| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 135/2022/01945/и |
| Дугаар | 209/МА2023/00026 |
| Огноо | 2023-03-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 209/МА2023/00026
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 107 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Тариалангийн хохирол 31,681,250 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“*******” ХХК нь 2022 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг 2 дугаар багийн Хаалгач буюу 52 дугаар тоочигт 1116 га газар улаан буудай тариалсан. Тариан талбайг тусгайлан харуул манаач гарган ажилладаг.
2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр тариан талбай луу адуу орсон гэх мэдээллийг харуулаас авч очсон. Очиход тариалалтын явц боловсорч хураах шатандаа орсон үед иргэн ******* нь адуугаа тариан талбайд оруулан тариа идүүлэх, тариа налуулах зэргээр их хэмжээний хохирол учруулсан байсан.
Манай харуулууд *******тэй уулзаад *******гийн мал мөн гэдгийг тохирсон байсан. Дараа нь би очиж танай адуу энэ хашаанд хашигдсан байна уу гэдгийг асуусан. Тэгсэн нийт 7 тооны адуу байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Маргааш нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын захирамжаар комисс ирж акт тогтоосон. Акт тогтоосон өдөр ******* өөрөө ирээгүй. Багийн дарга ******* утсаар холбогдоход өөрсдөө хадлан тариа авч байна, ирэх боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн.
Иймд хуулийн дагуу Хонгор сумын Засаг даргын Тамгын газраас гаргасан комиссын дүгнэлтийн дагуу тогтоосон нийт 4 айлын 144,000,000 төгрөгийн хохирол гарсан. 4 айлдаа хохирол төлбөрийг хуваагаад *******д 7 адууны тоогоор 31,681,250 төгрөг гарсныг гаргуулж өгнө үү гэжээ.
2022 оны 9 сард манай 7 тооны адуу тэр хавийн айлуудын адуунуудтай нийлж дээрх компанийн тариан талбайд орсон байсныг хашсан байсан. Ингээд би талбайн манаачтай нь очиж уулзаад зохих торгуулийг нь төлөөд адуугаа авъя гэхэд манаач нь захиралтай уулз гэсэн. Захиралтай мөн тэр өдөртөө уулзахад адууг чинь гаргаж өгөхгүй, шүүхээр явна гээд адууг маань өгөөгүй.
Манай азаргатай адуу моринуудаа хазаад байхаар нь 7 морио хашааны гадна гаргаад үлдээсэн. Гэтэл айлын адуу дагаж яваад тариан талбайд орсон байна.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь Хонгор сумын Засаг даргын Тамгын газраас комиссын дүгнэлт гаргасан гэсэн боловч тэр үед танай адуу тариалангийн талбайг ийм болгож гээд акт тогтоосон болон намайг байлцуулсан асуудал огт байхгүй. Хэдийд ямар акт дүгнэлт гаргаснаа ч танилцуулаагүй. Тэгээд ч манай 7 адуу тийм их тариа идэж налуулсан гэхэд итгэхгүй байна. Их хэмжээний тариаг удаан хугацаанд идвэл адуу тээрч үхдэг. Тэгэхээр 31,681,250 төгрөгийн хохирол учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэг удаа 7 адуугаа хашуулснаас өөрөөр удаа дараа талбайд орж хашигдсан зүйл ч байхгүй. Иймд нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Уг нь тариан талбай заавал хашаатай байх ёстой атал энэ яриад байгаа талбай нь ямар нэг хашаа, тор байгаагүй. Уг нь улсаас тариан талбайг заавал тор татаж хашаал гэсэн шаардлага тавьдаг. Гэтэл хашаагүй талбайд адуу орсон гээд байгаа нь үндэс муутай гэж ойлгож байна.
Шүүх дээр намайг дуудахад миний овог, нэр, оршин суугаа газрын хаяг гээд бүгдийг нь буруу бичсэн байсан гэжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар хариуцагч *******гээс 3,168,125 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх 28,513,125 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316,356 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 65,640 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
4.1 Хариуцагч *******н адууг хашсан эсэх нь тодорхойгүй, хашигдсан адуунуудын дотор *******н адуу байхгүй, тамга нь ч тохирохгүй байснаас 7 адуу тариалангийн талбайд орсон эсэх нь нотлогдоогүй.
4.2 Тариалангийн талбайд адуу орсны маргааш Хонгор сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан комисс ирж акт тогтоосон байдаг боловч уг актыг тогтоохдоо хашигдсан гэх малын эзнийг оролцуулаагүйгээс гадна акт тогтоосон тухайгаа огт танилцуулаагүй. Акт гаргасныг шүүх дээр ирж мэдсэн.
4.3 Комисс акт тогтоохдоо Хүнс хөдөө аж ахуй, Худалдаа үйлдвэрийн сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Сангийн сайд нарын хамтарсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өрийн А-136, А-156, А-210 дугаар тушаалуудаар батлагдсан Аргачлалыг зөрчиж буруу тооцооллоор хохирлыг тооцсон. Дээрх хамтарсан тушаалын батлагдсан аргачлалаар бодсон байдлыг харахад уг тушаалын 2.2, 3.5, 3.6, 3.9, 3.9.2, 3.9.3, 3.9.4 гэснийг огт хэрэгжүүлээгүй шалгаагүй, энэ талаар нотлох баримт ч байхгүй.
4.4 Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай тогтоолд дурдсанаар “газар тариалангийн бүс тогтоох нутгийг зарласнаар малчдыг тухайн бус нутгаас гаргах эсэхээ шийдэж тариалангийн бүс нутгаа тогтоогоод эхлээд хашаажуулах ёстой байна”, мөн Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “газрын нэгдсэн санд бүртгэгдсэн тариалангийн газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тариалангийн зориулалтаар гэрээний үндсэн дээр эзэмшиж ашиглана” гэжээ гэтэл иргэдээс гэм хорын их хэмжээний хохирол нэхэмжилсэн нэхэмжлэгч нь дээрх хуулийн заалтыг огт хэрэгжүүлээгүй. Хэдэн га газарт хэчнээн хэмжээний тариа тариад ургац хурааж хаана тушаасан нь тодорхойгүй байж өөрсдийн амаар хэлсэн тоогоор хохирлыг тооцож иргэдэд хуваасан байдлаар төлбөр гаргуулж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
3. Нэхэмжлэгч “*******” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ “манай компани Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт 1130 га газар тариа тарьсан. 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр тариан талбай руу адуу орсон гэх мэдээлэл ирсэн. Хашаанд хашигдсан адуунууд дотор “танай адуу байна уу” гэж *******гээс асуухад “манай 7 адуу байна” гэж хүлээн зөвшөөрсөн. Сумын Засаг даргын захирамжаар батлагдсан комисс акт тогтоож нийт 4 айлын 144,000,000 төгрөгийн хохирол тогтоогдсон. Хохирлыг 4 айлд хуваагаад *******гээс 31,681,250 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч ******* нь татгалзлын үндэслэлээ “миний адууг хүлээлгэж өгөөгүй, хүлээлгэж өгсөн бол энэ хохирлыг хүлээн зөвшөөрөх байсан. Одоо нэхэмжилж байгаа 31,681,250 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж маргажээ.
4. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улаан буудай тариалсан тариан талбайд 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч ******* болон нэр бүхий иргэдийн адуу орж тариа унагаж, гишгэж, талхалж налуулсны улмаас 120,8 га талбайгаас ургац хураан авах боломжгүй болгосон нь зохичгийн тайлбар, гэрч *******, нарын мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн хохирол тогтоосон дүгнэлт зэргээр нотлогдсон гэж үзсэн. Мөн хариуцагч нь малаа байнгын хариулга маллагаанд байлгахыг малчид болон мал бүхий иргэдэд үүрэг болгосон, нэхэмжлэгч нь тариалангийн талбайгаа хашаажуулж байнгын харуул хамгаалалттай болгох арга хэмжээ авч ажиллахыг тус тус үүрэг болгосон Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 79 дугаартай захирамжийг зөрчсөн, хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагчаас гэм хорын хохиролд 3,168,125 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 28,513,125 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 79 дугаартай захирамж хэрэгт нотлох баримтаар авагдаагүй хэдий ч нэхэмжлэгч, хариуцагч нар нь Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйл, 24 дүгээр зүйлд заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна.
5. Хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь давж заалдах гомдолдоо “...хариуцагч *******гийн адууг хашсан эсэх нь тодорхойгүй, хашигдсан адуунуудын дотор *******н адуу байхгүй, тамга нь ч тохирохгүй байснаас 7 адуу тариалангийн талбайд орсон эсэх нь нотлогдоогүй.
Тариалангийн талбайд адуу орсны маргааш Хонгор сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан комисс ирж акт тогтоосон байдаг боловч уг актыг тогтоохдоо хашигдсан гэх малын эзнийг оролцуулаагүйгээс гадна акт тогтоосон тухайгаа огт танилцуулаагүй. Акт гаргасныг шүүх дээр ирж мэдсэн.
Комисс акт тогтоохдоо Хүнс хөдөө аж ахуй, Худалдаа үйлдвэрийн сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Сангийн сайд нарын хамтарсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өрийн А-136, А-156, А-210 дугаар тушаалуудаар батлагдсан Аргачлалыг зөрчиж буруу тооцооллоор хохирлыг тооцсон. Дээрх хамтарсан тушаалын батлагдсан аргачлалаар бодсон байдлыг харахад уг тушаалын 2.2, 3.5, 3.6, 3.9, 3.9.2, 3.9.3, 3.9.4 гэснийг огт хэрэгжүүлээгүй шалгаагүй, энэ талаар нотлох баримт ч байхгүй.
Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай тогтоолд дурдсанаар “газар тариалангийн бүс тогтоох нутгийг зарласнаар малчдыг тухайн бус нутгаас гаргах эсэхээ шийдэж тариалангийн бүс нутгаа тогтоогоод эхлээд хашаажуулах ёстой байна.”, мөн Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “газрын нэгдсэн санд бүртгэгдсэн тариалангийн газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тариалангийн зориулалтаар гэрээний үндсэн дээр эзэмшиж ашиглана” гэжээ гэтэл иргэдээс гэм хорын их хэмжээний хохирол нэхэмжилсэн нэхэмжлэгч нь дээрх хуулийн заалтыг огт хэрэгжүүлээгүй. Хэдэн га газарт хэчнээн хэмжээний тариа тариад ургац хурааж хаана тушаасан нь тодорхойгүй байж өөрсдийн амаар хэлсэн тоогоор хохирлыг тооцож иргэдэд хуваасан байдлаар төлбөр гаргуулж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Хэргийн үйл баримт болон талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтууд зэргээс хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* нарын “... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Үүнд:
6.1 “...хариуцагч *******гийн 7 тооны адуу нэхэмжлэгч компанийн тариан талбайд орсон, хашигдсан гэдэг нь хариуцагч *******гийн шүүхэд өгсөн “...2022 оны 9 сард манай 7 тооны адуу тэр хавийн айлуудын адуунуудтай нийлж дээрх компанийн тариан талбайд орсон байсныг хашсан байсан” гэх тайлбар, гэрч ын “...******* манай адуу мөн байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон. /хх-ийн 35, 47/
6.2 Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өрийн А-136, А-156, А-210 дугаар тушаалаар баталсан “Тариалангийн талбайд мал тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирол тооцох аргачлал”-ын дагуу хохирлыг тогтоосон байх ба тус аргачлалын 4.2-т “дүгнэлтийг талууд эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд хандах эрхтэй” гэж заасан. Хариуцагч тал уг дүгнэлтийг эс зөвшөөрч байгаа талаар шүүхэд тайлбар гаргаж байгаа боловч дүгнэлтийн үндэслэлийг хянуулах эрхээ хэрэгжүүлээгүй байна.
6.3 Нэхэмжлэгч тал дээрх аргачлалын дагуу гаргасан дүгнэлтийг үндэслэн хохирлыг нэхэмжилсэн нь ажлын хэсгийг дүгнэлтээр тогтоогдсон байх ба “өөрсдийн амаар хэлсэн тоогоор хохирлыг тооцож иргэдэд хуваасан байдлаар төлбөр гаргуулж байгаа нь үндэслэлгүй” гэх хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг үгүйсгэж байна. Түүнчлэн зохигчид тариалангийн газрын эзэмшил, ашиглалт болон тариан талбайд тариалсан ургацын хэр хэмжээний талаар маргаагүй тул Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 131 дүгээр тогтоол, Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй байна.
7. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагч ******* буруугүй байна гэсэн дүгнэлт гаргасан боловч шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд уг гэм хорын хохирол гарахад нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь буруутай байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,640 /жаран таван мянга зургаан зуун дөч/ төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА
Г.МЯГМАРСҮРЭН