Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/87

 

хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга А.Батцог,

            Улсын яллагч Д.Алимаа,

            Шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Н.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн П-ийн Г-д холбогдох эрүүгийн 1827002210093 тоот хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, Б овгийн П-ийн Г

Холбогдсон хэргийн талаар:

            П.Г нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын....... оршин суух П.Д-ийн гэрт хохирогч Д.Н-, Б.Д нарыг хутгалж хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч П.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ: “2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын доод өргөн чөлөөнд бид 3 таараад 1 шил архи авсан. Манай ахынх эзэнгүй гээд манай ахынд очиж архи уусан. Гэтэл Б.Д ахынх чинь яасан арчаагүй юм бэ? гэрлээ тавиулчихад яадаг юм гээд бид 2 маргалдсан. Тэгээд Д.Н- Б.Д бид хоёрыг салгасан. Тэгээд бид 3 ноцолдож байгаад гэрт байсан тогооны саван дээрх хутгыг аваад хутгалсан байсан” гэв.

            Хохирогч 1977 онд төрсөн Бямбацэрэнгийн Д мөрдөн байцаалтанд 2018-11-01-нд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ... эзэнгүй байсан Д гэх Г-ын ахынх нь гэрт болсон асуудал байгаа юм.би өөрийнхөө мотоциклтой Н-ийн хамт доод өргөн чөлөөнд явж байтал П.Г таарсан. Тэгээд бид юм ярьж зогсож байгаад Г архи авлаа явъя, манай ахынх эзгүй байгаа очиж ууя гээд явцгаасан. Тэгээд П.Г-ын ах, Д-ийнд очтол гэр нь цоожтой байсан. П.Г-д  түлхүүр нь байсан. Гэрт нь ортол Г нэг шил 0,5 литрийн “Нутгийн буян” гэх архи, бас нэг архи хувааж ууцгаасан. Би ерөнхийдөө их согтоод байсан. Юу болсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь Н-ийг Г хутгалаад авсан. Тэгтэл Г гараад зугтаасан. Тэгээд дараа нь намайг хутгалахаар нь би гараад явчихсан. Миний дал болон аюулхай хэсэгт хутгалсан. Зүүн далан дээр өнгөц шархтай. Аюулхайд мөн өнгөц шархтай. Намайг хутгалах үед Н- гараад зугтаасан байсан. Өөр хүн байгаагүй. Бид гурав гурвуулаа архи уусан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг  /хх 29-30 дугаар хуудас/,

             Хохирогч 1984 онд төрсөн Д-гийн Н мөрдөн байцаалтанд 2018-11-02-нд өгсөн мэдүүлэгтээ: “Өвөрхангай аймгий Бат-Өлзий сумын 3 дугаар баг 1 дүгээр хороонд Гын ахын гэрт 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр болсон асуудал байгаа юм. Тухайн өдөр би гэртээ байж байтал гаднаас Б.Д ирсэн. Бид хоёр гадаадөнгөж харанхуй болж байх үед манай гэрээс Могойт гэх газар руу явахаар гарсан. Тэгээд доод өргөн чөлөөнд явж байтал Г таарч бид юм ярьж байгаад доод өргөн чөлөөний нэг дэлгүүрээс Г ороод архи авч гарч ирсэн. Ямар ч байсан нэг шил архи аваад гарч ирснийг мэдэж байна. Тэгээд Гын ах Д-ийн гэрт очсон. Гэр нь цоожтой байсан. Г онгойлгоод Д бид хоёр араас нь дагаад орсон. Гэрт нь гэрэл цахилгаан байхгүй байсан. Тамхины асаагуурын гэрэл асууж Болдоо архиа аягалаж бид архиа хуваж ууцгаасан. Д Г-ыг гэрлээ асаалдаа гээд байсан. Ганбодл гэрэл байхгүй гээд байсан. Тэгж байснаа Д Болдоо хоёр маргалдаад байсан. Тэр хоёрыг боль гээд тэр хоёр маргалдаад л байсан. Тэгснээ Д Г  хоёр барилцаад авахаар нь би салгасан. Салгатал Д зүүн талын орон дээр суусан. Г баруун талын орон дээр суусан. Би гэрийн гол багана түшээд сууж байснаа босоод явсан. Гэнэт миний зүүн хэвлийн дээд хэсэгт хутгалсан. Тэгэхээр нь би гараад зугтаасан. Араас Д гарч байгаа харагдсан. Тэгсэн маргааш нь эмнэлэг дээр байхад Д ирээд Г чамайг хутгалчихаад намайг мөн хутгалчихлаа гээд ирсэн. Д-тэй маргалдаж байгаад би тэр хоёрын дунд суусан байсан болохоор замдаа намайг хутгалсан. Ингэж хутгалдаг юм гээд байсан. Би ч санаанд орсонгүй. Сууж байтал гэнэт хажуугаас хэвлийн дээд хэсэгт хиржигнээд хутганы дүрж байгаа нь мэдрэгдсэн. Тэгэхээр нь би гараад зугтаасан. Би эмчилгээ сайн хийлгэсэн. Миний бие эрүүл саруул байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг  /хх 32-33 дугаар хуудас/,

Гэрч 1994 онд төрсөн Г-ийн О мөрдөн байцаалтанд 2018-10-31-нд өгсөн мэдүүлэгт: “...Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын эрүүл мэндийн төвд жижүүр эмчийг үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр 20 цагийн үед Д.Н- гэх хүн хутгалуулсан байна гээд дуудлага өгсөн. Тэгээд жижүүрийн машинтай явж байтал зөрөөд эмнэлэгт дээр ирсэн байсан. Тэгээд үзтэл зүүн хавирганы доод хэсэгт зүсэгдсэн шархтай, тухайн хэсэгт дарахад хөндүүр, биеийн байдал дунд зэрэг даралт өндөр байсан. Нилээд согтуу байсан. Б.Н-ийн зүүн хавирганы доод хэсэгт хутгалуулсан шархтайгаас өөр ил харагдах шарх байхгүй байсан....” гэсэн мэдүүлэг /хх 38 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Хүрэлсүхийн  2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 678 дугаартай актанд: “1. Үзүүлэгч Б.Дийн биед зүүн дал, аюулхай хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 47 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Хүрэлсүхийн  2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 681 дугаартай актанд: “1. Үзүүлэгч Д.Н-ийн биед хэвоийн зүүн дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 51 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч П.Г нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг 1 дүгээр хороонд оршин суух Б.Д-ийн гэрт Д.Н, Б.Д нарыг хутгалж 2 хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.

Хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

Иймд шүүгдэгч П.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч П.Г-ыг 2 хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч П.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болцмогц устгахыг,

шүүгдэгч П.Г-ын эзэмшлийн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ... тоотод байрлах 797м2 хэмжээтэй 2.500.000  /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий газрыг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 46 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн П-ийн Г-ыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б овгийн П-ийн Г-ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч П.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
  5. Шүүгдэгч П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч П.Г-ын эзэмшлийн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ... тоотод байрлах 797м2 хэмжээтэй 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий газрыг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 46 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож болгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН