| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2018/0069/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/78 |
| Огноо | 2018-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2018/ШЦТ/78
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Д.Алимаа,
Хохирогч: Д.Т,
Шүүгдэгч: С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой С-гийн Г-т холбогдох эрүүгийн 1827001550070 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1976 оны .. дүгээр сарын ..-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, мал маладаг, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн .....багт оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогтой С-гийн Г,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч С.Г нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын .... гэх газар хохирогч Д.Т-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Энэ жил манай суманд өвс ногоо муутай байсан учир би Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд отроор явж байсан. Тухайн өдөр манай гэрт С.Г,Бэхнэртэйгээ гуравуулаа ирсэн. Манайд ирээд намайг нүү гэж хэлсэн. Би тухайн хүмүүст нэг шил Алтантүрүү нэртэй архи гаргаж өгсөн. Бид нар бүгд тэр архийг хувааж уусан. Архи дуусаж тухайн хүмүүс явах болж би гадаа гарч нохой хорьж өгсөн. Тэгтэл чи манай сумаас хурдан нүүгээрэй гээд С.Г миний толгой руу цохиод авсан. Тэгээд газарт унатал миний эрүү хэсэгт өшиглөсөн. С.Г мотоциклио асааж намайг миний ард суу гэж хэлсэн. Тухайн үед би суухгүй гэж хэлэхэд чи миний ард суухгүй бол чамайг ална шүү гэж хэлсэн. Тэгээд би С.Гын ард суугаад явсан. Манай гэрийн гаднаас хөдлөөд Чинбаа гэх айлд очсон. Тухайн айл эзэнгүй байсан. Тэр айлын гадаа очиж зогсоод намайг мотоциклиос буу гэж хэлсэн. Би мотоциклиос буутал С.Г намайг дахин нэг удаа цохиод авсан. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад би хутга гаргаж ирээд С.Гыг хутгалсан. Би өөрөө С.Гыг хутгалсанаа мэдэхгүй байгаа. Тэгээд бид эмч, цагдаа дуудсан. Би хутгаар С.Гын баруу мөр, шуу хэсэгт нь зүсчихсэн байсан гэв.
Гэрч Д-ын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дахин мэдүүлсэн:
“...Тын гэрт очоод 1 шил Алтантүрүү гэсэн 0,5 литрийн архи гаргаж ирсэн. Түүнийг ууж хэрэглэсэн. Архи уусны дараагаар газар нутгийн маргаанаар Г, Т хоёр маргалдсан. Г гэрийн гадна Тыг цохиж байгаа бололтой байсан. Тын гэрийн гаднаас өөр нэг танихгүй айлд очсон. Тэр айлд 2 хүүхэд байсан. Намайг гэрт ороод цай ууж байхад Г, Т хоёр дахиж маргалдах гээд байсан. Тэрний дараа гэрээс гарч байтал Г намайг хутгалсан гээд цусаа гоожуулаад байсан. Г хутгатай байна гээд Тыг дуудаад байсан. Удалгүй сумын цагдаа, эмнэлэг ирээд Т, Г хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №403 тоот актын:
"...1. Д.Т-ын биед тархи доргилт, баруун шанаа, доод уруулын дотор хэсэг зулгаралт, сорви, баруун гарын сарвууны 5 хурууны үеийн мэдрэл, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Уг гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч С.Г нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3 дугаар багийн нутаг “Баруун хамар” гэх газарт хохирогч Д.Тыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
хохирогч Д.Т-ын хэрхэн хохирсон талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Л.Д-ын мэдүүлэг, /хх-ийн 17-18 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №403 тоот актын: "...1. Д.Т-ын биед тархи доргилт, баруун шанаа, доод уруулын дотор хэсэг зулгаралт, сорви, баруун гарын сарвууны 5 хурууны үеийн мэдрэл, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/, шүүгдэгч С.Г-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Д.Т нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой С-гийн Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар С.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар С.Г нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА