Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 209/МА2023/00020

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  12 дугаар сарын 16-ны өдрийн 1785 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

                     ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                   ******* нарт холбогдох  

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэм хорын хохиролд 20,684,800 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

******* миний бие 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэртээ унтаж байхад 14 настай хүү ******* гэр бүлийн өмчлөлийн Мерседэс бенз Жи-Класс 400  маркийн ******* ДАН авто машины түлхүүр нууцаар авч гараад, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүүгийн найз болох 14 настай ******* манай машиныг жолоодож яваад онхолдож зам тээврийн осол гаргасан.

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас *******д холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэсэн боловч насанд хүрээгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Уг зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэлд гарсан эвдрэл, хохирлын үнэлгээ гаргуулахаар Вендо Appraisal company  хөрөнгийн үнэлгээний компаниар дүгнэлт гаргуулахад эвдрэл, хохирлын үнэлгээ 19,866,800 төгрөгөөр тогтоогдсон. Үнэлгээний хөлсөнд 818,000 төгрөг төлсөн.

Иймд эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд автомашины эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 19,866,800 төгрөг, үнэлгээний хөлс 818,000 төгрөг, нийт  20,684,800 төгрөгийн хохирлыг *******, түүний эцэг  ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч талын татгалзал, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн төрсөн хүү болох ******* нь өөрийн аавын машиныг унаж яваад хариуцагчийн насанд хүрээгүй хүүхэд болон хэд хэдэн хүүхэдтэй цуг машин унасан. Ганцхан ******* гэдэг хүүхдийн үйлдэл биш нэхэмжлэгчийн насанд хүрээгүй хүүхдийн үйлдлийн улмаас хүүхэд минь машин барьсан. Нэхэмжлэгч насанд хүрээгүй хүүхдээ хараа хяналтдаа байлгаж чадаагүй.

******* гэдэг хүүхэд Дархан-Уул аймгийн Эмпати сургуульд 9 дүгээр ангид суралцдаг ба сургуулийнхаа дотуур байранд байсан. Зөрчил гаргасан үедээ эцэг, эхийн хяналтаас гадуур буюу сургуулийн дотуур байранд байсан. Тухайн үед сургууль асран хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 9,779,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, үлдэх хэсэг болох 10,905,800 төгрөг гаргуулах тухай болон *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,374 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 171,414 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч  нарын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Гэм хор учруулсан этгээдийн үйлдэл нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр бусдад хохирол учруулсан нь тогтоогдсон байх нь гэм хорын улмаас учирсан хохирлыг шаардах үндэслэл болдог.

2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ******* зам тээрийн осол гаргаж нэхэмжлэгч нарт хохирол учруулсан нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар замын цагдаагийн зохицуулагчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зам тээрийн ослын шийдвэрлэлтийн талаарх магадлагаагаар тогтоогдсон.

Дээрх зам тээрийн ослын улмаас Вендо Appraisal company хөрөнгийн үнэлгээний компанийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд 19,866,800 төгрөг гаргуулахаар, үнэлгээний хөлс 818,000 төгрөг нийт 20,684,000 төгрөг болсон.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь хэсэгт Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1, 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар нэхэмжлэгч нар нь ******* ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүү *******од унах боломжийг олгосон, нэхэмжлэгч ******* тээврийн хэрэгслийн түлхүүрийг нуусан гэсэн нь тухайн тээврийн хэрэгслийг ******* жолоодохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн авсан гэж үзэх боломжгүй байх тул хохирол учрахад нэхэмжлэгчдийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэж 50 хувиар нэхэмжлэлийн шаардлагыг багасгах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

...1. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т хохирлын хэмжээг багасгах урьдчилсан нөхцөлийг хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл гэж тодорхойлсон.

Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад хариуцагчийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас гэм хор учирсан болохоос хохирогч Замын хөдөлгөөний дүрмийг  зөрчөөгүй тул түүний үйлдлийг “болгоомжгүй үйлдэл” гэж үзэх үндэслэл байхгүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т заасан гэм буруугийн “хэтэрхий болгоомжгүй” хэлбэр нь гэм хорын ерөнхий зохицуулалт болох Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн “болгоомжгүй” хэлбэрээс ялгаатай зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн болгоомжгүй үйлдэл бүрд биш зөвхөн хэтэрхий болгоомжгүй үйлдэл тогтоогдсон тохиолдолд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх заалтыг хэрэглэж, хохирлын хэмжээг буруулж болохоор хуульчилсан. Иймд иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д гэм хорын хохирол гаргуулахад хохирогчийн гэм бурууг харгалзан үзэх тухай нарийвчилсан зохицуулалт байхад мөн хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм буруу учруулсан этгээдийн болгоомжгүй үйлдэлтэй адилтгаж хуулийг төсөөтэй хэрэглэсэн нь Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна.

2. Шууд бус зардал 1,126,800 төгрөгийг хасаж, үлдсэн хохирол 50 хувиар багасгасан нь үндэслэлгүй талаар:

Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т зөрчигдсөн эрхийг сэргээх гэж Иргэний хуулийг тодорхойлсон ба энэ нь Иргэний эрх зүйн суурь зарчим юм.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шууд 50 хувиар багасгаж шийдвэрлэсэн нь хохирогч болон гэм хор учруулсан этгээдийг нэг түвшинд адилтган үзэж Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан зөрчигдсөн эрхийг сэргээх иргэний эрх зүйн суурь зарчмыг зөрчсөн, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон.

3. Үнэлгээгээр тогтоогдсон нийт хохирлоос шууд бус зардал 1,126,000 төгрөгийг хассан нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байлалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасныг зөрчсөн. Учир нь маш хатуу төмөртэй тул тээврийн хэрэгслийг засварлах боломжгүй гэх *******ийн тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй ба ийнхүү засуулах боломжгүйн улмаас машины кузовыг бүтнээр сольж их хэмжээний зардал гаргахаар байсан тул тээврийн хэрэгслийг эвдэрхий чигээр нь хямд үнээр зарсан нь гэм хор учруулагчийг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй байсан. Харин шууд зардлыг хасаж үлдэх хохирлыг 50, 50 хувиар хуваарилсны улмаас хохирогчид учирсан нийт хохирлын 50 хувиас ч бага үнийн дүнг гаргуулахаар шийдвэрлэсэн нь эрх зүйн байдлыг дордуулсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 10,905,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******, ******* нарын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй, харин  анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч хэрэглэх ёстой хуулийг бүрэн гүйцэд хэрэглээгүй  байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

3. Нэхэмжлэгч *******, ******* нар нь гэм хорын хохиролд автомашины эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 19,866,800 төгрөг, үнэлгээний хөлсөнд төлсөн 818,000 төгрөг, нийт 20,684,800 төгрөгийн хохирлыг насанд хүрээгүй *******, түүний эцэг  ******* нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, хариуцагч *******аас  9,779,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, 10,905,800 төгрөг гаргуулах тухай болон *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ******* эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийн үйл баримтаас үзвэл:

4. Нэхэмжлэгч *******, ******* нарын 14 настай хүү ******* нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр *******ийн эзэмшлийн Мерседэс бенз Жи-Класс 400  маркийн ******* ДАН улсын дугаартай авто машиныг эцэг *******ийн зөвшөөрөлгүйгээр авч явж, улмаар 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *******ын найз болох 14 настай ******* тухайн авто машиныг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа онхолдож, зам тээврийн осол гаргасан байна.

******* нь зам тээврийн осол гаргасан талаар талууд маргаагүй бөгөөд түүний  зам тээврийн осол гаргасан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх заалтад зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2119000510 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгасан боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан буюу зөрчилд холбогдогч нь 2007 оны  02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, зөрчил үйлдэх үедээ 14 нас 8 сар 10 хоногтой байсан тул шийтгэл хүлээх насанд хүрээгүй гэх үндэслэлээр *******д холбогдох зөрчлийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2 дугаартай эрх бүхий албан тушаалтны тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 92/

5. Зам тээврийн ослын улмаас *******ийн эзэмшлийн Мерседэс бенз Жи-Класс 400  маркийн ******* ДАН улсын дугаартай авто машинд 18,740,000 төгрөгийн шууд зардал, 1,126,800 төгрөгийн шууд бус зардал гарсан болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний “Вендо” компанийн гаргасан үнэлгээний тайлангаар нотлогдож байгаа бөгөөд талууд уг үнэлгээний талаар гомдол гаргаж байгаагүй байна. /хавтаст хэргийн 29-35/

            6. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй, зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.” гэсний дагуу *******, ******* нар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг хэдий ч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж зааснаас үзэхэд зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн ******* ДАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирлыг зөрчил гаргасан буруутай этгээд болох ******* нь арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасны дагуу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болох бөгөөд зөрчил гаргасан этгээд болох ******* нь 2007 оны  02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн ба Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд байна.

Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5-д “насанд хүрээгүй хүмүүс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нарт учирсан гэм хорын хохирлыг *******ий эцэг *******аас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

7. Зөрчил гаргагч *******ий гэм хор учруулсан Мерседэс бенз Жи-Класс 400  маркийн ******* ДАН улсын дугаартай авто машин нь нэхэмжлэгч С.Одгэрэлийн өмч болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдож байгаа бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар нэхэмжлэгч ******* нь өмчлөлийн зүйлээ аливаа халдлагаас хамгаалах эрхтэй ба уул эрхээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэхэд учир дутагдалтай.

Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т “хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.” гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч ******* нь ******* ДАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох боломжийг хүү *******од олгосны улмаас насанд хүрээгүй ******* тухайн тээврийн хэрэгслийг унаж, замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж, гэм хорын хохирол учруулжээ.

8. Шүүх гэм хорын хэмжээг тодорхойлохдоо Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 229.2-т “гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ.” гэж заасныг удирдлага болгох үүрэгтэй ба хэдийгээр нэхэмжлэгч С.Одгэрэл нь машиныхаа түлхүүрийг нуусан гэж байгаа боловч энэ нь тухайн тээврийн хэрэгслийг ******* жолоодохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн авсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд Иргэний хуулийн 514 дугаар зүйлийн 514.1-д “гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасныг баримтлан хохирол учрахад нэхэмжлэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэж  нэхэмжлэлийн шаардлагыг 50 хувиар багасгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Вендо” ХХК-иар авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланг гаргуулсан бөгөөд дээрх үнэлгээгээр шууд зардал 18,740,000 төгрөг, шууд бус зардал 1,126,800 төгрөг гэж гарсан ба нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд маш хатуу төмөртэй тул тээврийн хэрэгслийг засах боломжгүй учир зарсан гэж тайлбарласан учир шууд бус зардлыг шүүх гаргах боломжгүй гэх дүгнэлт хийж, шууд зардал 18,740,000 төгрөгийн 50 хувь 9,370,000 төгрөг, үнэлгээний хөлсөнд төлсөн 818,000 төгрөгийн 50 хувь 409,000 төгрөг, нийт 9,779,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ.

9. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж, шийдвэр гаргахдаа шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн зүйл, хэсгийг бүрэн гүйцэд хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.        

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул нэхэмжлэгч нараас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,442 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ ХЭСЭГ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  12 дугаар сарын 16-ны өдрийн 1785 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг баримтлан...” гэсэн дээр

“...Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 499 дүгээр зүйлийн 499.3...” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,442 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА                                           

                                                  ШҮҮГЧИД                                       Х.БАЙГАЛМАА                                                                  

                                                                                                             Я.ТУУЛ