Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 209/МА2023/00029

 

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын
 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  02 дугаар сарын 14-ны өдрийн 135/ШШ2023/00215 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 2 дугаар байр, 71 тоотод оршин суугаа, ТБ88071569 регистрийн дугаартай, Шарнууд овогт *******ийг албадан эмчилгээнд явуулах” тухай,

Иргэний хэргийг гуравдагч этгээд *******, нөхөр ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн хүсэлтийн  үндэслэл, шаардлага:

Гуравдагч этгээд болох ******* нь архидан согтуурах зуршилтай, согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд ордог болох нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Дархан сумын 15 дугаар багийн хэсгийн байцаагч, *******, *******, ******* нарын *******т гаргасан хүсэлт, Цагдаагийн байгууллагын цахим мэдээллийн санд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, Хамтарсан багийн яаралтай хурлын тэмдэглэл, Эрх бүхийн албан тушаалтны тогтоол, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, саатуулагдсан хүнийг сулласан тухай тэмдэглэл, нэхэмжлэл болон гуравдагч этгээдийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна гэжээ.

2. Согтуурах мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтээр *******ийг архины хордлоготой, хордлого тайлж эмчлүүлэх гэж оношилсон бөгөөд албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай хэмээн дүгнэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар ТБ88071569 регистрийн дугаартай, Шарнууд овогт *******ийг архины албадан эмчилгээнд явуулж,

 Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар *******ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид хариуцуулж,

 Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар *******ийг архины албадан эмчилгээнд явуулах тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие хүн бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Б.Пүрэвдоржид даалгаж,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

4. Гуравдагч этгээд ******* давж заалдах гомдолдоо:

            Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрээр 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Баян сум дахь согтуурах мансууруулах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт ирсэн.

            Миний бие 4, 13, 16 настай гурван хүүхэдтэй бөгөөд миний нөхөр ******* нь уурхайд ээлжийн ажилтай, мөн цалингийн зээлтэй тул ажлаасаа чөлөө авахад хүндрэлтэй байна.

            Одоогоор 3 хүүхдийг асран хамгаалах хүнгүй гэртээ гурвуулаа байгаа. Энэхүү нөхцөл байдлыг минь харгалзан үзэж тус албадан эмчилгээний газраас чөлөөлж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Гуравдагч этгээдийн нөхөр ******* давж заалдах гомдолдоо:

Эхнэр *******ийг хугацаанаас нь өмнө гаргаж авах хүсэлтэй байна. ******* нь насанд хүрээгүй 3 хүүхдээ хардаг том хүү *******, дунд хүү ******* нар 15 дугаар сургуульд сурдаг харин бага хүү ******* 1 дүгээр цэцэрлэгт явдаг хүргэж өгч авах шаардлагатай.

Миний бие өөрөө Өмнөговьд уурхайд ажилладаг хүүхдүүдээ харах боломжгүй цалингийн зээлтэй, зээлээ төлдөг. Иймд эхнэр *******ийг хугацаанаас нь өмнө эмчилгээний газраас гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

         2. ******* нь *******ийг удаа дараа архидан согтуурсан үедээ зөрчил гарган Цагдаагийн байгууллагад эрүүлжүүлэгдсэн, гэр орондоо байнга түшгүүр төрүүлдэг тул албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Дархан сумын 15 дугаар багийн хэсгийн байцаагч, *******, *******, ******* нарын *******т гаргасан хүсэлт, Цагдаагийн байгууллагын цахим мэдээллийн санд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл, согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлт, хамтарсан багийн яаралтай хурлын тэмдэглэл зэргийг хавсаргаж ирүүлсэн байна.

            3. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ *******ийг захиргааны журмаар  албадан эмчлэх үндэслэл шаардлагыг зөв тодорхойлоогүй, нотлох баримтыг гаргах цуглуулах хуульд заасан журмыг зөрчсөн баримтыг үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. 

             Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзвэл гуравдагч этгээд ******* нь сайн дураар эмчлүүлэхээс зайлсхийж байсан мөн албадан эмчлүүлсний дараа согтууруулах, мансууруулах бодис дахин хэрэглэсэн гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн албадан эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон этгээд нь согтуурах, мансуурах дон өвчтэй болох нь мэргэжлийн эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байх ёстой бөгөөд ерөнхий мэргэжлийн болон сэтгэцийн эмгэг, наркологийн гурваас доошгүй эмч нарын бүрэлдэхүүнтэй эмнэлгийн дүгнэлтийг гаргах ёстой.

Хэрэгт авагдсан Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийг гаргахдаа сэтгэцийн болон наркологийн эмчийг оролцуулахгүйгээр дүгнэлт гаргасан байх тул уг дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. /хх-ийн 15/

4. Нэхэмжлэгч тал хүсэлтийн үндэслэл, шаардлагаа нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж бүрдүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй.” гэж, 44.4-т “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж тус тус заасан.

Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хэргийн оролцогч хамаарахгүй. Гэтэл хүсэлт гаргагч ******* нь хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн нотлох баримтыг “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан байгаа нь нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.           

            5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 135/ШШ2023/00215 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                     

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Я.ТУУЛ          

                                                ШҮҮГЧИД                                         Л.АМАРСАНАА

        Г.МЯГМАРСҮРЭН