| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0355/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/358 |
| Огноо | 2018-12-13 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 1838008060391 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хялбаршуулсан журмаар хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Д.
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн М.Н-н 66 тооны хонь, 9 тооны ямаа, нийт 75 тооны бог малыг цас шуурганд уруудсан байх үед нь тууж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж “алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн М.Н-н 66 тооны хонь, 9 тооны ямаа, нийт 75 тооны бог малыг цас шуурганд уруудсан байх үед нь тууж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж “алдуул мал завших” гэмт хэргийг үйлдэж 4.690.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...нэлээд олон хонь ямаа шуурганд уруудаад явж байгаа болов уу гэмээр гүйгээд явж байсан. Тэгэхээр нь би хүн явж байна уу гээд лавлуулж хартал хүнгүй юм шиг байхаар нь хэдэн хонь таслаад тууя гэж бодоод дундуур нь ороод хонь голдуу цөөхөн хэдэн ямаатай хонь таслаж хөөгөөд бусад хониноос салгасан. ...нийтдээ 75 тооны хонь, ямаа байсан. ...Би бусдын малыг завшсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ...би сэрээд хартал цас нэлээд орчихсон шуурах янзтай байсан. Манай хонь гэрийн гаднаас нэлээд зайтай гол руу бэлчсэн байсан. ...А ярихдаа танай хонь мал бүрэн юм уу, танай тэмдэгтэй хонь Д гуайн өвөлжөөний төлийн пүнзэнд хашаатай байна ...гэж хэлэхээр нь би тэр даруйдаа ...Д гуайн өвөлжөөнд очоод төлийнх нь пүнзийг үзтэл хонь байхгүй байхаар нь гэрэл тусгаад мөр хайгаад явтал зүүн тийш уул руу туугаад явчихсан бололтой малын мөр шинэ цасан дээр гарсан байсан. ...тэгээд Р-н өвөлжөөний хойд талаар гэрэлтүүлж хартал тэр хаданд хонинууд байхаар нь тууж Р-н гадаа авчраад гэрэл тусгаж үзтэл бүгд манай тэмдэгтэй хонинууд байсан. ...маргааш нь Д аавтайгаа манайд машинаар ирээд би танай хонийг гэж мэдээгүй, өглөө эрт адуундаа явж байгаад гол руу цасан шуурганд хөөгдсөн бололтой олон хонь явж байхаар нь дундуур нь таслаад хэдэн хонь туугаад явсан. Би тасалж авсан хонио тоолж үзэхэд 75 толгой хонь, ямаа байснаас 10-аад ямаа бусад нь хонь, хурга байсан гэж хэлсэн. ...ингээд нийт 75 бог хүлээж авсан. ...би хэсэг унтчихсан байсан тэр хооронд манай хонь цасан шуурганд уруудаад гол руу явж байх үед нь замаас нь Д авсан юм байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 18-28 дугаар хуудас/,
Гэрч Б.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 26-ны орой Д хашаатай хонио гаргаад эзэнд нь аваачиж өгнө гээд туугаад явсан. ...манай морийг гуйгаад туугаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д гэдэг айлын өвөлжөөн дээр очсон тэр үед цас ороод удаагүй байсан болохоор цасан дээр мөр нь тод байсан. ...тэгээд хонины хашаа руу оруулаад цаана нь байсан төлийн пүнзэнд хашсан бололтой үүдийг нь юмаар даруулсан байхаар нь очоод үүднийх нь завсраар очоод хартал нэлээд олон тооны хонь ямаа хашсан байсан. Мөн хашааны гадуур нь монгол гуталтай хүний мөр байсан. ...олон ясны уулзвар дээрээ хүрэн өнгийн оохор юм уу зос юм уу гэмээр тэмдэгтэй байсан. ...манай хадам ах Н-нх ийм тэмдэгтэй юм шиг санагдаад ...гарч явтал Д гуайн хүү Д гэдэг хүн хул морьтой, саарал дээлтэй, монгол гуталтай ирсэн. ...миний хажууд ирээд “битгий хүний мөр хөөгөөд яваад бай” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 47 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838008060391 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Д.Д нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч М.Н нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1838008060391 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Д-г алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838008060391 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН