Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/86

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга А.Батцог,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болд,

Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч У овгийн Ц-ийн Г-т холбогдох эрүүгийн 1827000000082 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                 

                            Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1983 оны .. дүгээр сарын ...-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ...... газар оршин суудаг, гавъяа шагналгүй,

Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаартай захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ялыг 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн.

Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлд зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 02 жил 07 сарын хугацаагаар шийтгэгдэж байсан, У овгийн Ц-ийн Г /РД:.......

        Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ц.Г нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар баг Жаргалант гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсний улмаас байгаль орчинд 172.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г-ийн өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын  2 дугаар багийн нутаг “Жаргалант” гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ч.С-ын өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би Хужирт сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч З.Ц-тай хамт Хужирт сумын 2 дугаар багийн нутгаар хяналт хийгээд явж байхад тус багийн Жаргалант гэх газар иргэн Ц.Г гэж хүн зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байсан. Тухайн үед ямар учраас мод бэлтгэсэн талаар асуухад хэрэг гараад бэлтгэчихсэн гэж хэлсэн. З.Ц- бид 2 түүний бэлдэж цагаалсан модыг өөрийнх нь тухайн газар жолоодож ирсэн ......улсын дугаартай  тээврийн хэрэгсэл дээр ачуулж Хужирт сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах байр буюу журмын хашаанд авч ирүүлж буулгасан. Ц.Г шинэс нэртэй нийт 17 ширхэг мод цагаалж бэлтгэсэн байсан. Тухайн модыг бэлтгэхдээ бүдүүн нарийн нийлсэн 5 ширхэг ургаа хуурай мод унагааж бэлтгэсэн байсан. Тухайн газар цахилгаан хөрөө, гар хөрөө, сүх зэрэг багаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Гэрч З.Ц-гийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би байгаль хамгаалагч Ч.С-ын хамт Хужирт сумын 2 дугаар багийн нутгаар хяналт шалгалт хийгээд явж байхад Хужирт сумын 2 дугаар багийн нутаг Жаргалант гэх газар иргэн Ц.Г нь зөвшөөрөлгүй мод бэлтгээд байж байсан. Тухайн үед би Гийг ямар учраас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар асуухад модны хэрэг гараад бэлтгэчихлээ гэж хэлсэн. Ц.Г нь тухайн үед ойгоос мод унагааж 17 ширхэг шинэс мод бэлтгээд цагаалсан байсан. Би түүний ойд зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг нь өөрийнх нь жолоодож явсан ......улсын дугаартай  тээврийн хэрэгсэл дээр ачуулж Хужирт сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах буюу журмын хашаанд авч ирж буулгуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2018 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 07 дугаартай: “Өвөрхангай аймгийн Ойн сан нь 1 дүгээр мужид хамрагддаг. Дээрх модны 17 ширхэг нь хэрэглээний хуурай шинэс модны төрөлд багтах бөгөөд нэг шоо метр модны суурь үнэлгээ нь 60.000 төгрөг. Байгаль  орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтанд заасны дагуу хэрэглээний модны ашиглалтын гарцыг итгэлцүүр 1.8-аар тооцдог. Бөөрөнхий хуурай шинэс модны хохиролын үнэлгээ 1.6 шоо метр х60.000=96.000 төгрөг х 1.8=172.800 төгрөг. Экологи эдийн засгийн нийт үнэлгээ 172.800 болж байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1, 2, 3 дугаар хуудас/,

 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Г-ийн эзэмшлийн цахилгаан хөрөө, гар хөрөө, сүх зэргийг хураан авах прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-20 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Г-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89, 90 дүгээр хуудас/ зэрэг болно. 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар баг Жаргалант гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсний улмаас байгаль орчинд 172.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Ч.С-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/, гэрч З.Ц-гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/, Ойн ангийн дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Г-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Г нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Г-ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нь гомдол саналгүй, эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө нэг ширхэг, модон иштэй сүх нэг ширхэг, гар хөрөө, хэрэгт битүүмжлэгдсэн 17 ширхэг шинэс модыг тус тус улсын төсөвт оруулж, хэрэгт битүүмжлэгдсэн 5 ханатай монгол гэрийг  битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                           ТОГТООХ нь:                                                                     

1. Шүүгдэгч У овгийн Ц-ийн Г-ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ийн Г-ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  /таван зуун мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө нэг ширхэг, модон иштэй сүх нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 17 ширхэг шинэс модыг тус тус улсын төсөвт оруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар 2.500.000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай монгол гэрийг  битүүмжилсэн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, гар хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Ц.Г нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Ц.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.ДАГИЙМАА