| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0347/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/354 |
| Огноо | 2018-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/354
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Заяа,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-т холбогдох эрүүгийн 1838006200410 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Б.
Шүүгдэгч О.Б нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны орой Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд иргэн Э.Т-н нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Б нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны орой Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны төвд иргэн Э.Т-н нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүгдэгч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тэр өдөр би малдаа явж байгаад найзтайгаа таараад нэг пиво хувааж уугаад тэгээд Жанхайд үйл ажиллагаа явуулдаг “Хөх сувд” жуулчны бааз дээр галын баяр болж байхад нь нэг шил 0.5 литртэй архитай очоод Т дарга, Н ахтай хувааж уусан. Тэгээд Т ах бас архи гаргаад уусан. Тэгээд би тасраад ухаан ороод сэрсэн чинь хүлээтэй “Хөх сувд” буудлын хашаан дотор хэвтэж байсан. Тэгээд Т дарга, Н ах нар тайлж өгөөд чи одоо архи ууж агсам согтуу тавиад Т-н хөмсгийг сэт цохичихсон гэж надад хэлэхээр нь би Т ахаас тэр дороо уучлалт гуйгаад явж амарсан” гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Т-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 08-ны орой манай жуулчны баазад ... Б гэдэг залуу хашаа руу мотоцикльтой орж ирсэн. Тэгээд тэр Б гэдгийн ах Ч ах руугаа мөнгө өг гэж агсраад хувцаснаас нь чангааж зууралдаад байсан. Тэгээд би очоод яагаад байна, юу болоод байгаа юм бэ гэж шаардлага тавьсан. Ч ах гэр рүүгээ зугтаагаад яваад өгсөн. Тэгээд би Б-г хашаанаас гаргах гээд гадны хүн байж болохгүй гэж хэлсэн чинь би галын наадам үзнэ чи хэн юм гээд миний нүүр рүү мөргөсөн. Тэгэхээр нь би яаж байгаа юм гээд дараад унагаачихсан. Тэгээд нэлээд хэсэг дараад байж байсан чинь Б болъё гэхээр нь би босгосон чинь босч ирээд намайг чулуугаар зүүн талын хөмсөг рүү цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тэр өдөр галын наадам болж байсан орой 23 цагийн үед байх галын наадам дээр Б ирчихсэн архи уусан халамцуу явж байсан. Тэгээд Т дарга, Б бид гурав архи уусан. Тэгээд Т, Б хоёр юунаас болж маргалдсан юм мэдэхгүй барилцаж аваад Б Т-н хөмсгийг сэт цохичихсон. Тэгээд би дундуур нь ороод салгах гэтэл намайг түлхээд унагаачихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,
Гэрч М.Л-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Намайг очиход Т ахын нүүр цус болчихсон байхаар нь хамраас нь цус гоожоод байгаа юм байх гэж бодсон чинь Т ах сая намайг чулуугаар цохичихлоо гэхээр нь харсан чинь зүүн талын хөмсөг нь язарчихсан цус гоожсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 398 дугаартай:
1.2. Э.Т-н биед духанд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ.
Эрүүгийн 1838006200410 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч О.Б нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 06 сарын сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-47 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Хохирогч Э.Т нь хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй гэснийг цагдаагийн ахмад М.Э 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр .... дугаарын утас руу залгаж тэмдэглэл хөтөлж баталгаажуулж ирүүлсэн байх тул хохирогчийг гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж үзэв.
Эрүүгийн 1838006200410 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838006200410 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН