Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 209/МА2023/00024

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  01 дүгээр сарын 13-ны өдрийн 135/ШШ2023/00077 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК,

                   ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээний үүргийн биелэлт болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багт байрлах Жаргалант хотхоны 4 дүгээр орцны 1 давхрын 75 тоотод байрлах 45,78 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлж, гэрчилгээ болон 1,500,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* /цахимаар/, хариуцагч “*******” ХХК-ны гүйцэтгэх захирал *******, орчуулагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие Г. Дашдаваа нь “*******” ХХК-ийн барьсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багт байрлах Жаргалант хотхоны 4 орцны 1 давхар 75 тоот 45,78 м.кв, 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,000,000 төгрөгөөр тохирч худалдаж авахаар “*******” ХХК-ийн захирал *******тай болон *******тай ярилцан 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр захиалан бариулах гэрээ байгуулсан. Байрны урьдчилгаа болох 7,000,000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн.

Уг байрыг худалдаж авах үед хаалганууд нь эвдэрхий, паар дутуу, гэрэл цахилгаан байхгүй, тосгуур, холигч байхгүй ус алдсан байр байсан. Тиймээс байрны засварт 5,000,000 төгрөг орно гэж тооцон *******, ******* нар байрны үндсэн төлбөрөөс хасаж тооцохоор тохиролцсон.

Үлдэгдэл төлбөрийг 2016 оны 10 сараас эхлэн 500,000 төгрөгийг хийж дуусгахаар тохиролцсон. Ингээд 2016 оны 10 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарыг хүртэл сар бүр тасралтгүй 500,000 төгрөгийг төлж нийт 46 сарын 30,500,000 төгрөгийг төлсөн. 2020 оны 12 сард үлдэгдэл 10,280,000 төгрөгийг шилжүүлж төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Гэрээнд зааснаар төлбөрийг бүрэн хийж дууссаны дараа байрны гэрчилгээг надад өгөх байсан боловч өнөөг хүртэл өгөөгүй.

******* байрны гэрчилгээг гаргаж өгнө, мөн байрыг минь зараад өгье гэж хэлээд 2020 оны 12 сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 200,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөг нийт 1,500,000 төгрөг өөрийн 5001549792 дансандаа шилжүүлж авсан. Манай байрыг өөр хүнд зарахаар тохиролцон урьдчилгаа 8,000,000 төгрөг ******* авсан байна.

Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай Жаргалант хотхоны 4 орцны 1 давхар 75 тоот 45,78 м.кв 2 өрөө орон сууцны гэрчилгээг албадан гаргуулах, *******аас байрны гэрчилгээ гаргаж өгнө гэж авсан 1,500,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

...Энэ 96 айлын орон сууцын хувьд 100 хувь “*******” ХХК-ийн хөрөнгөөр баригдсан. *******тай тус байрны 75 тоот 2 өрөөг захиалан бариулах гэрээг хийсэн. Гэрээгээр орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,250,000 төгрөг гэж тохирсон байгаа.

Захиалан бариулах гэрээн дээр 1,000,000 төгрөг гээд сүүлд нь бичсэнийг зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл тухайн үеийн үнэ ханшаар м.кв нь 1,250,000 төгрөгөөр тооцож бусдад өгсөн. 45.78 м.кв талбайтай байрыг 1,250,000 төгрөгөөр тооцоход 58,475,000 төгрөг болсон. Үүнийгээ ******* бүрэн төлөөгүй. Тухайн үед маш их засвартай байсан 5 сая төгрөгийг засварт хасаж тооцохоор тохирсон гэж ярьдаг боловч үүнийг зөвшөөрөхгүй байна. Урьдчилгаанд 7,000,000 төгрөгийг өгөөд сар болгон 500,000 төгрөгөөр төлөөд нийт 40,780,000 төгрөгийг төлсөн нь үнэн. Засварын 5,000,000 төгрөгийг хасаж тооцоогүй. “*******” ХХК нь энэ байрыг бусдад худалдахгүй. Мөн гэрчилгээг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ орон сууц нь “*******” ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан, түүний өмч бөгөөд гэрээний үүргээ биелүүлсэн хүмүүстээ байрны бичиг баримтыг нь хөөцөлдөөд өмчлөх эрхийн гэрчилгээг нь гаргаж өгөөд явж байгаа. Гэтэл *******гийн 75 тоот орон сууцны албан ёсны өмчлөх эрхийн гэрчилгээ нь бол байхгүй. Ийм зүйлийг гаргуулна гэсэн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс байрны гэрчилгээг *******гийн нэр дээр гаргаж өгөх боломжгүй гэжээ.

3. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

“*******” ХХК-нд 2013 оны 10 дугаар сард анх ашиглалтад орох үеэс нь хамт байсан. “*******” ХХК-иас надад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан. 96 айлаас 78 орон сууцыг нь би дамжуулж зарсан. Анх ******* байр үзнэ гэж утсаар хандаад ирж үзээд *******тай холбогдоод компанийн дансыг өгөөд гэрээг нь хийсэн. “*******” ХХК-ийн барьсан байр өнөөдрийг хүртэл 1 м.кв нь 1,000,000 төгрөгөөр борлогдож байгаа. 1,250,000 төгрөгөөр борлогдсон байр байхгүй. Ихэнх нь хувь лизинг буюу 30-40-д хувь нь 8 хувийн лизингээр зарагдсан байдаг. ******* нь мөнгөө цувуулаад өгч байгаад хамгийн сүүлд энэ хоёр тооцоогоо тулгаад 10,280,000 төгрөгийн үлдэгдэл өгөөд байрны гэрчилгээг гаргаж гаргаж өгнө гэсэн. ******* надад байрны гэрчилгээ гарахаар зараад өг гэхэд нь би зөвшөөрөөд дараагийн айл болох Ж.Ичинхорлоог оруулсан. Ж.Ичинхорлоо зээлээ хөөцөлдөөд байтал ******* ирээд энэ миний байр гээд мөнгийг нь өгөөд гаргасан байсан.

Иймд ******* нь 100 хувь мөнгөө төлөөд дууссан тул *******гийн байрны ордерыг “*******” ХХК нь гаргаж өгөх ёстой гэж үзэж байна гэжээ..

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Жаргалант хотхоны 96 айлын байрны 4 дүгээр орцны 1 давхрын 75 тоотод байрлах, 45,78 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууц, түүнтэй холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгч *******гийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч “*******” ХХК-д даалгаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******гийн 1,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч ******* биелүүлснийг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

 Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Жаргалант хотхоны 96 айлын байрны 4 дүгээр орцны 1 давхрын 75 тоот, 45,78 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,150 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүх нь хэргийн материалд байгаа бичгийн нотлох баримтуудыг бодит байдлаар үнэлж дүгнэж үзэлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчийн хэлсэн үгэнд автаж, мөн тухайн хэрэгт хариуцагчаар татагдан оролцож байсан *******ын шүүхэд гаргасан тайлбарт гол ач холбогдол өгсний үндсэн дээр шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалттай нийцсэнгүй.

Маргааны зүйл болох Сэлэнгэ аймгийн Мандал суманд баригдсан 96 айлын орон сууцны 75 тоот 45.78 м.кв талбайтай 2 өрөө байр нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй хэн нэгний өмч гэсэн эрхийн гэрчилгээгүй байр юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Хятад улсын "*******" ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 96 айлын орон сууц барьж ашиглалтад өгсөн боловч улсын бүртгэлд бүртгүүлээгүй.

Нэхэмжлэгч ******* нь 2015 оны 8 сард тус компанитай "Орон сууц захиалан бариулах гэрээ”-ыг хийхдээ 1 м.кв нь 1,250,000 төгрөгөөр бодож төлөхөөр тохиролцсон боловч гэрээ хийснийхээ дараа өөрийнхөө гараар 1,000,000 төгрөг гэж бичиж нийтдээ 40,780,000 төгрөг төлсөн байдаг.

Уг байрны 1 м.кв нь 1,250,000 төгрөгөөр тооцоход байрны үнэ нь 58,475,000 төгрөг болж байгаа бөгөөд энэ нь тухайн үеийн ханш юм. Сүүлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байрны үнэлгээ тогтоолгоход 66,000,000 төгрөг болсон байсан. 1 м.кв нь 1,000,000 төгрөгөөр бодоход байрны үнэ 45,780,000 төгрөг болж байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь засварын үнийг хасаж тооцохоор тохирсон гэх боловч энэ талаар хариуцагчтай ямар нэгэн хэлэлцэж тохирсон байдал нотлогдоогүй. 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн "Орон сууц захиалан бариулах гэрээ”-нд 2 тал тохиролцохдоо төлбөрөө 100 хувь төлсөн тохиолдолд бичиг баримтыг гаргаж өгөх гэж заажээ. Гэтэл ******* энэ үүргээ биелүүлээгүй төлбөрөө бүрэн төлөөгүй байхад шүүх *******гийн өмчлөлд шилжүүлэхийг даалгасан нь үндэслэл муутай гэж үзэж байна.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хамтран хариуцагч *******ын шүүх хурал дээр гаргасан тайлбар “тухайн компанид 2013 оноос би менежерээр ажилласан бөгөөд бүх орон сууцыг би хариуцан иргэдэд худалдан борлуулах ажлыг хийсэн бүх орон сууцыг 1 м.кв нь 1,000,000 төгрөгөөр худалдсан" гэж тайлбарласныг нотлох баримт гэж үзэн үндэслэх хэсэгтээ дурдсан байна. Гэтэл энэ ******* нь менежерээр огт ажиллаж байгаагүй, энэ талаар тус компанитай ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ, тушаал шийдвэрээр ажилласан зүйлгүй хүн байгаа. Харин гүйцэтгэх захирал *******тай танилын хувьд, мөн Мандал суманд амьдарч мөн 96 айлын орон сууцанд амьдарч байсны хувьд амаар тохиролцон байр түрээслэх, худалдан авах сонирхолтой иргэдтэй холбон өгөх түрээслүүлсэн тохиолдолд мөнгийг нь компанитай ярьж гэрээ хийлгэн шилжүүлэх зэргээр ажиллаж байсан гэдэг. Одоо энэ Мөнхтуул нь 96 айлын орон сууцнаас хэд хэдэн байрыг бусдад дур мэдэн зарж мөнгийг нь хувьдаа завшсан гэх хэргээр цагдаагийн байгууллагад хэрэг үүсгэгдээд “*******” ХХК хохирогчоор тогтоогдоод байгаа. Иймд компанийн эсрэг худал тайлбар хийсэн. Үүнийг шүүх нотлох баримт гэж үндэслэсэн нь хэрэг шийдвэрлэлтэд нөлөөлсөн.

Мөн 2022 онд 75 тоот 2 өрөөг үнэлгээ тогтоолгоход 66 сая төгрөг гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүх хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч үнэлүүлсэн атлаа уг дүгнэлтийг яагаад нотлох баримтаар үнэлж үзээгүй нь ойлгомжгүй.

Ер нь “*******” ХХК нь иргэдэд байрыг худалдаж гэрчилгээг гарган өгөхдөө компанийн зөвлөлөөрөө хэлэлцэж шийдвэрлэдэг. Гэтэл зөвхөн Лянхуа гэдэг гүйцэтгэх захиралд холбогдуулан нэхэмжилсэн байдаг юм. Хэргийн оролцогч ******* нь хятад хүн байхад анх шүүхэд гаргасан тайлбар нь монголоор бичигдсэн, хэнээр бичүүлсэн нь тодорхойгүй, ямар ч орчуулагчгүй оролцуулсан нь хууль бус гэж ойлгож байна. Энэ мэтчилэн хэргийг үндэслэл муутай шийдвэрлэсэн гэж үзэж гомдолтой бөгөөд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

         2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг  үнэлсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзнэ.

            Хэргээс  судлан үзэхэд:

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-нд холбогдуулан Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлалтай Жаргалант хотхоны 4 орцны 1 давхар 75 тоот 45,78 м.кв 2 өрөө орон сууцны гэрчилгээг албадан гаргуулах, хариуцагч *******аас байрны гэрчилгээ гаргаж өгнө гэж авсан 1,500,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж,

Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч *******г байрны үнийг бүрэн төлөөгүй учир гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй гэж маргаж,

Хариуцагч ******* нь 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.

4. Анхан шатны шүүхээс талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч “*******” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй гэсэн дүгнэлт хийж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Жаргалант хотхоны 96 айлын байрны 4 дүгээр орцны 1 давхрын 75 тоотод байрлах, 45,78 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууц, түүнтэй холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгч *******гийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч  “*******” ХХК-нд даалгаж, мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Жаргалант хотхоны 96 айлын байрны 4 дүгээр орцны 1 давхрын 75 тоот, 45,78 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

5. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч “*******” ХХК-ийн хооронд 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 075 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулагдсан байна.

Уг гэрээгээр нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багт байрлах, Жаргалант хотхоны 96 айлын орон сууцны 4 дүгээр орцны 1 давхрын 75 тоот, 45,78 м.кв 2 өрөө орон сууцыг худалдан авахаар, төлбөрөө 100 хувь төлсөн тохиолдолд хариуцагч “*******” ХХК нь орон сууцыг ажлын 5 өдрийн дотор холбогдох бичиг баримтын хамт хүлээлгэн өгөхөөр тус тус тохирсон бөгөөд тухайн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй боловч хариуцагч “*******” ХХК-ийн зүгээс орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,250,000 төгрөгөөр худалдахаар тохирсон гэж, нэхэмжлэгч ******* нь 1,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон гэж тус тус маргажээ. /1 дүгээр хавтаст хэргийн 5-8/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний 3.1-т орон сууцны үнэ гэх хэсэг дээр орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1,250,000 төгрөг гэж компьютероор бичигдсэн хэдий ч нийт гэх хэсэг дээр гар бичмэлээр 1 м.кв нь 1 сая төгрөг, нийт 46,000,000 төгрөг гэж бичигдсэн байх бөгөөд нэхэмжлэгч ******* нь гэрээний бэлэн загвар дээр надаар гараар бичүүлсэн, 1 м.кв-ын үнийг 1,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж мэтгэлцсэн,

Хариуцагч ******* анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...тухайн компанид 2013 оноос менежерээр ажилласан бөгөөд нийт 78 орон сууцыг би хариуцан иргэдэд худалдан борлуулах ажлыг хийсэн бөгөөд бүх орон сууцыг 1 м.кв-ыг нь 1,000,000 төгрөгөөр худалдсан.” гэж тус тус тайлбарласныг хариуцагч нь нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй, орон сууцны 1 м.кв-ын үнийг 1,250,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон гэдгээ нотолж чадаагүй байх тул орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч ******* нь орон сууцны үнийг бүрэн төлөөгүй тохиолдолд орон сууцанд суусан хугацаанд сарын 350,000 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөр төлөх талаар *******гийн эхнэр Б.Содгэрэлтэй 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр харилцан тохиролцсон учир нэхэмжлэгч *******гийн орон сууцны үнэд төлсөн 40,780,000 төгрөгөөс түрээсийн төлбөрт 20,650,000 төгрөгийг хасаж тооцно, түүнчлэн орон сууцны үнийг  одоо болтол бүрэн аваагүй байгаа гэж маргаж байна. /1 дүгээр хавтаст хэргийн 86, 2 дугаар хавтаст хэргийн 6/

“Орон сууц захиалан бариулах гэрээ” нь ******* болон “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан бөгөөд орон сууцны үнийг бүрэн төлөөгүй тохиолдолд орон сууцанд суусан хугацаанд сарын 350,000 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөр төлөх тохиролцоог гэрээний тал биш этгээд болох Б.Содгэрэлтэй хийсэн байх тул орон сууцны түрээсийн төлбөрт 20,650,000 төгрөгийг хасаж тооцно гэх хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй.

7. Мөн хариуцагч нь нэхэмжлэгч ******* нь орон сууцны үнийг одоо болтол бүрэн төлөөгүй гэж маргаж байгаа боловч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгээр нэхэмжлэгч ******* нь орон сууцны үнэд 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 40,780,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч тал энэхүү үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. /1 дүгээр хавтаст хэргийн 9-46/

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй.” гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч ******* нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг буюу тухайн орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг гэрээний тал болох хариуцагч хуулийн этгээдээс шаардах эрхтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр зөв байна.

8.Хариуцагч ******* нь орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгнө гэх үндэслэлээр нэхэмжлэгчээс авсан 1,500,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, 1,500,000 төгрөг гаргуулах шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

9. Анхан шатны шүүх хариуцагч *******д 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгсөн бөгөөд хариуцагч нь “...монгол хэлээр ярьж, ойлгож байгаа тул орчуулагч оролцуулах шаардлагагүй” гэх хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байх тул “...хэргийн оролцогч ******* нь хятад хүн байхад анх шүүхэд гаргасан тайлбар нь монголоор бичигдсэн, хэнээр бичүүлсэн нь тодорхойгүй, ямар ч орчуулагчгүй оролцуулсан нь хууль бус гэж ойлгож байна.” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.  /1 дүгээр хавтаст хэргийн 76, 78-79/

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  01 дүгээр сарын 13-ны өдрийн 135/ШШ2023/00077 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                      

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Л.АМАРСАНАА                                             

                                                    ШҮҮГЧИД                                    Г.МЯГМАРСҮРЭН

     Я.ТУУЛ