Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0086/З |
Дугаар | 221/МА2018/0070 |
Огноо | 2019-02-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2018/0070
2019 оны 02 сарын 01 өдөр |
Дугаар 221/МА2018/0070 |
Улаанбаатар хот |
“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Үндэсний хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, гуравдагч этгээд “С” ХХК-ийн захирал М.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0653 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О давж заалдах гомдлоор, “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Үндэсний хөгжлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн захирал Д.Х 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлээ тодорхойлохдоо:
“Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Хавсралтад нэмэлт оруулах тухай” 277 дугаар тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн “Уралдаанд шалгаруулалт явуулах тухай 283 дахь хэсгийг хүчингүй болгуулах”, Үндэсний хөгжлийн газраас зарласан “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төслийн концессийн уралдаант шалгаруулалт”-ыг хүчингүй болгуулах, уралдаант шалгаруулалтаар “С” ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгуулах, концессыг шууд гэрээ байгуулах аргаар “Н” ХХК-д олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0653 дугаар шийдвэрээр:
“Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.2.6, 6.2.11-т заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн “Хавсралтад нэмэлт оруулах тухай” 277 дугаар тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн “Уралдаанд шалгаруулалт явуулах тухай 283 дахь хэсгийг хүчингүй болгуулах”, Үндэсний хөгжлийн газраас зарласан “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төслийн концессийн уралдаант шалгаруулалт”-ыг хүчингүй болгуулах, уралдаант шалгаруулалтаар “С” ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгуулах, концессыг шууд гэрээ байгуулах аргаар “Н” ХХК-д олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгах “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:
Нэхэмжлэгч 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд хандаж Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.2.5-д концессын зүйлийн талаар судалгаа хийх, санал боловсруулах” гэж заасны дагуу Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 277 дугаар тогтоолын 283-т “Үндэсний хөгжлийн газраас Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий Катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөлтэй холбоотой ямар нэгэн судалгаа хийсэн эсэх, хэрэв хийсэн бол судалгаа хийсэнтэй холбоотой баримтуудыг нотлох баримтаар Үндэсний хөгжлийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас гаргуулахаар хүсэлт гаргасан.
Хүсэлтийг анхан шатны шүүхээс хүлээн авч Үндэсний хөгжлийн газраас дээрх нотлох баримтуудыг шаардсан боловч Үндэсний хөгжлийн газраас “энэ талаарх баримтууд байхгүй” гэсэн хариуг ирүүлсэн.
Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг бүхэлд нь хангасан атлаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нотлох баримтуудыг шаардаагүй нь шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй.
Гэвч Үндэсний хөгжлийн газраас дээрх нотлох баримтууд байхгүй гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн атлаа шүүх хуралдаанд “...Катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөлтэй холбоотой судалгааг Зам, тээврийн хөгжлийн яамнаас хийсэн тус яаманд хадгалагдаж байгаа, тус яамнаас авсан судалгаанд тулгуурлаж Үндэсний хөгжлийн газар Концесс сонгон шалгаруулалтыг явуулсан” гэж тайлбарласан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтын эх сурвалжийг зааж, хүсэлт гаргаж тус хүсэлтийг хангасан боловч мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан ажиллагааг шүүхээс хийсэнгүй.
Тодруулбал нэхэмжлэгчээс маргааны үндэслэлээ Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “Концессын зүйлийн талаар судалгаа хийх, санал боловсруулах” эрхээ эдэлж, үүргээ биелүүлсэн эсэх, хэрэв судалгаа хийж санал боловсруулсан бол “Н” ХХК-ийн эрхэд байгаа “онгоцны хоолны цэс”-ийн зохиогчийн эрхийн ......дугаар гэрчилгээ, барааны тэмдгийн ........ дугаар гэрчилгээ нь шууд гэрээ байгуулах аргаар концессыг олгож болох байсан эсэхийг шалгаж, судалгаа хийгээгүй гэж тайлбарлан маргасан.
Гэвч нэхэмжлэгчийн маргааны үндэслэл болсон нотлох баримт хаана хадгалагдаж байгааг хариуцагчаас зааж байхад анхан шатны шүүхээс ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, шалган тогтоох үүргээ биелүүлсэнгүй.
Нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд:
Анхан шатны шүүх “...“онгоцны хоолны цэс”-ийн зохиогчийн эрхийн 9860 дугаар гэрчилгээ, барааны тэмдгийн ........ дугаар гэрчилгээ нь “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх” зайлшгүй шаардлагатай оюуны өмчийн эрх биш” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.
Учир нь зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны гол зорилго, гарах үйлчилгээ, эцсийн бүтээгдэхүүн нь онгоцны зорчигчдод тогтоосон хоолны цэсийн дагуу хоол бэлтгэн нийлүүлэх юм.
Засгийн газраас Концессын зүйлийн жагсаалтыг батлахдаа Концессын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.3-т “Энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан уралдаант шалгаруулалт явуулах, эсхүл шууд гэрээ байгуулах эсэх” гэж заасны дагуу тухайн концессын зүйлийн жагсаалтад шууд гэрээ байгуулах эсэх, уралдаант шалгаруулалт явуулах эсэхийг тус тус тусгах ёстой.
Харин ингэж тусгахдаа шууд гэрээ байгуулах эсэх, уралдаант шалгаруулалт явуулах эсэхийг Засгийн газар өөрийн үзэмжээр биш ямар нэгэн судалгаанд тулгуурлаж тодорхойлохыг Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан.
Гэвч маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж, ямар нэгэн судалгаа хийлгүй манай компанийн оюуны өмч болон түүнд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалах онцгой эрхэд халдсан шийдвэр болсон.
Манай компани “Нислэгийн зорчигчдын хоол бэлтгэх катеринг үйлчилгээ үзүүлэх” чанарын менежментийн тогтолцоог стандартын шаардлагын дагуу нэвтрүүлж Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газраас гэрчилгээ авсан.
Түүнчлэн Оюуны өмчийн газрын даргын 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 141 дүгээр тушаалаар “Онгоцны хоолны сав, хоол бэлтгэх үйлчилгээний барааны тэмдгийн гэрчилгээ”-г 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл эзэмших онцгой бүрэн эрхийг манай компани эзэмшиж байна.
Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “Концессыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн өмчлөлд байгаа бол шууд гэрээ байгуулах аргаар концессыг олгоно” гэж заасны дагуу манай компанитай шууд гэрээ байгуулахгүй, сонгон шалгаруулалт зарлаж байгаа Засгийн газрын тогтоол хууль бус юм.
Эцсийн гарах бүтээгдэхүүн болох “онгоцны хоолны цэс”-ийн зохиогчийн эрх нь “Н” ХХК-д 9860 дугаар гэрчилгээгээр хадгалагдаж, тус онгоцны хоолны сав, баглаа боодолд барааны тэмдэг байрлуулах эрх нь мөн л “Н” ХХК-д барааны тэмдгийн ...... дугаар гэрчилгээгээр хадгалагдаж байна.
Гэтэл анхан шатны шүүх “...“Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл”-д зайлшгүй шаардлагатай оюуны өмчийн эрх биш” гэж дүгнэж байгаа нь нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0653 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.
Нэхэмжлэгчээс “…Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 277 дугаар тогтоолоор концессийн зүйлийн жагсаалтад нэмэлт оруулахдаа “Зорчигчийн хоол бэлтгэх, зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх” концессийг уралдаант шалгаруулалт явуулах бус харин шууд гэрээ байгуулах байдлаар “Н” ХХК-д олгохоор шийдвэрлэх байсан…” гэх давж заалдах гомдлын хууль зүйн үндэслэлээ Концессийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 буюу “концессийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх, нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн өмчлөлд байгаа бол шууд гэрээ байгуулах аргаар концессийг олгоно” гэснийг зөрчсөн гэж тайлбарлах боловч Оюуны өмчийн газраас тус компанийн үүсгэн байгуулагчийн нэг болох Н.Х олгосон “Онгоцны хоолны меню” ..... тоот зохиогчийн эрхийн гэрчилгээ, мөн компанид олгосон ........ тоот онгоцны хоолны савны /энэ маргаанд хамаарах хэсгийг онцлов/ барааны тэмдгийн гэрчилгээ нь дээрх концессийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай оюуны үнэт зүйлд хамаарахгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Тухайлбал Үндэсний хөгжлийн газраас 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зарласан уралдаант сонгон шалгаруулалтын урилгад “…концесс авсан хуулийн этгээд, түүний нэгдэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр зорчигчийн хоол бэлтгэх катерингийн барилгыг барьж, концессийн гэрээний хугацаанд Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын олон улсын болон орон нутгийн нислэгт зорчигчийн хоол, хүнс бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлж төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх ба гэрээний хугацаа дуусгавар болоход катерингийн барилгыг төрд үнэ төлбөргүй шилжүүлнэ. …Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд, түүний нэгдэл нь зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий катерингийн барилга барих техник технологийн чадвар, туршлагатай, төслийг санхүүжүүлэх болон концессийн гэрээний хугацаанд тавигдсан шаардлага нөхцөлийн дагуу үйлчилгээ үзүүлэх чадвартай байна…” гэснээс үзэхэд зөвхөн онгоцны хоолны меню болон онгоцны хоолны савны барааны тэмдгийн гэрчилгээтэй гэдгээр нь шинээр ашиглалтад орох нисэх онгоцны буудлын катерингийн барилга барьж, үйлчилгээ үзүүлэх концессийг уралдаант шалгаруулалтаар бус “Н” ХХК-д шууд гэрээ байгуулах байдлаар олгохыг Засгийн газарт даалгах үндэслэлгүй.
Учир нь Концессийн тухай хуульд заасан “оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх” гэдгийг тухайн концессийн зүйлийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах, өөр хуулийн этгээд, нэгдэл хэрэгжүүлэх боломжгүй, магадгүй хэрэгжүүлэх тохиолдолд бусдын оюуны өмч хамгаалагдах эрх зөрчигдөх, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэхүйц, тухайн оюуны үнэт зүйлийн эрх эзэмшигчээс өөр этгээд гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдлыг ойлгох бөгөөд харин ийм тохиолдолд “шууд гэрээ байгуулах” аргаар концесс олгож болохоор зохицуулсан байна.
Гэтэл “Н” ХХК-ийн тухайд дээрх оюуны өмчийн гэрчилгээ эзэмшигчээс гадна 1993 оноос хойш тасралтгүй агаарын хөлгийн зорчигчдын хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, Олон улсын катерингийн холбоо, Дэлхийн тогооч нарын холбооны гишүүн, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/ болон IATA-ийн катерингийн чанарын баталгаат хөтөлбөр, хоол үйлдвэрлэлийн аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан Монгол Улсдаа энэ чиглэлээр мэргэшсэн цорын ганц байгууллага гэдгээрээ, мөн катерингийн барилга байгууламжийн талаар олон улсын туршлага судлаж, хамтран ажиллах гэрээ байгуулсан, катерингийн хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг 200 сая гаруй төгрөгөөр худалдаж авснаараа концессийн гэрээг уралдаант шалгаруулалтгүйгээр шууд байгуулах эрхийг үүсгэхгүй, харин эдгээр нөхцөл байдал нь Үндэсний хөгжлийн газраас зарласан уралдаант шалгаруулалтад оролцсон тохиолдолд тус компанийг шалгаруулах эсэхэд харгалзах хүчин зүйл болох байсныг үгүйсэхгүй.
Нэхэмжлэлийн шаардлагын тухайд ч Засгийн газрын 2017 оны 277 дугаар тогтоолын “283” дахь заалтыг хүчингүй болгосноор “Зорчигчийн хоол бэлтгэх, зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх” төсөл төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтаас хасагдах бөгөөд ингэснээр оюуны өмчийн гэрчилгээний үндсэн дээр уг төслийг концессийн шууд гэрээ байгуулах аргаар хэрэгжүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй.
Концессийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “концессийн зүйл” гэж …Засгийн газар, …-аас баталсан концессийн гэрээгээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгасан зүйлийг ойлгох”-оор, 6 дугаар зүйлийн 6.1.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт тус тус зааснаар “Засгийн газар Төсвийн тухай хуулийн 33.2.9-д зааснаас бусад төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтыг батлах бүрэн эрхтэй”, 10.3.3-т концессийн зүйлийн жагсаалтад тухайн концессийг уралдаант шалгаруулалтаар, эсхүл шууд гэрээ байгуулах аргаар хэрэгжүүлэх эсэхийг тусгана” гэж зааснаас үзэхэд Засгийн газар хуулиар олгогдсон эрхийн хүрээнд “Зорчигчийн хоол бэлтгэх, зориулалт бүхий катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх” төслийг уралдаант шалгаруулалт явуулах хэлбэрээр концессийн жагсаалтад оруулсан, Үндэсний хөгжлийн газраас ч Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд уралдаант шалгаруулалтыг явуулсан нь хуульд нийцсэн төдийгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
Харин Иргэний нисэхийн ерөнхий газраас 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 06/1311, 7 дугаар сарын 27-ны өдрийн 01/2514, мөн оны 12 дугаар сарын 7-ны өдрийн А7/4130 зэрэг албан бичгээр нэхэмжлэгчийг тус концессийг хэрэгжүүлэгч болсон мэт ойлголт төрүүлснээс шалтгаалан тоног төхөөрөмж худалдан авах, туршлага судлах, гэрээ, хэлэлцээр байгуулах зэргээр бодит хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх эрхийг энэхүү шийдвэр, магадлал хязгаарлахгүй.
Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д зааснаар концессийн зүйлийн талаар судалгаа хийх, санал боловсруулах эрхийг Засгийн газар бус харин концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу одоогийн Үндэсний хөгжлийн газар эрхлэхээр зохицуулсан, иймд судалгааны талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тодруулах шаардлагагүй, шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1/6770 дугаар албан бичгийн дагуу Үндэсний хөгжлийн газраас ирүүлсэн баримтаас үзэхэд тухайлсан судалгаа хийгдээгүй, мөн энэ талаарх нотлох баримтыг хангалттай цуглуулсан эсэх нь шүүхийн шийдэлд нөлөөлөхүйц хэмжээний зөрчилд үл хамаарах бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0653 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН