Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/88

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Ням,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болд,

Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Човгийн Д-ийн М-т холбогдох эрүүгийн 1827000000087 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                          Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1975 оны ... дүгээр сарын ..-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн ....... тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Ч овгийн Д-ийн М /РД:....

        Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Д.М нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын .... тоот өөрийн гэртээ төрсөн дүү Д.Б-ын зүүн хүзүү тус газар нь заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М-ын өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би 0.75 граммтай “Харзтай” архи ганцаараа ууж байсан. Тэгээд тасарчихсан юм шиг байна лээ. Өглөө нь сэрэхэд эрүүлжүүлэхэд сэрсэн. Би буруу хэрэг хийсэн. Миний буруу...” гэв.

Хохирогч Д.Б-ын өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирэхэд аав Д, ах М нар нь архи уучихсан байж байсан. Тэгээд би тухайн үед уур хүрээд ах М-т яах гэж аавтай цуг архи дарс уугаад байгаа юм бэ галаа түлээд хоол ундаа хийгээд байж байхгүй яасан юм бэ гэж хэлсэн. Намайг тэгээд хэлж байхад М ах мах хэрчээд сууж байсан. Би гэр хүйтэн байхаар нь зуухны ард суугаад гал түлээд байж байсан. Тухайн үед М ах махаа хэрчээд дуусаад миний ард юм хийгээд явж байснаа гэнэт заазуураар хоолой зүсэх шиг болоход би эргээд харахад ах Д.М заазуур барьчихсан зогсож байгаад гараад явчихсан. Тэгээд би тухайн үед цус нь тогтохгүй болохоор нь түргэн тусламж дуудсан. Манай аав Д, ах М нар байсан. Өөр хүн байгаагүй. Урд өмнө хэрэлдэж муудалцаж байсан асуудал байхгүй. Миний хоолойг зүссэний дараа би эргээд харахад заазуур барьчихсан зогсож байснаа гэрээс гараад явчихсан. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

Гэрч Ц.Д-ийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн орой хийд тараад гэртээ харих замдаа 1 шил 0.5 граммын “харзтай” нэртэй архи авч замдаа ууж гэртээ ороод нилээд согтсон байсан тул тасраад унтаад өгсөн. Нэг ухаан орсон чинь цагдаа нар ирээд М-ыг аваад явж байгаа харагдсан. Тэгээд би магааш өглөө нь сэрээд цагдаа ирээд юу болсон талаар мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн: “...1. Үзүүлэгч Д.Б-ын биед хүзүү хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн 672 тоот дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1, 3 дугаар хуудас/,

 Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг болно. 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын ... тоот өөрийн гэртээ төрсөн дүү Д.Б-ын зүүн хүзүү тус газар нь заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч Д.Б-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар хуудас, гэрч Ц.Д-ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.М-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Д.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:                                                                      

  1. Шүүгдэгч Ч овгийн Д-ийн М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д-ийн М-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3.   Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн М-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.

4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар Д.М нь 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Д-ийн М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д-ийн М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА