Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 981

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч А.Ганзориг, шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ч овогт Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 03539 1034 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ч овогт Б.О, Монгол Улсын иргэн, ....... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт ..... тоотод оршин суудаг, ..... регистрийн дугаартай, Урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 (гурван) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Нийслэлийн Эрүугийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 340 дугаартай магадлалаар түүнд оногдуулсан 3 (гурван) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дуүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны зуслангийн газрын модон дотор иргэн Б.Өсөхжаргалыг “эхнэрийг хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар нүүр лүү нь цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Шүүгдэгч Ч овогт Б.О нь 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дуүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны зуслангийн газрын модон дотор Б.Ө-ыг “эхнэрийг маань хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар нүүр лүү нь цохиж, түүний бие махбодод “зүүн дээд, доод зовхи, баруун доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд шарх, зүүн нүдний алиманд гэмтэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.О-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, хэргийн үйл баримт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…О намайг доромжилсон үг хэлэхээр нь би зөрүүлээд “тэгвэл танай найз охин гичий” гээд хэлчихсэн чинь О босож ирээд шууд миний нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгсэн миний нүдний доод зовхиноос цус гараад эхэлсэн. Бид хоёрыг зууралдаж байхад хажууд байсан хүмүүс салгацгаасан юм. ...шүүх эмнэлгийн 9265 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг О надад учруулсан нь үнэн…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 07-09 дүгээр хуудас);

3. Гэрч Н.Маралгоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өсөхжаргал, О хоёр маргалдаж байгаад Ө, О-ийн нүүр, хүзүү рүү нь маажсан. Гэтэл О, Ө-ын нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон юм. Ө-ын зүүн нүдний доороос нь цус гарч байсан. ...Ө-д учирсан гэмтлийг О гараараа цохиж учруулсан нь үнэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-20 дугаар хуудас);

4. Гэрч Г.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын сүүлээр байх би өдрийг сайн санахгүй байна. Би найз Ж, О, Өсөхөө, М нарын хамт баруун салааны эцэс рүү явж, уул руу модон дотор орсон юм. Тэгээд бид архи, шар айраг хувааж ууцгаасан. Тэр үед Өсөхөө, О-ийг Окоо гэх эмэгтэйтэй хардаад хэрэлдээд байх шиг байсан. Тэр хоёр нэлээн удаа маргалдсан. Эхлээд Өсөхөө О-ийн нүүрийг маажсан юм шиг байна лээ, би яг хараагүй. Би тухайн үед нэлээн согтуу байсан юм. Ө-ын зүүн нүдний орчмоос нь цус гарчихсан, харин О-ийн нүүр нь маажуулсан харагдаж байсан. Тэгэхээр нь би О-өөс юу болсон талаар асуусан чинь “Ө миний нүүрийг хумсаараа маажихаар нь би нүд рүү нь цохичихсон” гэж хэлсэн. Тэгээд хэрэлдээд болохгүй болхоор нь бид Баянхошуу руу буцаж ирээд гэр гэр лүүгээ явцгаасан...” гэсэн мэдүүлэг (хх- ийн 21-22-р хуудас);

5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 9265 дугаартай “...Б.Ө-ын биед зүүн дээд, доод зовхи, баруун доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд шарх, зүүн нүдний алиманд гэмтэл бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 29 дүгээр хуудас);

6. Шинжээч эмч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг гэмтэл нь хүний гараар нэг удаа цохиход үүсэх боломжтой, нэг түвшинд байгаа учир ингэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31-32-р хуудас);

7. Шүүгдэгч Б.О-ийн иргэний бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа (хх-ийн 78 дугаар хуудас);

8. Шүүгдэгч Б.О нь урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 61 дүгээр хуудас);

9. Шүүгдэгч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ө-ыг зодож зүүн нүдэнд нь гэмтэл учруулсан хэрэгтээ гэмшиж байна. ...Мөн би шүүх эмнэлгийн 9265 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг Ө-д учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял оноож өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 55-58 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Прокурор, мөрдөгч энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Ө-ын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.О-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Ө-ын биед хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно. 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой эмчилгээний зардал нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.О-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Б.Ө нь шүүгдэгч Б.О-ийн эхнэрийг хэл үгээр доромжилсон, мөн түүнийг маажсан нь энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байгааг дурдахын зэрэгцээ хохирогч Б.Ө-ын үйлдлийг Зөрчлийн тухай хуульд зааснаар шалгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байсныг прокурорын хяналтын хүрээнд анхаарвал зохино.

Улсын яллагчийн дүгнэлтэд: “...Шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, тэрээр бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах саналтай байна...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.О нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 (гурван) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүугийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 340 дугаартай магадлалаар түүнд оногдуулсан 3 (гурван) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзсан байх бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалтад “тэнсэж хянан харгалзсан ... хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүй болно” гэж зааснаар тэрээр ялгүй болсон буюу эрүүгийн хариуцлагын үр дагавар арилснаас хойш гэмт хэрэг шинээр үйлдсэн байгааг дүгнэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ч овогт Б.О-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.О-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА