Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00497

 

 

 

 

 

 

 

2023 03 10 210/ШЗ2023/00497

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 184ШШ2022/00053 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,860,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 893,000 төгрөг, нийт 18,753,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Б нь 2019 оны 05 сарын 10-ны өдөр *** тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай сарын 2,5 хувийн хүүтэй зээлж авсан. 2019 оны 06 сарын 10-ны өдөр үндсэн зээлээс 391,500 төгрөг, 2019 оны 08 сарын 06-ны өдөр 143,550 төгрөг төлж, үлдэгдэл 9,460,000 төгрөгийг төлөөгүй байна. Зээлийн барьцаанд Б ийн өмчлөлийн *** тоот хаягт байрлах 48,75 м.кв талбай бүхий хувийн сууц болон 489 м.кв талбай бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа төлбөрөө төлөхийг шаардан уулзаж, утсаар байнга ярьж байсан ч ...ирэх сард өгнө, одоохон өгнө... гэж хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагчаас нийт 18,753,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Зээлийн үлдэгдэл, хуримтлагдсан хүүг хүлээн зөвшөөрч байна. Харин нэмэгдүүлсэн хүү, өмгөөлөгчийн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь цаг үеийн нөхцөл байдлаас болж зээлээ төлөөгүй өдийг хүрсэн. Энэ байдлыг харгалзан үзнэ үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ээс 17,860,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 893,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн *** тоот хаягт байрлах, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 48,75 м.кв талбай бүхий хувийн сууц, *** дугаарт бүртгэлтэй, 489 м.кв талбай бүхий газрыг албадан худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,915 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 317,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Б нь 2019 оны 10 сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг зээлсэн. Улмаар 2019 оны 06 сарын 10-ны өдөр үндсэн зээлээс 391,500 төгрөг, 2019 оны 08 сарын 06-ны өдөр 146,550 төгрөгийг тус тус төлж, 9,460,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Б нь ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдалд орж зээлээ төлж чадаагүй. Мөн Ковид-19 цар тахлын улмаас бүх албан байгууллага үүд хаалгаа барьж, ажил төрөл зогсонги байдалд орж, зээлийн төлбөрөө төлөх боломжгүй болсон. Иймд үндсэн зээлийн хүү 7,000,00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэмэгдүүлсэн хүү 1,400,000 төгрөгийг төлөх боломжгүй тул хасаж тооцож өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 453 дугаар зүйлд 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан. Мөн зээлийн гэрээний 2.9-д төлбөр төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүүг тооцож авна гэж заасныг хариуцагч нь зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэмэгдүүлсэн хүүг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Б т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 9,460,000 төгрөг, хүү 7,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,400,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 893,000 төгрөг, нийт 18,753,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргажээ. /хх 1-2/

Хариуцагч тал дээрх шаардлагаас зээл 9,460,000 төгрөг, хүү 7,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх 30-31/

 

3.   Талууд 2019 оны 05 сарын 10-ны өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Э ХХК нь 10,000,000 төгрөгийг 30 хоногийн 2,5 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдүүлэх, Б нь уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 10-11/

Мөн өдөр талууд *** тоот Барьцааны гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Б ийн өмчлөлийн *** тоот хаягт байршилтай 48,75 м.кв талбайтай хувийн сууц, 489 м.кв талбайтай газар зэргийг барьцаалж, барьцаалуулсан байна. /хх 8, 9, 12-13/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

4.   Иймд нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Б ээс зээлийн гэрээ болон барьцааны гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Хариуцагч тал нь нэхэмжлэгч талын гаргасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололтой маргаагүй учир анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээл 9,460,000 төгрөг, хүү 7,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,400,000 төгрөг, нийт 17,860,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин анхан шатны шүүх хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулан шийдвэрлэсэн атлаа Иргэний хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй орхигдуулсан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

5.   Хариуцагч талын тайлбар, давж заалдах гомдолд дурдагдсан ...ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон, Ковид-19 цар тахлын улмаас ажил зогсонги байдалд орсон... гэх нөхцөл байдал нь гэрээгээр тохиролцсон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх хариуцагч Б ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Өмгөөлөгчийн хөлс 893,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 184ШШ2022/00053 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1... гэсний дараа ...453 дугаар зүйлийн 453.1... гэж нэмж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 37,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

 

Д.НЯМБАЗАР