Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1112

 

 

 

 

 

 

 

 

 

 “Шаргалжуут” рашаан сувилал ХХК, “Аварга Тосон” рашаан

сувилал ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02588 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Шаргалжуут” рашаан сувилал ХХК, “Аварга Тосон” рашаан сувилал ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дайверс” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 9 785 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Гарьдын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Гарьд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Өлзий-Орших

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч “Шаргалжуут” рашаан сувилал ХХК, “Аварга Тосон” рашаан сувилал ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэржмядаг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Шаргалжуут” рашаан сувилал ХХК, "Аварга Тосон рашаан сувилал” ХХК нь "Дайверс" ХХКомпанитай 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр "Программ хангамжийн ажил гүйцэтгэх гэрээ", 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр "Программ хангамжийн нэвтрүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээг тус тус байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хийж гүйцэтгэн, нэвтрүүлж, актаар хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байдаг.Гэрээний дагуу манай компани ажил гүйцэтгэгч талд 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэрээний 20 хувийн төлбөр болох 9 785 000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Гэвч ажил гүйцэтгэгч тал гэрээнд заасны дагуу хугацаандаа, чанартай доголдолгүй ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгөөгүй болно. Гэрээнд заасан хугацааны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн манай компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд захиалгын модулийг ашиглаж эхлүүлэхээр тохиролцсон боловч хугацаандаа ажлаа хийж гүйцэтгэж чадаагүй. Нэмэлт гэрээнд зааснаар 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс захиалгын модулийн багахан хэсгийг туршилтаар ашиглахад олон алдаа доголдолтой программ хангамж байсан. Үүнд санхүүгийн менежментийн программ хангамж нь Сангийн яамны албан ёсны зөвшөөрөлгүй, захиалгын модул нь манай байгууллагын ашиглаж ирсэн захиалгын программтай харьцуулахад сайжруулалт хийгдээгүй, ашиглалтын үйл ажиллагаа нь удааширч, илүү хүндэрсэн, хяналтын дэлгэц буруу хийгдсэн, одоогийхоос 6 дахин олон хуваагдсан, хяналтын тогтолцоог бүрдүүлэх боломжгүй, эрхийн бичиг буруу болон давхар бичигдэх, хэвлэгдэхгүй байх, хэрэглэгчийн код давхцах, хэрэглэгч шинээр бүртгэхэд алдаа заах, сувилуулагч өрөөгөө солих боломжгүй, мөнгөн дүн 2 дахин давхардаж харагдах зэрэг алдаа, доголдол байнга давтагдаж, нэг үйлчлүүлэгчийг 3-5 цаг хүлээлгэж байсан нь манай байгууллагын нэр хүнд болон үйл ажиллагаанд ноцтой доголдлууд үүсгээд байсан. Дээрх гарч буй алдаа, доголдлыг ажил гүйцэтгэгч “Дайверс” ХХК-ийн ажилтан, гүйцэтгэх удирдлагад удаа дараа амаар болон бичгээр хэлж, ярьж тайлбарлаж байсан боловч арга хэмжээ аваагүй тул 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1-17 албан тоотоор “Дайверс” ХХК-нд шилжүүлсэн 9 785 000 төгрөгөө буцаан шаардахад буцаан төлөх үндэслэлгүй гэсэн хариу ирүүлсэн. Иймд “Дайверс” ХХК-аас 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлсэн 9 785 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Дайверс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Шаргалжуут” рашаан сувилал ХХК “Дайверс” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Программ хангамжийн нэвтрүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний заалтыг удаа дараа зөрчиж байсны улмаас энэхүү төсөл хэрэгжээгүй. Хэрэглэгчийн шаардлагыг гаргаж өгөхгүй хугацаа алдсан, бизнес шаардлагаа буруу гаргаж өгсөн, гаргасан шаардлагаа байнга өөрчилж байсан, 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 70 хоногийн хугацаанд захиалагчийн төсөл хариуцсан ажилтныг 3 удаа сольсон. “Шаргалжуут рашаан сувилал” ХХК "Программ хангамжийн нэвтрүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.2.1-д заасныг зөрчсөн. Захиалагч тал программ хангамжид тавигдах бизнес хэрэгцээ, шаардлагаа хугацаанд нь гаргаж өгөөгүй. “Дайверс” ХХК гаргасан программын шаардлагыг баталгаажуулахыг хүссэн боловч баталж өгөөгүй.

“Шаргалжуут рашаан сувилал” ХХК “Программ хангамжийн нэвтрүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.2.5-д заасныг зөрчсөн. Сүлжээ холбоогүй, IT ажилтан томилоогүй, сервер аваагүй, “Шаргалжуут” рашаан сувиллыг интернэттэй холбоогүй байсан. “Шаргалжуут рашаан сувилал” ХХК нь “Программ хангамжийн нэвтрүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.2.7-д заасныг зөрчсөн. “Программ хангамжийн нэвтрүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.2.8-д "Захиалагчийн зүгээс томилогдсон ажилтан нь программ хангамжийг боловсруулах, нэвтрүүлэхэд шаардлагатай мэдээллийг бэлтгэх, хангамжийг боловсруулах, оруулах ажлыг зохион байгуулах, хийж гүйцэтгэх" гэсэн заалтыг зөрчсөн. “Дайверс” ХХК-ийн ажилтанууд 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хооронд дараах ажлыг гүйцэтгэсэн байна. 2015 оны 03 сарын 11-нээс 14-ний хооронд Шаргалжуут рашаан сувилал руу явж амралтын үйл ажиллагаатай танилцан, захиалагч талын ажилтнуудтай худалдан авалт, зарлага хийх, бараа материалын орлого авах, олон нийтийн захиалга авах, засварын дуудлага хүлээн авах, гүйцэтгэх талаархи шаардлага, праграмм нэвтрүүлэх үйл ажиллагааг хэлэлцэх зэрэг ажил хийсэн. 2015 оны 03 сарын 16-наас 24-ны хооронд менежер Цолмонгийн хамт бааз бэлдэх буюу захиалагч талын компьютерүүдэд програм суулгах, хэвлэх баримтуудын форматуудыг хэлэлцэх, баазын үндсэн бүртгэл хийх, шаардлагатай тоног төхөөрөмжийн тоог гаргах ажил хийсэн болно. 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд захиалгын модулийг хөгжүүлэх, тест хийх ажлыг “Дайверс” ХХК-ийн программист 2 хүн хийж гүйцэтгэсэн, 2015 оны 04 сарын 06-ны өдрөөс 05 сарын 10-ны өдрийн хооронд менежер Цолмонгийн захиалагч талын ажилтнуудад бааз шивэх сургалт; программ шинэчлэх, хэрэглэгч гэх, бааз шивүүлж дадлагажуулалт хийсэн. “Шаргалжуут” рашаан сувилал ХХК, “Аварга Тосон рашаан сувилал” ХХК-ийн үйл ажиллагаанд шинээр Плутус программ нэвтрүүлж санхүүгийн модулийн системийн тохиргоог бүрэн хийсэн, хэрэглэгч ашигласан, санхүүгийн ерөнхий дэвтэр модулийн эхний үлдэгдлийг гүйцэд зоогоогүй, хэрэглэгч бүрэн бус ашигласан, авлага, өглөгийн модулийн эхний үлдэгдлийг гүйцэд зоогоогүй, хэрэглэгч ашигласан, мөнгөн хөрөнгийн модулийг 2015 оны 01 дүгээр сараас эхлэн шивэлт хийсэн, хэрэглэгч ашигласан, рашаан сувилалд тооллого хийж байсны улмаас үндсэн хөрөнгийн модулийн бааз бэлдэх ажил удааширсан, бааз дутуу, дотоод худалдан авалтын модулийг хэрэглэгч ашигласан, 2015 оны 1 дүгээр улирлын худалдан авалт хийж эхэлсэн. Төслийн хугацаанд “Дайверс” ХХК-ийн 2 программист ажиллан, 2 хүн нэвтрүүлэлт хийж, 70 хүн өдөр ажилласан, 9 модулийг ашиглалтад оруулсан. “Шаргалжуут” рашаан сувилал ХХК-ийн ажилтнууд “Дайверс” ХХК-ийн суурилуулсан модуль программыг ашиглан 2015 оны 03 дугаар сараас “Шаргалжуут” рашаан сувилал, “Аварга Тосон” рашаан сувилалд Улаанбаатар хотоос амрах 700 гаруй амрагчийн бүртгэлийг хийж 380 000 000 орчим төгрөгийн үнийн дүн бүхий захиалга авсан. Шаргалжуут рашаан сувилал ХХК-ийн санхүүгийн ажилтнууд “Дайверс” ХХК-ийн суурилуулсан модулийг ашиглан 2015 оны компанийн гүйлгээ балансыг гаргасан байсан. Манай компани тухайн ажлын 30-40 хувийн төлбөр авалгүйгээр гүйцэтгэж урьдчилгаа төлбөрөө авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.         

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Дайверс ХХКомпаниас ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 9 785 000 төгрөг буцаан гаргуулахыг хүссэн Шаргалжуут рашаан сувилал ХХКомпани болон Аварга Тосон рашаан сувилал ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 600 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Гарьд давж заалдах гомдолдоо: “...2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/Ш32016/05181 тоот шүүгчийн захирамжийн талаар 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагч "Дайверс" ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ болон дүрмийг хариуцагчаас гаргуулах тухай хүсэлт тавьж шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Учир нь тухайн өдөр хавтаст хэрэгт хариуцагч "Дайверс" ХХК-ийг нотлох нэг ч албан ёсны баримт бичиг байхгүй байсан. Иргэний хуулийн 25, 26 болон Компанийн тухай хуулийн 16, 83 дугаарт зүйл заалтуудад заасны дагуу бол...Компанийн дүрмээр...компанийн гүйцэтгэх удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөл нь албан ёсоор баталгаажиж, тодорхой болох ёстой байдаг. Мөн хавтаст хэрэг авагдсан материалууд дундаас гүйцэтгэх захирал болон ерөнхий захирал нь тодорхойгүй байдаг. "Дайверс" ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 02-ний "Программ хангамжийн нэвтрүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ"-нд ерөнхий захирал М.Баярхүү, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 20 тоот албан бичигт гүйцэтгэх захирал Д.Нямаажав, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 24 тоот албан бичигт гүйцэтгэх захирал М.Баярхүү, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэл дээр гүйцэтгэх захирал М.Баярхүү зэргээр байдаг. 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/Ш32016/05180 тоот шүүгчийн захирамжийн талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шүүхийн шийдвэртээ.... нэхэмжлэгч байгууллагууд нь "Дайверс" ХХК-ийн суурилуулсан захиалгын модулын программыг устгасан эсэх, хэзээ устгасан, одоо ямар программ ашиглаж байгаа тухайгаа баримтаар нотлоогүй байна...гэсэн байна. 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч байгууллагын талаас...гэрээний дагуу бэлтгэл ажлаа хийсэн эсэх, "Шаргалжуут Рашаан Сувилал" ХХК-ийн 10 компьютер дээр суулгасан программ дээр шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан байдаг. Шүүх хариуцагч байгууллагын шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Хариуцагч байгууллагын хүсэлтийн дагуу компьютерийн програмын талаар шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулаагүй байж, энэ талаараа шүүхийн шийдвэртээ үндэслэл болгосныг шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж хоорондоо зөрчилдөж байна гэж үзэж байна. Нөгөө талаас нэхэмжлэгч байгууллагын зүгээс тухайн программ нь шаардлага хангахгүй доголдож, байнга гацаж байсан тул устгасан.... гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, компанийн нягтан бодогч Д. Сэржханд шүүх хуралдаанд удаа дараа хэлж, тайлбарлаж байсан болно.

2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/Ш32016/05181 тоот шүүгчийн захирамжийн талаар 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагч "Дайверс" ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ болон дүрмийг хариуцагчаас гаргуулах тухай хүсэлт тавьж шүүх хуралдааныг хойшлуулж байсан. Учир нь тухайн өдөр хавтаст хэрэгт хариуцагч "Дайверс" ХХК-ийг нотлох нэг ч албан ёсны баримт бичиг байхгүй байсан.  Иргэний хуулийн 25, 26 болон Компанийн тухай хуулийн 16, 83 дугаарт зүйл заалтуудад заасны дагуу бол...Компанийн дүрмээр...компанийн гүйцэтгэх удирдлага болон төлөөлөн удирдах зөвлөл нь албан ёсоор баталгаажиж, тодорхой болох ёстой байдаг. Хавтаст хэрэг авагдсан материалууд дундаас гүйцэтгэх захирал болон Ерөнхий захирал нь тодорхойгүй байдаг. "Дайверс" ХХК-ийн 2015 оны 03 дугаар 02-ны "Программ хангамжийн нэвтрүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ"-нд ерөнхий захирал М.Баярхүү, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 20 тоот албан бичигт гүйцэтгэх захирал Д.Нямаажав, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 24 тоот албан бичигт гүйцэтгэх захирал М.Баярхүү, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн итгэмжлэл дээр гүйцэтгэх захирал М.Баярхүү зэргээр байдаг. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч “Шаргалжуут рашаан сувилал” ХХК, “Аварга тосон рашаан сувилал” ХХК нь хариуцагч “Дайверс” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 9 785 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид хоорондоо 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Программ хангамжийн нэвтрүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ”, 2015 оны 03 дугаар сарын 09-ны өдөр “Программ хангамжийн нэвтрүүлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний нэмэлт гэрээг тус тус байгуулж, гүйцэтгэгч нь захиалагчийн өгсөн  захиалгын дагуу “Плутус”-байгууллагын нөөцийн удирдлагын цогц программ хангамжийг нэвтрүүлэх, захиалагч нь ажлын хөлс болох 48 925 000 төгрөгийг гэрээнд заасан үе шатны дагуу төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

 

Захиалагч нь гэрээний 4.3.1-д заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр болох 9 785 000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэгчид төлсөн үйл баримт нь хэрэгт авагдсан гэрээнүүд, “Шаргалжуут рашаан сувилал” ХХК-д “Дайверс” ХХК-иас хэрэгжүүлсэн “Плутус” системийн материал, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн талаарх материалууд, “Шаргалжуут рашаан сувилал” ХХК-ийн төлбөрийн даалгавар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хх 6-18, 31-176, 201-250, II-хх 251-258, 260, 274-276/

 

            Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

            Гэрээний 4.3-т захиалагч нь ажлын хөлсийг гүйцэтгэгчид төлөх нөхцлийг тусгасан бөгөөд гэрээний 4.3.1-д гэрээний бэлтгэл ажил дууссаны дараа гэрээний үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг төлнө гэж заажээ.

 

            Хэрэгт ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг гүйцэтгэх боломжгүй байгаа тухай “Дайверс” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 20 тоот албан бичиг /II-хх 258/, гэрээг цуцлах талаарх “Шаргалжуут рашаан сувилал” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1-17 тоот албан бичиг /хх 184, 185/, “Дайверс” ХХК-иас хэрэгжүүлсэн “Плутус” системийн материал, ажлын гүйцэтгэлийн талаарх баримтууд авагдсан байна.

 

            Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн бэлтгэл үе шатны ажил нь доголдолтой байсан гэж үзэж гэрээгээр шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаардаж байгаа тохиолдолд уг гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсныг нотлох ёстой.

 

            Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “Дайверс” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан гэх үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн зүгээс доголдлын талаар хариуцагчид мэдэгдсэн, тодорхой хугацаа олгож байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул захиалагч буюу “Шаргалжуут рашаан сувилал” ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхгүй юм.

 

Иймд шүүх ажил гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн эхний үе шатны ажлыг гүйцэтгэсэн гэж дүгнэж, нэхэмжлэгчийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Шүүх хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй байгааг тогтоохдоо дээрх зохицуулалтыг баримтлаагүйг залруулах нь зүйтэй байна.

 

“Дайверс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Нямаажав нь гүйцэтгэгчийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан, мөн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр захиалагчид албан бичиг хүргүүлж байснаас хойш буюу  2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар М.Баярхүүг томилсон, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түүний олгосон итгэмжлэлээр иргэн Г.Өлзий-Орших нь компаниа төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болох нь хэрэгт авагдсан тус компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл /хх 25,191/ зэргээс харагдаж байх тул тус компанийн гүйцэтгэх удирдлага хэн болох нь тодорхойгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гүйцэтгэгч нь гэрээнд заасан бэлтгэл ажлыг хийж дуусгасан эсэх, “Шаргалжуут рашаан сувилал” ХХК-д “Плутус” программ хангамжийг нэвтрүүлж эхэлсэн эсэхэд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх нотлох баримт бүрдүүлэхэд ач холбогдолтой биш гэж үзэж хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/02588 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1” гэсний дараа “225 дугаар зүйлийн 225.1” гэж нэмж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Шаргалжуут рашаан сувилал” ХХК-ийн төлсөн 171 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                   Д.ЦОГТСАЙХАН