Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 209/МА2023/00018

 

            *******, *******, ******* нарын
             нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  12 дугаар сарын 27-ны өдрийн 135/ШШ2023/00009 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

                     *******,

                     ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* дугаар нээлттэй хорих ангид холбогдох

      Нэхэмжлэлийн шаардлага: “Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Дэлгэрнарангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Дэлгэрнаран, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын агуулга:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3981 дугаартай шүүгчийн захирамжаар *******, *******, ******* нараас 77,030,000 төгрөгийг гаргуулж ******* ББСБ-д олгож шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар *******ын нэр дээрх Ү-*******, Э-******* дугаартай Дархан-Уул аймаг, Орхон сум, Баян-Өлзийт 1 дүгээр баг, 20 айлын гудамж, 22а тоотод байрлах 1,120 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай хүнсний ногооны зоорины барилга болох үл хөдлөх хөрөнгийг 5,490 м.кв талбайтай газрын хамт төлбөрт хураахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү үл хөдлөх хөрөнгийг 675,490,000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар мэдэгдсэн.

Тухайн үл хөдлөх хөрөнгийг ийнхүү үнэлж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү үл хөдлөх хөрөнгө нь 1000 тонны багтаамж бүхий хүнсний ногооны зоорь бөгөөд дэргэдээ хүнсний ногоо бэлтгэх даршлах тоног төхөөрөмж бүхий агуулах, автомашины гарааш, цех гэх цогц үйлчилгээтэй барилга бөгөөд нийт талбайн хэмжээ бодитоор 1,600 м.кв гаруй хэмжээ бүхий үл хөдлөх хөрөнгө юм. Гэтэл ийм өндөр үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг 675,490,000 төгрөг гэж харьцангуй бага үнэлгээгээр үнэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байх тул үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3981 дугаартай шүүгчийн захирамжаар *******, *******, ******* нараас 77,030,000 төгрөгийг гаргуулж Болор зоос ББСБ-нд олгохоор шийдвэрлэжээ.

Төлбөр төлөгч *******, *******, ******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Орхон сум, Баян-Өлзийт 1 дүгээр баг, 20 айлын гудамж, 22а тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 1,120 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай хүнсний ногооны зоорины барилга, эзэмших эрхийн Э-******* дугаартай 5,490 м.кв талбайтай худалдаа нийтийн үйлчилгээний төв, цогцолборын эзэмшлийн газрын хамт 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 22070720/09 дугаартай тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулахад талууд үнийн санал дээр харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 10/17 тоот тогтоолоор Капитал зууч" ХХК-ийг шинжээчээр томилсон.

Капитал зууч ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрын зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 675,490,000 төгрөгөөр тогтоосон талаар 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т ...3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/2008 дугаар албан бичгээр төлбөр авагч Болор зоос ББСБ-д, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/2007 дугаар албан бичгээр төлбөр төлөгч *******, *******, ******* нарт тус тус мэдэгдсэн.

Хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК нь эд хөрөнгийн байршил, чанар байдал, үр ашиг элэгдэл зэргийг тооцон, өртгийн хандлага болон зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлсэн нь хуульд нийцсэн үнэлгээ гэж үзэж байна. Төлбөр төлөгч *******, *******, ******* нар нь гаргасан нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгөнд хийгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй одоогийн ханшаас доогуур байна гэх тайлбар гаргасан боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална" гэж заасан, шинжээч нь хуульд зааснаар дүгнэлт гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Капитал зууч ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргагч *******, *******, ******* нарын гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Дэлгэрнарангийн давж заалдах гомдлын агуулга:

             ... хавтаст хэргийн 10 дугаар талд авагдсан улсын бүртгэлийн 000674547 дугаартай гэрчилгээнд зааснаар 1120 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө байх ба хариуцагч байгууллага нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний 10/17 дугаар шинжээч томилох тухай тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар  “Дархан-Уул аймгийн Орхон сум, 1 дүгээр баг, Баян-Өлзийт 1 хэсэг, 20 айл гудамж, 22а тоот дахь 1120 м.кв үйлдвэрийн зориулалттай хүнсний ногооны зоорийн барилга, 5490 м.кв талбайтай худалдаа нийтийн үйлчилгээний төв цогцолборын эзэмшлийн газрын хамт” үнэлгээ тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээг Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

           Капитал зууч ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2022/21 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд “...иргэн *******, *******  нарын эзэмшлийн газар зэрэг эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ нь 675,490,000 төгрөг байна”  гэж дүгнэсэн. Гэтэл бодит үр дүнг буюу үл хөдлөх хөрөнгийн хэмжээг буруу тусгасан эсхүл үнэлэх ёсгүй хөрөнгийг үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй.

            Өөрөөр хэлбэл 1120 м.кв талбайтай улсын бүртгэлийн 000674547 дугаартай гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах байтал өмчлөгчийн эрхийг зөрчиж, 1512 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг үнэлж улмаар дуудлага худалдаагаар худалдан борлуулах гэж байгаа нь ямар ч эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр өмчлөгчийн эрхэнд халдсан үйлдэл гэж үзэж байна.

            Шинжээчийн дүгнэлтэд үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээний зөрүүний талаар тодорхой тусгайгүй зөвхөн бодит хэмжилт гэж дурдсан байдаг. Гэтэл хариуцагч болон шинжээч нараас тухайн зөрүү болсон 400 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн талаар өөр өмчлөгчтэй эсэх эсхүл барьцааны зүйлийн талбайн хэмжээнд өөрчлөлт орсон эсэх талаар лавлаагүй өмчлөгч нараас зөвшөөрөл лавлагаа аваагүй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хэлсэн боловч ямар үндэслэлээр уг зөрүүтэй үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн талаар баримтыг хавсаргаагүй.

            Гэтэл анхан шатны шүүх “...үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээ нь улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн талбайн хэмжээтэй зөрүүтэй, бодит хэмжилтээр илүү байгаа хэдий ч энэ нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талуудын эрх ашгийг хөндөөгүй байхаас гадна шүүхийн шийдвэрт дурдагдаагүй үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн байдал тогтоогдохгүй” гэж дүгнэсэн нь хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 12.1.7, 8.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй тодорхой байх шаардлагад нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ :

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад үнэлгээний талаар гомдол гаргагч нарын өмгөөлөгч Н.Дэлгэрнарангийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Төлбөр төлөгч  *******, *******, ******* нар нь хариуцагч Дархан-Уул аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Капитал зууч ХХК-н  гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг  хариуцагч байгууллага нь  эс зөвшөөрч  шийдвэр гүйцэтгэх  ажиллагаа хуулийн дагуу явагдсан  хэмээн  маргасан  байна.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4. Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3981 дугаар захирамжаар зохигчид  нь 82,382,185  төгрөгийг сар бүр 5 удаагийн давтамжтайгаар төлж дуусгахаар тохиролцон эвлэрснийг баталж шийдвэрлэжээ.

4.а.Хариуцагч нар нь дээрх шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч буюу төлбөр авагч Болор зоос ББСБ-н   хүсэлтээр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ний өдөр 2467  дугаар  “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарч, 299 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн./ хх-4, 31,32,33/

4.б. Хариуцагч байгууллага нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2022 оны 06 дугаар  сараас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгч нарын барьцаа хөрөнгө болох *******ын эзэмшил, өмчлөлийн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуульд заасан журмын дагуу битүүмжилж, хураах тогтоол үйлдсэн, улмаар үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаж, хариуцагч байгууллага нь шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон байна. /хх- 5,6,34,38,42,43,46,47,48/

4.в. Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч нарын төлбөрт хураагдсан нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдэд  мэргэжлийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох шаардлагатай гэж 2022 оны 10 дугаар  сарын 04-ний өдрийн 10/17 дугаар тогтоолоор Капитал зууч ХХК-г шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй, шинжээч нь үл хөдлөх хөрөнгийг нийтэд нь 675,490,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч байгууллага нь үнэлгээг хуульд заасан хугацаанд талуудад мэдэгджээ. /хх- 43, 47,48/

           4.г. Хариуцагч байгууллага нь үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

5. Нэхэмжлэгч *******, *******, ******* нарын үнэлгээний талаар гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч өмгөөлөгч Н.Дэлгэрнаран давж заалдах гомдолдоо ...1120 м.кв талбайтай улсын бүртгэлийн 000674547 дугаартай гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах байтал 1512 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг үнэлж, дуудлага худалдаагаар худалдан борлуулах гэж байгаа нь өмчлөгчийн эрхэнд халдсан үйлдэл, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 12.1.7, 8.2.3-т заасан/гомдолд бичсэнээр тусгав/ хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ, цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх шаардлагад нийцээгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

5.а.Шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга аргачлалын дагуу зах зээлийн болон өртгийн хандлагын аргыг сонгож, үнэлгээ тогтоосон байх бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч нар нь хөрөнгийг харьцангуй бага үнэлгээгээр  үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Мөн  шинжээч нь үнэлгээг тогтоохдоо 1120 м.кв талбайтай гэх үл хөдлөх хөрөнгийн талбайд “бодит хэмжилт”-г  хийж, үүнийхээ дагуу  1512 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлж, дүгнэлт гаргасан байх ба хэрэгт үүнийг үгүйсгэсэн баримт авагдаагүй, энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч тал  шүүхэд ирүүлээгүй, нотлоогүй байна.   

 Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  12 дугаар сарын 27-ны өдрийн 135/ШШ2023/00009 дүгээртэй шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нар шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурдсугай.

          

       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Я.ТУУЛ                                                          

                                                 ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА                                                                                                                                             Х.БАЙГАЛМАА