Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 538

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Г.Эсэн, шинжээч Т.Э, хохирогч Б.Э, түүний өмгөөлөгч П.Еркебулан, шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Цэцэнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810002840243 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Биологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 00000000000000000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ш.Б /РД: 00000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ш.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” эмнэлэгт 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Эыг зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шинжээч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Б.Э: “...Би “Г” эмнэлэгт 2018 оны 01 дүгээр сарын 10-наас 16-ны хооронд хэвтэн эмчлүүлж байгаад 01 дүгээр сарын 16-ны орой гэртээ очиж хоночихоод эмчилгээний тооцоогоо гээд “Г” эмнэлэгт 13 цаг өнгөрөөж очоод ...6 давхарт гарахад сувилагчийн ахлагч А.О гэдэг хүн цайндаа орсон байхаар нь ирэхийг нь хүлээж байсан. Гэтэл Ш.Б гарч ирээд сайн байна уу гээд намайг далласан. Ш.Б надтай таарахдаа үргэлж айлгасан, дарамталсан ааш зан гаргадаг тул би очихгүй гэж бодож байсан боловч даллаад байхаар нь очсон. Өрөөнд нь ороод улс төрийн яриа яригдсан бөгөөд З аймгийн намын байгууллагын даргын сонгуульд чи өрсөлдөх үү гэж асуухад нь би өрсөлдөнө гэхэд Ш.Б би бас өрсөлдөнө гэсэн. Цаашлаад 2020 оны сонгуулийн талаар ярилцсан бөгөөд намайг чи яагаад миний өөдөөс сөрж байдаг юм, чамайг яавал ч яана гээд миний хамар руу цохиод заамдаж аваад өрөөний баруун хана руу шахахад миний өмсөж явсан гадуур хувцас хөөрч миний харах орчин хязгаарлагдсан. Тэр үед Ш.Б намайг хүчтэй хавирахад нь би хоёр гараараа тулж унасан бөгөөд нэг гараараа толгой дээрээс дарж шал руу мөргүүлж хойш нь өөр дээрээ татаад гарны шуу хэсгээр намайг боож байгаад тавихад нь би хаалга онгойлгох гээд онгойлгож чадахгүй сандараад байж байхад Ш.Б араас ирээд намайг барьж аваад намайг өрөөндөө оруулах гээд татсан. Коридорт гарч ирээд чиний бүдүүн гэдсийг хагалж баасыг чинь гоожуулна, чамайг ална гэж хэлээд дахиад хөлөөрөө хавирсан. Би хана түшиж тогтсон. Сувилагч хамгаалагч дуудах гээд явах үед Ш.Б намайг тавьсан. Би 7 давхарт гараад өөрийнхөө зургийг дараад сувилагч А.О-д би зодуулчихлаа гэж хэлсэн. ...Нийт 438.000 төгрөгийг нэхэмжилнэ, гомдолтой байна...” гэв.

 

Шинжээч Т.Э: “...Хохирогчийн биед учирсан хамар зулгаралт, дээд уруулын цус хуралт гэмтэл нь нүдэнд ил харагдаж байсан. Гэмтлийн хэмжээ нь биеийн нийт хэсгийн 1 хувьд хүрэхгүй байсан. Тухайн хүний зовиур, өөрийн үзлэг, томографийн шинжилгээнд үндэслэж тархи доргилт  гэж оношилсон. Тархины бор, цагаан эдийн ялгарал буурч бага зэрэг хавагнасан гэдэг нь тархи доргилтын үндсэн шинж тэмдэг юм. Хохирогчид учирсан гэмтлүүдээс тархи доргилт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хамрын гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, намайг үзлэг хийх үед дух, толгой хэсэгт хаван, хавдар байгаагүй, нүдний алимны чичирхийлэлт, дагзны булчингийн хөшинг, сентомаз зэрэг шинжүүд илэрсэн төдийгүй Натур эмнэлгийн томографийн шинжилгээ, миний өөрийн хохирогчийн биед хийсэн үзлэг, зовиур зэргийг үндэслэж тархи доргилт гэсэн онош тогтоосон...” гэв.

 

Шүүгдэгч Ш.Б: “...Тухайн өдөр би Г эмнэлэгт сувилуулахаар хэвтсэн байсан, бүтэн наркозонд орж шинжилгээ хийлгэчихээд өрөөндөө орж ирээд гар нүүрээ угаачихаад коридорт гарахад Б.Э хүнтэй уулзана гээд тэнд зогсож байсан. Б.Этой мэнд мэдээд түүнийг дуудсан. Б.Э бид хоёр нэг намын, нэг нутгийн найзууд бөгөөд өрөөнд орж ирээд намын талаар ярилцаж байгаад маргалдсан. Б.Э миний орон дээр миний хөл хэсэгт сууж байснаа босохдоо миний уян зүү хийсэн байсан гар дээр дарж боссон. Бид хоёр бие биенээ заамдаж авснаас өөрөөр зодолдоогүй, би Б.Эыг цохиж зодоогүй, тийм зүйл болоогүй. Бид хоёрын хооронд урьд өмнө өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Тухайн үед хоорондоо ярилцаад шийдсэн бол төрийн байгууллагыг хүндрүүлж ийм зүйл болохгүй байсан...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 13 цагийн үед “Г” эмнэлгийн ...зургаан давхарт сувилагчийн пост хэсэгт очиход, нэг сувилагч “Цайндаа орсон байна, та түр хүлээж бай” гэж  хэлсэн. Тэгээд хүлээж байхад цаад булангаас нэг эрэгтэй хүн нэрээр дуудаад, би яваад очиход Ш.Б гэх хүн эмнэлгийн хувцастай байсан бөгөөд намайг өрөөндөө оруулаад, өөрөө орон дээрээ суусан. Би түүний хөлний хэсэгт суугаад ойр зуурын зүйл ярилцсан. Ш.Б “би повербилдингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орох гээд бэлтгэлд гарсан байгаа” гэж хэлсэн мөн нутгынхаа тухай ярилцсан. Гэнэт Ш.Б “Би чамайг яавал яана” гэж хэлээд миний нүүр хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд намайг заамдаад, хар куртикны захаар толгой ороогоод хана руу шахсан. Би хойшоо ухрахад, намайг зүүн тал руу баруун хөлөөрөө хавирч унагаагаад, миний куртикийг толгой дээгүүр нөмөргөөд, доошоо дарсан. Би гараараа тулж, дөрөв хөллөөд унасан ба дахин дээрээс дараад толгойгоор шал мөргүүлсэн, куртикний завсар хэсгээр Ш.Бгийн хөл харагдсан. Түүний хөлийг барьж авахад миний ард гараад зүүн гараараа боож, өөрлүүгээ татаж хоёр хөлөөрөө ороогоод боосон. Боолт нь орох гэж байх үед нь би хөдөлгөөнөө хязгаарлаад хөдлөхөө больсон. Тэр үед Ш.Б гэнэт гараа тавихаар нь би шууд босоод хаалга руу гүйн хаалга онгойлгох үед араас ирээд дахин заамдаж авсан. Би хаалгаар гарахдаа хойшоо ухраад гарсан. Тэр үед намайг заамдаад, өөрийнхөө өрөө рүү оруулах гэхээр нь би орохгүйн тулд ухарсан. Ш.Б заамдсан хэвээрээ байсан бөгөөд би Ш.Бгийн үйлдлийг зогсоох гээд заамдсан гарыг нь тавиулах гэж гарын бугуй хэсгээс нь бариад гарыг нь тавиулах гээд чадахгүй байсан. Ханатай ойрхон байсан тул хавираад унагаах гэхэд нь би хана түшээд унаагүй. Тэгэхэд цаанаас сувилагч ирээд “настай хүмүүс байж юу болоод байна, яаж байна, тавиачээ” гэж хэлсэн бөгөөд “хамгаалагч дуудлаа” гээд гүйсэн тэгэхэд Ш.Б “би чамайг яавал яана, би чиний том гэдсийг цоолж баасыг чинь гойжуулна” гэж хэлээд цохих гээд далайгаад байсан. Ш.Б гарандаа уян зүүтэй харагдсан. Намайг цохих гээд байхаар нь би гарыг нь хаагаад хамгаалсан. Намайг тавихаар нь би тэр хүнээс холдоод 7 давхарын сувилагчийн пост хэсэг рүү очиход миний уулзах гэсэн О гэх нэртэй сувилагч ирсэн байсан...” /хх-ийн 54-58/ гэсэн,

 

Гэрч А.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр намайг долоон давхарын текний ард сууж байхад Б.Э гэх эмнэлгээс гарсан өвчтөн ирээд “лист авах хэрэгтэй байна” гэсэн. Тэр амьсгаадсан байсан бөгөөд би түүнд хандаж “лифтээр гарч ирэхгүй яасан юм бэ” гэж хэлсэн. Б.Э “би дээр нэг хүнтэй таараад маргаан боллоо” гэж хэлсэн тэгээд “хувцасаа ураагүй байгаа” гээд хувцсаа харсан. Тэр хүний нүүрэнд ямар нэгэн тод шарх, сорив нүдэнд тусахаар зүйл анзаарагдаагүй...” /хх-ийн 85-86/ гэсэн,

 

Гэрч А.Э мөрдөн шалган ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ...608 тоот өрөөнд эмчилгээ хийж байхад гэнэт коридорт хоёр эрэгтэй хүн чанга орилоод хэрэлдээд байх шиг болохоор нь би гарч харахад хоёр хүн заамдалцаж байсан. Би “хөөе болиочээ” гээд тэр хоёр хүн рүү гүйгээд очиход салахгүй байхаар нь дотуур утсаараа хамгаалагч руу залгаад зургаан давхарт хүмүүс зодолдож байна гэж хэлсэн. Тэгээд эргээд хартал нөгөө 2 эрэгтэй хүн салаад гадуур хувцастай хүн нь гараад явсан. Харин 604 дугаартай өрөөнд хэвтэж байсан хүнийг буцааж өрөөнд нь оруулаад, 608 дугаартай өрөөнд орж эмчилгээгээ үргэлжлүүлсэн...” /хх-ийн 12-13/ гэсэн,

 

Гэрч Ж.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Ш.Бгийн эмч нь байсан ба 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр эмнэлэгт хэвтсэн. 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өглөө 10 цаг 44 минутанаас 11 цаг 05 минутын хооронд унтуулгатай шилжилгээнд орсон байна. Энэ талаар тодорхой зүйлийг Э эмч мэднэ. ...Эмнэлэг маань хэвтэн эмчлүүлэгч нартаа уян зүү тавьж эмчилгээг хийдэг, аль гарт нь тавьсан талаар сайн мэдэхгүй байна...” /хх-ийн 72/ гэсэн,

 

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр Ш.Б нь ходоод болон бүдүүн шулуун гэдсээ дурандуулах үед нь амбулторын мэдээгүйжүүлэлт хийсэн... Ш.Бгийн өвчний түүх дээр хийгдсэн бүх үйл явцыг бүрэн тэмдэглэсэн. Анх 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ...12 цаг 10 минутад бүрэн ухаантайгаар орчинтой харьцах бүрэн чадвартай, мэдээгүйжүүлэлтээс бүрэн сэргэсэн хүнийг хүлээлгэж өгсөн...” /хх-ийн 89-90/ гэсэн,

 

Шүүгдэгч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Б.Э гэх хүний хамрын хэсэгт цохиогүй тухайн хүн надаас том биетэй махлаг дээр нь гуталтай байсан ба би хөл нүцгэн байсан мөн гартаа би наркозны бүдүүн зүү хийлгэсэн наркозноос дөнгөж гарч ирсэн байсан болохоор эмч намайг унаж болзошгүй өрөөндөө ороод шууд хэвтэнэ шүү гэж байсан намайг наркозны түрдэг тэргэн дээр суулгаад өрөөнд авчирсан...” /хх-ийн 98-100/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №1620 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Эын биед тархи доргилт, хамар, уруул орчимд цус хуралт баруун, зүүн мөрний үе зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашинд хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт,

 

            - Шүүгдэгч Ш.Бгийн өвчний түүх /хх-ийн 73-82/,

            - Хохирогч Б.Эын өвчний түүх /хх-ийн 60-71/,

            - Сиди-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 91/,

            -  Хохирлын баримтууд /хх-ийн 93-94/,

- Шүүгдэгч Ш.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 23-27, 29-36, 79-80, 116/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ш.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Ш.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” эмнэлэгт 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.Эыг зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар, уруул орчимд цус хуралт баруун, зүүн мөрний үе зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Эын “...Би сувилагчийг хүлээж байхад цаад булангаас нэг эрэгтэй хүн намайг нэрээр дуудаад очиход Ш.Б гэх хүн эмнэлгийн хувцастай байсан, намайг өрөөндөө оруулаад, өөрөө орон дээрээ суусан. ...Гэнэт Ш.Б “Би чамайг яав л яана” гэж хэлээд миний нүүр хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд намайг заамдаад, хар куртикны захаар толгой ороогоод хана руу шахсан. Би хойшоо ухрахад, намайг зүүн тал руу баруун хөлөөрөө хавирч унагаагаад, миний куртикийг толгой дээгүүр нөмөргөөд, доошоо дарсан. Би гараараа тулж, дөрөв хөллөөд унасан ба дахин дээрээс дараад толгойгоор шал мөргүүлсэн, куртикний завсараар Ш.Бгийн хөл харагдсан. Түүний хөлийг барьж авахад миний ард гараад зүүн гараараа хоолой боож, өөр лүүгээ татаж хоёр хөлөөрөө намайг ороогоод боосон. Боолт нь орох гэж байх үед нь би хөдөлгөөнөө хязгаарлаад хөдлөхөө больсон. Тэр үед Ш.Б гэнэт гараа тавихаар нь би шууд босоод хаалга руу гүйн хаалга онгойлгох үед араас ирээд дахин заамдаж авсан. Би хаалгаар гарахдаа хойшоо ухраад гарсан. Тэр үед намайг заамдаад, өөрийнхөө өрөө рүү оруулах гэхээр нь би орохгүйн тулд ухарсан. Ш.Б заамдсан хэвээрээ байсан бөгөөд би Ш.Бгийн үйлдлийг зогсоох гээд заамдсан гарыг нь тавиулах гэж гарын бугуй хэсгээс нь бариад гарыг нь тавиулах гээд чадахгүй байсан. Ханатай ойрхон байсан тул хавираад унагаах гэхэд нь би хана түшээд унаагүй...” /хх-ийн 54-58/ гэсэн, гэрч А.О-ын “...Намайг долоон давхарын текний ард сууж байхад Б.Э гэх эмнэлгээс гарсан өвчтөн ирээд “лист авах хэрэгтэй байна” гэсэн. Тэр амьсгаадсан байсан бөгөөд би түүнд хандаж “лифтээр гарч ирэхгүй яасан юм бэ” гэж хэлсэн. Б.Э “би дээр нэг хүнтэй таараад маргаан боллоо” гэж хэлсэн тэгээд “хувцасаа ураагүй байгаа” гээд хувцсаа харсан. Тэр хүний нүүрэнд ямар нэгэн тод шарх, сорив нүдэнд тусахаар зүйл анзаарагдаагүй...” /хх-ийн 85-86/ гэсэн, гэрч А.Эийн “...2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ...608 тоот өрөөнд эмчилгээ хийж байхад гэнэт коридорт хоёр эрэгтэй хүн чанга орилоод хэрэлдээд байх шиг болохоор нь би гарч харахад хоёр хүн заамдалцсан байсан. Би “хөөе болиочээ” гээд тэр хоёр хүн рүү гүйгээд очиход салахгүй байхаар нь дотуур утсаараа хамгаалагч руу залгаад зургаан давхарт хүмүүс зодолдож байна гэж хэлсэн. Тэгээд эргээд хартал нөгөө 2 эрэгтэй хүн салаад гадуур хувцастай хүн нь гараад явсан…” /хх-ийн 12-13/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №1620 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Эын биед тархи доргилт, хамар, уруул орчимд цус хуралт баруун, зүүн мөрний үе зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 16/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж цуглуулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд өөр хоорондоо эрс зөрүүтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 Учир нь хэрэг гарах үед хохирогч, шүүгдэгч нараас өөр хүн байгаагүй, тэдний мэдүүлэг зөрүүтэй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, хэргийн талаар зөрүүтэй мэдүүлснийг буруутгах үндэслэлгүй.

Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүйн дээр түүний мэдүүлэг нь шинжээчийн 2018 оны 1620 дугаартай дүгнэлт, гэрч А.О-ын “..Б.Э би дээр нэг хүнтэй таараад маргаан боллоо гэж хэлсэн, тэгээд хувцасаа ураагүй байгаа хувцасаа харсан...” гэсэн, гэрч А.Эийн “...гэнэт коридорт хоёр эрэгтэй хүн чанга орилоод хэрэлдээд байх шиг болохоор нь гарч харахад хоёр хүн заамдалцсан байсан. Би хүүе ээ, болиоч гэхэд тэр хоёр салахгүй байхаар нь дотуур утсаараа хамгаалагч руу залгаж хэлсэн...” гэсэн мэдүүлгүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдааны явцад үзлэг хийсэн камерийн бичлэг зэрэг баримтаар давхар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ш.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эын эрүүл мэндэд тархи доргилт, хамар, уруул орчимд цус хуралт баруун, зүүн мөрний үе зөөлөн эдийн няцрал  бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой 438,000 төгрөг нэхэмжилсэн /хх-ийн 93-94/, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирол төлөгдөөгүй байх тул гэм буруутай Ш.Бгаас гаргуулж хохирогч Б.Эод олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ш.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүх, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэж, тодорхой хэмжээний цалин хөлс олдог талаарх баримтгүй, өөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг ойлгоогүй, гэмшээгүй зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнд хуульд зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810002840243 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Ш.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ш.Бд оногдуулсан 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б /РД: 0000000000, Баянгол дүүргийн 000000000000000000000 оршин суух хаягтай/-гаас 438,000 /дөрвөн зуун гучин найм/  төгрөг гаргуулж,  хохирогч Б.Э /РД: 000000000000, Сүхбаатар дүүрэг, 000000000000000000000000000 тоотод оршин суух хаягтай/-д олгосугай.

6. Эрүүгийн 1810002840243 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР