Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 1042

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч Х.Анхцэцэг, шүүгдэгч Д.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Д.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 00604 1219 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Д.Л, Монгол Улсын иргэн, ........ өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 32 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, .... эрхлэгч ажилтай, ам бүл дөрөв, нөхөр, хоёр хүүхдийн хамт ..... оршин суудаг, регистрийн дугаар ...., урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Л нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 59-25 тоотод иргэн М.Б-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт Д.Л нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 59-25 тоотод “нөхөр лүү дахин дахин утсаар залгалаа” гэсэн шалтгаанаар М.Б-г зодож, түүний бие махбодод “зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зулайн баруун дээд хэсгийн хуйх, баруун мөрний үеийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Л-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, хэргийн үйл баримт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч М.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би Н гэдэг залуутай 2013 оноос хойш үерхэж байгаад 2014 оноос хамт амьдарч эхэлсэн. Бид хоёр 2016 онд Сондор гэдэг охинтой болсон бөгөөд сүүлд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 59-25 тоотод 1 cap орчим хамт амьдарч байсан. Тэгсэн 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би хүүхдээ цэцэрлэгт өгч, хүүхдийн хувцас авах гээд нөхрөө хүлээж байсан чинь нөхөр амжихгүй болсон. Би хадам аав, ээж хоёрт охиноо үлдээгээд гарах гэж байтал манай нөхөр залгаад “манай эгчийн нөхөр машин аваачиж өгнө, чи машин аваад гар” гэж хэлсэн. Тэгээд би нөхрийнхөө эгчийн нөхөр болох Түвшинбаяр луу утсаар залгаад “та ирэх болж байна уу” гээд 2-3 удаа асуусан юм. Би түүнд “зах хаах гээд байна, таныг ирэхгүй бол би явлаа” гэж хэлсэн. Би утсаа өрөөндөө үлдээж гарчихаад ирсэн чинь нөхрийн эгч нь над руу залгаад бас “би машин хэрэглэж дуусаагүй байна, авах гээд байгаа юм бол ирээд ав, тэгээд ч би чиний машиныг гуйгаагүй, чамд гуйгаад байх ч юм байхгүй, гичий минь утсаа аваад ярь за, хэнийх нь мэдэгдэхгүй гэдсээ чирж ирчихээд, чамд хэзээ нөхөр байсан юм удахгүй хаягдах байж, их юм хуцаад байлгүй нүдэнд харагдаж чихэнд сонсогдохгүй зайлаад өг” гэсэн зурвас илгээсэн байсан. Түүний дараа манай нөхөр Нацагдорж над руу залгаад “эгч очиж байна гэнэ ээ, өрөөнийхөө хаалгыг түгжээрэй” гэж хэлсэн. Би яав л гэж бодоод байж байтал гаднаас орж ирээд, миний өвөр дээрээс охиныг минь авч шидээд, миний дээр гарч байгаад намайг зодсон. Тэрээр зодож байхдаа “чи манай нөхөр лүү залгадаг хэн юм бэ” гээд орилоод байсан. Тухайн үед гэрт хадам аав, ээж хоёр хамаатны ах, эгч хоёр нь байсан. Би Нацагдоржийн эгч Л гэж хүнд зодуулсан. Би тэр өдрөөс хойш хадмуудтайгаа уулзаагүй, Нацагдоржоос салсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34 дүгээр хуудас),

3. Гэрч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүү Н-ийн эхнэр Б хүүхэдтэйгээ 2 давхарт байсан. Би нохойд хоол өгөх гээд гэрээс гарахад охин Л надтай зөрөөд орсон. Би 5 минут ч болоогүй буцаад гэртээ орж ирэхэд охин Л надтай зөрөөд гарч явсан. Би “юу болов, яасан юм” гэсэн чинь бэр О “Л, Б-г зодчих шиг боллоо, бөөн хэрүүл чарлаан боллоо” гэж хэлсэн. Тэр өдөр Билгүүн өрөөнөөсөө гарч ирээгүй, би ч мөн ороогүй. Маргааш өглөө нь Билгүүний нүд хөхөрсөн байдалтай, хувцсаа өмсчихсөн өрөөнөөсөө гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36 дугаар хуудас);

4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1237 дугаартай “...М.Б биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зулайн баруун дээд хэсгийн хуйх, баруун мөрний үеийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 40 дүгээр хуудас);

5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч Г.Э “...Зүүн нүдний хавдаж хөхөрсөн гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Нүдний гэмтэл нь өөрөө өөрийгөө цохиж, мөргөх үед үүсэх боломжтой. Мөн өөр хүн цохих үед ч үүсэх боломжтой. Үүнийг ялгаж тогтоох боломжгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 41-42  дугаар хуудас);

6. Шүүгдэгч Д.Л нь хохирогч М.Б рүү үүрэн холбооны сүлжээгээр илгээсэн “гичий минь утсаа аваад ярь за, хэнийх нь мэдэгдэхгүй гэдсээ чирж ирээд, чамд хэзээ нөхөр байсан юм удахгүй хаягдах байж, нүдэнд харагдахгүй чихэнд сонсогдохгүй зайлаад өгөөч”  агуулгатай зурвасыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, үзлэгийн тэмдэглэл (хх-ийн 31-33 дугаар хуудас);

7. Шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн иргэний бүртгэлийн нэгдсэн лавлагаа (хх-ийн 56 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 63 дугаар хуудас), жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтчийн хуулбар (хх-ийн 54-55 дугаар хуудас);

8. Шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний машины хурдны хайрцаг эвэрчихсэн байсан болохоор би дүү Нацагдоржийн “Приус-11” загварын автомашиныг гуйгаад, түр унаж байсан. Дүү Нацагдоржийн хамтран амьдрагч М.Билгүүн манай нөхөр лүү “машин аваад ир” гэсэн зурвас илгээсэн байхаар нь би М.Билгүүн рүү “миний ажил дуусаагүй байна, ажлаа дуусгаад машиныг чинь аваачаад өгнө” гэж хариу зурвас бичсэн. Тэгтэл Билгүүн дахиад “машин авчирч өг” гээд зурвас бичээд байхаар нь “чи юм хэлэх гээд байгаа бол надад хэл, битгий манай нөхөр лүү зурвас бичээд бай, эсвэл гар утсаа аваад надтай ярь” гэж зурвас илгээсэн. Би ажлаа амжуулчихаад 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цаг 00 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 59-25 тоотод байх аавынхаа гэрт очоод, Билгүүнд хандаж “чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд Билгүүн “юу ч гэсэн яадаг юм бэ” гээд босож ирээд миний зүүн хацар луу маажсан. Би түүнийг түлхэж унагаад дээрээс нь дараад суусан. Тэгээд жоохон хэрэлдэж байгаад, би түүнд “чиний машин биш, энэ машин манай дүүгийн машин” гэж хэлээд явсан. Би М.Билгүүнийг зодож цохиогүй. Би нүүр лүү нь цохиогүй, яагаад нүд нь хөхөрсөн гэдгийг мэдэхгүй байна. М.Билгүүн 2013 онд манай төрсөн дүү Нацагдоржтой найзалж байгаа гээд манай гэрт ирсэн. Манай аав, ээж “Нацагдорж өөрөө зөвшөөрч байгаа бол яах бэ” гэж хэлээд гэртээ байлгаж байсан. Би 2015 онд нөхөртэй болоод тусдаа гараад амьдарч байгаа юм. М.Билгүүн манай аав, ээжийн гэрт амьдардаг. Би М.Билгүүнтэй харилцаад байх шаардлага гардаггүй болохоор тааралдвал дуугараад л явдаг. М.Билгүүн ёс суртахуунгүй, хүнийг хүндлэхгүй, ахмад хүнийг хүндэлж мэдэхгүй, гэр бүлийн хүмүүжил байхгүй, боловсрол байхгүй, би түүнийг өөрийн төрсөн дүү шигээ санаад суулгаж байгаад ч хэлж үзсэн. М.Билгүүн өөрийгөө ч цохисон байж магадгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 124-125 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийн хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар батлагдсан хэсгийг яллах үндэслэл болгов.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Билгүүний бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Лхагвасүрэнгийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч М.Билгүүний биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Д.Лхагвасүрэнгхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч М.Билгүүн нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой эмчилгээний зардал нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Д.Лхагвасүрэнг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй бөгөөд гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн дүгнэлтэд: “...Шүүгдэгч Д.Лхагвасүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн дүгнэлтэд: “...би сар гаруйн өмнө төрсөн бөгөөд нярай хүүхдээ асраад гэртээ байгаа шалтгааныг харгалзан прокурорын санал болгосон торгох ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож өгнө үү...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лхагвасүрэнд найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, нярай хүүхдээ асарч буй хувийн байдлыг нь харгалзан торгох ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Л нь хохирогч М.Б рүү үүрэн холбооны сүлжээгээр “гичий минь утсаа аваад ярь за, хэнийх нь мэдэгдэхгүй гэдсээ чирж ирээд, чамд хэзээ нөхөр байсан юм удахгүй хаягдах байж, нүдэнд харагдахгүй чихэнд сонсогдохгүй зайлаад өгөөч” агуулгатай эрээ цээргүй зурвас илгээсэн баримт (хх-ийн 31-36 дугаар хуудас)-аар тэрээр хүмүүжил, ёс суртахууны доголдолтой болох нь нотлогдож байх тул түүнд оногдуулсан торгох ял дээр нэмж “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүнийг засан хүмүүжүүлэх ач холбогдолтой юм. Нөгөөтээгүүр, шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилтай, хохирогчийн нэгэн адил эх хүн, эмэгтэй хүн болохын хувьд “өөртөө дүгнэлт хийж, өөрийн зан ааш, ёс суртахуунын доголдол, сөрөг харилцаа хандлагаа засаж чадна” хэмээн шүүх түүнд итгэл үзүүлсэн болно.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Д.Л-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-д найман зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-д оногдуулсан торгох ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Д.Л торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Л-д оногдуулсан торгох ял дээр нэмж “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Л нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Л-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА