Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/01

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т.Б-д холбогдох эрүүгийн 1817002340115 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 05-нд Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн, 35 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа оёдол хийдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Зараагийн .......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Т.Б /РД: ............/

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Т.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р баг, Сангийн аж ахуйн 6-н байшингийн 24-4 тоот хашааны гаднаас иргэн Т.Э-ны өмчлөлийн 11 сая төгрөгний үнэ бүхий 08-06 ГСА улсын дугаартай Toyota allion маркийн автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчидийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р баг, Сангийн аж ахуйн 6-н байшингийн 24-4 тоот хашааны гаднаас иргэн Т.Э-ы өмчлөлийн 11 сая төгрөгний үнэ бүхий 08-06 ГСА улсын дугаартай Toyota allion маркийн автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчидийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Тэр өдөр Э-тай 2 шил 0,75 архи уусан. Тэгээд Чандмань дэлгүүрийн ард нэрийг нь сайн мэдэхгүй Банхар гэж дууддаг хүнтэй нийлж 1 шил 0,75 литрийн архи уучаад урагшаа явж байхад уг машин харагдсан. Тэгээд жолоочоос нь доошоо хүргээд өгчих гэж гуйх гэж очиход жолооч нь байхгүй, түлхүүр нь зооллтой байсан. Би доошоо буух санаатай такси олдохгүй, мөн даараад байсан болохоор хаалган талых нь цонхоор харахад түлхүүр нь зоолттой байсан.Би орж дулаацах санаатай орж унаад явсан гэх мэдүүлэг.

 

Хохирогч Т.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би Өмнөговь аймгийн Ноён сумруу түлш ачаад Норд Бенз В3 маркийн машинаар тээвэрт явсан юм. Тээвэрт явахдаа өөрийн эхнэрийн төрсөн дүү Б-т өөрийн эзэмшлийн 08-06 ГСА улсын дугаартай хар өнгийн Тоёота Аллион маркийн машиныг намайг иртэл хэрэгцээндээ унаж бай гэж үлдээсэн. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн үед би Өмнөговь аймгийн Ноён сумаас Чойрт ирсэн. Тэгээд Найрамдал хотхоны 11-16 тоотод байх гэртээ ирэхэд манай эхнэр Б надад өчигдөр сонин юм болоод сангийн аж ахуйн 6-н байшингийн 24-1 тоот хашааны гадна талаас машинаа алдаад тэгээд хамгийн сонин нь чиний машинаа тавьдаг зогсоол дээр байрлуулсан байсан. Тэгэд цагдаад дуудлага өгсөн гэж надад хэлсэн. Тэгээд энэ асуудлын талаар мэдсэн. Миний машинд ямар нэг эвдрэл гэмтэл учраагүй, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,

 

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:” Би төрсөн эгч Б-ын нөхөр болох Э-ы хар өнгийн 08-06 ГСА улсын дугаартай Аллион маркийн тээврийн хэрэгслийг сүүлийн 2 хоног унаж хэрэглэж байгаа. Уг машиныг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах 6-н байшингийн 24-1 тоот “ӨӨДӨӨ” түүхийн эд худалдан авах хашаандаа байрлуусан байсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад хашаандаа нүүрс буулгах гээд хүргэн ах Э-ы 08-06 ГСА улсын дугаартай Аллион маркийн тээврийн хэрэгслийг хашааныхаа гадна талд манай туслах ажилчин Б гаргаж хашаанаас 3-4 метр зайтай ертөнцийн зүгээр урагшаа харуулж тавьсан, гадаа хүйтэн байсан болохоор асаалттай түр орхиод 15 минут болсон. Тэгээд нүүрс буулгаж байсан машин гарах гэтэл хашааны гадаа асаалттай байсан машиныг үл таних хүн унаад явчихсан. Тэр үед араас нь хөөе гээд хашгиртал их хурдан хөдлөөд ертөнцийн зүгээр урагшаа яваад далд орсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,

 

            Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Манайх хар өнгийн 08-06 ГСА улсын дугаартай Аллион маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 11 дүгээр сарын 02-нд худалдаж авсан. Манай нөхөр Т.Э-ы нэр дээр байдаг. Манай нөхөр Т.Э Өмнөговь аймагруу 2 хоногийн өмнө ажлаар явсан. Явахдаа манай төрсөн дүү Б.Б-т машинаа унаж, хэрэглэж байгаарай гэж үлдээсэн. Би өөрөө жолооны үнэмлэхгүй , машин унаж чаддаггүй учраас Б.Б-ийг унаж бай гэж үлдээсэн. Уг машины жолоочийн хариуцлагын даатгалд Б-ийн нэр байдаг учраас Б.Б-ийг унаж байг гээд үлдээсэн. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 23 цаг өнгөрч байхад миний утасруу залгаад машиныг чинь хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд удаагүй байтал Сүмбэр сумын 3-р баг 11 дүгээр байрны зогсоолын хажууд шороон дээр байрлуулсан байсан. Намайг очиход цагдаа нар ирээд машиныг шалгаж байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,

 

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Манай ээж Бл түүний нөхөр Э нар 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чойроос хар өнгийн Тоёота аллион маркийн автомашиныг 9 сая төгрөгөөр хувь хүнээс худалдаж авсан. Тэгэд манай ээж машин барьж  чаддаггүй болохоор манай ах Эн ажилд явахдаа Б эгчид 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр машинаа үлдээчихээд Өмнөговь аймагруу явсан юм. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр намайг коллежийн зааланд сагс тоглож байхад манай ээж Б надруу залгаад машин хулгайлаад аваад явсан гэж байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 24-р тал/,

 

Гэрч Б.И мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 11 дүгээр сарны 17-ны өдөр замын баруун талын гаалийн хашаанд байдаг М гэдэг хүнээс нүүрс авахаар ярьсан байсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарны 18-ны өглөө 08 цагийн үед би Бх болох Зараагийн 103 тоотод очоод бид 2 замын баруун талын гаалийн хашаанаас 5 шуудай нүүрс Портер машинаар аваад Б хашаанд буулгасан юм. Тэгээд тэднийд гал түлээд Дэлгэрэх дэлгүүрээс 0.75 граммын Хараа нэртэй архи аваад манай гэр болох Чойрын 01 тоотод очиж уусан, тэгээд архиа ууж дуусгаад дахиад 1 шил архи Дэлгэрэх дэлгүүрээс аваад манайд очиж уусан. Тэр архины талыг нь уугаад би тасарсан байсан. Б манайхаас хэзээ гарч явсаныг би мэдэхгүй байна. Б хүний машин авна гэж ярьж байгаагүй. Айхтар илүү дутуу зан байхгүй, согтуу байсан болохороо хүний машин авч явсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-р тал/,

 

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагийн үед өөрийн ажил болох 6-н байшингийн 24-1 тоотод ирэхэд Э-ы хар өнгийн Аллион маркийн машин хашааны дотор талд зогсож байсан. Тэгээд би хашаанд машинаа хонуулсан юм байна гэж бодож байсан. Тухайн өдрийн 23 цагийн орчим хашаан дотор нүүрс буулгах гээд Хово машин ирээд хашааруу оруулах гэтэл багтахгүй болохоор нь би Аллион машиныг унаж хашааны гадаа ертөнцийн зүгээр зүүн талд хашаанаас 3-4 метрийн зайнд зам чөлөөлөөд гаргаж урагш нь харуулаад машинаа унтраахгүй асаалттай орхисон юм. Тэгээд том машиныг оруулж нүүрсээ буулгаж байсан. Би цаана нь арьс дэлгээд ажлаа хийж байтал манай ажлын Бр надруу хүн машин аваад яваад өглөө гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө машинаар араас нь яваад Чойрын урд талын самбартай даваа хүртэл яваад олоогүй орхисон юм. Баяндэлгэр Энхтайваны машиныг өдөржин асаагаагүй асаалттай орхичих халж байг гэж хэлсэн юм. Уг машин түлхүүргүй смарт чифтэй юм байна лээ. Тэгээд асаалттай цоожлох гэхээр цоожлогдохгүй болохоор нь онгорхой орхисон...” гэх мэдүүлэг. /хх-ийн 26-р тал/,

 

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ Би Сүмбэр сумын 3-р баг 12 дугаар байрны 3-р орцонд оёдолчин хийдэг юм. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажилдаа яваад орой 22 цаг өнгөрч байхд ажлаа дуусгаад гэрлүүгээ харьсан. Батсүрэн надруу яриагүй, залгахаар утас нь холбогдохгүй байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 25-р тал/,

 

Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн үед Дэнжийн Чандмань дэлгүүрийн гадаа ганцаараа сууж байтал Б ганцаараа нилээн согтуу  явж байсан. Над дээр ирээд бид 2 юм ярьж байгаад Б би чамд архи авч өгнө гээд Чандмань дэлгүүрээс Хараа нэртэй 0.75 граммын архи аваад гараад ирсэн. Бид 2 тэр архийг нь Чандмань дэлгүүрийн гадаа хувааж уугаад би салаад явсан. Батсүрэн хаашаа явсан талаар мэдэхгүй байна, би ниилээн согтсон байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 28-р тал/,

 

Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 009/040 дугаартай дүгнэлтэнд:

Шинжилгээнд ирүүлсэн мөр нь мөр дүрсийн шинж тэмдэг сайн, ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгүүд нь тоо, чанарын хувьд хангалттай байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

Хэргийн газраас бэхжүүлэн авсан гутлын мөр нь Т овогтой Б-гээс хураан авч шинжилгээнд хүргүүлсэн гутлын улын мөртэй тохирч байна.

Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан мөрөнд дангаар нь дүгнэлт хийх боломжгүй бөгөөд ерөнхий шинж тэмдгүүдийг үндэслэн харьцуулах шинжилгээ хийсэн болно гэх дүгнэлт /хх-ийн 35-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шунахайн сэдэлгүйгээр, завших зорилгогүй өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авто тээврийн хэрэгслийн авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч Т.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-р тал/-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн 1817002340115 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Т.Б-г  авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Шүүгдэгч Т.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй болохыг, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.АРИУНЖАРГАЛ