Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1096

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 06 дугаар сарын 03                        Дугаар 1096                                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

ХХ-ийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 184 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 3 310 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ХХХ нь 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мөнгө хэрэгтэй байна. 30 хувийн хүүтэй мөнгө зээлээч гэсний дагуу тухайн өдөр 1 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 30 хувийн хүүтэй хүүг 15 хоногоор буюу 150 000 төгрөгөөр хувааж сарын 300 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулж мөнгийг бэлнээр хүлээж авсан. Хүүгээ 15 хоногоор төлөх ёстой байсан боловч мөнгөний боломж бололцоо муу байна хүүгээ бөөнд нь өгнө гэж байгаад 2015 оны 02, 03 дугаар саруудад нийт 600 000 төгрөг, 09 зүгээр сард 300 000 төгрөг, 10 сард 65 000 төгрөгийн хүү төлсөн. Мөн 2015 оны 02 дугаар сард 500 000 төгрөгийг мөн 30 хувийн хүүтэй нэмж зээлэн түүний хүүнд 225 000 төгрөгийг төлсөн. ХХХ нь анх зээлсэн 1 000 000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөр болон 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны төлөгдөөгүй хүү 2 735 000 төгрөг, сүүлд зээлсэн 500 000 төгрөгийн сүүлийн сарын хүүний үлдэгдэл 75 000 төгрөг үндсэн төлбөр 500 000 төгрөг бүгд 3 310 000 төгрөгийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөгдөөгүй байна. Миний зүгээс ХХХтай эвлэрэх үүднээс шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтанд хүрээгүй тул шүүхийн журмаар түүнээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 3 310 000 төгрөгийг хариуцагч ХХХаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Найз Х маань ХХХ мөнгөтэй би бас мөнгө зээлж байгаа 30 хувийн хүүтэй зээлдэг гэхээр нь асуугаад өгөөч гэхэд 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөгийг зээлэхээр болж нотариатаар батлуулах гэхэд нотариатчин нь ийм өндөр хүү тогтоож болохгүй гээд 10 хувь болгож зээлийн гэрээ хийсэн. Х чи газрынхаа гэрчилгээгээ барьцаанд нь өгвөл зээлнэ гэсэн ингээд дахин мөнгөний хэрэг болж 500 000 төгрөгийг нэмж 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлж авсан ба уг мөнгийг ХХ-ийн эгч Хд 250 000 төгрөгийг өгч дараа нь Хгээс авсан. ХХХд 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 150 000 төгрөгийг гэрт нь Хтэй хамт очиж өгсөн, 2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөн ХХ-ийн гэрт Хтэй очиж 150 000 төгрөг өгсөн, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 75 000 төгрөг Хд өгөөд ХХХд өгчихнө гэхээр нь дамжуулж өгсөн, 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Хд 75 000 төгрөг өгөөд ХХХд өгнө гээд авсан, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 225 000 төгрөг ХХХд өөрт нь өгсөн, 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ХХ-ийн банкны дансанд нь 300 000 төгрөг шилжүүлсэн, 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ХХХд Хтэй ирэхэд нь 50 000 төгрөг өгсөн, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ХХХд Х-тэй ирэхэд нь 15 000 төгрөг өгсөн ингээд нийтдээ 1 340 000 төгрөгийг өгсөн. Миний бие наймаа хийх гэсэн чинь авчирсан бараагаа зарж чадахгүй ашиггүй, мөн зээлийн хүүндээ шатаад ХХ-ийн мөнгийг өгч чадахгүйд хүрсэн. Иймд ХХ-ийн зээлийн хүү нь маш өндөр илт хохиролтой байсан тул зээлийн хүүг багасгаж, 1 000 000 төгрөгийн зээлийн хүүг 3 хувиар бодоход зээлийн хүүг үндсэн мөнгөтэй өгөөд дуусахаар байгаа. Харин 500 000 төгрөгийг хүүтэй тооцоогүй, бичгээр хийсэн гэрээ байхгүй тул нэмж зээлсэн 500 000 төгрөгийг өгөх болно. Хд 2 удаа 75 000 төгрөгөөр буюу 150 000 төгрөгийг дамжуулж ХХХд өгсөн мөнгийг нэхэмжлэлдээ бичээгүй байна. ХХХ нь миний өмчлөлийн газрын ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо ХХХХХХХХХХХХ тоотод байрлах ХХХХХХХХХХ дугаартай гэрчилгээг барьцааны гэрээ хийхгүйгээр авсан тул надад гэрчилгээг минь гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан хариуцагч ХХХаас 1 210 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 910 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч ХХХаас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 33 590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлийн хүүг бууруулсан. ХХХ-д тухайн зээлсэн мөнгийг мөн өөр хүнээс сарын 10 хувийн хүүтэй зээлэн авсан мөнгө байсан. Зээлийн гэрээг байгуулахдаа ХХХ хүүгийн хэмжээг өөрөө тогтоож зээлэх хүсэлт гаргасны дагуу түүнд зээл олгосон хариуцагч надаас зээлсэн мөнгөө цааш нь өдрийн 2%-ын хүүтэй зээлж ашиг олж байхад шүүх түүнд хохиролтой байсан гэж нотлох баримтад бус түүний тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Түүнд илт хохиролтой байсан уу үгүй юу гэдэгт шүүх дүгнэлт хийгээгүй, түүний тэмдэглэлийн дэвтэр дээр төлөх төлбөрийг хүлээн зөвшөөрсөн баримт, мөн зээлийн хүүг төлж байгаад Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг мэдмэгц гэрээний үүргээ биелүүлээгүй дээрх заалтаар төлбөрөөс мултрах боломжийг эрэлхийлсэн. Шүүхийн шатанд өөрт илт хохиролтой байдлаар зээлийн хүүг тогтоосон түүнийг гэрчлэх гэрч Х-г асуулгах хүсэлт гаргасан боловч тухайн гэрч түүнд хохиролтой байдлыг бус ашигтай байсан талаар мэдүүлэх байсан учир хүсэлтээсээ татгалзсан. Миний зүгээс түүнийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож энэ асуудлыг эвийн журмаар шийдвэрлэж зээлийн хүүгийн хэмжээг багасгаж эвлэрэх санал гаргасан боловч үндсэн зээлээс өөр мөнгө төлөхгүй гэж маргаж эвлэрүүлэх ажиллагаа амжилгүй болсон. Шүүх зөвхөн зээлдэгчид хохиролтой байдлыг буюу нэг талыг барьж зээлдүүлэгчид ямар байдлаас тухайн хүнд зээл олгосон, тухайн мөнгийг зээлснээр нэхэмжлэгчид ямар ашигтай, ямар алдангитай байсан эсэхэд дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардлагаас        2 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хүүг 10 хувь багасгасан ч нэг дахин их хүү тогтоож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд 5 хувийн хүүтэйгээр багасгаж өгнө үү.

Шүүхээс мөн төлбөрийн чадваргүй байгаагаа зээлийн ашиглалт түүнээс олсон ашиг орлого зэргийг нотолж ямар нэгэн баримт ирүүлээгүй гэж дүгнэжээ. Иргэний хуулийн тайлбарт гэрээний нэг тал нөгөө талдаа илтэд хохиролтой нь хэм хэмжээнд харш болох нь илт харагдаж байх ёстой гэжээ. Гэтэл зээлийн хүүгийн эргэн төлөлтөд сард 2 удаа 15 хоногоор 30 хувиар буцааж төлөхөд үндсэн зээлийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр   300 000 төгрөгийг төлж хохирсон нь авчирсан бараагаа худалдан борлуулахад ямарч ашиггүй хүүндээ шатсан болох нь илт байна гэж үзэж байна. 2015 оны 2 сард 3 удаа ХХХд 375 000 төгрөг өгсөн байна. Иймд хариу үүрэг бүхий гэрээ нь зээлдэгч буюу хариуцагчийн эдийн засгийн хувьд хүнд байдалд оруулсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон зээлийн хүүг багасгаж өгч тусална уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 3 310 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч ХХХ нь нэхэмжлэгчээс 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөгийг 9 сарын хугацаатай, сард      30%-ийн хүүтэй, 2015 оны 02 дугаар сард 500 000 төгрөгийг зээлсэн, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчид 500 000 төгрөгийг 30%-ийн хүүтэй зээлдүүлсэн гэж, хариуцагч нь энэ зээлд хүү төлөхөөр тохиролцоогүй, өмнөх зээлийн хүү хэт өндөр гэж хүүг багасгах хүсэлт гарган маргасан.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь нотлох баримтанд үндэслэгджээ.

Түүнчлэн 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээнд заасан хүүг 10% болгон багасгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ.

Харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 184 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...282 дугаар зүйлд...” гэснийг “...282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 48 550 төгрөг, хариуцагчаас төлсөн 15 650 төгрөгийг тус тус төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                       Т.ТУЯА

 

                                                                    М.НАРАНЦЭЦЭГ