Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 209/МА2023/00023

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  01 дүгээр сарын 10-ны өдрийн 135/ШШ2023/00054 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                  ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “98,983,938 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: ******* /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Хариуцагч ******* нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 7 дугаар байр, 1 тоотын 3 өрөө өөрийн одоо оршин сууж байгаа орон сууцаа Капитал банкны зээлийн өрөнд хураагдахаар шүүхийн шийдвэр гарч гүйцэтгэх хуудас бичигдэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэрээр дуудлага худалдаагаар худалдахаар болсон

Чи бидэнд тус болоод зээлийн үлдэгдэл болон тэмдэгтийн хураамжийн хамт 98,983,938 төгрөгийг төлөөд манай байрыг чөлөөлөөд өгөөч, би 40 хоногийн хугацаанд буюу 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэхэд тухайн орон сууцаа бусдад худалдаад чамд 98,983,938 төгрөгийг буцаагаад өгье гэж гуйсан тул бид энэ талаар харилцан тохиролцож цаасан дээр бичиж хоёр тал гарын үсэг зурсан тул шүүхийн шийдвэрийн дансанд мөнгийг нь байршуулан зээлийг нь чөлөөлж өгсөн.

Гэтэл надтай тохирсон хугацаа өнгөрөхөд хариуцагч нь орон сууцаа ч зараагүй, миний мөнгийг ч өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Иймд*******, ******* нараас 98,983,938 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

2.  Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

...******* нь охин*******гийн 14 жил амьдарсан нөхөр нь юм. Охин******* нь эрүүл мэнд, сэтгэл санааны хүчирхийллийг олон жил нууж явсан ч эрүүл мэнд нь ч дийлэхгүй, мөн эцэг эх бид мэддэг болж тэмцэж эхэлсэн нь энэ хүнд таалагдсангүй. Маш олон удаа зугтан ирж, цагдаад хандаж байсан ч нөхөр ******* нь араас нь ирж уучлалт гуйж, амлалт өгч, өргөдлийг татуулан авч явдаг байсан.

Маш харгис, худалч, гүтгэгч, харамч, нарийн муу хүн гэлээ ч хоёр зээ хүүгээ өнчрүүлэхгүй гэсэн сэтгэл, дээр нь 1 сартайдаа харвалт өгч хөл гарын саажилттай болсон өвчтэй хүүгээ гадаадад эмчлүүлэх байх гэсэн горьдлоготой өөрийгөө золиосолж өдий хүртэл эмэгтэй хүнээс гарамгүй тэвчээр гаргаж, өдөр шөнөгүй хувийн аж ахуйд нь амралтгүй зүтгэж, ажил амьдралыг нь өөд нь татаж ирсэн. Отгонбаяр ч олон удаа гуйж аргадсан үг, мессежиндээ энэ талаар хүлээн зөвшөөрч бичсэн байдаг.

Миний охин хатуу хөл хорио тогтоосон үед хоолойгоо багалзуурдуулан, үс гэзгээ зулгаалгаж, нүүр лүүгээ нулимуулан, өмссөн хувцастайгаа бага хүүтэйгээ зугтан Дархандаа ирж Саран клиникт 2 удаа хэвтэж эмчлүүлж байсан. Гэртээ ирсэн ч амар тайван байлгаагүй, гуйж аргадна, үгээр хэлэхийн аргагүй доромжилно, дахиад гуйна, дахиад заналхийлнэ, мөрдөж мөшгөнө, Аргаа барж 2021 оны 07 дугаар сард УБ хотын Баянголын цагдаагийн газар, Баянголын Анхан шатны шүүхэд өргөдлөө гаргасан.

Миний охин 2021 оны 02 дугаар сарын 06-нд гэртээ ирсэн. 2021 оны 6 дугаар сард манай нөхөр лүү ярьж “та нарын байрны өрийг төлж өгье, хүү минь гудамжинд гарах нь, яаж ч бодсон миний үүрэг” хэмээн намайг хот руу ирүүлэн мөнгө төлсөн нь үнэн. Би маш их баярлаж нэг цаасан дээр мөнгө авсан гэж гарын үсгээ зурсан. Надад тэр үед хувилж өгөөгүй.

...Энэ нэхэмжилж байгаа мөнгө хүний ёсноос гадуур 14 жил амьдарсан охины минь урсгасан цус, хөлс, нулимсны төлөөсний 1% д ч хүрэхгүйг хариуцлагатай хэлье.

Бид энэ хүнд ямар ч өргүй. ******* манай гэр бүлийн бүх гишүүдэд насаараа төлж чадахгүй өртэй үлдсэн. Би 2 зээ хүүгийнхээ ирээдүй, охиныхоо эрүүл мэнд, амь насанд цаг тутам санаа зовж, хүргэнээ засч залруулж чиглүүлэх гэж хичээж, гэр бүлийн нэр төрийг бодож явсаар улам даврааж, ийм байдалд хүрсэн эх хүн. Бидний гэр бүлийн бодит нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэрлэнэ гэж итгэж байна гэжээ.

3. Хариуцагч*******гийн татгалзал, тайлбарын агуулга:

...******* нь миний 2 хүүгийн эцэг, 15 жил хамт амьдарч ирсэн нөхөр маань юм. Яагаад ийм ичмээр, хүнлэг бус зан авир гаргаж байгаа гол шалтгаан нь би олон жилийн бие махбодь, сэтгэл санаа, санхүү, эрүүл бус бэлгийн хүчирхийллээс зугтан аврал эрж төрсөн гэртээ ирсэн явдал юм.

Би хатуу хөл хорио тогтоосон үед ч хоолойгоо багалзуурдуулан, үс гэзгээ зулгаалгаж, нүүр лүүгээ нулимуулан, өмссөн хувцастайгаа бага хүүтэйгээ зугтан, аймгийн Онцгой байдлын газарт үнэн учраа хэлж хүсэлт гаргаж, гэртээ ирсэн. Дархандаа зугтан ирж Саран кпиникт 2 удаа хэвтэж эмчлүүлсэн. Гэртээ буюу нэхэмжлэгчийн өгсөн мөнгөөр авсан ээжийнхээ байранд ирсэн ч амар тайван байлгаагүй, гуйж аргадна, үгээр хэлэхийн аргагүй доромжилно, дахиад гуйна, дахиад заналхийлнэ, мөрдөж мөшгөнө, Аргаа барж 2021 оны 07 дугаар сард УБ хотын Баянголын цагдаагийн газар, Баянгол дүүргийн иргэний хэргийн Анхан шатны шүүхэд хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд одоо уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Би иргэний эрхээ эдлэн шүүх цагдаад хандсаны төлөө өөрөө мөнгөө нэхэж шүүхэд хандсан нь энэ нэхэмжлэл юм.

******* нь 2021 оны 6 дугаар сард манай аав ээж рүү ярьж “та нарын байрны үлдэгдэл мөнгийг төлж өгье, эхнэр, хүү минь гудамжинд гарах нь, эхнэр хүүхдээ харж хандах нь яаж ч бодсон миний үүрэг” хэмээн ээжийг хот руу ирүүлэн мөнгө өгсөн нь үнэн. Мөн ээж минь 2009 оноос хүүг минь төрөхөөс авхуулаад тасралтгүй 13 жил ажлаасаа чөлөө аван хотод ирж хүүхэд харж, зуны амралт бүрийг 2 хүүхдийг минь хардаг байсан учраас ******* байрны мөнгөнөөс төлөлцөх амлалтыг өгч байсан. Мөн би ч гэсэн 13 жил цуг хамт хөдөлмөрлөсөн учраас мөн хүүхдээ харуулж байсан эцэг эхдээ ч туслах эрх байгаа гэж бодсон. Ийм ч учраас ээж минь маш их баярлаж нэг цаасан дээр мөнгө авсан гэж гарын үсгээ зурсан гэсэн.

Намайг хоёр хүүгийн хамт энэ байранд амьдарч байгааг мэдэж байсан бөгөөд 2021 оны зунжингаа л хүүгийн минь нэр дээр шилжүүл, тэгвэл 200 сая төгрөг, машин өгнө гэж байсан. Хүүхэд насанд хүрээгүй тул өөрийн нэр дээр түүний шахалтаар нь шилжүүлсэн. Бид гэр бүл болж амьдарсан энэ 15 жилийн хугацаанд манай гэр бүлийн бүхий л үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, машин тэрэг гээд бүх өмч хөрөнгө нэхэмжлэгчийн нэр дээр байсан бөгөөд ганцхан энэ байр миний нэр дээр байгаа. Энэ байранд оруулсан гэх 98,983,938 төгрөг нь манай гэр бүлийн дундын мөнгөн хөрөнгө бөгөөд үүнээс улбаатай Дархан-Уул аймгийн 10 дугаар багийн 5-7-1 тоот хаягт байрлах 000976817 үл хөдлөхийн бүртгэлтэй миний өмчлөлийн байр юм. Мөн байрны тодорхой хувийг миний ээж ******* 50,000,000 төгрөг оруулсан.

Миний бие Баянголын Дүүргийн иргэний хэргийн Анхан шатны шүүхэд хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байгаа бөгөөд одоо энэ нэхэмжлэлтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ноогдох хэсгээ гаргуулах хүсэлтэй байгаа болно. Иймд бидний гэр бүлийн бодит нөхцөл байдлыг зөв үнэлж, шийдвэрлэнэ гэж итгэж байна гэв.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч*******д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******ээс 98,983,938 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 652,870 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс тэмдэгтийн хураамжид 652,870 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1961 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

            Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Нэхэмжлэгч ******* нь миний төрсөн охин*******гийн нөхөр, хоёр зээгийн маань аав нь байсан юм. Миний амьдарч байгаа орон сууц нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан уг байр нь тухайн үед шүүхийн шийдвэрт өртэй хураагдах гээд байсан нь үнэн. Хүргэн Отгонбаяр миний энэ аргагүй байдлыг мэдэж байсан учраас тусалъя гэж зөвшөөрч намайг очиход бичиг бэлдээд тавьсан гарын үсэг зурахад бэлэн болгосон бичигт гарын үсэг зурчих гэхээр нь нэг бүрчлэн уншиж судлаагүй гарын үсгээ зурчихсан. Түүнээс биш уг нь бид хоёр ярилцахдаа байраа зарчхаад буцааж мөнгийг нь өгнө гэж ярилцаагүй юм. Өөрөөр хэлбэл Отгонбаяр бид хоёрын хооронд зээлийн гэрээний харилцаа бодит байдал дээр байгаагүй тул анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч*******д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* надаас 98,983,938 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгуулах гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 2. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг  үнэлсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Хэргээс  судлан үзэхэд:

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 98,983,938 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар*******г оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж,*******г хамтран хариуцагчаар татан оролцуулсан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 949 дугаартай захирамж, шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2414 дугаартай захирамж, мөн өдрийн 321 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг эрхийн актыг үндэслэн төлбөр төлөгч *******ээс зээлийн төлбөр 103,844,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 338,585 төгрөгийн хамт гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 7 дугаар байр 1 тоот 79.88 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003017681 дугаартай 3 өрөө орон сууцаар хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байжээ. / 1 дүгээр хавтаст хэргийн 82-113/

5. Хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийн дагуу Капитал банкинд төлөх байсан төлбөрөө төлөөгүйн улмаас нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Зээл чөлөөлсөн баримт” гэх баримтыг бичгээр үйлдэж, уг баримтад “...нийт төлбөр болох 98,983,938 төгрөгийг ХААН банкны 5219020332 тоот дансанд  Капитал банк БЭХАЗ гүйлгээний утгатайгаар төлж зээлийг чөлөөлж, уг байрыг 40 хоногийн хугацаанд буюу 2021.07.20-ны дотор худалдан борлуулж төлбөр болох 98,983,938 төгрөгийг *******т буцааж төлөхөөр харилцан тохиролцов. Тохирсон хугацаа болон мөнгөн дүн дээр хоёр талаас маргаан гарвал Иргэний хуулийн дагуу шийдүүлнэ.” гэж *******, ******* нар нь гарын үсэг зурсан байна. / 1 дүгээр хавтаст хэргийн 4/

Улмаар зээл чөлөөлсөн баримтыг үндэслэн нэхэмжлэгч ******* нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Капитал банкны БЭХА-ын эзэмшлийн 5219020332 тоот данс руу “зээл хаав, Эрдэнэчимэг” гэсэн гүйлгээний утгатайгаар 98,645,354 төгрөгийг, “улсын тэмдэгтийн хураамж, Эрдэнэчимэг” гэсэн гүйлгээний утгатайгаар 338,585 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд талууд энэ талаар маргаагүй. / 1 дүгээр хавтаст хэргийн 13-14/

Дээрх үйл баримтуудаас үзэхэд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******аас 98,983,938 төгрөгийг авч өөрийн төлөх байсан Капитал банкны зээлийн төлбөрт зарцуулсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, мөн хариуцагч******* нь нэхэмжлэгчээс мөнгө зээлэхээр тохиролцоогүй тул тэдний хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч ******* нь ...би энэ мөнгийг буцааж төлнө гэдэг байдлаар аваагүй. ******* өөрөө туслалцаа үзүүлсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа боловч энэхүү татгалзалаа нотлох хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг ирүүлээгүй байх тул “...нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

7. Хариуцагч ******* нь давж заалдах гомдол гаргахдаа шүүх хуралдаанд биечлэн оролцох талаар гомдолдоо дурдаагүй боловч 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 08 цаг 58 минутад “...эмчилгээ хийлгэж байгаа тул 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө.” гэж хуульчилсан бөгөөд хариуцагч *******ийн ирүүлсэн эрүүл мэндийн асуудалтай холбоотой нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй байх тул хариуцагчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг явуулсан болно.

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж байгаа учир давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 652,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  01 дүгээр сарын 10-ны өдрийн 135/ШШ2023/00054 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 652,870 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АМАРСАНАА                                                        

                                                 ШҮҮГЧИД                                Г.МЯГМАРСҮРЭН

       Я.ТУУЛ