Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 209/МА2023/00032

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  01 дүгээр сарын 18-ны өдрийн 135/ШШ2023/00108 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Тариалангийн хохирол 40,733,035 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Газар Өгөөж” ХХК-ийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

“*******” ХХК нь 2022 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг 2 дугаар багийн хаалгач буюу 52 дугаар точикт 1116 га газар сулаан буудай тариалсан. Тариан талбайг бүрэн хашаажуулж, тусгайлан харуул манаач гарган ажилладаг. Гэвч тариалалтын явц боловсорч,  хураах шатандаа орсон үед иргэн ******* нь удаа дараа адуугаа тариан талбайд оруулан тариа идүүлэх, тариа налуулах зэргээр их хэмжээний хохирол учруулсан.

Иймд хуулийн дагуу Хонгор сумын Засаг даргын тамгын газраас гаргасан комиссын дүгнэлтийн дагуу тогтоосон 40,733,035 төгрөгийн хохирлыг иргэн *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга::

Миний бие Дархан-Уул аймгийн Хонгор сум 2 дугаар баг Шийр гудамжины хөдөө тоотод оршин суудаг. 1998 онд аав ээжийн хамт энэ нутагтаа нутаглаж мал маллаж эхэлсэнээс хойш одоог хүртэл малаа маллаж байна.

 1998 оноос хойш оршин суух газраа огт өөрчлөөгүй. “Газар өгөөж” ХХК-ийн нэхэмжлэлдээ бичсэн хаяг буюу 52-т точка гэх газар нь миний оршин суудаг газраас 10 гаруй км-ын зайтай байдаг. Манай мал тийшээ очдоггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т тус тус зааснаар хариуцагч *******гээс 4,073,303 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36,659,732 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 361,615 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 80,122 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 болон 9 дугаарт ...нотолж, нотлох баримтаа  гаргах үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнээд хэргийг шийдвэрлэсэн.

            “*******” ХХК нь нэхэмжлэлдээ ******* нь удаа дараа адуугаа тариан талбай руу оруулан тариа идүүлэх, тариа налуулах зэргээр их хэмжээний хохирол учруулсан тул 40,733,035 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн. Шүүх хуралдаан эхлэх хүртэл адуу хэзээ орсон гээд байгаа үйл баримт тодорхойгүй байсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн үүрээр 3-4 цагийн хооронд талбайд 36 адуу орсныг хашсан гэж тайлбарласан.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь надтай уулзаж байгаагүй байж уулзсан гэж худал хэлсэн. Мөн гэрч нар нь Цагаанаа, Эрдэнэ-Очир гэх хүмүүсийн талаар мэдүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрч нар нь тухайн талбай хашаагүй, манаачгүй, мал дийлдэхгүй байхаар нь ээлжээр очиж эргэдэг байсан. Айлын мал шөнө болгон ордог, орсон малыг нь гаргадаг байсан гэж мэдүүлсэн.

            Хохирол тогтоосон дүгнэлт дээр хохирол хэзээ учирсан нь байхгүй. 2022 оны 09 дүгээр сарын 08, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр учирсан хохирол гэж гараагүй, харин 120 га талбайд 90-120 хоногтойд учирсан хохирол гэж гарсан.

            Хариуцагчийн зүгээс гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хүлээн аваагүй. Гэтэл анхан шатны шүүх нотлогдоогүй нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч баримт гаргаж өгөөгүй гэдэг үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             5. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гийн  гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

         2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Хэргээс судлан үзвэл:

            3. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******гээс тариалангийн талбайд учирсан гэм хорын хохиролд 40,733,035 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т “гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заасныг үндэслэл болгож хариуцагчаас гэм хорын хохиролд 4,073,303 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36,659,732 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагч Г.Эрдэнэсүрэн нь “...шүүх хуралдаан эхлэх хүртэл адуу хэзээ орсон гээд байгаа үйл баримт тодорхойгүй байсан, ... хохирол тогтоосон дүгнэлт дээр хохирол хэзээ учирсан нь байхгүй, ...анхан шатны шүүх нотлогдоогүй нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч баримт гаргаж өгөөгүй гэдэг үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

4. Нэхэмжлэгч “*******” ХХК-ны улаан буудай тариалсан талбайд ******* нарын нэр бүхий иргэдийн мал орж тариа унагаж, гишгэж, талхалж налуулсны улмаас 120,8 га талбайгаас ургац хураах боломжгүй болгосон тул нэхэмжлэгч “*******” ХХК нь энэ тухай орон нутгийн удирдлагад мэдэгдсэний дагуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газраас 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 79 тоот захирамжаар томилогдсон тариалангийн хохирол тогтоох ажлын хэсэг гарч, дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтээр нийт 144,828,569 төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоожээ. /хавтаст хэргийн 3/

Тариалангийн хохирол тогтоох ажлын хэсэг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А-136/А155/А-210 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирол тооцох аргачлал”-ын дагуу хохирлын хэмжээг тогтоосон байна.

5. Хариуцагч ******* нь “манай адуу хариулгатай, хашаанд орсон адуу манай адуу биш манайх зүүн гуяндаа олмон тамгатай” гэж маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт гаргаж ирүүлээгүй бөгөөд түүний татгалзал нь

 гэрч *******ын “...*******г дуудаад энэ танай адуу мөн үү? гэхэд манай адуу мөн байна, би адуугаа алдсан, миний буруу гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

гэрч Э.Эрдэнэчимэдийн “...******* нь өөрөө ирээд 6 тооны адуу нь манай адуу байна гэж хэлээд явсан.” гэх мэдүүлгээр тус тус үгүйсгэгдэж байна. /хавтаст хэргийн 47, 49/

6. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 79 тоот захирамжийн дагуу малчид, мал бүхий иргэд нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тариалангийн бүс нутагт мал аж ахуй эрхлэх, мал услахыг хоригложээ. /хавтаст хэргийн 67/

Мөн Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т “тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээхийг хориглоно.” гэж заасан бөгөөд хариуцагч ******* нь Засаг даргын захирамжийг биелүүлээгүй, Тариалангийн тухай хуулийг дагаж мөрдөөгүйн улмаас нэхэмжлэгч “Газар Өгөөж” ХХК-ны улаан буудай тариалсан талбайд хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасны дагуу гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

7. Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т заасны дагуу тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй нэхэмжлэгч “Газар Өгөөж” ХХК нь “өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүрэгтэй.” бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.

Иймд гэм хорын хохирлын хэмжээ нэмэгдэхэд “хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн” гэх дүгнэлт хийж, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.        

8. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч О.Мөнхбаяр нь “...*******гийн адуу гэдэг нь нотлогдохгүй байна.” гэсэн дүгнэлт гаргасан боловч шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд уг гэм хорын хохирол гарахад нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь буруутай байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Иймд хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  01 дүгээр сарын 18-ны өдрийн 135/ШШ2023/00108 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,123 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                  

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.МЯГМАРСҮРЭН                                              

                                           ШҮҮГЧИД                                           Л.АМАРСАНАА

                                                                                                                  Я.ТУУЛ