Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 209/МА2023/00030

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  01 дүгээр сарын 27-ны өдрийн 135/ШШ2023/00146 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэм хор учруулсны төлбөрт 61,144,512 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

******* ХХК нь 2022 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг 2 дугаар багийн Хаалгач буюу 52 дугаар точикт 1116 га газар улаанбуудай тариалсан. Тариан талбайг бүрэн хашаажуулж тусгайлан харуул манаач гарган ажилладаг. Гэвч тариалалтын явц боловсорч хураах шатандаа орсон үед иргэн ******* нь удаа дараа малаа тариан талбайд оруулан тариа идүүлэх, тариа налуулах, хашаа хороо эвдэх зэргээр их хэмжээний хохирол учруулсан.

Иймд хуулийн дагуу Хонгор сумын Засаг даргын Тамгын газраас гаргасан комиссын дүгнэлтийн дагуу тогтоосон 61,144,512 төгрөгийн хохирлыг иргэн *******оос гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр бороотой, өдөр байсан. Хүү ******* нь тухайн үед ээлжийн амралтаараа намрын ажилдаа тусалж гэртээ байсан. Хүү 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө хонь, үхрээ туугаад бэлчээрт гаргасан. Тухайн өдөр 18 цаг хүртэл хариулж явж байгаад ирээд үхрээ уясан. Тэр өдөр бригадын манаач 4-5 үхэр туусан ирээд танай үхэр мөн эсэхийг асуухад биш гэдгийг хэлээд явуулсан. Маргааш нь бригадын менежер гэх хүн ирээд танай үхэр орсон, манай манаач хэлсэн гэсэн. Тэр үед манай үхэр уяатай байсан. Өдөр нь хариулж, оройд нь үхрээ байнга уядаг. 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ирсэн ажлын хэсгийн хүмүүс хүртэл харж байсан. Бригадын менежер Эрдэнэцэцэг гэх эмэгтэй намайг сэтгэлгүй, торны тасарсан унасныг засаж өгөөгүй ойрхон байж гэх мэт үгээр дайрч доромжилсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: …зохигчийн хэн аль нь буруутай гэжээ.

4. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар хариуцагч *******оос 30,572,256 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,572,256 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 463,673 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 310,811 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Газар өгөөж ХХК-д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

            ...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох баримтаар хангалттай  нотолж чадаагүй, нэхэмжлэх үндэслэл болсон ажлын хэсгийн дүгнэлт нь хуульд заасан шаардлага хангаагүй, хариуцагч гэм буруутай эсэх нь нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй. Хариуцагч өөрийн гэм буруугүй маргаан бүхий үхрээ хариулгатай байлгасан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар    тогтоогдож байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг хангалттай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлоор хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

         2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  үндэслэл бүхий байх хуулийн  шаардлагыг хангаагүй байна. 

Хэргээс судлан үзэхэд

3. Нэхэмжлэгч “Газар өгөөж” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Хаалгач буюу 52 дугаар точик гэх газар тариалсан тариан талбайд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч *******ын мал орж, 51 га талбайд хохирол учруулсан, гэм хорын хохирол 61,144,512 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Хаалгач буюу 52 дугаар точик гэх газар тариалсан тариан талбайд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч *******ын үхэр орж 61,144,512 төгрөгийн хохирол учруулсан нь зохигчийн тайлбар, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын захирамжаар томилогдсон тариалангийн хохирол тогтоох ажлын хэсгийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон гэж,

нэхэмжлэгч талыг Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т заасан үүргээ биелүүлээгүй, хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж тус тус үзэж хохирлын хэмжээг 50 хувиар бууруулан хариуцагчаас гэм хорын хохиролд 30,572,256 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 30,572,256 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч  давж заалдах гомдол гаргажээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо “...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох баримтаар хангалттай  нотолж чадаагүй, нэхэмжлэх үндэслэл болсон ажлын хэсгийн дүгнэлт нь хуульд заасан шаардлага хангаагүй, хариуцагч гэм буруутай эсэх нь нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй.

            Хариуцагч өөрийн гэм буруугүй маргаан бүхий үхрээ хариулгатай байлгасан гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Анхан шатны шүүх нотлох баримтыг хангалттай үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Хэргийн үйл баримт болон талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн давж заалдах гомдлыг хүлээн авч хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

6. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өрийн А-136, А-156, А-210 дугаар тушаалаар баталсан “Тариалангийн талбайд мал тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирол тооцох аргачлал”-ын дагуу  хохирлыг тогтоосон байх ба тус аргачлалын 4.2-т “дүгнэлтийг талууд эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд хандах эрхтэй” гэж заасан.

 Хариуцагч тал уг дүгнэлтийг эс зөвшөөрч байгаа талаар шүүхэд тайлбар гаргаж байгаа боловч энэхүү актын талаар хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд гомдол гаргаагүй, тухайн акт хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 Хариуцагч тал тариан талбайд үхэр ороогүй, 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр үхрээ хариулгатай байлгасан, энэ нь гэрч *******ийн мэдүүлэг болон хохирол тогтоосон ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдоно гэж маргаж байгаа хэдий ч гэрч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй, тариан талбайд үхэр ороогүй, хариулгатай байсан гэдгийг бусад нотлох баримтаар нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.

“Газар өгөөж” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Хонгор сумын Хаалгач буюу 52 дугаар точик гэх газар тариалсан тариан талбайд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч *******ын 7-8 тооны үхэр орсон гэдгийг гэрч Ч.Балдан мэдүүлдэг бөгөөд тус тариан талбайд мал орсноор ургац сүйтгэж хохирол учирсан болох нь гэрч Б.Гантөгс, Б.Ганзориг нарын мэдүүлгээр давхар нотлогдсон байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох баримтаар хангалттай  нотолж чадаагүй,  хариуцагч гэм буруутай эсэх нь нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үгүйсгэгдэж байна.

7. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын Тамгын газраас томилогдсон тариалангийн хохирлыг тогтоох ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Хаалгач буюу 52 дугаар точик гэх газар тариалсан тариан талбайн хохирлыг  61,144,512 төгрөг гэж тогтоожээ.  /хх-ийн 3/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл / эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилсан тул нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, гэм буруутай этгээд нь гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй.

Гэм хорын хохирлын хэмжээ нэмэгдэхэд Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т заасны дагуу “өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах” үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа ихээхэн хэмжээгээр нөлөөлсөн байхад анхан шатны шүүх гэм хорын хохирлын 50 хувийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь тухайн хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т “гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэснийг үндэслэн хариуцагчаас хохирлын 10 хувь буюу 6,144,512 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Газар өгөөж” ХХК-нд олгож, 55,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            8. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч ******* нь зохигчийн хэн аль нь буруутай гэж дүгнэснийг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж зөв дүгнэжээ. 

            9. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 135/ШТ2022/00103 дугаар “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” тогтоолын удирдлага хэсэгт шүүх бүрэлдэхүүний нэрийг орхигдуулсан, мөн шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 135/ШЗ2023/00575 дугаар “шүүх хуралдаан товлох тухай” захирамжид шүүх хуралдааны товыг хурал хийсэн өдрөөс зөрүүтэйгээр бичсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  01 дүгээр сарын 27-ны өдрийн 135/ШШ2023/00146 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын

 “... хариуцагч *******оос 30,572,256 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30,572,256 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг, “...хариуцагч *******оос 6,144,512 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 55,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын “...хариуцагч *******оос “310,811 төгрөг” гэснийг, “113,262 төгрөг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,811 /гурван зуун арван мянга найман зуун арван нэгэн/ төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Я.ТУУЛ                                                

                                              ШҮҮГЧИД                                           Л.АМАРСАНАА      

   Г.МЯГМАРСҮРЭН