| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2018/0065/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/74 |
| Огноо | 2018-10-12 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/74
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа
Нарийн бичгийн дарга: А.Батцог
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болд
Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа шүүгдэгч Б овогт С-ийн Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1827001480064 дугаартай, 146/2018/0065/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны .. дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, ........ ажилтай, ам бүл 1, Өвөрхангай аймгийн ............... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ........... регистрийн дугаартай, Б овогт С-ийн Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын ..... тоот хашаанд байсан О.Д-гийн эзэмшлийн ...... улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашиныг хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч О.Д-д бага хэмжээнээс дээш буюу 740,200 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн Өлийн 2-13 тоот хашаанд байсан О.Д-гийн эзэмшлийн ......... улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашиныг хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч О.Д-д бага хэмжээнээс дээш буюу 740,200 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б нь мэдүүлэхдээ: “...2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр найзуудтайгаа гадуур жаахан архи уусан. Тэгээд спортын ордон дээр биллярд тоглож байгаад тэндээсээ гэр рүүгээ явж байгаад замдаа нэг залуутай таарсан. Замаасаа дэлгүүрээс нэг шил архи аваад манай гэрт очсон. Архиа дөнгөж задлаад байж байтал бид хоёр маргалдсан. Би нэлээн согтуу байсан. Нөгөө залуу дөнгөж задалж байсан архийг аваад манайхаас зугтаасан. Тэрнээс хойш юу болсныг би сайн санахгүй байна. Би нэг мэдэхэд Г.Л гуайн хашаанд орсон машиныг нь урт нарийн модоор цохиод зогсож байсан. тэрүүхэн хооронд ухаанаа алдсан байсан. Би хохиролд 840,000 төгрөг өгсөн. Буруугаа хүлээж, гэмшиж байна...” гэв.
Хохирогч О.Д-гийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “...Би нөхөртэйгөө хоёулаа амьдардаг юм. 2018 оны 08 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед нөхөр бид хоёр гэрээ эзэнгүй түгжиж үлдээгээд айлд очсон юм. Буцаад шөнө 01 цагийн үед гэртээ ирсэн чинь манай хашааны том хаалга хагас онгойсон хашаан дотор байсан миний эзэмшлийн ......... улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн автомашиныг эвдэж гэмтээсэн байсан. Тухайн үедээ цагдаад хэлээгүй маргааш нь албан ёсоор цагдаад өргөдөл өгсөн юм. Манай хашаанд байсан автомашиныг хүн модоор цохиж эвдэж гэмтээсэн байсан. Автомашины хажууд түлээн дээр байсан тайрсан 2 хэрчим мод, ногооны хашааны хаалтны 1 метр орчим урттай шургааг зэрэг байсан. Тухайн үед манай автомашины баруун талын хойд хаалганы цонх, борооны усны хамгаалалт зэрэг хагарч, хаалга хонхойсон, баруун хойд хаалганы дээд хэсэгт хонхойсон, зүүн талын толь хагарч, хүрээ нь мултарч унасан, урд салхины шил цуурсан байсан. Автомашиныг эвдэж гэмтээсэн манайхтай нэг гудамжинд байдаг С.Б гэж залуугаас автомашины хохирлын мөнгө болох 840,000 төгрөг авсан. Албан ёсны үнэлгээ нь 740,200 төгрөг гарсан, үүн дээр Улаанбаатар хот руу явж засуулах шатахууны мөнгө болох 100,000 төгрөгийг нэмж нийт 840,000 төгрөг авсан. Би автомашинаа засуулчихсан одоо унаж байгаа. С.Б-ийн гэр манай баруун талд нэг айлын цаана байдаг. С.Б миний хохирлыг бүрэн барагдуулсан учир надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/
Гэрч Г.Л-гийн 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед эхнэр О.Д- бид хоёр гэрээ эзэнгүй цоожилж үлдээгээд айлд очоод шөнө 01 цагийн орчим гэртээ ирсэн чинь манай хашаанд байсан эхнэрийн саарал өнгөтэй Тоёото Приус маркийн ......... улсын дугаартай автомашиныг модоор цохиж гэмтээсэн бололтой түлээн дээр байсан хоёр хэрчим мод, ногооны хашааны нэг ширхэг 1 метр орчим урттай шургааг зэрэг автомашины хажууд байж байсан. Автомашины баруун хойд талын хаалганы цонх, борооны усны хамгаалалт зэрэг нь хагарсан, хаалганы дээд хэсэгт нь хонхойсон, зүүн талын толь хагарч гадна хүрээ нь газар унасан, салхины шил цуурсан байдалтай байсан. Манай эхнэрийн автомашиныг манай гудамжинд байдаг С.Б гэж залуу согтуу байхдаа модоор цохиж гэмтээсэн юм байна лээ. Тэр хохирлын мөнгийг нь манай эхнэрт өгсөн. Өөр нарийн асуудлын талаар би мэдэхгүй байна. Энэ талаар манай эхнэр мэдэж байгаа байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/
Гэрч Д.Д-гийн 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “...С.Б-ийг танина. Тэр миний төрсөн эгч Д.Д-ийн хүү юм. С.Б 1981 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 37 настай, бага боловсролтой, 2000 онд Улаанбаатар хот Налайх дүүргийн Зэвсэгт хүчний 0238 дугаар ангид 1 жилийн цэргийн алба хааж 2001 онд халагдаж ирсэн. 2008 онд эхнэр авч өрх тусгаарлаж байсан. 2 хүүтэй, эхнэр болох Б.Б нь өвчний улмаас 2010 онд нас барсан. С.Б одоо ганцаараа амьдардаг. Хархорин суманд цахилгааны мотёр ажилтай. Түүний 2 хүү хадам аав, ээж дээр нь байдаг. С.Б нь төлөв даруу, хүнтэй эвтэй, үг дуу цөөтэй, нутгийнхан, найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, урд өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. 5 ханатай монгол гэртэй, хашаад амьдардаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, “Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11208703 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 54-59-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14-р хуудас/
Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1041 дугаартай “...тус багийн иргэн С овогтой Б нь ам бүл 1, Өлийн 2-15 тоотод оршин суудаг ба төлөв даруу, хүний үгэнд оромтгой, тусархаг, хүнтэй эелдэг харьцаатай, санаачлагатай, урд нь хэрэгт холбогдож байгаагүй, 5 ханатай гэртэй, цалингийн зээлтэй, амжиргааний түвшнээс доогуур орлоготой, нийгмийн идэвхи сайтай болно...” гэх тодорхойлолт /хх-ийн 78-р хуудас/
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компани Хангайн бүсийн салбарын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01/225 дугаартай “...С.Б нь тус байгууллагын Хархорины хэсэгт монтёроор 14 жил тасралтгүй үр бүтээлтэй ажиллаж байна...” гэх тодорхойлолт /хх-ийн 79-р хуудас/
Урд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-р хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч С.Б-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хохирогчид хохиролд 840,000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлэг /хавтас хэргийн 35-36-р хуудас/, хүсэлт /хх-ийн 86-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийн зөвшөөрсөн прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2 ширхэг хурууны мөрийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.
Хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч С.Бийн эзэмшлийн таван ханатай монгол гэрийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-ийн Б-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт С-ийн Б-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Б цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг модыг устгаж, 2 ширхэг хурууны мөрийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт үлдээж, шүүгдэгч С.Б-ийн эзэмшлийн таван ханатай монгол гэрийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүйд тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА