Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2015/0809/З |
Дугаар | 221/МА2019/0042 |
Огноо | 2019-01-23 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2019/0042
2019 оны 01 сарын 23 өдөр |
Дугаар 221/МА2019/0042 |
Улаанбаатар хот |
Т.О, А.Б нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн Ц.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0720 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Т.О, нэхэмжлэгч А.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгч Т.О өмгөөлөгч Д.Н нарын давж заалдах гомдлоор, Т.О, А.Б нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газрын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Т.О, А.Б нар 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Нийслэлийн Засаг даргын 2008 оны 540 дүгээр захирамжийн Д.П, Д.Б нарт, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 327 дугаар захирамжийн Д.А холбогдох хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Д.П олгосон ........ тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0720 дугаар шийдвэрээр:
“Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 540 дүгээр захирамжийн Д.П, Д.Б нарт, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 327 дугаар захирамжийн Д.А холбогдох хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Д.П олгосон ...........тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” Т.О, А.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгч Т.О, нэхэмжлэгч А.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Нэхэмжлэгч А.Б, Д.О нар Д.П, Д.Б, Д.А нарт үндэслэлгүйгээр газар өмчлүүлсэн нь А.Б, Д.О нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул нэхэмжлэл гаргасан.
Анхан шатны шүүх 1.Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн 164 дүгээр захирамжаар Д.П, Д.Б нарт тус бүр “Бэлхийн задгай” гэх хаягаар 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгосон байна. Улмаар Д.П 2002 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн ......., Д.Батбаярын ........ дугаартай “иргэний газар ашиглах гэрчилгээ”, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын хаягын тодорхойлолт, газар өмчилж авахыг хүссэн өргөдөл зэргийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 540 дүгээр захирамжаар Д.П Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53 дугаар гудамжны ...... тоот, Д.Б ....... тоотод тус бүр 700 м.кв газрыг өмчлүүлсэн байна.
Д.П, Д.Б нарт газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 164, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 540 дүгээр захирамжийн холбогдох хэсэг Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзсэн.
2.Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 164 дүгээр захирамжаар Бэлхийн задгайд 500 м.кв газрыг Ч.Дашживаад 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд улмаар Ч.Д өөрийн охин Д.А 2008 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, уг газраа бэлэглэлээр шилжүүлэн өгөх хүсэлт гаргаснаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар 10-ны өдрийн 327 дугаар шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо, нэгж талбарын ....... дугаар бүхий 500 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар Д.А эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон нь хууль зөрчөөгүй байна гэж үзсэн.
3.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 8 дугаар сарын 22-ын өдрийн Д.Пагамсүрэнд 000125959 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон нь мөн хууль зөрчөөгүй гэж үзсэн.
Анхан шатны шүүх дараах нөхцөл байдлыг анхаарч хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна. Үүнд:
1.Д.П газар өмчлүүлэх шийдвэр 2002 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 164 дүгээр захирамжаар 16 дугаар хороо, Бэлхийн задгайд 500 м.кв газар эзэмшүүлснийг үндэслэл болгосон байх бөгөөд ...... гэсэн хаяг байхгүй. Уг хаягыг Д.П Сүхбаатар дүүргийн Газрын алба кадастрын зураглал хийж өгөхдөө бий болгосон гэж үзэж байгаа. Энэ нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооноос гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдож байгаа.
Д.П 2008 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын хилээр гадагш гарсан Монгол Улсад байгаагүй үед 2008 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны тодорхойлолтоор “Бэлхийн 53 дугаар гудамжны ...., ам бүл 1, кадастрын зураглал ......, 2008 оны 8 дугаар сар” гэсэн бичилт хийсэн хуурамч бичиг баримтыг бүрдүүлж уг газрыг Д.П нэр дээр өмчилж авсан.
2.2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 327 дугаар захирамжаар Д.А газар эзэмшүүлсэн. Гэтэл Д.А Газрын тухай хуульд зааснаар зохих журмын дагуу 2009 оноос хойш уг газраа эзэмшиж, ашиглаагүй. /Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6/
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Дөрөв. Нэхэмжлэгч Т.О өмгөөлөгч Д.Н мөн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Д.П газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 540 дүгээр захирамжийн Д.П холбогдох хэсгийн тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2008 оны 540 дүгээр захирамжаар Д.П Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Бэлхийн ..... тоот хаягт 700 м.кв газрыг өмчлүүлсэн байдаг ба Д.П нь 2008 оны 6 дугаар сарын 16-ны өдөр /119 дүгээр тал/ Монгол Улсаас гадаад улс руу явсан ба өнөөдрийг хүртэл орж ирээгүй байна.
Д.П эцэг Ц.Д нотариатчийн 2008 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 260 дугаар итгэмжлэлийг хавсарган Улсын бүртгэлийн ерөнхий газарт өргөдөл гаргаснаар 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ........ тоот эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон.
Нийслэлийн Засаг даргын захирамж гарах үед ч, өмчлөх эрхийн гэрчилгээ олгох үед ч Д.П Монгол Улсад байгаагүй байсан ба дээрх эрхийн акт, гэрчилгээг хуурамч баримт бичиг бүрдүүлэн гаргуулсан байхад шүүх Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т заасныг харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн.
Хуурамч баримт бүрдүүлэн эрхийн гэрчилгээ гаргуулсан тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар Улсын бүртгэлийн газар холбогдох байгууллагад шилжүүлэн шалгуулах ёстой байхаас гадна мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д мэдүүлэг гаргагч баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар улсын бүртгэл нь үнэн зөв бодитой байх ёстой.
Мөн Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар итгэмжлэл олгохдоо Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д заасан шаардлага хангаагүй итгэмжлэлийг олгосон байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар иргэн өөрөө өргөдөл гарган өмчлөхөөр байхад Монгол Улсад байгаагүй үедээ Д.П газар өмчилж авах хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөөгүй, нийтийн ашиг сонирхлыг зөрчөөгүй гэдгээр хууль бус аргаар олж авсан өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-т заасантай нийцэхгүй байгаа.
Д.А Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 327 дугаар захирамжаар газар олгосон хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Д.А /эцэг Ч.Д/ газар олгохдоо Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд /хуучнаар 16 дугаар хороо/ “задгайд” гэж олгосон байх ба “....” гэдэг хаягийг өөрөө бий болгон кадастрын зураглал хийлгэсэн нь Хаягжуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, 3.1.6-д заасныг зөрчсөн ба төрийн байгууллага хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Т.О 2000 оноос 4 хүүхдийнхээ хамт “Бэлхийн 53 дугаар гудамжны .... тоот” гэсэн нэг хаягтай 2800 м.кв газарт амьдарч эхэлсэн ба эвдрэлд орсон, ашиглагдаагүй байсан газрыг өөрийн хүч хөрөнгөөр сэргээн ашиглаж байгаа.
Д.А Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байхад газар эзэмших эрхийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн нь шийдвэр “хууль ёсны байх” шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул шийдвэрийг хүчингүй болгож Д.П, Д.А нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Гуравдагч этгээд Д.П, Д.Б, Д.Ар нарт газар эзэмшүүлж, өмчлүүлсэн нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж болон өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Т.О, А.Б нарын тухайд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 53 дугаар гудамжны ....... тоотод 700 м.кв газрыг анх тус дүүргийн Засаг даргын 2004 оны 163 дугаар захирамжаар эзэмшиж, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжаар өмчилж, улмаар эд хөрөнгө өмчлөх эрхийн ........ дугаарт бүртгүүлэн 2006 оны 12 дугаар сарын 6-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан боловч нэхэмжлэгчдийн өмчилсөн энэхүү газартай байршлын хувьд гуравдагч этгээд нарын газар давхцалгүй байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус зааснаас үзэхэд 700 м.кв газар эзэмших, өмчлөх эрхийн хүрээнд нэхэмжлэгчид нийтдээ 2800 м.кв газрыг хашаалан эзэмшиж байсныг зөвтгөх боломжгүй, түүнчлэн гуравдагч этгээд Д.П өмчилсөн, Д.А эзэмшил газарт тус тус байшин барьсан нь шүүхийн үзлэг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн зургаар тогтоогдсон, тэдгээрээс өөрсдийн эзэмшил, өмчлөлийн газрыг бодитоор эзэмшдэггүйн улмаас тухайн газрыг эзэмших, өмчлөх хүсэл сонирхол нэхэмжлэгчдийн хувьд байсан байж болох ч энэ тохиолдолд түрүүлж газар эзэмших хүсэлт гаргасан бөгөөд хууль ёсоор эзэмших, өмчлөх эрх үүссэн гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцнэ.
Тухайлбал нэхэмжлэгч Т.О өөрийн хашаалсан 2800 м.кв газраас ...... хаягт байрлах 700 м.кв-ыг эзэмших хүсэлтийг 2008, 2013 онд тус тус гаргаж байсан гэдэг ч Сүхбаатар дүүргийн газрын албаны 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 14/494 дүгээр албан бичигт дурдсанаар зөвхөн 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн хүсэлт нь 2853 дугаарт бүртгэгдсэн гэх боловч холбогдох материал нь архивт хадгалагдаагүй, 2-р хх-ийн 6-р талд авагдсан 2008 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн өргөдлийг хүлээн авсан талаарх баримт Газрын албаны баримт бичигт хийсэн шүүхийн үзлэгээр тогтоогдоогүй, мөн ....., ....... хаягт байрлах газрыг эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй, иймд нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхээс 2 жил гарангийн өмнө буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 164 дүгээр захирамжаар Д.П, Д.Б, Ч.Д нарт тус бүр 500 м.кв газар эзэмшүүлж, улмаар нийслэлийн Засаг даргын 2008 оны 540 дүгээр захирамжаар Д.П, Д.Б нарт тус бүр 700 м.кв газар өмчлүүлсний;
-эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас Д.П 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр газар өмчлөх эрхийн ..... дүгээр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосны;
-Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 327 дугаар захирамжаар Ч.Д эзэмшлийн 500 м.кв газрыг түүний охин Д.А шилжүүлэн эзэмшүүлсний улмаас нэхэмжлэгчдийн эдгээр газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тус тус зөрчөөгүй, цаг хугацааны хувьд нэхэмжлэгчдээс өмнө гуравдагч этгээд нарт Газрын тухай хуульд зааснаар эзэмшил үүссэн, өөрөөр хэлбэл хариуцагчдаас маргаан бүхий захирамжийг гаргахдаа уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт болгосон газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” шаардлага зөрчигдөөгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Түүнчлэн гуравдагч этгээд Д.Пн өмчлөлийн нэгж талбарын .... дугаар, Д.Б өмчлөлийн нэгж талбарын ........ дугаар, Д.Ариунболорын эзэмшлийн нэгж талбарын ......... дугаар бүхий тус тус 700 м.кв газрууд нь газрын мэдээллийн нэгдсэн санд анх 2008 оноос, харин нэхэмжлэгч А.Б өмчлөлийн нэгж талбарын ........ дугаар бүхий 700 м.кв газар 2006 оноос эхлэн тус тусын нэрээр газрын ямар нэгэн давхцалгүйгээр бүртгэгдсэн байна.
Харин гуравдагч этгээд Д.Б мөн Д.П нэгэн адил 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр газар өмчлөх эрхийн ..........дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдох бөгөөд харин үүнийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг тэмдэглэв.
Хэдийгээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолтоор Д.П нь 2008 оны 6 дугаар сарын 16-ны өдөр улсын хил гарснаас хойш буцаж ирээгүй, түүний он, сар, өдөр нь тодорхойгүй газар өмчлөх өргөдлийг үндэслэн нийслэлийн Засаг даргын газар өмчлүүлэх тухай 2008 оны 540 дүгээр захирамж Д.П гадаад явснаас 5 сар орчмын дараа буюу 11 дүгээр сарын 11-ний өдөр гарсан нь цаг хугацааны хамаарлаар эргэлзээтэй, нэхэмжлэгчдийн хөрш зэргэлдээ ........ тоот 700 м.кв газрыг өмчилдөг гуравдагч этгээд Д.П, Д.Б нарын аав Ц.Д нь Д.П олгогдсон итгэмжлэлийн үндсэн дээр эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гаргасан байх боловч үүнээс 1 хоногийн өмнө буюу 20-ны өдөр аавдаа итгэмжлэл олгох үед Д.П Монгол Улсад байгаагүй гэх зэргээр түүнд газар өмчлүүлэх шийдвэр, бүртгэл хэрхэн хийгдсэн болох нь процессийн хувьд зөрчилтэй, бичиг баримтын бүрдлийн хувьд эргэлзээтэй байж болох ч нэхэмжлэгч нарын хувьд мөн үүнтэй адилтгаж болох нөхцөл байдал тогтоогдов.
Тухайлбал нэхэмжлэгч Т.О нь охин А.Б хамт ...... тоот 700 м.кв газрыг өмчлөхийн сацуу 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “…Сүхбаатар дүүргийн Сэлбийн аманд 28 жил амьдарч байгаа учраас зуслангийн газар өмчлөн авах…” хүсэлт гаргаж дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 316 дугаар захирамжаар тус аманд 700 м.кв газрыг, мөн түүний хүүхдүүд болох А.Х, А.М, А.С нарт Засаг даргын дээрх захирамжаар тус бүрт нь 700 м2 газар эзэмшүүлжээ.
Мөн ....... хаягт байрлах гуравдагч этгээд Д.А газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар одоогийн нэхэмжлэгчид бус харин иргэн Ц.М 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн мөн оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 3137 дугаар захирамжаар “урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан, Ц.М тухайн үед хашаа барин гэр бүлийн хамтаар 2005 оноос хойш амьдарч байгаа талаар нэхэмжлэлдээ бичсэнээс үзэхэд одоогийн нэхэмжлэгч нарыг уг газарт амьдарч байсан гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Т.О нэгж талбарын ....... дугаар бүхий .... тоот эсрэг хашааны 700 м.кв газрыг дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар шийдвэрээр эзэмшиж байгаад Засаг даргын 2008 оны 335 дугаар захирамжаар иргэн Б.М шилжүүлэн эзэмшүүлсэн, Б.М нь уг газраа Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/652 дугаар захирамжаар өмчилж авснаас үзэхэд хариуцагч дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг тухай бүр нь шийдвэрлэж, хэд хэдэн удаа өөр өөр байршилд газар эзэмшүүлсэн болох нь тогтоогдох тул дээрх үндэслэлээр анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0720 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.О, нэхэмжлэгч А.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгч Т.О өмгөөлөгч Д.Н нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН