Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 982

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Д.Ганчимэг, хохирогч С.Б, шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш овогт Ц.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 00741 1058 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш овогт Ц.Н, Монгол Улсын иргэн, ...... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “....” СӨХ-д жижүүр ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт ..... оршин суудаг, ... регистрийн дугаартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 31 дүгээр байрны подвальд оршин суух өөрийн гэртээ өөрийн найз С.Б-ийн цээжин тус газарт хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Ш овогт Ц.Н нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 31 дүгээр байрны подвальд оршин суух гэртээ өөрийн найз С.Б-гийн цээж рүү хутгалж, түүний бие махбодод “цээжний зүүн талд суганы урд шугамаар 4-5 хавирганы завсараар хатгагдсан шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Н-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, хэргийн үйл баримт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч С.Б-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарйн 31-нд найзтайгаа уулзаад 0.75 литрийн хэмжээтэй нэг лонх архи аваад хувааж уусан юм. Шөнө 00 цаг болж байсан. Би их согтуу байсан учир хутгалуулсан гэдгээ мэдээгүй. Би эмнэлэгт үзүүлчихээд, эмчилгээгээ гэрээр хийлгэсэн. Би С.Б-ээс эмчилгээний зардалд 300,000 төгрөг хүлээн авсан Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би тухайн үед нэлээн согтуу байсан. Н хутга авч, намайг хутгалсан талаар би мэдэхгүй байна. Н хутгалсан гэж бодож байна. Би эмнэлэгт үзүүлэхгүй, үзүүлэх нь миний эрх, шаардлага байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15-17 дугаар хуудас);

4. Гэрч Ц.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н гэрийн цонхон дээр байсан бор иштэй нэг талдаа иртэй хутгаар Б-ийг хутгалчихсан юм шиг байна лээ. Тухайн үед Н өөрийнхөө хүрэм (куртик)-ний дотор халаасанд хутга хийчихсэн байхад нь би булааж аваад цонх руу шидчихсэн юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-22 дугаар хуудас);

5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1021 дугаартай “...С.Б-ийн биед цээжний зүүн талд суганы урд шугамаар 4-5 дугаар хавирга завсар хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь цаашид эрүүл мэндэд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 49-50 дугаар хуудас);

6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1939 дугаартай “...хүрэн өнгийн модон бариулттай хутган дээр цус илэрсэн. Уг цус нь бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй. Хүрэн өнгийн модон бариултай хутган дээр илэрсэн цус ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна..." гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 40-41 дүгээр хуудас);

7. Шүүгдэгч Ц.Н-ийн иргэний бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа (хх-ийн 67 дугаар хуудас);

8. Шүүгдэгч Ц.Н нь урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 86 дүгээр хуудас);

10. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-7 дугаар хуудас);

11. Шүүгдэгч Ц.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “..Б нэг шил архи барьчихсан халамцуу ирсэн. Бид хоёр хоол унд идчихээд, авчирсан архийг нь хувааж уугаад согтсон бөгөөд Б-тэй нэг юмнаас болж маргалдаж байх шиг байсан. Их согтчихсон байсан болохоор зарим юмыг санахгүй байна. Нэг мэдсэн чинь би гэрт байсан хутгаар Б-ийн цээж рүү нэг удаа хатгачихсан байсан. Тэр хутгаа хүрэмний дотор халаасанд хийчихсэн байсан чинь эхнэр Бямбаа гаднаас орж ирээд “чи хүн аллаа ш дээ” гээд аваад шидчихсэн. Би айсандаа шууд гэрээсээ гараад зугтчихсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 59 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Прокурор, мөрдөгч энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.Б-ийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Н-гийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч С.Б-гийн биед хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно. 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч С.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны үед шүүгдэгчээс нийт 300,000 төгрөгийн нөхөн төлбөр авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” талаар мэдүүлсэн, баримтаа бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Ц.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн дүгнэлт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ш овогт Ц.Н-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Ц.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Н-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА