Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 209/МА2023/00028

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Я.Туул, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  01 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох  

Нэхэмжлэлийн шаардлага: “Өвсний үнэнд илүү төлсөн 6,000,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч *******тэй өвс худалдаж авахаар тохиролцож 1 боодол өвсийг тээврийн хөлс ороод 6000 төгрөгийн үнээр, нийт 3000 боодол өвсийг 18,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож 18,000,000 төгрөгийг *******гийн дансанд шилжүүлсэн.

 Гэтэл өвсөө хүлээн авахад ашиглах боломжтой өвс 2000 боодол, үлдэгдэл 1000 боодол өвсийг ашиглах боломжгүй дутуу өгсөн. Ингээд 2000 боодол өвсийг 6000 төгрөгөөр тооцож нийт 12,000,000 төгрөг болоод үлдэгдэл өвсөө авъя гэхээр өгөх боломжгүй гэсэн тул үлдэгдэл 6,000,000 төгрөгийг буцааж өгөхөөр тохиролцсон. 2020 оны намраас хойш олон удаа үлдэгдэл мөнгөө шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд 3000 боодол өвснөөс 1000 боодол өвсийг шилжүүлээгүй байгаа тул илүү төлсөн 6,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч *******тай харилцан тохиролцож 6,000,000 төгрөг буцааж өгөх талаар тохиролцсон зүйл байхгүй. Тухайн үед чанарын шаардлага хангасан өвсийг тоо ёсоор нь тухай үед өгсөн.

******* нь 9 сард миний хадаж бэлтгэсэн өвсийг хараад авъя гэснээр бид анх танилцсан. Ингээд бүх зардлыг оруулж 3000 боодол өвсийг нэг боодлын үнийг 6000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгт багтааж тооцож авна гэхэд нь тээврийн зардал, ачилтын зардал их гаргана 3000 боодол өвсийг 18,000,000 төгрөгөөр тооцож өгч чадахгүй гэж хэлсэн. Гэтэл ******* нь 18,000,000 төгрөгтөө тээврийн зардал, ачилтын зардлыг оролцуулаад 2200 боодол өвс бэлтгүүлье гээд амаар тохиролцсон. Ингээд ******* нь 18,000,000 төгрөгөө 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн.

Бэлтгэсэн өвсний тээвэрлэлтийг хөлсийг ******* жолоочтой тохиролцож 1 боодол өвсийг 1500 төгрөгөөр тооцож нийт 3,480,000 төгрөг, ачилт буулгалтын хөлсийг ******* гэх хүнтэй тохиролцож 1 боодол өвсийг 150 төгрөгөөр тооцож 1,230,000 төгрөг, өвсний нийт үнэ 13,920,000 төгрөг болсныг *******тай тухай бүр ярьж ажил болон төлбөр тооцоо дууссан.Гэтэл ******* бэлтгүүлсэн өвсөө аваад 8 сар гарангын дараа над руу залгаад өвснөөс ашиг гаргаж чадаагүй, 6,000,000 төгрөг өчих гэхэд би зөвшөөрөөгүй.

Иймд бидний хоорондын тооцоо дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч *******гээс 6,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 110,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

******* нь 2020 оны 10 дугаар сард 18,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед тээврийн зардлыг ******* нь өөрөө хариуцахаар тохиролцсон. Сарантуяагийн шилжүүлсэн 18,000,000 төгрөгөөс тээврийн зардалд Ц.*******т 2 удаа 850 боодол нийт 1750 боодол өвсийг 2,500,000 төгрөгөөр, ачилт буулгалтын хөлс А.*******ад 1,200,000 төгрөг, өөрийн машинаараа 1 удаа тухай өвснөөс тээвэрлэсэн болон хүргэлтийн зардалд нийт 3,700,000 төгрөгийг *******гийн шилжүүлсэн 18,000,000 төгрөгөөс зарцуулсан.

Үлдсэн 14,300,000 төгрөгийн тооцоонд 1 боодол өвсийг 6000 төгрөгөөр тооцож 2500 боодол өвс бэлтгэж, хүргэж очиход ******* нь древеньд айл зааж өгөөд бид тэнд нь буулгасан.

Ажил хийж хүргэж өгсөн учраас тээврийн болон ачилтын зардлыг нэхэмжлэгчийн өгсөн мөнгөнөөс зарцуулсан, уг зарцуулсан мөнгөн дээр нэхэмжлэгч маргаагүй зөвшөөрч байгаа хэрнээ надаас 6,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх 50 ширхэг өвс боодолгүй гэж дүгнэн төлбөр гаргуулсан нь ойлгомжгүй. Өвсийг буулгах болон буулгасны дараа ч 50 ширхэг өвсний боодол дээр маргаан гараагүй, мөн буцааж өгөөгүй ашигласан байтлаа тухайн үед байгаагүй гэж байгаа нь үндэслэлгүй. 1000 боодол өвс дутуу гээд нэг боодол өвсийг 6000 төгрөгөөр тооцсон байх бөгөөд ямар учраас тээврийн зардал, ачилтын хөлсөө тооцохгүй байгаа нь ойлгомжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гийн  гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулж, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өвс худалдаж авахаар шилжүүлсэн 18,000,000 төгрөгийн үлдэгдэл 6,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч ******* нэхэмжлэгчид 2200 боодол өвс нийлүүлсэн, тээврийн болон ачилтын зардлыг өгсөн мөнгөнөөс тооцоод одоо ямар нэгэн өр төлбөргүй гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч ******* нэхэмжлэгчид дутуу нийлүүлсэн өвсний үнэ  6,000,000 төгрөг төлөх үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулиар олгогдсон эрхийг хангасан байх боловч болсон үйл баримт, хэрэгт авагдсан  бичгийн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4. Хэргийн болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл: Талууд 2020 оны 10 дугаар сард өвсний наймаа хийхээр аман хэлцэл хийж, харилцан тохиролцож, нэхэмжлэгч ******* 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч *******д 18,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Харин нийлүүлэх өвсний тээврийн болон ачилт, буулгалтын зардлыг хэн, хэрхэн, хэзээ хариуцах дээр харилцан маргасан бөгөөд хэн аль нь энэ талаарх бичгийн нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй болно.

 Өөрөөр хэлбэл: Зохигчид  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, татгалзлаа нотолсон баримтыг өөрсдөө гаргаж өгөх цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

5. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр *******, ******* нар гэрчээр оролцож, шүүхэд мэдүүлэг өгөхдөө өвс худалдаж авсан болон буулгаж авсан талаар гэрчилдэг бөгөөд талуудын маргааны үндэслэл болох өвсний тээвэрлэлт, ачилт, буулгалтын хөлсийг хэн, хэрхэн, хэзээ барагдуулсан талаар нотлоогүй байна. /хх-ийн 48, 79/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд 2020 оны 10, 11 дүгээр саруудад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Хонгорын даваа”-ны “Яргайтын ам” хэмээх газарт нэг боодол өвсний үнэ газар дээрээ хэдэн төгрөг байсныг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүх шинжээчээр Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээчин “Капитал зууч” ХХК-ийг шинжээчээр томилсон боловч шинжээч нь 1 боодол өвс газар дээр нь худалдаж авах үнэ ханш, тээвэрлэлтийн болон ачилт, буулгалтын зардал хэдэн төгрөг байсныг тогтоохоор холбогдох мэдээлэл, судалгааг хийсэн боловч тухайн цаг үеийн үнэ ханшийн мэдээлэл тодорхойгүй, бодит үнэ ханшийн мэдээлэл олдохгүй байгаа зэргээс  шалтгаалж шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байна гэсэн хариу ирүүлжээ. / хх-ийн 58/

Гэрч ******* талууд хоорондоо хэрхэн тохиролцсоныг мэдэхгүй, манай хашаанд 2000 боодол, 50 боодол задгай өвс буусан, нэмж 1000 боодол өвс ирнэ гэж байсан гэж мэдүүлжээ./хх-ийн 79/

Хариуцагч ******* татгалзлын үндэслэлээ нотлуулахаар хэрэгт Ц.*******, А.******* нарыг гэрчээр оролцуулсан бөгөөд тэдгээр гэрчүүд нь өвс тээврийн болон ачилтын зардалд нийт 3,700,000 төгрөгийн хөлс хариуцагч *******гээс бэлнээр авсан тухай мэдүүлжээ./хх-ийн 32, 44/

Эдгээр гэрч нарын мэдүүлгийг нэхэмжлэгч ******* баримтаар үгүйсгээгүй болно.

6. Иймд талуудын хооронд 3000 боодол өвс газар дээр нь 1 боодол өвсийг 6000 төгрөгөөр үнэлж, худалдаж авахаар аман хэлцэл хийж тохиролцсоноос 2000 боодол өвс хариуцагч ******* бэлтгэн нийлүүлэхдээ тээвэрлэлт, ачилт, буулгалтын зардалд 3,700,000 төгрөг нэхэмжлэгчийн өмнөөс төлсөн тул бэлтгэн нийлүүлээгүй үлдэгдэл өвсний үнэ 6,000,000 төгрөгөөс дээрх 3,700,000 төгрөгийн зардлыг хасаж тооцон хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******д 2,300,000 төгрөг төлөх үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  01 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******гээс 6,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай” гэснийг,

“...*******гээс 2,300,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,700,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

 2 дугаар заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 110.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай” гэснийг

“...хариуцагч *******гээс 51,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.МЯГМАРСҮРЭН                                    

                                          ШҮҮГЧИД                                   Я.ТУУЛ

   Л.АМАРСАНАА