Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/ма2023/00533

 

 

 

 

 

 

 

 

2023 03 13 210/МА2023/00533

 

 

П.Э ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2022/03653 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Э ийн хариуцагч Н, , Б ХХК -иудад холбогдуулан гаргасан шинжээч томилох тухай 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3/54 тоот тогтоол, Б ХХК -ийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б /цахим/, хариуцагч Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, хариуцагч Б ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2018/01396 дугаар шийдвэрээр П.Э , Б.Б нараас 368,476,941 төгрөг гаргуулж, С ХХК -д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Б ХХК -ийг томилон 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээний тайлангаар Б.Б гийн өмчлөлийн * дүүргийн * тоот хаягт байршилтай эрхийн улсын Ү-2202011488 дугаарт бүртгэлтэй, 104.75 м.кв талбайтай 3 өрөө орон сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө мөн хаягт байршилтай 19 тоот зогсоолыг 393,519,445 төгрөгөөр үнэлсэн. Б ХХК нь дээрх орон сууцыг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлсэн байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь үнийн санал аваагүй, харилцан тохиролцуулах ажиллагааг хийгээгүй байна.

1.1. Н, нь үнэлгээний тайлан гаргуулахдаа сонгон шалгаруулалт зарлаж, уг сонгон шалгаруулалтад тэнцсэн байгууллагатай гэрээ байгуулан шинжээчийн дүгнэлт гаргуулж байгаа нь хууль бус бөгөөд тусгай зөвшөөрөл авсан бол бүх хуулийн этгээдийг дарааллын дагуу томилох ёстой байхад өөрт давуу байдал үүсгэсэн, шинжээч томилохдоо төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүй зэрэг нь хууль бус юм. Хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа төлбөр төлөгчийг байлцуулаагүй, мөн хөрөнгө дээр очиж хийгээгүй, зах зээлийн харьцуулсан тооцоолол хийхдээ өөр м.кв бүхий орон сууц, өөр хийц бүхий орон сууцыг харьцуулсан нь бодит байдалтай нийцээгүй. Иймд шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгуулах, Б ХХК -ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Н-ын тайлбар, татгалзлын агуулга: Б ХХК нь зах зээлийн жишиг харьцуулалтын аргаар үнэлж, үнэлэгдэж буй хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгүүдийн зах зээлийн үнэ ханшийн судалгаа, зах зээлийн үнийн мэдээллийг уг хөрөнгийн ашиглалт, өнгө, үзэмж, элэгдэл, хорогдол, чанар байдалд харьцуулсан байна. Тухайн орон сууц 2007 онд ашиглалтад орсон бөгөөд 2019 онд хөрөнгийн үнэлгээний М ХХК ХК тус орон сууцыг гараашийн хамтаар 280,100,000 төгрөгөөр /байрыг 258,300,000 төгрөг, гараашийг 21,800,000 төгрөг/ үнэлсэн байдаг бөгөөд 2022 онд Б ХХК тухайн орон сууцыг гараашны хамтаар нийт 393,519,455 төгрөгөөр /байрыг 358,519,455 төгрөг, гараашийг 35,000,000 төгрөг/ үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй.

2.1. Н, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч буюу талууд харилцан тохиролцож тогтоох, үнийн санал ирүүлэх тухай 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 4-190/3428 тоот мэдэгдлийг төлбөр авагч С ХХК -д 4-190/3429 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Б д, 4-190/3442 мэдэгдлийг төлбөр төлөгч П.Э нарт баталгаат шуудангаар тус тус хүргүүлсэн. Гэвч талууд албан тоотод тогтоосон хугацаанд хүрэлцэн ирж үнийн санал өгөөгүй, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төлбөр авагч С ХХК -ийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн. Иймд нэхэмжлэлд дурдсан үнийн санал аваагүй харилцан тохиролцуулаагүй гэж үзэх үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт зааснаар тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Б ХХК -ийн тайлбар, татгалзлын агуулга: Н-ын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шинжээч томилох тухай тогтоолыг хүлээн авч тухайн орон сууцанд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийж, фото зургаар баталгаажуулсан. Зах зээлийн харьцуулсан судалгааг олон нийтийн нээлттэй зарлагдсан зарын дагуу www.unegui.mn, www.remax.mn зэрэг сайтуудаас Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартын дагуу үнэлж буй орон сууцтай ижил буюу тус орон сууцыг зарахаар зарлагдсан гурваас дээш мэдээллүүдийг сонгон авч үнэлгээний тайланд оруулсан болно. Тиймээс өөр хийцтэй, өөр газрын орон сууцны мэдээллийг тайланд оруулаагүй бөгөөд үнэлгээний тайланд тодорхой тусгасан. Хэрэгт зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн гэх нотлох баримт авагдаагүй. Иймд тус хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний Олон улсын Стандартын дагуу хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н, , Б ХХК -иудад холбогдох шинжээч томилох тухай 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3/54 тоот тогтоол, Б ХХК -ийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн үнэлгээний тайланг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч П.Э ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Э ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч П.Э ээс тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нөхөн төлүүлж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг Б ХХК нь үнэлгээний аргачлал буруу ашиглаж зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн байхад шүүхээс хуульд заасан журмын дагуу явагдсан, хууль зөрчсөн нотлох баримтыг гаргаагүй гэдэг нь үндэслэлгүй. Хэргийн материалд авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлан нь нотлох баримт болох бөгөөд уг тайлангийн сонгон авсан аргачлал, харьцуулсан үнэлгээ үндэслэлгүй, тооцоолол нь буруу хийгдсэн. Тайлангийн тооцоолол буруу байхад нэхэмжлэгч талаас оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан харилцан тохиролцох ажиллагааг хийгээгүй, мөн үнийн санал аваагүй, шинжээч томилсон нь үндэслэлгүй болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэж байна. Төлбөр авагч П.Э , С .ХХК нарыг хооронд нь харилцан тохиролцуулаагүй гэж байна. Гэтэл манай байгууллагаас үнийн санал тогтоох, үнийн санал ирүүлэх талаар 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б.Б , П.Э , С .ХХК нарт тус тус хүргүүлсэн боловч талууд тогтоосон хугацаанд үнийн санал өгсөн. Төлбөр авагч С .ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ямар ч санал ирүүлсэн хүлээн зөвшөөрөхгүй тул зах зээлийн бодит үнэ ханшийг тогтоолгохоор шинжээч томилох хүсэлт ирүүлсэн. Шинжээчээр Б ХХК -ийг томилж, уг ажиллагааг явуулсан байдаг. Манай байгууллагын зүгээс өмнө нь нэг хүчингүй болсон тохиолдолд хураах ажиллагаанаас эхэлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас эхэлсэн тул битүүмжлээгүй гэх нь үндэслэлгүй гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Б ХХК -ийн тайлбарын агуулга: 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн хөрөнгийг үнэлэх тогтоол хүлээж авсан. Тухайн объектод очихоор гэртээ оруулахгүй явсаар 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гэрт нь үзлэг хийсэн. Үзлэг хийхэд заавал Б.Б , П.Э нар байх шаардлага байхгүй. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үнэлгээ хийгдэж, мөн оны 03 дугаар сарын 23-ны өдөр үнэлгээг тогтоосон. Уг үнэлгээг Олон Улсын үнэлгээний стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. Зах зээлийн хандлагын арга болон өртгийн арга гэх 2 төрлийн аргаар үнэлгээг хийсэн. Зарагдаж буй хөрөнгийн үнэлгээний зах зээлийн мэдээллийг цуглуулж үнэлгээг 358,519,445 төгрөгөөр тогтоосон гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, мөн шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамж хуваарилсан заалтад өөрчлөлт оруулав.

3. Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч Н, , Б ХХК -иудад холбогдуулан шинжээч томилох тухай 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3/54 тоот тогтоол, Б ХХК -ийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2018/01396 дугаар шийдвэрээр хариуцагч П.Э , Б.Б нараас 366,416,701 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК -д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх5-7/

4.1. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх-13/, нэхэмжлэлд дурдагдсан орон сууцыг гараашийн хамт 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр битүүмжилж /хх32-33/, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хураан авсан /хх34-35, 36-37/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...хариуцагч нь үнийн санал аваагүй, харилцан тохиролцуулах ажиллагааг хийгээгүй байхад шинжээч томилсон гэж, хариуцагч нь ...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үнийн санал авах талаар мэдэгдсэн гэсэн агуулгаар талууд харилцан адилгүй тайлбарласан байна. Хариуцагч байгууллага үнийн санал авах ажиллагааг хийсэн гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй тул уг ажиллагааг хийсэн гэж үзэхээргүй байна.

5.1. Харин Н, нь үнийн санал ирүүлэх тухай мэдэгдсэн боловч ирүүлээгүй, төлбөр авагч шинжээч томилуулах хүсэлт гаргасан үндэслэлээр 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шинжээчээр Б ХХК -ийг томилсон байна.

5.2. Б ХХК -ийн үнэлгээчин С.М нь Сангийн Яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд /хх-16, 23/ байх ба Хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлгээний зорилго, арга зүй, үнэлгээний зүйлийн тодорхойлолт, орчны шинжилгээ, эрх зүйн байдал, үнэлгээний зүйлийн үнэ цэнийн тооцоолол зэрэг мэдээллийг тусган, үнэлгээг гаргасан арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан зохицуулалтад нийцжээ. /хх15-25/

6. Хариуцагч Н, нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч П.Э , Б.Б нарт 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр танилцуулж 4-190/6353, 4-190/6352 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн байна. /хх-26, 27 /

6.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заажээ.

6.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч П.Э , Б.Б нар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэн гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж, орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй.

7. Нэхэмжлэгч нараас төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар 70,200 төгрөг бөгөөд нэхэмжлэгч нар уг тэмдэгтийн хураамжийг төлсөн байхад дахин 70,200 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс холбогдох өөрчлөлтийг оруулна.

8. Нэхэмжлэгч талыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй. Учир нь шүүх 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохигчдод мэдэгдсэн, нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгүүлэх хүсэлт /хх-133/ гаргасан тул анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасантай нийцсэн. Өөрөөр хэлбэл, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн анхан шатны шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2022/03653 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Э ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН