Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 542

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 1810019840588 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эгчийн хамт Хан-Уул дүүргийн 000000000000000 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ц.Г /РД: 000000000000/.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч  Ц.Г нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 9 дүгээр гудамжинд байрлах “З” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн З.Цын “Хуавэй-вая 5” загварын гар утсыг хууль бусаар хулгайлж, бусдад 319,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ц.Г: “...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дүүдээ зайрмаг авч өгөхөөр дэлгүүрт ороход лангуун дээр гар утас байсан. Тухайн үед дэлгүүрт хүн байгаагүй учир гар утсыг авсан. Хохирол төлбөрийг төлж барагдуулж, хохирогчоос уучлалт гуйсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч З.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнжийн 9 дүгээр гудамжны 000 тоотод ...”З” нэртэй найман нэрийн хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ...хүн цөөхөн болохоор нь 17 цагийн үед дэлгүүрээ онгорхой эзэнгүй орхиод, хашаандаа орж нохойндоо хоол өгсөн. Ойролцоогоор таван минут орчим болсон байх. Тэгэхэд миний лангуун дээрээ тависан байсан миний шаргал өнгийн Хуавэй-вая 5 маркийн гар утас алга болчихсон байсан. ...Орж ирээд утсаа хайгаад олохгүй байж байхад гаднаас нэг хүн орж ирсэн, тэр хүний утсаар өөрийнхөө утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. ...Маргааш Нгээр хяналтын камерын бичлэгийг шүүлгэж үзсэн. Тэгэхэд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн орчимд дэлгүүр онгорхой эзэнгүй байхад гаднаас 4-5 орчим насны жаахан хүүхэд дагуулчихсан 30 орчим насны нэг залуу орж ирж байгаа бичлэг байсан. Тэр залуу зайрмагны хөргөгчнөөс зайрмаг аваад буцаагаад хийчихсэн. Тэгээд дэлгүүрээс гарах гэж байгаа зог тусаж эргэж хараад, лангуун дээрээс миний гар утсыг аваад гараад явчихсан. Тэр залуу дээгүүрээ цагаан эрээн өнгийн фудболктой, жинсэн өмдтэй байсан...” /хх-ийн 10-11/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн орчимд би ахынхаа 4 настай охинд зайрмаг авч өгөхөөр дагуулаад гэрийнхээ урд талын хүнсний дэлгүүрт орсон. Тухайн үед би нилээн согтуу байсан. ...Дэлгүүрт зайрмаг авах гэж ороод зайрмагны хөргөгчин дээр очсон. Тэгээд худалдагч нь гарч ирээгүй болохоор гарах гэхэд дэлгүүрийн лангуун дээр боронзон өнгийн Хуавэй загварын утас байсан. Тэрүүхэн үедээ би согтуу байсан учраас өөрийн мэдэлгүй тэр утсыг лангуун дээрээс аваад дэлгүүрээс гарсан. Гэртээ ахынхаа хүүхдийг үлдээчихээд, Хар хорин зах явж тэнд очоод нөгөө хулгайлж авсан гар утсаа танихгүй явуулын эрэгтэй хүнд 60,000 төгрөгөөр зарчихсан...”/хх-ийн 29-31/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5, 6-7/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-19/,

- Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 17-19/,

- Шүүгдэгч Ц.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой  бусад баримтууд /хх-ийн 33-35, 56-64/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.Гт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч  Ц.Г нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 9 дүгээр гудамжинд байрлах “З” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн З.Цын “Хуавэй-вая 5” маркийн гарт утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 319,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч З.Цын “...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ...хүн цөөхөн болохоор нь 17 цагийн үед дэлгүүрээ онгорхой орхиод, хашаандаа орж нохойндоо хоол өгсөн. Ойролцоогоор таван минут орчим болсон байх. Тэгэхэд миний лангуун дээрээ тависан байсан миний шаргал өнгийн Хуавэй-вая 5 маркийн гар утас алга болчихсон байсан...” /хх-ийн 10-11/ гэсэн, шүүгдэгч Ц.Гийн “...2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 13 цагийн орчимд би ахынхаа 4 настай охинд зайрмаг авч өгөхөөр түүнийг дагуулаад гэрийнхээ урд талын ...дэлгүүрт зайрмаг авах гэж ороод зайрмагны хөргөгчин дээр очсон. Тэгээд худалдагч нь гарч ирээгүй болохоор гарах гэхэд дэлгүүрийн лангуун дээр боронзон өнгийн Хуавэй загварын утас байсан. Тэрүүхэн үедээ би согтуу байсан учраас өөрийн мэдэлгүй тэр утсыг лангуун дээрээс аваад дэлгүүрээс гарсан...” /хх-ийн 29-31/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5, 6-7/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-19/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ц.Гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч З.Цын эд хөрөнгөд 319,200 төгрөгийг хохирол учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 49/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ц.Г нь  тохиодлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл, ажил эрхлэлт, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй зэрэг  хувийн байдлуудыг харгалзан түүнд хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810019840588 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч З.Ц гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч  Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гийг 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Гт оногдуулсан 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1810019840588 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч З.Ц гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР