Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 585

 

Н.Х-, С.Б-, Б.Д- нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч П.Адьяасүрэн /цахимаар/, шүүгдэгч Н.Х-ын өмгөөлөгч Л.Лхааганжав /цахимаар/ болон нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар магадлалтай, Н.Х-, С.Б-, Б.Д- нарт холбогдох хэргийг шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, **,

Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3, 69.1.4-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Ө овогт Б-ны Д-,

2. Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, **,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Б м овогт Н-н Х-,

3. Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ***,

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Т овогт С-н Б-.

Б.Д-, С.Б-, Н.Х- нар нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр согтуурсан үедээ онц харгис хэрцгийгээр, бүлэглэн Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Арц-1 хорооллын 5-42 тоот хашаанд, Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Бага цавчир” гэх газарт хөдөө хээр тус тус хохирогч Н.Э-ыг гараар цохих, хөлөөр өшиглөх, мотоциклиор мөргөх, хоолойг нь боох зэргээр олон удаа цохиж зодож, биед нь нүүрний цус хуралт, хамрын ясны хугарал, зүүн нүдний дээд зовхины шарх, ховч ясны зүүн талын хугарал, баруун 5 дугаар хавирганы хугарал, зүүн гуя, шилбэний зулгаралт, нурууны булчингийн цус хуралт зэрэг олон тооны шарх гэмтэл үүсгэж, хохирогчийн биеийг шатааж, химийн бодисын хурц хордлого, түлэгдэлийн улмаас амьсгалын хурц дутагдалд оруулан хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-, Н.Х-, С.Б- нарыг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-т зааснаар Б.Д-, Н.Х-, С.Б- нарыг 20 жил хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-, Н.Х-, Б.Д-ийн өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Д- гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасны учир нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан гомдолд тусгасан гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг нотлох баримтуудыг авч хэлэлцэлгүй хэрэгсэхгүй болгосон. Богд сумын 7 дугаар багийн Арц 1-5-42 тоот хашаанд С.Б-, талийгаач Н.Э-ыг зодож цусыг нь гаргачихаад явсныг нь Н.Х-, С.Б- хоёр хоёулаа гэрчилсэн.

Гэрч Ц.Ш- нь анхан шатны шүүх хуралд мэдүүлэхдээ ...С.Б- 5-н литрийн савтай цэвэр ус авчирсан. Д- тэр усаар нь талийгаачийн нүүрийг угаалгаж байсан. Тэгээд надад хандаж “Цаад хоёр чинь архи ууж байгаа очиж зуу татахгүй юм уу гэж хэлсэн” гэснээр гэрч Ц.Ш-, талийгаач Н.Э- бид 3-ын цаана дахиад 2 хүн хэн хэн байсан бэ? гэдгийг тодорхойлоогүй. Мөрдөн байцаалтад гэрч Ц.Ш- нь ...миний харснаар бол 3 хүн л байсан. С.Б- ягаан өнгийн гэмээр дээлтэй байсан. ...гэснээр “ягаан өнгийн дээлтэй хүн хэн байсан бэ? гэдгийг тодорхойлоогүй. Тэр үед Н.Х- “улбар шар” С.Б- “цэнхэр” Б.Д- миний бие “саарал” өнгийн дээлтэй байсан. Эдгээрийн зөрүүг гаргаагүйгээс болж 2019 оны 07 дугаар сарын 28-нд Б.Д- миний бие хамт явах гэж байсан талийгаач Н.Э-ыг хашаандаа өмөөрч, хамгаалж байсан байж зодсон болж шийдвэрлэгдэж энэ нь шийтгэх тогтоолын 19 дүгээр нүүрэнд бичигдсэн. Үүний учрыг олсноор Н.Х-, талийгаач Н.Э- бид 3-ын дунд С.Баттулгыг усанд явсан хойгуур ямар ч хэрүүл, зодоон цохион болоогүй. Харин С.Б- усанд явахаасаа өмнө талийгаач Н.Э-ыг зодож цусыг нь гаргачихаад явсныг шалгалгүй гэрч Ц.Ш-ын хүн орхигдуулж худал мэдүүлэг өгөөд байгаа мэдүүлгээр шууд надад халдаасан.

Шинжээчийн 2019.08.19-4060 дугаартай дүгнэлт нь ...талийгаачийн цогцосноос илрүүлсэн олс нь адууны хялгасыг эрчилж хийсэн олс байна. ...Ё.Батсайханы гэрээс хураан авч ирүүлсэн олс нь үхрийн хялгасыг завсрын хялгастай эрчилж хийсэн олс байна. Иймд дээрх хоёр олс нь ширхэгт материалын шинж тэмдэгээрээ зөрүүтэй байна. ...гэж гарсан байхад С.Баттулгын мотоциклд байсан олсоор Н.Х- талийгаачийг боосон олсоо нуун дарагдуулаад байгааг манай аав Ё.Батсайханы гэрийн баганын өрөөсөн боолт гээд Өвөрхангай аймгийн шинжилгээний албаны 2020.03.13-35 дугаартай “ижил аргаар хийж ижил өнгийн утсаар холбосон байна” гэсэн дүгнэлтээр олсыг надад хамаатай болгосон.

Үүнтэй холбогдуулж манай аав Ё.Батсайханы гэрийн баганын өрөөсөн боолт хэрэг гарахад Өвөрхангай аймагт Эрдэнэчимэг гэх айлд орхисон цүнхтэй хувцас дотор байсныг би мэдүүлгээрээ хэлж өгсөн. Энэ цүнхтэй хувцас намайг хоригдсоны дараа зөрөөд Богд суманд очоод дотор нь эрээн олс байсан гэдгийг гэрчилсэн ээж Н.Алтантуяагийн мэдүүлэг, уг олсоор аймаг руу ачаа даруулж явсан байсныг гэрчлэх аав Ё.Батсайханы мэдүүлэг, цагаан идээ даруулж авчирч өгснийг гэрчилсэн гэрч Эрдэнэчимэг нарын мэдүүлгүүдийг нотлох баримтаар шинлэн судлуулах гэсэн боловч улсын яллагч нь “шүүгдэгчийн ойр дотны хамаатны хүний мэдүүлгүүд нотлох баримт болдоггүй юм” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Олсны тухай мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгийг анхан шатны шүүх хурлын дараа хавтаст хэргүүдтэй дахин танилцахад эдгээр гэрч нарын чухал нотлох баримт болох мэдүүлгүүд олдоогүй.

Мөн 2019.07.29-нд анх сэжигтнээр баривчлагдах үедээ хураалгасан эд зүйлсийн тэмдэглэл хавтаст хэргүүдээс байхгүй болсон. 2020.06.03-нд гаргасан гомдлыг болон уг гомдолд тусгасан зүйлсийг харгалзан уг хэрэгт хэн ямар оролцоотой вэ? гэдгийг тодорхойлж ялыг ялгамжтай оногдуулж өгнө үү.

Б.Д- миний бие ийм хэрэгт холбогдсондоо үнэхээр их гэмшиж байгаа. Цаашид ёс суртахуунтай, соёл хүмүүжилтэй иргэн болж төлөвшинө” гэжээ

Мөн шүүхэд шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч П.Адьяасүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-ид, 20 жил хорих шийтгэсэн нь хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Д- нь би талийгаачийн амь насыг хамгаалж чадаагүй гэм буруугаа хүлээж байна. Харин нь хохирогчийг цохиж зодсон зүйл байхгүй гэж мэдүүлж байгаа мэдүүлгийг хангалттай няцаах нотлох баримт байхгүй байхад түүний үйлдлийг хөдлөшгүй баримтаар тогтоогдсон гэж дүгнэх нь Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж буруу хэрэглэж байна.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Д-, С.Б-, С.Х- нарыг бүлэглэн нарыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан хэргийн үйл баримт тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2,1, 2,11 -т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий дүгнэлт болоогүй байна.

Анхан болон давж Заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтээс үзвэл шүүгдэгч нар нь хохирогчийн амь насан халдах болсон сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг шүүгдэгч нэг бүр дээр тогтоож чадаагүй байна.

Энэ хэргийн гэрч гэж дүгнэж буй гол гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байгааг шүүгдэгч Б.Д- өөрийн давж заалдсан гомдолдоо дурдсан зургаан зүйлийн мэдээлэлд давж заалдах шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй. Үүнээс шалтгаалж хохирогч Н.Э-ын амь насанд шүүгдэгч нарын хэн алин нь яаж халдсан үйл баримт огт тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Б.Д-, С.Б-, С.Х- нар нь шүүхийн хэлэлцүүлэг дээр дор бүрдээ гэм буруугаа хүлээж байгаа боловч хохирогч Н.Э-ын бие мах бодь болон амь насанд хүрсэн ямар үйлдлийг хэн яаж учируулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгдээгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд ч шүүгдэгч нарын болон гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг гаргаагүй нь шүүхээс хэрэг учрал болсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй болгож байна. Шүүгдэгч Б.Д-ийн гэр орон болох Богд сумын 7-р багийн Арц-1 хороололын 5-42 тоот хашаанд хэрэг үйлдэгдсэнээр түүнийг гэм буруутай гэж дүгнэх нь учир дутагдалтай байна. Шүүгдэгч Б.Д- нь хохирогчтой урьд өмнө танил, хамт аймаг явах гэж гэр орондоо авчирсан, түүнтэй ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй байна. Нөхцөл байдал ийм байхад Б.Д-ийг хохирогчийн амь насанд бүлэглэж халдсан гэж дүгнэх нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлин 1.2, 1.3, 36.7 дугаар зүйлийн 2.2-т заасан хэм хэмжээг ноцтой зөрчсөн дүгнэлт гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магдлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Н.Х-ын өмгөөлөгч Л.Лхааганжав хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан. Н.Х-, С.Б- нарын мөрдөн байцаалт, анхан болон давж заалдах шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр Б.Д- уг гэмт хэргийг гүйцэтгэсэн байдаг. Гэвч миний үйлчлүүлэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна” гэж заасныг зөрчсөн” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нар нь үйлдлээрээ нэгдэж амь хохирогчийг зодох, мотоциклоор мөргөх, хоолойг нь боох, амьдад нь шатаах зэргээр онц харгис хэрцгийгээр алсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Шүүгдэгч нар нь үйлдэл, оролцоог тогтоогоогүй гэж маргах боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хэн аль нь адил хэмжээтэй оролцсон гэж дүгнэхээр байна.

Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан хэмжээний дотор ял оногдуулсан буюу хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Н.Х-, С.Б-, Б.Д- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Б.Д-, С.Б-, Н.Х- нарыг 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр согтуурсан үедээ бүлэглэн, хохирогч Н.Э-ыг гараар цохих, хөлөөр өшиглөх, мотоциклиор мөргөх, хоолойг нь боох зэргээр олон удаагийн үргэлжилсэн үйлдлээр цохиж зодож, улмаар биед нь олон тооны шарх гэмтэл үүсгэж, хохирогчийн биеийг шатааж, химийн бодисын хурц хордлого, түлэгдэлийн улмаас амьсгалын хурц дутагдалд оруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогдуулан прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн үйл баримтыг хангалттай тогтоогоогүй байхад эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

Гэтэл болсон үйл явдал, түүний дэс дараалал, шүүгдэгч нэг бүрийн үйлдэл, тухайлбал, хохирогч Н.Э-ын амь нас хохирсон нь хэн хэн гэдэг шүүгдэгчийн ямар үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох, хэн нь ямар үйл хөдлөл, хандлага гаргаж оролцсон болохыг нарийвчлан шалгаж тогтоогоогүйн улмаас гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг хөдөлбөргүй тогтооход онцгой ач холбогдолтой байж болох нотлох баримтууд харилцан зөрүүтэй, цаг хугацааны явцад өөрчлөгдсөн байдалтайгаар мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байна.

Дээрх нөхцөл байдалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийн үйл баримтыг тогтоосон нь учир дутагдалтай байх ба Н.Х-, С.Б-, Б.Д- нарын хэн нь хохирогчийг цохих, хөлөөр өшиглөх, мотоциклиор мөргөх, хоолойг нь боох зэргээр олон удаа цохиж зодсон талаар бие биенийхээ эсрэг өгсөн хоорондоо эрс зөрүүтэй мэдүүлгийг гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэн гэм буруутайд тооцож, тус бүр 20 жил хорих ял оногдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал болох гэмт хэргийн хамтран оролцооны талаар мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгаж тогтоогоогүй, харилцан эсрэг үйл баримт мэдүүлж байгаа мэдүүлгийн аль нь үнэн бодитой болохыг тогтоолгүйгээр хамтран оролцоог нотолсон баримт гэж дүгнэсэн, шүүгдэгчийн хэн нь хохирогчийн биеийн аль хэсэгт, хэдэн удаагийн үйлдлээр гэмтэл учруулсан эсэхийг нотлоогүй байхад, түүнчлэн шүүгдэгч нар хоорондоо эрс зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа нь ямар хүчин зүйлстэй холбоотой байж болох, аль шүүгдэгчийн мэдүүлэг бодит үнэн байж болохыг зөв тактик техникд тулгаарлан шалгах, тухайн шүүгдэгч бүрийн хувь хүний сэтгэцийн онцлогийг судалж, шинжлэх ухааны тусгай мэдлэг, мөрдөн шалгах ажиллагааны бусад арга хэрэгсэл ашиглан хэргийн үйл баримтыг тогтоох зэрэг ажиллагааг хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ.

Түүнчлэн аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг болно.

Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд мөрдөгч, прокурор нь хэргийн оролцогч нараас тайлбар, мэдүүлэг авах, шинжээчийн дүгнэлтүүд гаргуулах, оролцогч нарын хүсэлтийг шийдвэрлэх зэргээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатууд маш удаашралтай явагдаж энэ хэрэгт чухал ач холбогдолтой байж болох баримтад мэдээллүүд, мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй болж хэргийн шийдвэрлэлт сөргөөр нөлөөлж өдийг хүртэл шийдэгдээгүй нөхцөл байдал үүссэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуур үзүүлэлтийн нэг байдаг.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Б.Д- болон түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын гаргасан “...хэргийн нотолбол зохих байдлыг тогтоож чадаагүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” агуулга бүхий гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Б.Д- болон түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэсүгэй.

2. Н.Х-, С.Б-, Б.Д- нарт холбогдох хэргийг прокурорт очтол тэдэнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН