Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 209/МА2023/00031

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  01 дүгээр сарын 17-ны өдрийн 135/ШШ2023/00104 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК,

                   ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “34,875,350 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Манай компани нь Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт хүнсний үйлдвэрлэл эрхлэн явуулдаг. Өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан сум, 14-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хөх сувд бөөний төвийг ажиллуулдаг Мөнх Хязгааргүй ХХК-тай 2017-03-06-ны өдөр №АТСС_21/17 тоот Зээлээр Худалдах, Худалдан авах гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар №АТСС_22/17 тоот Барьцааны гэрээ, 2017-05-10-ны өдөр №АТСС_33/17 тоот Зээлээр Худалдах, Худалдан авах гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар №АТСС_32/17 тоот Барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулсан болно

Гэрээний дагуу “Мөнх Хязгааргүй” ХХК-д, түүний албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу бараа, бүтээгдэхүүнүүдийг зээлээр нийлүүлдэг байсан ба ийнхүү манайд төлөх ёстой төлбөрүүд хуримтлагдан нийт 88,044,650 төгрөг болсон байдаг.

Манай байгууллагын зүгээс хариуцагч талд цаашид зээлээр бараа олгох үндэслэлгүй болсон тул гэрээний 2.2.2-т заасны дагуу гэрээг цуцалж, тооцоо нийлэх төлбөрөө нэхэмжилсэн боловч бэлэн төлбөр хийх боломжгүй гэсэн хариулт өгсөн ба өөрсдийн эрхлэн явуулдаг бөөний төвийн эд хөрөнгүүдийг өрөндөө тооцуулан өгөх хүсэлтээ илэрхийлсний дагуу нийт 66,631,500 төгрөгийн үнэ бүхий барааг тооцон акт үйлдэн авсан.

Хариуцагч талтай байгуулсан барьцааны гэрээнд 2 автомашин мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р баг, 5-р хороолол, 11-р байрны 1 тоот хаягт байрлах Ү-2003019095 тоот гэрчилгээний дугаартай 53,18 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан ба үүнээс 2 автомашин нь дээрх тооцоо нийлсэн актад багтсан болно.

Нийт төлбөрөөс үлдэх 34,875,350 төгрөгийг төлүүлэхээр тодорхойгүй хугацаа олгож энэ хугацаанд үлдэх барьцаа болох газар болон орон сууцыг борлуулан төлөхөөр акт үйлдэн тохиролцсон боловч үүргээ зөрчин одоо болтол манай төлбөрийг барагдуулаагүй байна. Тооцоо нийлсэн актанд Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, зарсан үед нь үлдэгдэл төлбөр 34,875,350 төгрөгийг авч барьцааг чөлөөлж өгөхөөр тохиролцсон.

Бид хариуцагчид төлбөр төлж барагдуулах хугацаа тулгаагүй байхад хариуцагчийн зүгээс дээрх төлбөрийг барагдуулахаар ямар нэгэн үйлдэл хийхгүй байсан тул шаардсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Мөн 2021 онд хариуцагч талын өмгөөлөгчтэй уулзсан боловч шийдэлд хүрч чадаагүй тул шүүхэд хандаж байна.

Иймд манайд төлбөл зохих 34,875,350 төгрөгийг гэрээний дагуу барьцаа хөрөнгө болон бусад орлого, хөрөнгийн эх үүсвэрээс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч “*******” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга::

...******* ХХК-ийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр *******ээс шилжүүлэн авсан. Тус компанийг шилжүүлэн авахад татварын болон байгууллагын өргүй, банк болон ямар нэгэн байдлаар барьцаагүй байсан.

“Алтан тариа” ХХК-ийн нэхэмжлэл нь *******тэй хамаарал бүхий зээлийн гэрээ байна. Энэ асуудлаар би Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирээд мэдсэн. Энэ өр төлбөр надад хамааралгүй тул тухайн үед гэрээ хийж хамтран ажиллаж байсан *******т холбогдуулан шалгаж тодруулна уу гэжээ.

  1. Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

Би 2013 онд “*******” ХХК-ийг үүсгэн байгуулаад 2017 он хүртэл тус компанийн захирлаар ажилласан.

Ажиллаж байх хугацаанд “Эх ариун түшиг” ХХК-тай 2017 оны 01 дүгээр сард зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Алтан тариа ХХК, АПУ ХК, АГЬ ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг зээлийн нөхцөлтэйгөөр нийлүүлж байсан.  “Эх ариун түшиг” ХХК нь Оюу Толгой руу бид нар хүнсний материал нийлүүлэх боломжтой боллоо гээд манай “*******” ХХК-тай өргөн хэрэглээний барааг сар болгоны төгсгөлд тооцоогоо нийлэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээ байгуулаад 2, 3, 4 сард бүх тооцоонууд цаг хугацаандаа хийгдэж явсан.

2017 оны 5 дугаар сард “Алтан тариа” ХХК-аас нийтдээ 123,000,000 төгрөг, АПУ ХК-аас 60,000,000 төгрөг, АГЬ ХХК-аас 19,500,000 төгрөгийн тооцоо хийлгүй “Эх ариун түшиг” ХХК-ийн захирал Т.Пүрэвдорж гэнэт алга болж, учир битүүлэг шалтгаанаар урагшаа хил гараад явчихсан.

2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 09-ний өдрийн хооронд Алтан тариа ХХК-аас бүх эд хөрөнгийг хураасан. Тухайн үед гэрээнд заагдаагүй өгөх ёсгүй бараа материал болон эд хөрөнгүүдийг өгч байна гэдгийг мэдээгүй. Гэрээ байгуулаад гарын үсэг зураад авчихсан учраас энэ өрийг төлөх ёстой гээд бүх зүйлээ хураалгасан. 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр эд хөрөнгийг шилжүүлээд бүх тооцоог дуусгаж, Улаанбаатар хотод очиж тооцоо нийлсэн.

2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хамгийн сүүлийн гэрээг хүчээр байгуулсан. Ингээд үл хөдлөх хөрөнгийг дахин шинээр барьцаалж шинэ гэрээг хуулийн мэдлэггүйгээс болж байгуулсан байдаг. Одоо энэ байранд би хоёр хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Барьцааны гүйцэтгэлд хангуулах боломжгүй. Үлдсэн төлбөрийг өөрийн эд хөрөнгийг барьцааны зүйлээс суллаад авчих юм бол буцаагаад барьцаанд тавьж жижиг бизнес үйл ажиллагаа эрхлээд энэ өр төлбөрийг барагдуулчихна. *******т энэ өр төлбөр хамааралгүй. 2017 онд компаниа шилжүүлэхдээ энэ өр төлбөрийн талаар би хэлээгүй, өөрөө өр төлбөрөө дуусгачихна гэж бодож байсан гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Алтан тариа ХХК-ийн хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан гаргасан 34,875,350 төгрөг гаргуулах, барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,330 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

             Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            4.1 Хариуцагч нар анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Гэвч анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж хэт нэг талыг баримтлан шийдвэр гаргасан.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т тус тус зааснаар хариуцагч “*******” ХХК болон хамтран хариуцагч ******* түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгээр шүүхийн өмнө гүйцэтгэх ёстой үүргээ хүлээн зөвшөөрсөн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу нотлогдож байна.

            4.2 Анхан шатын шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т буруу дүгнэн тайлбарласан.

            Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт болох “*******” ХХК-тай өр төлбөрт хүлээн авсан хөрөнгийн жагсаалт актад үл хөдлөх хөрөнгийг барьцаалах, зарсан үед нь үлдэгдэл төлбөр 34,875,350 төгрөгийг авч барьцааг чөлөөлж өгөхөөр тохиролцов гэж үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан байдаг. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 208 дугаар зүйлийн 208.7-д заасан ба хариуцагч үл хөдлөх эд хөрөнгө худалдах эсвэл барьцаалах хэлцлийг хийх, нэхэмжлэгчийн зүгээс хийгдсэн хэлцлийн дагуу эд хөрөнгийг чөлөөлж өгсний үндсэн дээр төлбөрийг нэхэх тухай юм.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******  давж заалдах гомдолдоо:

5.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хуралдааны явцад хариуцагч нар нь удаа дараа нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч байсан болох нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар нь нотлох баримт болдог гэдгийг харгалзаж үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг 9 дүгээр хэсэгт “талуудын хооронд байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ийн хөөн хэлэлцэх хугацааг гэрээний дуусгавар болох хугацаа 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж тооцоход 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байна гэж” дүгнэсэн мөртлөө үндэслэх хэсгийн 10 дугаар хэсэгт “. . .Тооцоо нийлсэн баримтад бичигдсэн дээрх бичвэр нь үлдэгдэл төлбөрийг бүрэн төлснөөр барьцаа хөрөнгийг чөлөөлөхөөр тохирсон тохиролцоо байна” гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл нэг үйл баримтыг гэрчилж буй хооронд хамаарал бүхий баримтыг хоёр өөрөөр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

5.2 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1 дэх, 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэж хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Барьцаа хөрөнгөөр үлдэгдэл төлбөрийг барагдуулахаар хийсэн тохиролцоо нь болзол тавьж хийсэн хэлцэл юм. Гэтэл анхан шатны шүүх барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн тул үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах хууль зүйн боломжгүй байна гэж дүгнэсэн. Барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, борлуулах хэлцэл, гэрээг зөвхөн хариуцагч л хийх эрхтэй бөгөөд ийм төрлийн гэрээ, хэлцэл хийгдсэн тохиолдолд нэхэмжлэгч талаас барьцааны хөрөнгийг чөлөөлж өгөх бүрэн боломжтой тул анхан шатны шүүхийн барьцааны хөрөнгийг захиран зарцуулах хууль зүйн боломжгүй гэсэн үндэслэл нь хуульд нийцэхгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсгийн 10 дугаарт “Харин тооцоо нийлсэн баримтад бичигдсэн дээрх бичвэр нь үлдэгдэл төлбөрийг бүрэн төлснөөр барьцаа хөрөнгийг чөлөөлөхөөр тохирсон тохиролцоо гэж үзэхээр байна” гэж дурдсан нь энэхүү хэлцлийг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.7 дахь хэсэг заасан болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзсэн болох нь харагдаж байна. Иймд Иргэний 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт ‘Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасны дагуу нэхэмжлэгч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүрэн төлснөөр хөөн хэлэлцэх хугацааг тооцох нь зөв юм.

Иймд анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6.Хариуцагч нараас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч ******* нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн  шаардлагыг хангаагүй байна. 

3. Нэхэмжлэгч “*******” ХХК нь “*******” ХХК болон ******* нараас  гэрээний үүргийн гүйцэтгэл 34,875,350 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан ба давж заалдах гомдлын үндэслэлээ “...анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй” гэж тодорхойлжээ.

Хэргээс судлан үзвэл:

4. “*******” ХХК нь “*******” ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр АТСС_21/17 дугаартай бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах тухай гэрээ,  АТСС_22/17 дугаартай барьцааны гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр АТСС_33/17 дугаартай бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах тухай гэрээ, АТСС_32/17 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулжээ. /хх-ийн 6-13/

Нэхэмжлэгч тал 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан АТСС_33/17 дугаартай “бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах тухай”, АТСС_32/17 дугаартай барьцааны гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардсан байна. 

5. Хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч ******* нь “төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ талаар надад огт мэдэгдээгүй, надад хамааралгүй” гэж, хариуцагч ******* нь “барьцаанд байгаа эд хөрөнгийг барьцаанаас суллавал барьцаанд тавьж жижиг бизнес эрхлээд үлдэгдэл төлбөрийг барагдуулна. Одоогоор төлөх боломжгүй. 20,000,000 төгрөгөөр эвлэрэх хүсэлт тавьсныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй” гэж тус тус маргажээ. 

6. “*******” ХХК нь “*******” ХХК-тай дээрх гэрээг байгуулж, “*******” ХХК нь тус компаниас гаргадаг бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр зээлээр худалдан авах, зээлээр худалдан авах дээд үнийн хязгаарыг 123,000,000 төгрөг гэж тохиролцож, мөн өдрийн 32/17 дугаартай зээлийн барьцааны гэрээгээр *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2003019095 дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байрны 01 тоотод байрлах 53,18 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

“*******” ХХК-тай өр төлбөрт хүлээн авсан хөрөнгийн жагсаалт актаар 122,920,000 төгрөгийн өр төлбөрөөс 88,044,650 төгрөгийг дэлгүүрийн бараа, үндсэн хөрөнгө тооцон суутгаж, үлдэх 34,875,350 төгрөгийн өр төлбөрт үл хөдлөх хөрөнгийг барьцаалах зарсан үед үлдэгдэл төлбөрийг авч барьцааг чөлөөлж өгөхөөр тохиролцжээ. /хх-ийн 6-9, 15/

Дээрх гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гэрээний талаар дүгнэлт хийгээгүй байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК нь гэрээгээр тохиролцсон барааг нийлүүлсэн тул мөн хуульд зааснаар барааны үлдэгдэл төлбөр 34,875,350 төгрөгийг гаргуулахаар,  мөн  хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.” гэж заасан тул “*******” ХХК нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус шаардах эрхтэй байна.

8. Хариуцагч ******* нь “Мөнх Хязгааргүй” ХХК-ийг 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаад компанийн  эрхийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Зүглэгмаагийн Ууганцэцэгт шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх-ийн 19-20/

Тус компанийн үүсгэн байгуулагч өөрчлөгдөж, компанийн эрхийг *******т шилжүүлсэн боловч компанийн өрийг “Мөнх Хязгааргүй” ХХК-д шилжүүлсэн нь баримтаар тогтоогдохгүй байх тул “Мөнх Хязгааргүй” ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг биелүүлэх үүрэггүй гэж үзэхээр байна.

9. Хариуцагч *******ийн өмгөөлөгч Х.Отгончимэг нь анхан шатны шүүх хуралдаан дээр “гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар гэрээний хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа өнгөрсөн” гэж тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад гаргасан талуудын тайлбараас үзвэл нэхэмжлэгч буюу “Алтан тариа” ХХК нь хариуцагч *******ээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа шаардаж байсныг хариуцагч үгүйсгээгүй, хариуцагч ******* нь  “барьцаанд байгаа эд хөрөнгийг барьцаанаас суллавал барьцаанд тавьж жижиг бизнес эрхлээд үлдэгдэл төлбөрийг барагдуулна. Одоогоор төлөх боломжгүй. 20,000,000 төгрөгөөр эвлэрэх хүсэлт тавьсныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй.” гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй.” гэж заасан тул хариуцагч ******* нь гэрээний үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

10. Нэхэмжлэгч тал  давж заалдах  гомдолдоо: “*******” ХХК-тай өр төлбөрт хүлээн авсан хөрөнгийн жагсаалт, актад “үл хөдлөх хөрөнгийг барьцаалах, зарсан үед нь үлдэгдэл төлбөр 34,875,350 төгрөгийг авч барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхөөр тохиролцов” гэж үүргийн гүйцэтгэлийг хойшлуулж, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т заасны дагуу нэмэлт хугацаа олгож, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.7-д “Болзол тавьж хийсэн хэлцлийн тухайд үүргийн гүйцэтгэлийг уул болзол болсны дараагийн өдрөөс гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагч үл хөдлөх эд хөрөнгөө худалдах эсхүл барьцаалах хэлцлийг хийх, манай зүгээс хийгдсэн хэлцлийн дагуу эд хөрөнгийг чөлөөлж өгсний үндсэн дээр төлбөрийг нэхэх байсан.” гэжээ.

2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 32/17 дугаартай барьцааны гэрээний 3.1-т “гэрээний 1.2-т заасан барьцааны хөрөнгийг дахин зээлийн гэрээний барьцаанд тавихгүй, худалдахгүй байх үүрэгтэй” гэж барьцаалуулагч “Мөнх Хязгааргүй” ХХК-д хүлээлгэсэн байна.

Гэрээнд зааснаар барьцааны хөрөнгийг бусдад зарах, шилжүүлэх, худалдан борлуулахыг хориглосон байхад эд хөрөнгө хүлээлцсэн актад “үл хөдлөх хөрөнгийг барьцаалах, зарсан үед нь үлдэгдэл төлбөр 34,875,350 төгрөгийг авч барьцаа хөрөнгийг чөлөөлж өгөхөөр тохиролцов” гэж бичсэнийг болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй байна.

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болох тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч *******ийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 20,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 14,875,350 төгрөгийг, “Мөнх Хязгааргүй” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  01 дүгээр сарын 17-ны өдрийн 135/ШШ2023/00104 дүгээр шийдвэрийн ТОГТООХ  хэсгийн 1 дэх заалтын

“Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан гаргасан 34,875,350 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг, “Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, 243 дугаар зүйлийн 243.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т тус тус заасныг баримтлан *******ээс 20,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 11 дүгээр байр, 1 тоотод байрлах, өмчлөх эрхийн Y-2003019095 дугаарт бүртгэлтэй, 53,18 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, 14,875,350 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай“ гэж,

2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн “56.1” гэснийг, 56 дугаар зүйлийн “56.2” гэж,

“Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг, “...үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 257,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,327 /гурван зуун гучин хоёр мянга гурван зуун хорин долоо/ төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, “Алтан тариа” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Я.ТУУЛ                                 

                                                 ШҮҮГЧИД                                         Л.АМАРСАНАА      

                                                                                                                                  Г.МЯГМАРСҮРЭН