Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 555

 

 

 

 

                                               

 

 

                                                

 

                                    

 

                                                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт С-ын Ө-д холбогдох эрүүгийн 18100 1779 0715 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ш.Алтанцэцэг, шүүгдэгч С.Ө нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга А.Арай шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч С.Ө нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 0-00а тоотын гадна байсан 00-00 УНЭ улсын дугаартай Тоёото Ист маркийн тээврийн хэрэгсэл дотор иргэн Р.Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.   

                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Ө нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн "өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч С.Ө-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно. Би бичиг, үсэг мэднэ, бүрэн дунд боловсролтой. Хохирогч Р.Б-ын дүү Ө-той /талийгаач/  найз нөхдийн холбоотой, Зайсан орчимд худалдаа үйлчилгээ хийдэг байсан юм. Ө нь худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй учир намайг хажуугаар нь шорлог хийгээд зараач, хамтарч ажиллая гээд бид хоёр өнгөрсөн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаж хорхог, шорлог хийж заран амжиргаагаа залгуулдаг байсан. Тухайн хугацаанд Ө-ын ах Р.Б нь байнга согтуу үедээ ирж мөнгө нэхдэг байсан. Хэрэг гардаг 2018 оны 07 сарын 20-ны өдөр найз Ө-ын гэрт нь байхад ах Б нь орж ирсэн. Тэгээд бид тэнд 0.33 литрийн нэг шил архи хувааж уугаад дахин 0.75 литрийн архийг дэлгүүрээс авч, найз Ж-ийн гэрийн гадна машиндаа хувааж уусан. Тэр үед ах Б нь надад хандаж “чи миний дүүд хачиг шиг наалдачихаад дүүг минь ашиглалаа” гэх утгатай зүйл хэлээд надруу дайраад байсан. Үүнээс болж маргаан үүсч, би түүнийг одоо машинаас буу, гэртээ ор гэхэд буухгүй, хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би машинаас хүчээр буулгах гэж байхдаа тохойгоороо түүний нүүрэнд нь цохичихсон юм. Хохирогч 1 үүдэн шүдтэй. Тэр шүд нь хөдөлсөн гэмтэл учруулсан. Тухайн үед би бага зэрэг халамцуу, хүүхэдтэйгээ хамт явж байсан. Өөрөөр хохирогчийг зодож цохисон зүйл байхгүй. Хохирогч Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн учир өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр прокурорт хүсэлт гаргасан. Гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Эмчилгээний төлбөрт нэхэмжилсэн 28.000 төгрөгийг төлсөн байгаа. Өөр мөнгө төгрөг нэхэмжлээгүй. Манай эхнэр бид хоёр “6 нэрийн хүнсний дэлгүүр” ажиллуулдаг. Өрхийн сарын орлого 1.0 сая орчим төгрөг. Иймээс прокурорын санал болгож байгаа торгуулийн ялыг төлөх боломжтой. Би архи дарс уугаад хэрэгт холбогдсон болохоор одоо архи дарс хэрэглэхгүй байгаа. Би улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 1810017790715 дугаартай хэргээс:

 

1.  Хохирогч Р.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 0-00а тоотод төрсөн дүү Ө-ын гэрт очиход дүү Ө, түүний найзууд болох Ө, Ж нар байсан. Түүнээс гадна өөр нэг залуу байсан нэрийг нь сайн мэдэхгүй байна. Тэдгээр хүмүүс хоорондоо хөзөр тоглож байсан. Би тухайн үед том савлагаатай пивоны талыг нь уугаад дүүгийндээ явж орсон. Тэгээд бид нар 1 шил архи аваад хувааж уусан. Архиа ууж дуусгаад миний танихгүй залуу түрүүлээд “гэртээ харилаа” гээд яваад өгсөн.

Тэгээд би Ө, Ж нарын хамт дүүгийнхээ гэрээс гурвуулаа гараад дэлгүүр орж 1 шил архи авсан. Авсан архиа Ө-ы машин дотор бид гурав хувааж уусан. Тэр үед Ж архинаас нэг татчихаад “би явлаа” гээд машинаас буугаад яваад өгсөн. Тэгээд би Ө-ы хамт түүний машин дотор үлдсэн. Би Ө-тай ойр зуурын юм ярьж байсан чинь тэр миний үүдэн шүд рүү гараараа 1 удаа цохисон. Тэгэхэд миний үүдэн дээд 1 шүд хугарчих шиг болсон. Би машинаас буугаад шууд гэр рүүгээ явсан.

Би Ө-тай маргалдсан, муудсан асуудал огт болоогүй. Би нилээн уусан тул согтуу байсан. Миний дээд үүдэн шүд хөдөлсөн, дээд уруул хавдсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Ө миний дээд уруул руу цохих үед Ө-ы хүүхэд хажууд байсан. Би гомдолтой байна. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-13х/,

 

2. Хохирогчийн биед учирсан гэх шүдний гэмтлийг харуулсан рентген болон фото зургийн үзүүлэлт /хэргийн 14-15х/,

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 9013 дугаартай:

1. Р.Б-ын биед зүүн дээд 1-р шүдний сулрал, буйланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 19х/,

 

4. Хохирогч Р.Б-оос прокурорт гаргасан “...Ө-аас хохиролд  28.000 төгрөг хүлээн авсан, Ө-тай сайн дураар эвлэрсэн учир хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй. Прокурорын гаргасан ялын саналтай танилцсан” гэсэн хүсэлт /хэргийн 43х/,

 

5. Шүүгдэгч С.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:

“...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 07 дугаар сарын 20-ны орой Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 0-00а тоотод оршин суух өөрийн найз Ө-ынд Ж, Ө хоёртой хамт хөзөр тоглоод сууж байхад Ө-ын ах Б орж ирсэн. Ингээд Ж-ийн авчирсан байсан 0,33 литрийн нэг шил архийг нь Ж, Б бид 3 хувааж ууцгаасан. Ууж дууссаны дараа Б, Ж хоёртой би хамт гарч дэлгүүр ороод нэг шил 0,75 литрийн “Хараа” авч Ж-ийн гэрийн гадаа машинтайгаа очоод, машин дотроо 0,75 литрийн архиа хувааж ууцгаасан. Тухайн үед би 11 настай хүүхэдтэйгээ цуг явж байсан. Архиа хувааж ууж дуусаад Ж “гэр рүүгээ орлоо” гээд буусан.

Тухайн үед Б ах нь согтчихоод “миний дүү Ө-од чи хачиг шиг наалдлаа, миний дүүг ашиглалаа” гэхээр нь би “чамтай ярихгүй, дүүтэй чинь ярина” гээд Б-ыг авч яваад, гэрийнх нь гадаа машинтай хүргэж өгөөд “одоо гэртээ ор” гэхэд Б нь машинаас буухгүй, хэрүүл хийгээд байхаар нь би түүнийг машинаас хүчээр буулгаад, дүү Ө-ыг нь утсаар дуудсан. Б-ыг машинаас буулгаж байхдаа уур хүрээд “буул даа чи” гээд нэг удаа тохойгоороо цохисон. Ингэж цохиход Б-ын аман дээр таарч цохигдсон бөгөөд Б “чи намайг цохичихлоо” гээд амаа дараад тонгойж байснаа гэр рүүгээ яваад орчихсон. Урьд өмнө нь Б-той маргаж муудалцаж байсан зүйл байхгүй. Би Б-ын дүү Ө-той хамтран хорхог, шорлог хийж Зайсангийн ойролцоо гол дагуу зардаг байсан юм. Тухайн өдөр Б согтуу “чи миний дүүд хачиг шиг наалдаад ашиглаж байна” гээд элдэв үгээр доромжлоод байхаар нь би уурлаад Б-ыг “машинаас буу” гэхэд буухгүй болохоор нь машинаас хүчээр татаж буулгахдаа тохойгоороо нэг удаа Б-ын ам хэсэгт цохисон. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34/ болон түүний хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 24х/ баримт, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хэргийн 64х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн эмч гаргасан байх тул эдгээр баримтуудыг шүүх хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Түүнчлэн уг хэргийн шүүгдэгч С.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Р.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн болон яллагдагчтай сайн дураар эвлэрсэн үндэслэлээр тус тус холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг /хэргийн 42-43х/ гаргаж, прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 98 дугаартай тогтоолоор тэдгээрийн хүсэлтийн хангаж, холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, шүүгдэгч, хохирогч нарт эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулахад тэдгээр нь хүлээн зөвшөөрсөн /хэргийн 43-45х/ баримттай байна.

 

Прокуророос С.Ө-д холбогдох эрүүгийн 18100 1779 0715 дугаартай  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтанд нийцсэн, зөрчилгүй байх тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.Ө нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 0-00а тоотын гадна байсан 00-00 УНЭ улсын дугаартай “Тоёото Ист” маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Р.Б  “чи миний дүүд хачиг шиг наалдаж, ашиглалаа” гэж хэлснээс маргалдаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар хохирогчийг өөрийн автомашинаас хүч хэрэглэн буулгах үедээ түүний нүүрэн тус газарт нь тохойгоороо цохиж, эрүүл мэндэд нь “...зүүн дээд 1-р шүдний сулрал, буйланд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн:

- хохирогч Р.Б-ын: “...2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ....23:00 цагийн үед ... би Ө-ы хамт түүний машин дотор үлдсэн. Би Ө-тай ойр зуурын юм ярьж байсан чинь тэр миний үүдэн шүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд миний үүдэн дээд 1 шүд хугарчих шиг болсон. Би машинаас буугаад шууд гэр рүүгээ явсан. Би Ө-тай маргалдсан, муудсан асуудал огт болоогүй. Би нилээн уусан тул согтуу байсан. ...Миний дээд үүдэн шүд хөдөлсөн, дээд уруул хавдсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Ө миний дээд уруул руу цохих үед Ө-ы хүүхэд хажууд байсан. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 11-13х/,

- хохирогч Р.Б-ын биед учирсан гэх шүдний гэмтлийг харуулсан рентген болон фото зургийн үзүүлэлт /хэргийн 14-15х/,

- ШШҮХ-ийн шүүх эмнэлгийн шинжээчийн: “...Р.Б-ын биед зүүн дээд 1-р шүдний сулрал, буйланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 9013 дугаартай дүгнэлт /хэргийн 19х/,

- хохирогч Р.Б-оос: “...Ө-аас хохиролд  28.000 төгрөг хүлээн авсан, Ө-тай сайн дураар эвлэрсэн учирсан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү, шүүх хуралдаанд оролцох боломжгүй, прокурорын гаргасан ялын саналтай танилцсан.” гэсэн прокурорт бичгээр гаргасан хүсэлт /хэргийн 43х/,

- шүүгдэгч С.Ө-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 07 дугаар сарын 20-ны орой Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 0-00а тоотод оршин суух өөрийн найз Ө-ынд Ж, Ө хоёртой хамт хөзөр тоглоод сууж байхад Ө-ын ах Б орж ирсэн. Ингээд Ж-ийн авчирсан байсан 0,33 литрийн нэг шил архийг нь Ж, Б бид 3 хувааж ууцгаасан. Ууж дууссаны дараа Б, Ж хоёртой би хамт гарч дэлгүүр ороод нэг шил 0,75 литрийн “Хараа” авч Ж-ийн гэрийн гадаа машинтайгаа очоод, машин дотроо 0,75 литрийн архиа хувааж ууцгаасан. Тухайн үед би 11 настай хүүхэдтэйгээ цуг явж байсан. Архиа хувааж ууж дуусаад Ж “гэр рүүгээ орлоо” гээд буусан. Тухайн үед Б ах нь согтчихоод “чи миний дүү Ө-од хачиг шиг наалдлаа, миний дүүг ашиглалаа” гэхээр нь би “чамтай ярихгүй, дүүтэй чинь ярина” гээд Б-ыг авч яваад, гэрийнх нь гадаа машинтай хүргэж өгөөд “одоо гэртээ ор” гэхэд Б нь машинаас буухгүй, хэрүүл хийгээд байхаар нь би түүнийг машинаас хүчээр буулгаад, дүү Ө-ыг нь утсаар дуудсан. Б-ыг машинаас буулгаж байхдаа уур хүрээд “буул даа чи” гээд нэг удаа тохойгоороо цохисон. Ингэж цохиход Б-ын аман дээр таарч цохигдсон бөгөөд Б “чи намайг цохичихлоо” гээд амаа дараад тонгойж байснаа гэр рүүгээ яваад орчихсон. Урьд өмнө нь Б-той маргаж муудалцаж байсан зүйл байхгүй. Би Б-ын дүү Ө-той хамтран хорхог, шорлог хийж Зайсангийн ойролцоо гол дагуу зардаг байсан юм. Тухайн өдөр Б согтуу “чи миний дүүд хачиг шиг наалдаад ашиглаж байна” гээд элдэв үгээр доромжлоод байхаар нь би уурлаад Б-ыг “машинаас буу” гэхэд буухгүй болохоор нь машинаас хүчээр татаж буулгахдаа тохойгоороо нэг удаа Б-ын ам хэсэгт цохисон.

...Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн. Хохиролд 28.000 төгрөг нөхөн төлсөн. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай гаргасан хүсэлтээ дэмжиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33-34х/ нотлох баримтаар хангалтай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч Р.Б-ын биед учирсан “зүүн дээд 1-р шүдний сулрал, буйланд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч С.Ө түүнийг тохойгоороо нүүрэн тус газарт цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоотой нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, өөрийн 00-00 УНЭ улсын дугаартай “Тоёото Ист” маркийн тээврийн хэрэгсэл дотор “чи миний дүү Ө-од хачиг шиг наалдлаа, дүүг ашиглалаа” гэж хэллээ гэсэн үл ялих зүйлээс маргаж хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар автомашинаас хүч хэрэглэн буулгах явцдаа хохирогчийн нүүрэн тус газарт тохойгоороо цохиж эрүүл мэндэд нь “зүүн дээд 1-р шүдний сулрал, буйланд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

С.Ө-ы дээрх үйлдэлд Хан-Уул дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийн зүйлчлэлийг тогтоон ирүүлсэн нь хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч С.Ө-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,

- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.  

 

Тухайн хэргийн хохирогч Р.Б-оос: “...Өаас хохиролд  28.000 төгрөг хүлээн авсан, Өтай сайн дураар эвлэрсэн учир хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү, шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэсэн хүсэлтийг прокурорын хяналтын шатанд бичгээр гаргасан /хэргийн 43х/ баримттай тул шүүгдэгч С.Ө-ы хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Ө нь урьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан хэдий ч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн /2002 оны/ 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн талаар 2016 оны 09 сарын 15-ны өдрийн 919 дугаартай прокурорын тогтоол хэрэгт авагдаж, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтад тэмдэглэгдсэн байна.

 

Шүүх,  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байдлыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, 1.2 дахь хэсэгт тус тус эрүүгийн хариулагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд үндэслэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч С.Ө-д торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Р.Б нь хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт С-ын Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ө-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.Ө нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт С.Ө нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Р.Б нь хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан С.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БАЗАРХАНД