Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 210/ма2023/00535

 

 

 

 

 

 

 

 

2023 03 13 210/МА2023/00535

 

 

М ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/03413 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХК-ийн хариуцагч Ө ХХК -д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт олгосон 326,577,437 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: М ХК нь П ХХК -тай 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр №90С1820007282 дугаар төлбөр тасалдлын даатгалын гэрээг байгуулж, тус гэрээгээр П ХХК болон Ө ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №S2018/16 газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний хуваарьт төлбөр тасалдах эрсдэлийг даатгуулсан. П ХХК нь хариуцагч Ө ХХК -д нийт 534,761,000 төгрөгийн түлшийг зээлээр нийлүүлсэн бөгөөд тус компани нь 10,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 524,761,000 төгрөгийн төлбөрийг төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж даатгалын тохиолдол бий болсон тул даатгуулагч П ХХК нь М ХК-аас даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг нэхэмжилсэн. Гэрээний 2.1.9-д даатгалын тохиолдол гэж худалдан авалтын зээлийн гэрээний хуваарьт үндсэн төлбөрийн төлөлт гэрээнд заасан хугацаанаас 120 хоногоор хэтрэх, төлөгдөхгүй байхыг ойлгоно гэж заасан бөгөөд М ХК нь даатгуулагч П ХХК -д Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 00698 дугаар тогтоолын дагуу даатгалын гэрээний нөхөн төлбөрт 326,577,437 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр олгосон. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасны дагуу даатгуулагч П ХХК -д даатгалын нөхөн төлбөрийг олгосноор Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний худалдан авагч Ө ХХК -аас 326,577,437 төгрөгийг шаардах эрх нь М ХК-д шилжсэн. Иймд хариуцагч Ө ХХК -аас 326,577,437 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Ө ХХК -аас тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт тус тус баримтлан хариуцагч Ө ХХК -аас 326,577,437 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХК-д олгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс 1,790,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 1,790,840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

4.1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-т заасан гэм хор учруулах маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэнэ гэж заасан. М ХК-ийн нэхэмжлэлтэй Ө ХХК -д холбогдох иргэний хэргийг шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх ёстой байсан ба анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр энэ хэргийг шийдвэрлэж, дээрх хуулийг ноцтой зөрчсөн.

4.2. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5892 дугаар шүүх хурлын тэмдэглэл, шүүхийн шийдвэр хоорондоо утга агуулгын зөрүүтэй. Учир нь шүүх хуралдааны тэмдэглэлийг үзэхэд хариуцагч шүүх хуралдаанд оролцсон, аль эсхүл шүүх хуралдаанд шалтгаангүй ирээгүй, нэг бол шүүх хуралдаанд оролцож хүсэлт гаргасан мэт ойлгомжгүй байна. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны шүүх хуралд нэхэмжлэгч талаас ирцтэй холбоотойгоор хариуцагчийг хуралд оролцуулах, мэтгэлцэх эрхээр нь хангахаар хүсэлт гаргасан. Хариуцагч өмгөөлөгч авахаар мөн хүсэлт гаргасан байх ба шүүхээс захирамж гаргасан байх боловч захирамж нь хэрэгт байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-168.1.5-т заасанг бүрэн хангасан байх ба уг шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: М ХК нь даатгуулагч П ХХК -тай байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт Ө ХХК -ийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх шаардах эрх даатгагч буюу М ХК-д шилжсэн. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд үл харшлах хэлцэлтэй холбоотой маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг, эрх зүйн маргаанд хамаарна. Даатгуулагчийн шаардах эрх нь даатгагчид нэгэнт шилжсэн, шаардах эрх хэрэгжих нь даатгуулагчийн хүсэл зоригоос үл хамаарахгүй, хуульд зааснаар үүсдэг.

5.1. Шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр нь хоорондоо утга агуулгын зөрүүтэй гарсан гэх гомдол нь үндэслэлгүй. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд оролцсон. Харин хариуцагч талаас шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд техникийн шинжтэй алдаа гарч бичигдсэн байсан. Шүүх хуралдааны тэмдэглэлд 3 хоногийн дотор засвар оруулах эрх нь хариуцагчид байсан боловч эрхээ хэрэгжүүлээгүй тул анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүхээс хариуцагчид өмгөөлөгч авах эрхээр нь хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан тул тухайн хугацаанд өмгөөлөгч авч, шүүх хуралдаанд оролцох боломжтой байсан. Тухайн хэрэг нь 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийг хариуцагчид 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлаж өгсөн. Уг хугацаанд хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар оролцдоггүй, хариу тайлбараа шүүх хуралдаанд ирүүлээгүй. Мөн өмгөөлөгч авах хүсэлтийг нь анхан шатны шүүхээс хангасан боловч өөрсдөө шүүх хуралдаанд ирээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Ө ХХК -д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт олгосон 326,577,437 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

3. Ө ХХК , П ХХК нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч нь гэрээнд заасан тодорхойлолт, чанарын үзүүлэлт, тоо хэмжээ бүхий чанар, стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг холбогдох бичиг баримтын хамт нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх13-17/

3.1. Дээрх гэрээний төлбөр төлөлттэй холбоотойгоор П ХХК нь М ХК-тай 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр даатгуулагч нь худалдан авалтын зээлийн гэрээний хуваарьт үндсэн төлбөрийн төлөлт гэрээнд заасан хугацаанаас 120 хоногоор хэтрэх, төлөгдөхгүй байхыг буюу гэрээгээр хуваарьт төлбөр тасалдах эрсдэлийг даатгуулж, даатгалын хураамж төлөх, нэхэмжлэгч буюу даатгагч М ХК нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх6-12/

3.2. Уг гэрээний үүргийг зөрчсөнтэй холбоотойгоор П ХХК нь М ХК, Ө ХХК нарт холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 324,397,500 төгрөг, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 534,761,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/00888 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугар сарын 05-ны өдрийн 1054 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2020/00698 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

4. Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор даатгалын тохиолдол бий болж, нэхэмжлэгч М ХК нь даатгуулагч П ХХК -д учирсан хохиролд 326,577,437 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон./хх-35/

5. Нэхэмжлэгч М ХК нь даатгуулагч П ХХК -д даатгалын нөхөн төлбөр төлснөөр Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар буруутай этгээдээс нөхөн төлбөрийг шаардах эрх шилжсэн байна.

6. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч М ХК нь даатгалын нөхөн төлбөр олгосонтой холбогдуулан, гуравдагч этгээд буюу гэм хор үүсгэсэн гэм буруутай этгээдээс учирсан гэм хорын хохирлыг арилгуулахаар хариуцагч Ө ХХК -аас 326,577,437 төгрөгийг буцаан шаардсаныг хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

7. Хариуцагчийн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч нь даатгалын гэрээний дагуу нөхөн төлсөн төлбөрийг хариуцагчаас шаардсан. Уг маргааныг шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх ёстой байсан гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй. Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу гэм хорын хохирлыг шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлэдэг байна. Гэтэл нэхэмжлэгч нь гэрээнээс үүссэн хохирол шаардсан нөхцөлд гэрээний бус үүргийн эрх зүйн зохицуулалт болох үүрэг зөрчсөнтэй холбоотой гэм хорын эрх зүйн зохицуулалт хэрэглэгдэхгүй. Иймд шүүх дангаар шийдвэрлэсэн нь буруу гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

7.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг үзэхээр хариуцагч шүүх хуралдаанд оролцсон юм шиг, аль эсвэл шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй юм шиг, нэг бол шүүх хуралдаан оролцож хүсэлт гаргасан мэт ойлгомжгүй байна гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.

7.2. Анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохигчдод мэдэгдсэн, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь шүүх эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг шийдвэрлэсэн гэж байна. Түүнчлэн, шүүх хуралдааны тэмдэглэл болон шийдвэр зөрүүтэй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

7.3. Түүнчлэн хариуцагч өмгөөлөгч авахаар хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэж захирамж гаргасан, хэрэгт уг захирамж авагдаагүй гэх агуулгаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь хэргийн 70 дугаар талд хариуцагчийг эрх зүйн туслалцаа авах эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан шүүгчийн захирамж авагджээ.

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/03413 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,790,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.ЦОГТСАЙХАН