанд мэдэгдэхэд “Шүүх хуралд суухгүй, надад санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн бөгөөд хохирогч Ч.А, Л.А нарыг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г овгийн Д-ын Г-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г овгийн Д-ын Г-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй,  шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 13 ширхэг гарын мөрийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.  
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН