Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1111

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Тунгалагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2016/2863 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Тунгалагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Ононд холбогдох

 

4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Т.Тунгалаг, түүний өмгөөлөгч С.Оюундэлгэр нарын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Оюундэлгэр

Хариуцагч: Д.Онон

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч С.Оюундэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Д.Ононд 14 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн. "Алтайсайхан" ХХК-ийн Зуун айл төв барилгын материалын дэлгүүрийн лангуу ажиллуулж байхдаа нэг лангууны барьцаа 1 000 000 төгрөг ба 3 лангууны барьцаа 3 000 000 төгрөг, 2012 оны жилийн төлбөр 6 000 000 төгрөг, 40 тонн чингэлэгийн үнэ 4 000 000 төгрөг, чингэлэгийн газрын түрээс 360 000 төгрөг, 2011 оны 11, 12 сарын лангууны түрээсийн төлбөр 360 000 төгрөг нийт 14 000 000 төгрөг өгсөн.

Миний охин Г.Ууганжаргал лангуу түрээсэлж байсан учраас би төлбөрийг төлсөн. 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр охин маань хүүхэд төрүүлсэн учраас лангуу ажиллуулж чадахгүй болж 3 лангуугаа буцааж өгөөд барьцааны 3 000 000 төгрөгөө буцааж авъя гэхэд "Алтайсайхан" ХХК-ийн захирал н.Энх-Амгаланбаатар энэ талаар мэдэхгүй, Д.Ононгоос барьцааны мөнгөө ав гэсэн. Д.Ононтой уулзахад надтай нэг эрэгтэй хүн цуг ажиллаж байсан, бид хувааж авсан би төлнө, би тэр хүнтэй өөрөө учраа олно гэсэн. Д.Онон тохирьё гээд нотариат орсон. 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн дотор 3 000 000 төгрөг өгөх, хугацаа хэтрүүлбэл хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор хэлцэл хийсэн. Д.Ононг дарамталж хэлцэл хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ цагдаа түүнийг дарамталсан бол нотариат хэлцлийг батлахгүй байсан. Д.Онон өөрөө нотариатчид хэлж бичүүлсэн тул дарамтаар хэлцэл байгуулаагүй. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги төлөхөөр Д.Онон зөвшөөрч гарын үсэг зурсан тул нийт 4 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Онон шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд тайлбартаа: 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би Т.Тунгалагаас гар дээрээ мөнгө аваагүй. 3 000 000 төгрөгийн барьцааны талаар мэдэхгүй, энэ хүн дүүтэйгээ нийлж байнга дарамталдаг байсан. Түрээсийн төлбөр надаар дамждаг байсан ч би 3 000 000 төгрөг аваагүй. Надад холбогдуулж цагдаад гомдол гаргасан байсан. Би "Алтай сайхан" ХХК-ийн "Зуун айл төв"-ийн менежерээр 2010 оны 8 сараас эхлээд одоог хүртэл ажиллаж байгаа. Т.Тунгалагаас 3 000 000 төгрөг аваагүй. Аваагүй мөнгийг төлөхгүй. Барьцаагүйгээр лангуу түрээслэдэггүй, барьцаа 1 000 000 төгрөг байдаг.

Манай байгууллага 2011оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа эхэлж бүх түрээслэгч нар орсон. Өмнө нь лангуу түрээслэж байсан хүмүүс түрээсийн гэрээ байгуулсан. Т.Тунгалагийн хувьд албан ёсны гэрээ байгуулаагүй. Түрээсийн гэрээг нэг жилийн хугацаагаар байгуулдаг, гэрээг цуцлаагүй бол нэг жилийн хугацаагаар шууд сунгагддаг. 18 дугаар лангуу өмнөх эзэмшигчийн нэр дээр байсан. Хэрвээ Т.Тунгалаг надад 3 000 000 төгрөг өгсөн бол би байгууллагын албан тушаалтан учраас баримт үйлдэх байсан. Тухайн лангууны хүн лангуу түрээслэхээ болъё гэж байгаа тул барьцаат төлбөрийг шинэ түрээслэгчид шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт бичиж манай компанид өгдөг юм. Т.Тунгалаг хэнд хэзээ хэдэн төгрөг өгсөн талаар мэдэхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Д.Онон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан боловч Т.Тунгалаг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргасны дагуу цагдаа 2 цаг гаруй хугацаанд намайг байцаасан. Тухайн үед манай охин 10 жил төгсөх болсон, ээж маань нас барсан хүнд үе байсан. Ариунаа, Т.Тунгалаг нар утсаар намайг мөнгө өгөөч гэж дарамталдаг байсан. Надаас нууцаар CD-нд бичлэг хийсэн байсан. Цагдаа намайг Т.Тунгалагтай тохиролцож гэрээ хий гэж хэлсэн тул нотариатч дээр очиж хэлцэл хийхээс өөр арга байгаагүй. Ямар шалтгаанаар нотариат дээр очиж хэлцэл байгуулсан шалтганаа тайлбарлах гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Иймд төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Хуулийн мэдлэггүйгээс хэлцэл байгуулсан гэж үзэж байгаа. Иймд хэлцлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Тунгалаг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа- Д.Онон өрөө намайг тохиролцоё гэж гуйхаар нь тухайн өдөр зуун айлын нотариат дээр уулзахаар тохирсон. Тухайн үед нотариатч Д.Ононгийн хэлсэн үгээр хэлцлийг шивж хэвлээд Д.Ононд уншуулахаар өгөхөд Д.Онон танилцаад "жич цагдаад гаргасан өргөдлөө татах" гэж нэмж бич гэж хэлээд бичүүлсэн. Ямар ч дарамт шахалт байгаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.           

            Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ононгоос нийт 3 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Тунгалагт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87 040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ононгоос улсын тэмдэгтийн хураамж 62.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Тунгалагт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Т.Тунгалаг, түүний өмгөөлөгч С.Оюундэлгэр нар давж заалдах гомдолдоо: “...Т.Тунгалаг би өөрийн төрсөн охин Г.Ууганжаргалд ажлын байр бий болгох зорилгоор "Алтайсайхан" ХХК-ний 100 айл төв барилгын материалын дэлгүүрт 3 лангуу түрээслэхээр менежер /зохион байгуулагч/ Д.Ононтой тохиролцсон. Ингээд 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Д.Ононд 1 лангууны барьцааг 1 000 000 төгрөгөөр бодож Зш лангууны барьцаанд 3 000 000 тегрөг өгч, 2011 оны 11,12 дугаар сарын түрээс 828 000 төгрөг, 2012 оны бүтэн жилийн лангууны түрээсийн төлбөрт 6 000 000 төгрөг, 40 тн чингэлэгээ 4 000 000 төгрөгөөр, 2011 оны 11, 12 сарын чингэлэгийн газрын түрээсэнд 360 000 төгрөг, нийт 14 000 000 төгрөгийг бэлнээр өөрийн дүү Т.Ариунаагийн хамт өрөөнд нь орж өгсөн.

Ингэж бэлнээр өгөхөд Д.Онон нь захирал байхгүй байна. Дараа түрээсийн гэрээ, мөнгө хүлээн авсан баримтыг тамга, тэмдэг даруулаад охин Ууганжаргалд чинь өгье гэсэн. Намайг 3 лангуугаа ажиллуулахгүй болвол барьцааны мөнгийг яах вэ гэж асуухад  "Санаа зоволтгүй дараагийн лангуу түрээслэгчээс эргүүлж өгнө" гэж хэлсэн. Охин Ууганжаргалтай гэрээг хийсэн боловч шинэчлэнэ гэж хэлээд буцаан аваад өгөөгүй. 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр охин маань хүүхэд төрүүлсэн учраас лангууг ажиллуулж чадахгүй болоод 3 лангууны түрээсийн тооцоог 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хийж дуусгаад барьцааны 3 000 000 төгрөгөө авъя гэтэл Д.Онон өгөхгүй чирэгдүүлээд байхаар нь цагдаад гомдол гаргасан. Тэгтэл Д.Онон хоёулаа нотариат дээр ороод би мөнгийг чинь төлөх талаар гэрээ хийе гэж хэлсэн. Д.Онон өөрөө намайг дагуулж ноториат дээр орж өөрөө үг, үсэггүй хэлж бичүүлэн “Төлбөр барагдуулах тухай гэрээ" гэгчийг хийсэн. Гэрээний сүүл хэсэгт нь Т.Тунгалаг цагдаад гаргасан өргөдлөө буцаан авна гэсэн өгүүлбэрийг Д.Онон өөрөө хэлж нэмэлтээр бичүүлсэн. Нэхэмжлэгч энэхүү “Төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу үндсэн мөнгө 3 000 000 төгрөг, алданги болох 1 500 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөгийг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх Д.Ононгоос 3 000 000 төгрөгийг тэмдэгтийн хураамжны мөнгийг нэхэмжлэгч Т.Тунгалагт олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэглэхгүй болгосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Төлбөр барагдуулах гэрээнд заагдсан үүргийн гүйцэтгэлийг хангахгүй байгаа тул тэрхүү үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулан шаардлага гаргасан болохоос биш түрээсийн гэрээний талаар гомдол гаргаагүй, хариуцагч Д.Онон ч түрээслээгүй, түрээслэсэн хугацааны түрээсийн төлбөр төлөөгүй гэж маргаагүй байхад шүүх намайг түрээслэгч биш гэж шийдвэрт заасан нь буруу байна. Нэхэмжлэгч би лангууны барьцаанд тавьсан 3 000 000 төгрөгийг “Төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хучингүй болгож, нэмэлт өөрчлөлт оруулахыг хүсэж гомдол гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Т.Тунгалаг нь хариуцагч Д.Ононд холбогдуулан барьцаанд өгсөн 3 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж барьцаанд өгсөн 3 000 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Хэрэгт зохигчдын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ” авагдсан байх ба шүүх тэдний хооронд үүргийн харилцаа үүсээгүй, түрээслэгч Д.Ууганжаргалын барилгын материалын лангууны барьцаанд 3 000 000 төгрөгийг түүний эх болох нэхэмжлэгч Т.Тунгалаг төлсөн гэж дүгнэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар уг мөнгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

            Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.9 дэх хэсэгт “Буцаан шаардах шаардлагад энэ хуулийн 232 дугаар зүйл хамаарахгүй” гэж заасны дагуу “Төлбөр барагдуулах гэрээ”-нд тусгагдсан барьцааны мөнгөнөөс алдангийг тооцож гаргуулах боломжгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Харин шүүх уг шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл байхгүй байгааг тогтоох хэсэгт баримтлаагүйг залруулах нь зүйтэй.

 

            Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт уг “Төлбөр барагдуулах гэрээ” нь хэлцлийн гол нөхцлийн талаар хэлэлцэн тохиролцсон, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцлийг хийсэн гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцэхгүй.

 

            Хариуцагч Д.Онон нь “Төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “уг хэлцлийг хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хийлгэсэн” гэх агуулгатай тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Т.Тунгалаг болон бусад гуравдагч этгээдийн зүгээс хариуцагч Д.Ононг хэлцэл хийлгэхээр Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь хэсэгт зааснаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2016/2863 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.Ононгоос нийт 3 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Тунгалагт олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 1 500 000 төгрөг гаргуулах, Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “Төлбөр барагдуулах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Д.Ононгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...олгосугай” гэснийг “...олгож, хариуцагч Д.Ононгоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж нэмж өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.                                                          

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.Тунгалагын төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН