Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2015/0996/З |
Дугаар | 109 |
Огноо | 2017-02-10 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 109
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар Т.Н, Д.П, П.Э, Н.Ц нарын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Т.Н
Д.П
П.Э
Н.Ц
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-265 дугаар тоот тушаалын "И" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцож, Т.Н, Д.П, П.Э, Н.Ц нарт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг олгохыг хариуцагчид даалгах;
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Ч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нэхэмжлэгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нарыг оролцуулан хийв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Т.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Т.Н миний бие Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-265 дугаар тушаалын "И" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү шаардлага Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-265 дугаар тушаалын "И" ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9-р зүйлийн 9.1-д зааснаар илт хууль бусад тооцуулахаар гэж өөрчилж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.1-д зааснаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Т.Нд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг олгохыг даалгаж өгөх гэж нэмэгдүүлж байна.
Учир нь "И" ХХК-ийн эзэмшигч гэх М.Н нь 2004 онд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх авсан байх боловч Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.6-д зааснаар зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй байна. Иймд М.Нын Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дуусгавар болгох ёстой, мөн М.Нын газар ашиглах эрх нь 2009 онд дуусгавар болсон. Сунгасан талаар эрх бүхий этгээдийн шийдвэр, түүнийг дагалдах гурвалсан гэрээнд сунгалт байхгүй байна.
Гэтэл М.Н нь Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмын 3-р зүйлд заасан шаардлага хангаагүй хүсэлт гаргасныг буюу байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, татварын болон банкны өр төлбөргүй гэснийг нотлох баримтыг хавсаргаагүй, ямар төсөл хэрэгжүүлэх гэж буйгаа дурьдаагүй хуулийн шаардлага хангахгүй хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9-р зүйлийн 9.1.7-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлгүй байхад гаргасан тул илт хууль бус шийдвэр байна.
Миний бие Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35-р зүйлийн 35.1 дэх хэсэгт заасны Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 2009, 2011, 2015 онуудад оршин суугаа газраа хуулийн тухай ашиглах тухай өргөдөл, хүсэлтийг удаа дараа гаргаж байхад хуулийн дагуу зохих хариу өгөлгүй байгаа үйлдэл нь миний Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиудаар олгосон газар ашиглах эрхийг минь ноцтой зөрчсөн эс үйлдэл юм.
Иймд Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-265 дугаар тушаалын "И" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцож, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Т.Нд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг олгохыг даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч нар нь оолон жил оршин сууж байгаа билээ. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Д.о сайдын 2015 оны 06 дугаар сарын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсангийн иргэдэд газар ашиглуулах тухай тушаал гарч, тус сайдын тушаалд нэг иргэнд 0.05 га газар эзэмшүүлж ашиглуулахаар заасны дагуу бид олон жил амьдарсан бөгөөд өөрсдийн оршин сууж буй ээж, эмээ Т.Н нэр дээрх газраа Т.Н, хүү Д.П ач П.Э, Н.Ц нарын нэр дээр 4 хувааж тухайн үед Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас гаргасан ажлын хэсгийнхнээр газрын кадастрын зургаа гаргуулан баталгаажуулж, газар эзэмшүүлэх гэрчилгээ гаргуулах тухай холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн сууж буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороогоороо дамжуулан Богд хан уулын дархан цаазат газрын захиргаа болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн болно. Гэтэл дээрх төрийн байгууллагуудаас бидний өргөдлийг шийдвэрлэсэн хариу ирээгүйгээс гадна оршин сууж буй хашаа газар дээр давхардуулан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-265 тоот тушаалаар "И" ХХК-д газар олгосон байна.
Иймд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-265 дугаар тоот тушаалын "И" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцож, Д.П П.Э, Н.Ц нарт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг олгохыг хариуцагчид даалгах” гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.1-д шийдвэрийн хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэсэн байдаг. Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 1 хуудас хүсэлт явуулсан байдаг. Тухайн “И Жи *******” ХХК-ийн маргаан бүхий газарт хүсэлт гаргасан хэдэн компани байсан түүнээс яаж сонголтоо хийсэн нь тодорхойгүй байна.
Мөн хүсэлт гаргагч байгууллага аялал жуулчлалын ажиллагаа явуулахад материаллаг баазыг олон улсын стандартад нийцсэн байгаа эсэхийг харгалзан сонгоно гэсэн байдаг бөгөөд аялал жуулчлалын үйл ажиллагаа нь стандартад нийцсэн эсэх нь тодорхойгүй байгаа. Заасан газрын зориулалт, байршил, оршил, зааг, бүсийг дангаар эсвэл дундаа ашиглах зэргийг тодорхой заана гэсэн байдаг. Үүнээс дүгнэхэд 2004 онд авагдсан солбилцлын цэг хавтаст хэрэгт авагдсан яамнаас ирсэн нотлох баримтад тухайн газар амралт аялал жуулчлалын бааз барих төслийн нарийвчилсан үнэлгээн дээр төсөл хэрэгжүүлэгч кординат буюу давхцалын дөрвөн цэг нь сүүлд 2012 онд н.Б******* сайдын олгосон газрын кординаттай их хэмжээгээр зөрж байгаа. Иймд хариуцагч байгууллага И ХХК-д газар олгохдоо газрын хэмжээг зөрүүлж ихэсгэж олгосон байна. 2012 оноос өмнө нэхэмжлэгч иргэд нь өөр өөрсдийн хашаандаа өөр ямар нэгэн иргэн аж ахуйн нэгжтэй газрын давхцалгүй амьдраад ирсэн байна. Тухайн үед иргэн н.Н*******ын ашиглах эрхтэй газар нь нэхэмжлэгч нарын газартай давхцалгүй байсан бөгөөд хариуцагч байгууллага тухайн гэрчилгээг шилжүүлсэн нь хууль бусаар үйлдэл юм. Нэхэмжлэгч Т.Н нь Байгаль орчин аялал жуулчлалын яаманд би харин харьяалагдах сум дүүргийн Засаг дарга эсвэл тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хүсэлтэй өгөх боломжтой үүнийхээ дагуу Богдхан Уулын хамгаалалтын захиргаанд хүсэлтэй өгсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Н нь “И Жи *******” ХХК-д ашиглах эрхээ шилжүүлэхдээ хавсаргаж өгсөн баримтууд нь хууль бус болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 сарын 16-ны өдрийн А-265 дугаартай аялал жуулчлалын зорилгоор газар ашиглах гэрчилгээг олгосон байдаг.
Анх М.Н нь газар эзэмших гэрчилгээг шилжүүлэх хүсэлт гаргахдаа аялал жуулчлалын зорилгоор барилга барьж байгаа тул зээл авах шаардлагатай байгаа тул компанийн нэр дээр гаргаж өгөөч гэсэн байдаг. Иймээс М.Нын гаргасан нотлох баримт нь анхнаасаа хуурамч байсан гэдэг нь нотлогдож байна. Мөн архитектур төлөвлөлтийн даалгавар дээр 20000 м.кв газартай аялал жуулчлалын цогцолбор гэсэн байна. Гэтэл нотлох баримтыг шинжлэн судлахад тухайн компанийн гэрчилгээн дээр үндсэн үйл ажиллагаа нь гадаад худалдаа гэсэн байгаа энэ нь өөрөө хууль бус үйлдэл юм. Иргэн Т.Н нь 2009, 2011, 2015 онд тухай бүрт нь тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд зохих хүсэлтээ тавьж явж байсан. Гэтэл хариуцагч нь яаманд ямар ч хүсэлт ирээгүй гээд байгаа нь хуулиараа яаманд биш харьяа сум дүүргийн Засаг дарга, болон тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд гаргана гэж заасан байдаг. Иймд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“...Иргэн Т.Н, Д.П П.Э, Н.Ц нар нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-265 дугаар тушаалын "И" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцуулах, нэхэмжлэгч нарт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг даалгаж өгөх тухай нэмэгдүүлсэн шаардлагыг үл зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
1. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Байгаль орчин, Ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/235 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Уг ажлын хэсгээс гарсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрийн дагуу 1-т “Нэг хашаанд амьдарч байгаа иргэдийн дундаас хамгийн олон жил тухайн газартаа буюу 1994 оноос өмнө /Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль/ батлагдахаас өмнө амьдарч байсан нэг иргэнд хамаарна. 2-т Аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах газрын хэмжээг 0,05 га-гаас хэтрүүлэхгүй. 3-т Газар ашиглах зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгжийн газар дээр зөвшөөрөлгүй бууцан айлуудад уг арга хэмжээ хамаарагдахгүй” гэж ажлын хэсгийн хуралдаанаар шийдвэрлэсний дагуу зайсанд амьдарч байсан иргэдийн хүсэлт хэдэн оноос хойш амьдарсан тодорхойлолт зэргийг үндэслэн шийдвэрлэсэн байгаа.
2. "И" ХХК-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 265 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар, Хан-Уул дүүргийн зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 0,5 га газрыг 5 жилийн хугацаатай олгосон нь хуулийн хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын яамны бүрэн эрх хэмжээний хүрээнд олгосон тул илт хууль бус байх үндэслэлгүй болно.
3. Иргэн Т.Н нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газар ашиглах зөвшөөрөл хүссэн хүсэлт, Богдхан уулын хамгаалалтын захиргаанд газар ашиглуулах тухай хүсэлт 2015 оноос өмнө гаргаж байгаагүй, 2015 оны 06 дугаар сард Богдхан уулын хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргасан ч тухайн хүсэлт гаргасан газар нь "И" ХХК-ний газартай давхцалтай байгаагаас үүдэн тус яам нь иргэн Т.Нд газар ашиглах зөвшөөрөл олгоогүй билээ. Энэ нь тус яамны эс үйлдэхүй биш тул Т.Нд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг олгохыг даалгаж өгөх тухай нэмэгдүүлсэн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.
Учир нь 2015 оны Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу Зайсангийн аманд удаан жил амьдарсан иргэдийн газар ашиглах хүсэлтийг судлаад газар олгох тухай Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд чиглэл ирсэн байдаг. Үүний дагуу тус яамнаас тушаал гарч ажлын хэсэг байгуулан тухайн дүүргийн 4-р хороонд удаан жил амьдарсан иргэд буюу Тусгай хамгаалалтай газрын тухай хууль батлагдахаас өмнө 1994 оноос өмнө амьдарч байсан иргэд тэдгээрийн газар ашиглах хүсэлт бусад компанийн газартай давхцалгүй байх шаардлага тавьж судалгаа хийн газар ашиглуулах гэрчилгээ олгосон. Нэхэмжлэгч дөрвөн иргэн нь 2015 оны 06 сард газар ашиглах гэрчилгээ гаргуулах хүсэлтээ гаргасныг судалж үзэхэд тухайн газар нь “И Жи *******” ХХК-ийн газартай давхцалтай байх тул газар ашиглах гэрчилгээ олгох боломжгүй байна гэж албан бичгээр хариу хүргүүлсэн байдаг. Яагаад ингэж шийдвэрлэсэн бэ гэвэл нэхэмжлэгч Т.Н нь 2010 оноос хойш амьдарсан, нэхэмжлэгч Д.П П.Э, Н.Ц нар нь 2015 онд буюу газар ашиглуулах гэрчилгээ хүсэх хүсэлтээ өгөхөөсөө өмнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооноос шилжиж ирж үүнийгээ Богд хан уулын хамгаалалтын захиргаанд мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгч иргэд нь тухайн маргаан бүхий газарт удаан хугацаанд амьдарч байсан гэдэг нь нотлогдохгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд "И" ХХК-ийн захирал М.Н шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
“... "И" ХХК нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Богдхан уулын дархан цаазат газар нутгийн Зайсангийн ам нэртэй газарт Байгаль орчин, аялал жуулчлалын яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах №2012/57 тоот гэрчилгээний дагуу 0,5 га газрыг 2012 оноос хойш 5 жилийн хугацаатай эзэмшиж байгаа билээ.
Уг эзэмшил газрыг бид зохих хууль дүрмийн дагуу эзэмшиж байгаа бөгөөд иргэн Т.Н нь газар эзэмших хүсэлтээ 2015 онд өгсөн ба тухайн үед манай компанийн газар эзэмших эрх үүссэн байсан тул уг “Нэхэмжлэлийг өөрчлөх нэмэгдүүлэх” хүсэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Т.Н хувьд “И Жи *******” ХХК-ийн газартай газрын давхцал байхгүй болох нь Газрын харилцаа геодези зураг зүйн газраас ирүүлсэн кадастрын зургаас нотлогдох бөгөөд Т.Н ямар эрх ашиг нь зөрчигдөөд байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч Д.П П.Э, Н.Ц нарт газар эзэмших гэрчилгээ болон гэрээ байхгүй байхад тухайн иргэдийн ямар эрх ашиг нь зөрчигдөөд байгаа нь мөн төрийн байгууллага албан тушаалтан хууль бус үйлдэл хийсэн нь тодорхойгүй байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д зааснаар “хязгаарлалтын бүсэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй зохих зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж болно” гэж заасан байдаг болохоос биш ашиглаж амьдарч болно гэсэн заалт байхгүй. Мөн тус хуулийн 33 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тодорхой зорилготойгоор гэрээний үндсэн дээр тухайн газрыг эзэмшүүлж, ашиглуулж болно гэсэн байдаг. Нэхэмжлэгч иргэдэд ямар нэг гэрээ болон гэрчилгээ байхгүй байхад ямар эрх ашгийг нь хөндөөд байгаа нь тодорхойгүй байна. Мөн хүсэлт гаргасан газар нь ямар нэг хувь хүн аж ахуйн нэгжийн газартай давхцалтай байж болохгүй гэж заасан байсны үндсэн дээр олгох боломжгүй гэж хариу өгсөн нь зүйтэй ямар нэгэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар 2015 онд газар эзэмших хүсэлт гаргасан гэх болов хариуд нь өөр компанийн газартай давхцаж байна гэсэн хариу өгсөн байгаа. Шүүхээс шаардсаны дагуу Өмч газрын харилцааны газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 14-ний 9/414 гэсэн албан бичигт нэхэмжлэгч Т.Н нь ******* тоотод газар эзэмшээгүй байна гэсэн хариу тоот өгсөн. Энэ нь тухайн газрыг эзэмших эрхгүй гэрчилгээгүй гэсэн үг харин Дайчдын хөшөө ******* тоотод газар эзэмшиж байна гэж тодорхойлсон байдаг” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Т.Н, Д.П П.Э, Н.Ц нар нь “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-265 дугаар дугаар тушаалын "И" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцож, Т.Н, Д.П П.Э, Н.Ц нарт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “...иргэн М.Нын эзэмшиж байсан газрын гэрчилгээний хугацаа дууссан байхад уг гэрчилгээний хугацааг сунгасан ба байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй байдаг. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд тусгагдсан газрын координат нь анх олгосон гэрчилгээнд бичигдсэн координаттай зөрсөн” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...нэхэмжлэгч нар нь газар ашиглах тухай хүсэлтээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд гаргаж байгаагүй, 2015 онд Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд гаргасан өргөдлөөр хүссэн газар нь бусдын ашиглаж байгаа газартай давхцалтай тул газар ашиглах эрх олгохоос татгалзсан нь үндэслэлтэй” гэж тус тус маргажээ.
“Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2004 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 92 дугаартай гэрээний дагуу иргэн М.Н нь Нийслэлийн Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 0,5 га газрыг 5 жилийн хугацаагаар анх ашиглах эрхтэй болсон байна.
Дээрх байршилд "И" ХХК-д “...газар ашиглуулах гэрчилгээ” олгохыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-265 дугаар тушаалаар зөвшөөрч 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2011/180 тоот “...газар ашиглах гэрээ” байгуулжээ.
Т.Н нь 2009 онд “Газар ашиглах эрх олгох” өргөдлийг Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд гаргаж байсан байна.
Т.Н нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Дайчдын хөшөө ******* тоот хаягт амьдарч байгаад маргаан бүхий газарт 2010 оноос хойш суурьшиж амьдарсан болох нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн албан бичигт “2006-2010 онд 3-р хэсэг дайчдын хөшөө ******* тоотод, 2010 оноос өдийг хүртэлх хугацаанд 2 дугаар хэсэг Мөнхзайсан 1 дүгээр гудамж ******* тоотод амьдарч байгаа...” гэж бичигдсэн болон өрхийн бүртгэлийн дэвтэр, Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 09/411 тоот албан бичигт “...Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 224 тоот захирамжаар иргэн Т.Нд тус дүүргийн 11 дүгээр хороо, 3 хэсэг, Дайчдын хөшөө ******* тоот газрыг эзэмшүүлсэн байна” гэж бичигдсэн , Т.Н иргэний үнэмлэхний хуулбарт хаягийг “Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, дайчдын хөшөө ******* тоот. 2008/03/15” гэж бичсэн зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т.Н хүсэлт гаргасан газар нь гуравдагч этгээд "И" ХХК-ийн ашиглалтад байгаа газартай давхцалгүй , уг газраас урд зүгт байрлах иргэдийн орц, гарцыг хааж байгаа болох нь хэрэгт авагдсан газрын үзлэгийн зураг , газрын кадастрын зургуудыг давхцуулсан зураг , хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-265 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгч Т.Н эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй бөгөөд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “...газар ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмын хүрээнд Т.Нд газар ашиглах эрх олгохыг даалгах үндэслэлгүй байна.
Иргэн М.Нын газар ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа 2009 онд дууссан байхад 2010 онд гэрчилгээний хугацаа сунгасан, М.Нын газар ашиглах эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэн ашиглуулсан тухайд хариуцагчийн буруутай үйлдэл тогтоогдож байх хэдий ч маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч Т.Н эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, нэхэмжлэгч Н.Цийг тус хаягт 2006 онд ирж суурьшихаас өмнө иргэн М.Над газар ашиглах эрх үүссэн байсан байна.
Мөн нэхэмжлэгч П.Э нь 2013, Д.П******* нь 2015 оноос тус хаягт шилжин ирж суурьшихаас өмнө 2012 онд "И" ХХК-д газар ашиглах эрх үүссэн байх тул цаг хугацааны хувьд өмнө үүссэн газар ашиглах эрхийг нэхэмжлэгч нарын сүүлд үүссэн эрхэд үндэслэж илт хууль бус гэж үзэх боломжгүй юм.
Түүнчлэн,
- Д.П П.Э, Н.Ц нарын хүсэлт гаргасан газар нь гуравдагч этгээдийн ашиглаж буй газартай хэсэгчилсэн давхцалтай,
- Н.Ц нь 2006 оноос тус хаягт бүртгэлтэй байсан,
- П.Э нь тус хаягт 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр , Д.П******* нь 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шилжин ирсэн,
- Н.Ц, Д.П П.Э нар 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр газар ашиглах хүсэлт гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Д.П П.Э, Н.Ц нарын хүсэлт гаргасан газар нь гуравдагч этгээдийн ашиглаж буй газартай хэсэгчилсэн давхцалтай хэдий ч маргаан бүхий газрыг 2004 оны 92 тоот гэрээний дагуу иргэн М.Н нь Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нарын зөвшөөрлөөр ашиглаж байсан, 2012 онд өөрийн 100 хувийн эзэмшлийн "И" ХХК-д газар ашиглах эрхийг шилжүүлэх хүсэлт гаргаж, хариуцагч зөвшөөрсөн, цаг хугацааны хувьд дээрх нэхэмжлэгч нар нь "И" ХХК-д газар ашиглах эрх үүссэний дараа буюу 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Газар ашиглах эрх олгох” өргөдлийг тус тус Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байх” хуулийн ерөнхий шаардлагыг хангахгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
Дээрхээс дүгнэн үзвэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйл 35.1, 35.2, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасан журмын дагуу “иргэн нь газар ашиглах тухай хүсэлтээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргах, захиргаа хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжлах”-аар зохицуулсны дагуу нэхэмжлэгч Н.Ц, Д.П П.Э нарт газар ашиглах эрх олгохыг даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
“Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах” 1/41 тоот гэрчилгээний хавсралтад бичигдсэн геодезийн солбицол нь 2004 оны “Эдэлбэр талбайн хил хязгаарын цэгүүдийн солбицол тодорхойлсон тухай акт” -д бичсэн геодезийн солбицолтой тохирч байна.
Мөн дээрх “Эдэлбэр талбайн хил хязгаарын цэгүүдийн солбицол тодорхойлсон тухай акт”-ын геодезийн солбицлоор гаргасан тэгш өнцөгтийн солбицол нь "И" ХХК-ийн "Т" ХХК-аар хийлгэсэн кадастрын зургийн солбицолтой таарч байх тул газрын маргаан бүхий газрын байршил өөрчлөгдсөн гэж үзэхээргүй байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “газар ашиглах 2004 оны 1/41 тоот гэрчилгээний хавсралтад бичигдсэн газрын координатын солбицол нь анх иргэн М.Наас газар ашиглах хүсэлт гаргахдаа хийлгэсэн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” -ний координатын солбицолтой зөрж байгаа нь М.Над олгосон газар нь өөр газар байгаа” гэсэн тайлбар үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгч Т.Н, Д.П П.Э, Н.Ц нарын “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-265 дугаар тоот тушаалын "И" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцож, Т.Н, Д.П П.Э, Н.Ц нарт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 44 дүгээр зүйлийн 44.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Н, Н.Ц, Д.П П.Э нарын “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучин нэрээр/ 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-265 дугаар тоот тушаалын "И" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бусад тооцож, Т.Н, Д.П П.Э, Н.Ц нарт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ