Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 549

 

  

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт П-ын Е-т холбогдох эрүүгийн 17100 0495 0266 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч П.Е нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч П.Е нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Туулын 0 дүгээр гудамжны 00 тоотод “эх Ж.М-ийг зодсон” гэх шалтгаанаар иргэн Д.Т-ыг чулуугаар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Е нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн ”өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь шүүх хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч П.Е-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно. Хэрэг гарсан 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр манай эмэгтэй дүүг бэр гуйж хүмүүс ээжийнд ирчихсэн найр ёслол болж байсан. Тэгэхэд Биогийнх бололтой 2 танихгүй эрэгтэй гэрт урилгагүй ирж дайлуулж цайлуулаад гарсан юм. Тэгээд найр дуусч байтал урьд ирсэн 2 эрэгтэй хүний нэг болох арай өндөр биерхүү залуу нь /хохирогч Д.Т юм билээ/  дахиад гэрийн хашаа даваад ороод ирсэн. Тэгэхэд нь “найр наадам дууссан, одоо харьж амар” гээд ээжийг хэлэхэд тэр залуу “найрнаас хөөлөө” гээд явахгүй, хэрүүл маргаан хийж  агсамнаад, идээ зассан байсан ширээг бусниулаад, гэрийн хойморт байсан бурхан тахилыг нураачихсан, өндөр настай ээжийг маань хэл амаар доромжлон нүүр лүү нь цохиж, зодсон байдалтай байхад нь би гаднаас гэрт орч ирж таараад, маш их цочирдон Т-тай барьцалдан заамдалцаж түүнийг болиулах гэсэн боловч дийлэхгүй байсан. Тэгээд Т намайг заамдаж өргөөд шидэхээр нь би маш их цочирдож, гартаа таарсан чулуугаар түүнийг цохисон нь үнэн. Т нь биеэр надаас том биетэй. Тухайн үед надад ч бас гэмтэл учирсан байсан. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүд бид хоёр зодолдож байх явцад учирсан гэмтлүүд байх.

Хохирогчийн биед миний үйлдлийн улмаас гэмтэл учирсан. Хохирогч бид хоёр  эвлэрээд, харилцан нэхэмжлэл гаргаж хохирол төлбөр нэхэмжлээгүй. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 17100 0495 0266 дугаартай хэргээс:

 

1.  Хохирогч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн үед танил хүн болох М-гийн гэрт нь найз М-ийн хамт очсон. Намайг очих үед М-гийн гэрт нь найр болж байсан ба намайг архиар дайлж байгаад “орой хүрээд ир” гэж хэлээд явуулсан. ...Би өдөр нь М-гийн гэрт очиж архи ууж байх үедээ Е-т хандан “чи гэртээ ирж ээждээ тусалдаггүй, бид нар танай ээжид тусалдаг” гэж хэлснээс болж Е бид хоёр маргалдсан. Тэгээд орой нь намайг дахин ирэх үед Е миний өдөр хэлсэн үгэнд гомдож өс санасан байх шууд л “муу банди, гөлөг минь” гэж хэлээд толгойн ар хэсэгт төмрөөр 2-3 удаа цохиж унагаан, хөлөөрөө нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Мөн нүд рүү хуруугаа хийгээд байсан. Өөрөөр цохиж зодоогүй. Миний толгой эргэж, нүд бүрэлзэн өвдөж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний толгой хагарч, үүдэн нэг шүд унасан, нүд хорсож өвдөж байна, би маш их гомдолтой байна. Би М-гийн гэрт 5 хундага архи, 1 аяга монгол архи, 2 аяга айраг уусан. Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Санал хүсэлт байхгүй.

Би Е-ийн нүүр рүү 2 удаа цохисон. Е бид хоёрыг зодолдож байх үед Е-ийн дүү, эгч, ээж нь байсан. Өөр хүн байгаагүй. Би П.Е-т хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. М.А, Ж.М хоёрын биед хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Ж.М-ийн гэрт архи ууж байхдаа бурхан тахил, идээг нь нураасан зүйл байхгүй. Надад учирсан 300.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлчихвөл цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Е нь “чи яах гэж ирсэн юм бэ” гээд намайг 2 гараараа заамдаж аваад боохоор нь адилхан заамдалцаж аваад гэрээс нь хамтдаа гарсан. Тэгээд би гэрийнх нь урд Е-тэй заамдалцаад зогсож байхад миний зүүн хацар руу баруун гараа атгаж байгаад цохиход гэрийнхэн нь намайг Е-өөс салгаад хашаанаас гаргасан.

Е араас хүрч ирээд турбо төмрөөр миний толгой руу 2-3 удаа цохиж хөлөөрөө миний толгой руу өшиглөсөн. “...Би толгойдоо 6-7 оёо тавиулсан, тархиндаа 2 харвалт үүссэн байна гээд эмнэлэгт хэвтсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 45-51х/,

 

2. Гэрч Д.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 21:00 цагийн үед Яармагт явж байх үед манай аав Д над руу залгаад “танай ах чинь хүнд зодуулаад хүрээд ирлээ, хүрээд ир” гэж хэлэхээр нь гэртээ очиход манай ах Т толгой, амнаасаа цусаа гоожуулаад ороод ирэхээр нь “юу болсон талаар асуухад хүнтэй зодолдсон” гэж хэлэхээр нь “цагдаа дуудъя” гэж хэлэхэд “цагдаа дуудаад хэрэггүй, би цагдаад хандмааргүй байна” гэж хэлсэн.

Тэгээд би ах Т-д “ямар хүн учраас гомдол гаргахгүй гээд байгаа юм бэ” гээд “та хэнтэй зодолдсон юм бэ” гэж хэлэхэд хэлэхгүй байхаар нь ахынхаа зодолдсон айлыг нь заалгуулаад, нөхөр О, ах Т-ын хамт гурвуулаа явсан. Тэгээд би нөхөр О, ах Т нарыг машиндаа үлдээгээд зодоон болсон айлын хашаа руу ороход гэрээс дөрвөн согтуу эмэгтэй гарч ирэхээр нь “Т гэдэг хүнийг яагаад ийм болтол нь зодсон юм” гэж асуухад “бид нарыг хүчиндэх гээд байхаар нь зодчихсон юм бас яв гээд байхад явахгүй болохоор нь зодсон юм” гээд урдаас орилоод байсан.

...Би тэр өдөр цагдаа дээр ирээд өргөдөл бичиж өгсөн. Манай ах гэртээ ирэхдээ дээд талаараа нүцгэн орж ирсэн. Биеийн урд, хойд хэсгээрээ цус урссан байдалтай байсан гэж аав Д надад хэлсэн. Аав, ах Т-ын цусыг нь угаасан байсан. Намайг гэртээ орж ирэхэд биеийн урд хойд хэсгээр нь цус урссан байхаар нь би “яасан их цус урсаа вэ” гэж хэлэхэд “харин ч угаасны дараа нь орж ирлээ” гэж хэлсэн.

...Эмнэлэгт очоод манай ах Т толгойндоо оёдол тавиулсан. Толгойн тус газарт нь 4 оёдол тавьсан ба 2 газарт оёдол тавиагүй. Манай ах Т орой эмнэлэг дээр ирэхэд 1 үүдэн шүд нь унасан бас эмнэлэгт хэвтэж байх үед нь үүдэн шүд нь унасан. Тэр орой нүд нь улайсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 81-83х/,

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний  11284 тоот дүгнэлтэд:

1. Т-н биед тархи доргилт, тархины тал бөмбөлөгийн таславч хооронд /тенториум/ голомтлог цус харвалт, дагз, дух, зүүн хацар, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, язарсан шарх, зүүн нүдний алимны цус хуралт, цээжний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 108х/,

 

4. 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “MED TRAUMA” толгойн компьютерт томографийн шинжилгээ /хэргийн 1-р хавтас 161х, 165х/,

 

5. Шинжээч эмч Ц.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Д.Т-ын биед үзлэг хийхэд дагзны зүүн дээд хэсгийн хуйханд хаван хавдартай, 0.5 х 2 см, 0.5 х 1 см, баруун доод хэсэгт 0.5 х 0.5 см, 0.5 х 1 см хүрэн улаан өнгийн язарсан шарханд мэс заслын оёдол тавигдсан, шарханд ариун бент хийгдсэн. Зүүн хацар, зүүн нүдний доод зовхи цаван хавдартай, 5х8 см, хөх өнгийн өнгөц цус хуралттай, хавдартай, 0.5х2 см хүрэн улаан өнгийн зулгаралттай, цээжний зүүн хэсэгт хаван хүрэн улаан өнгийн зулгаралттай.

Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн 10210 дугаартай өвчний түүхийг давхар үндэслэн уг дүгнэлтийг гаргасан. Д.Т-ын биед тархи доргилт, тархины тал бөмбөлөгийн таславч хооронд /тенториум/ голомтлог цус харвалт, дагз, дух, зүүн хацар, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт зулгаралт, язарсан шарх, зүүн нүдний алимин цус хуралт, цээжний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо /ирмэггүй, үзүүргүй/ зүйлийн үйлчлэлээр, хэрэг гарсан тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах юм. Уг гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Тенториум цус харвалт гэдэг нь тархины тал бөмбөлөгийн таславч хоорондын цус харвалтыг хэлнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 102-103х/,

 

6. Шүүгдэгч П.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 09 дүгээр сарын 01-ний шөнө дүү А-ийн бэр гуйх ёслолд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байх ээж М-ийнд ирсэн. Тэгэхэд Биогийнх бололтой 2 залуу орж ирээд ээжээр дайлуулчихаад гараад явсан. Тэр 2 залуугийн нэг өндөр залуу болох Т нь хашаа давж орж ирээд ээжээр дайлуулсан. Тэгээд ээж яв гээд явуулсан, орой 20 цагийн үед ахиад хашаа давж орж ирэхээр нь би “найр хурим дууссан, та одоо яв” гэтэл “чи энд удахгүй шүү, намайг найрнаас хөөдөг хэн юм бэ” гэж хэлэхээр нь “та одоо харьж амар” гээд гэрээс гарах гэтэл намайг янз бүрээр хэлээд “чи энд удахгүй шүү, би энд хэдэн хүн удирддаг, эгч дүү нарыг чинь толгой дараалан хүчиндэнэ шүү” гээд байхаар нь би гарч явсан. Тэгээд буцаад ороод иртэл ээж М-ийн нүүр рүү цохичихсон, гэрийн голд П маягаар зассан байсан тавган идээ нураачихсан, хойморт байсан бурхан, хүрдийг унагаасан байхаар нь “чи гар зайл” гээд чирээд гаргатал миний нүүр рүү хоёр удаа цохиход хамраас цус гарсан. ...Мөн миний цээж рүү маажиж, нүүр, толгой руу гараараа цохисон. Хамраас гарсан цусаа тогтоочихоод Т бид хоёр дахин бие биенийгээ заамдалцаж зодолдсон. Тухайн үед ээжийг маань цохисон болохоор маш их цочирдоод чулуу аваад толгой руу нь цохисон. Тэгтэл дүү А салгаад явуулсан.

...Т нь эмчилгээний зардал мөнгө нэхэмжлэхгүй гэсэн ба миний хувьд ч түүнээс хохирол төлбөр нэхээгүй, харилцан ойлголцож, эвлэрсэн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би өөрийн гэм бурууг ойлгож гэмшиж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 131-134х/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 152х/ баримт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул тэдгээр баримтуудыг шүүх хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч П.Е нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Д.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа тус тус илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт /хэргийн 1-р хавтас 195х, 248х/ гаргаснаар /хэргийн 1-р хавтас 197х, 247х/ прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 90 дугаартай тогтоолоор хүсэлтийг хангаж шийдвэрлэн, прокуророос түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулан эрүүгийн 17100 0495 0266 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлжээ.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Туулын 0 дүгээр гудамжны 00 тоотод “гэрийн хойморт байсан идээ зассан ширээ, бурхан тахилыг нурааж, өндөр настай ээж Ж.М-ийг хэл амаар доромжлон нүүр лүү нь цохиж, зодсон” гэсэн шалтгаанаар шүүгдэгч П.Е нь хохирогч Д.Т-тай маргалдаж, улмаар түүнийг цохиж, зодон биед нь “тархи доргилт, тархины тал бөмбөлөгийн таславч хооронд /тенториум/ голомтлог цус харвалт, дагз, дух, зүүн хацар, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, язарсан шарх, зүүн нүдний алимны цус хуралт, цээжний зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хохирогч Д.Т-ын мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 45-51х/, гэрч Д.О-гийн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 81-83х/, шинжээч эмч Ц.О-ийн: “...2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Д.Т-ын биед үзлэг хийхэд дагзны зүүн дээд хэсгийн хуйханд хаван хавдартай, 0.5 х 2 см, 0.5 х 1 см, баруун доод хэсэгт 0.5 х 0.5 см, 0.5 х 1 см хүрэн улаан өнгийн язарсан шарханд мэс заслын оёдол тавигдсан, шарханд ариун бинт хийгдсэн. Зүүн хацар, зүүн нүдний доод зовхи цаван хавдартай, 5 х 8 см, хөх өнгийн өнгөц цус хуралттай, хавдартай, 0.5 х 2 см хүрэн улаан өнгийн зулгаралттай, цээжний зүүн хэсэгт хаван хүрэн улаан өнгийн зулгаралттай. Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн 10210 дугаартай өвчний түүхийг давхар үндэслэн уг дүгнэлтийг гаргав. Д.Т-ын биед тархи доргилт, тархины тал бөмбөлөгийн таславч хооронд /тенториум/ голомтлог цус харвалт, дагз, дух, зүүн хацар, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт зулгаралт, язарсан шарх, зүүн нүдний алимин цус хуралт, цээжний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хатуу мохоо /ирмэггүй, үзүүргүй/ зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон тухайн цаг хугацаанд  үүсгэгдэх боломжтой, шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд. Г гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Тенториум цус харвалт гэдэг нь тархины тал бөмбөлөгийн таславч хоорондын цус харвалтыг хэлнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 102-103х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн “...Т-н биед тархи доргилт, тархины тал бөмбөлөгийн таславч хооронд /тенториум/ голомтлог цус харвалт, дагз, дух, зүүн хацар, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, язарсан шарх, зүүн нүдний алимны цус хуралт, цээжний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 11284 дугаартай дүгнэлт /хэргийн 1-р хавтас 108х/, хохирогчийн биед үзлэг оношилгоо хийсэн 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “MED TRAUMA” толгойн компьютерт томографийн шинжилгээний /хэргийн 1-р хавтас 161х, 165х/ баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.Е-ийн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар /хэргийн 1-р хавтас 131-134х/ нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн тухайн цаг хугацаанд, тухайн хэргийн газарт хохирогч Д.Т нь  Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Туулын 0 дүгээр гудамжны 00 тоот дахь гэрт нь согтуурхан “гэрээсээ хөөлөө” гэдгээр шалтаглан, түүний дүү М.А-гийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн “бурхан тахил, идээ нураалаа, гэртээ харь” гэлээ гэсэн шалтгаанаар эх Ж.М-ийг цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдан шалгагдаж, Хан-Уул дүүргийн прокурорын 2018 оны 10 сарын 25-ны өдрийн 32 дугаартай тогтоолоор “...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрч, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэл тогтоогдсон” буюу  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн Д.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн баримттай зэргээс /хэргийн 1-р хавтас 244-246х/ хохирогч Д.Т-ын зохих буруутай, зүй бус үйлдэл тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Хохирогч Д.Т-ын эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, тархины тал бөмбөлөгийн таславч хооронд /тенториум/ голомтлог цус харвалт, дагз, дух, зүүн хацар, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, язарсан шарх, зүүн нүдний алимны цус хуралт, цээжний зулгаралт бүхий” хөнгөн гэмтэл нь шүүгдэгч П.Е тодорхой шалтгааны улмаас түүнийг цохиж, зодсон гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдэж, шинжлэн судалсан дээр дурьдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Е нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.   

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч П.Е нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдсон, тэрээр хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгчийн зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар прокурорын хяналтын шатанд гаргасан хүсэлтээ дэмжсэн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хэдий ч шүүх, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. Учир нь: 

 

1. Шүүгдэгч П.Е-ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тоологдох хөөн хэлэлцэх хугацаа хуульд заасан үндэслэл журмын дагуу дуусгавар болсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилал тодорхойлсон мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “..., эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч шүүгдэгч оргон зайлсан бол хөөн  хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож, уг этгээд баригдсан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж заасан ба “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй үндэслэл болохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хуульчилан зохицуулсан.  

 

Шүүгдэгчийн холбогдож буй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 2017 оны 09 сарын 20-ны өдөр үйлдэгдсэн, уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 09 сарын 20-ны өдрийн байдлаар дуусгавар болсон байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “...хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй, тасарсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хэргийг прокурорын шатанд хянах явцад шүүгдэгч нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан учир 2018 оны 07 сарын 24-нөөс түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, 2018 оны 10 сарын 15-нд Төв аймгийн Заамар суманд байгааг олж тогтоон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжүүлэн явуулсан, энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй, шүүгдэгч П.Е-т холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй” гэсэн тайлбар гарган мэтгэлцсэн хэдий ч хэрэгт хяналт тавьж буй прокуророос “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.14 дүгээр зүйлд заасан ажиллагааг хэрэгжүүлж ажлаагүй, “яллагдагч оргон зайлсан” үндэслэлээр мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн, сэргээсэн тухай тогтоол шийдвэр гаргаагүй, хэрэгт энэ тухай  баримтгүй байна.

 

“Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрвөл энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэргийг түдгэлзүүлсэн хугацаа нь мөрдөн байцаалтын хугацаанд тооцогдохгүй” талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн  31.13 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхой зааж зохицуулсан байна.

 

Иймээс шүүгдэгч П.Е-т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хугацаанд хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн, сэргээсэн талаар эрх бүхий этгээд прокурор шийдвэр, тогтоол гаргаагүй тул яллагдагчийг эрэн сурвалжилсан гэх 2018 оны 07 сарын 24-нөөс 2018 оны 10 сарын 15-ныг хүртлэх хугацааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн  31.13 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалтын хугацаанд оруулж тооцохгүй байх хуулийн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч П.Е-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт П-ын Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан Б овогт П-ын Е-т холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, П.Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт П.Е нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

5. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд П.Е-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД