| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0351/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/357 |
| Огноо | 2018-12-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Л.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ж-д холбогдох эрүүгийн 1838007890374 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Ж.
Шүүгдэгч Л.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 07-ноос 08-ны хооронд Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвд оршин суух иргэн Б.О-н эзэмшлийн сууцны байшингийн хаалганы цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлж, 325.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Ж нь 2018 оны 07 дугаар сарын 07-ноос 08-ны хооронд Хөвсгөл аймгийн Түнэл сумын төвд оршин суух иргэн Б.О-н эзэмшлийн сууцны байшингийн хаалганы цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлж, 325.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Л.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 07 дугаар сард би нэг өдөр сумандаа архи уугаад явж байтал манай гэрийн ар талын гудамжинд байдаг айл эзэнгүй байсан. ...Тэгээд тэр оройдоо тэр айлын хашаан дотор зуслангийн байшингийн урд талд байсан угаалгын машиныг авсан. Би тэр угаалгын машиныг авахдаа ганцаараа явсан” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өнгөрсөн 07 дугаар сарын 07-ноос 08-ны хооронд манай зуны байшингийн цоожийг эвдээд хулгай ороод байшингаас эд зүйл алдагдсан байсан. ...би хулгай орсон байна гэдгийг мэдээд ирээд үзэхэд гадна талаас нь түгжсэн цоож хаалганы цүүг мулт цохиод хаалга онгойлгоод дотроос нь эд зүйлүүд аваад явсан байсан. Манай гэрээс Моre гэсэн бичигтэй цагаан өнгийн угаалгын машин, Тайга нэртэй хятад цахилгаан хөрөө, 200 литрийн багтаамжтай цэнхэр өнгийн поошиг зэрэг зүйлүүд алдагдсан байсан. ...миний хулгайд алдагдсан эд зүйлүүд байшин дотор байсан. Би явахдаа байшингийнхаа хаалгыг цоожлоод явсан. Цоожилсон цоожийг хүртэл аваад явсан байсан. ...Жамбалсүрэн гэдэг хүний гэрт нь очиж үзэхэд миний хулгайд алдсан поошигийг дундуур нь тайраад хашаан дотор тавьчихсан байсан. Угаалгын машиныг байшин дотроо тавьчихсан байхад нь би таньсан. ...сүүлд дам сураг сонсоход Ж гэдэг хүн миний хөрөөг манай сумын О гэдэг хүнд зарсан сураг гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 21 дүгээр хуудас/,
Гэрч С.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг гэртээ ганцаараа байж байхад Ж ах гаднаас түлээ хөрөөддөг дружба хөрөө барьж орж ирээд энэ хөрөөг 10.000 төгрөгөөр авчихаач, ах нь өчигдөр архи уугаад шартаад үхэх гэж байна гээд гуйгаад байхаар нь би хөрөөг 10.000 төгрөгөөр авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч Н.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би хугацааг нь санахгүй байна. 2018 оны 07 дугаар сард улсын баярын дараахан ... нэг шөнө гэртээ унтаж байхад манай гэрт хүн ирэх шиг болохоор нь гэрийнхээ хаалгыг тайлж өгөхөд манай нутгийн Ж байсан бөгөөд тухайн шөнө манайд хоносон. Би маргааш нь Ж-н гэрээр нь ороход тэдний гэрт өмнө нь байгаагүй цагаан өнгийн угаалгын машин, хөх өнгийн поошиг, хятад улсад үйлдвэрлэсэн мод хөрөөддөг хөрөө зэрэг зүйлүүд байсан. Саяхнаас сураг сонсоод байхад О гэдэг айлаас хулгайд алдагдсан эд зүйлүүд байсан юм шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 23 дугаар хуудас/ зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Хохирогч Б.О нь “...би угаалгын машин, поошигоо эргүүлээд олж авсан. Одоо цахилгаан хөрөө, монгол цоож, эд хөрөнгийн үнэлгээний хөлс 20.000 төгрөгийг нэхэмжилж байна” /хх-ийн 11, 13 дугаар хуудас/ гэх тул шүүгдэгч Л.Ж-с модны хөрөөний үнэ 120.000 төгрөг, монгол цоожны үнэ 15.000 төгрөг, эд хөрөнгийн үнэлгээний хөлс 20.000 төгрөг, нийт 155.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-т олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Ж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ам бүл 3, хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1838007890374 дугаартай хэрэгт мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Ж-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Ж-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.Ж-ээс 155.000 /нэг зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-т олгосугай.
6. Эрүүгийн 1838007890374 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ж-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН