Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/356

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Шүүгдэгч Х.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.От холбогдох эрүүгийн 1838008120418 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Х.О нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 00 цагийн үед Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Баянсайр гэх газраас ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 3м3 хуурай шинэс модыг хууль бусаар тээвэрлэж байгаль экологи, эдийн засагт 180.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.О нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 00 цагийн үед Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Баянсайр гэх газраас ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр 3м3 хуурай шинэс модыг хууль бусаар тээвэрлэж байгаль экологи, эдийн засагт 180.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Алаг-Эрдэнэ сумын байгаль хамгаалагчаас 3м3 мод бэлтгэх, зөөвөрлөх, гарал үүслийн гэрчилгээ авсан. Бэлтгэсэн модоо тээвэрлэх гэсэн боловч машины тос масло холилдож тэрийгээ янзалж байтал цас ороод 10 дугаар сарын 23-ны шөнө Мөрөн суманд орж ирээд цагдаад баригдсан. Би экологи эдийн засгийн үнэлгээ 180.000 төгрөгийг төлсөн....Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

      Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 4-6 дугаар хуудас/,

      Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /ХХ-ийн 8-10 дугаар хуудас/,

      Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /ХХ-ийн 12 дугаар хуудас/,

      Хохирогч Ө.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дүгнэлттэй танилцлаа, ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Экологи эдийн засгийн үнэлгээний мөнгийг орон нутгийн орлогын дансанд хийнэ...Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны  өдрийн дүгнэлтэд:

  1. Иргэн Х.Оын бэлтгэсэн модыг хэмжихэд 112-30 см-ийн диаметртай,    3 м3  хэмжээтэй, түлшний зориулалтаар тайрч бэлтгэсэн хуурай шинэс мод болох нь тогтоогдов.
  2. Иргэн Х.Оын бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 180.000 төгрөг.
  3. Иргэн Х.Оын бэлтгэж тээвэрлэхдээ авсан гэх 026764 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг нь БОНХСайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/153 тоот тушаалын 3 дугаар хавсаралтаар баталсан “Мод бэлтгэх эрхийн бичиг”-ийн загвар мөнх хэдийч уг журмын 1 дүгээр хавсралтын 6.6 дахь хэсэгт заасан...хугацаа хэтэрсэн гэсэн заалтыг зөрчсөн байна...гэх дүгнэлт /ХХ-ийн 25-27 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 31 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838008120418 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Х.О нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 42 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Х.О нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Ө.Чулуунбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838008120418 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3м3 модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн ... улсын дугаартай Зил-130 маркийн машиныг  битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Х.Огарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  3 м3 модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ... улсын дугаартай Зил-130 маркийн машиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

     5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР