| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0961/Э |
| Дугаар | 983 |
| Огноо | 2018-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 983
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Д.Ганчимэг, шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас Б овогт Б.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан ирүүлсэн эрүүгийн 1808 04088 1109 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б.Ч, Монгол Улсын иргэн, .... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “.....” ХХК-д арматурын ажилтай, ам бүл хоёр, хүүхдийн хамт ..... тоотод оршин суудаг, ..... регистрийн дугаартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч Б.Ч нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр иргэн А.Б-той маргалдаж, улмаар түүний толгой, нүүр лүү цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт Б.Ч нь 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Б-той маргалдаж, улмаар түүний толгой, нүүр лүү цохиж түүний бие махбодод “хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, дух, хүзүүний зулгаралт, хоёр хүдний зовхи, хүзүүнд цус хуралт” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Ч-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, хэргийн үйл баримт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч А.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Ч гэх залуу намайг хэл амаар доромжилж, намайг боож байгаад нүүр лүү 2-3 удаа гараараа цохиод Б, Э, М гурав бид хоёрыг салгасан. Мөн дараа нь Дельфин дэлгүүрийн гадаа харих гээд явж байхад миний араас гүйж ирээд намайг боож байгаад хана руу 2-3 удаа мөргүүлээд нүүр лүү гараараа 4-5 удаа цохисон. Би толгойн компьютерт томографийн шинжилгээг 120,000 төгрөгөөр хийлгэсэн. Тэр задлаа нэхэмжилж байна. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 07-08 дугаар хуудас);
3. Гэрч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гудамжны үзүүрээс Б гүйж ирээд Ч, Б-г дахиад зодчихлоо би салгах гэсэн чинь дийлэхгүй байна гэж хэлэхээр нь Э бид хоёр Б дэлгүүрийн хажууд очсон чинь Ч, Б-г дэлгүүрийн хажууд унагаад, дээрээс нь цохиж харагдсан. Би гүйж очоод Ч-г салгатал Б машиндаа суугаад Б-тэй хамт яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-22 дугаар хуудас);
4. Гэрч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед Ч, Б-г зодож байхыг нь хараагүй ээ. Сүүлд Б надад хэлэхдээ “Ч намайг дахиад зодчихлоо” гэж хэлсэн. Тэр үед нүүр нь хавдсан, цус болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг (хх- ийн 24 дүгээр хуудас);
5. Гэрч П.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхлээд гэр дотор Ч, Б-г орон дээр дараад байж байсан. Дараа нь дэлгүүрийн гадна Ч, Б-ны эрүү рүү нэг удаа цохиж байхыг харсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27 дугаар хуудас);
6. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...эхлээд гэр дотор ямар ч байсан нүүр хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиод, дараа нь хоолойг нь боож байгаад дарж унагасан. Дараа нь Б дэлгүүрийн хажуу талд нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30 дугаар хуудас);
7. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 10630 дугаартай “...А.Б-ны биед хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, дух хүзүүнд зулгаралт, хоёр нүдний зовхи, хүзүүнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 11 дүгээр хуудас);
8. Шүүгдэгч Б.Ч-гийн иргэний бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа (хх-ийн 38 дугаар хуудас);
9. Шүүгдэгч Б.Ч нь урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 61 дүгээр хуудас);
10. Шүүгдэгч Б.Ч-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...А.Б-ны биед учирсан хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, дух, хүзүүнд зулгаралт, хоёр нүдний зовхи, хүзүүнд цус хуралт бүхий гэмтлүүдийг би гараараа цохиж үүсгэсэн юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 59 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Прокурор, мөрдөгч энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Б-ны бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Прокурорын яллах дүгнэлтэд хохирогч А.Б-гийн нэрийг “А.Б” хэмээн ташаа бичсэн болох нь нотлох баримт шинжлэн судлах үед хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул шүүхийн тогтоолд зөвтгөн тодорхойлсон болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ч-гийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч А.Б-ны биед хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Ч-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч А.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэргийн улмаас учирсан толгойн компьютерт томографийн шинжилгээний зардал болох 120,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Ч нь төлж барагдуулсан болох нь Хаан банкны гүйлгээний баримтаар нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн дүгнэлт: “...Шүүгдэгч Б.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Б.Ч-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Б.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ч-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА