| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2018/0128/Э |
| Дугаар | 135 |
| Огноо | 2018-12-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Э.Т
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Үсчин, гоо сайханч мэргэжилтэй, Дорноговь аймгийн ... сум дахь замын постод ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт Э.Б-д холбогдох эрүүгийн 1820001740138 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Прокурорын яллах дүгнэлтээр: Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн орчим Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг Алаг гүүр гэх газар ... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дугаар зүйлд заасныг зөрчиж ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй шүргэлцэн зам тээврийн осол гаргаж О.Г, С.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын зар дээр таксинд явах унаа байна гэхээр нь тухайн машинд суугаад Замын-Үүд сумаас явсан юм. Замд жолооч маань зүүрмэглээд байхаар нь нойр чинь хүрээд байна уу гэхэд тийм гээд намайг жолооны үнэмлэхтэй юу гэж асуусан. Би жолооны үнэмлэхтэй гэж хэлэхэд машиныг маань хэсэг жолоодчих уу гэхээр нь би зөвшөөрч машиныг нь шилжүүлэн барьж явсан юм. Тэгсэн чинь нэг машин араас гүйцэж түрүүлэхэд би сандарч тухайн машины араас шүргэсэн. Би өөрийн гаргасан хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Э.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нөхөр бид хоёр хүүхдүүдээ аваад Айраг сум руу явах болсон юм. ...Бид нарыг цааш явж байтал урд талд нэг машин зөөлөн яваад байсан. Тэгээд Б тэр машины араас гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд урд талд нь гарах үед өөдөөс эсрэг урсгалаас нэг том оврын автомашин нилээд зайтай ирж байсан. Тэгээд манай нөхөр “Та хурдаа нэмээд наад машиныхаа урд талд нь гарчих” гэж хэлэхэд Б хурдаа жаахан нэмээд урд талын автомашиныг гүйцэж түрүүлээд урд талд нь гарсан. Тэгээд цааш явж байтал гүйцэж түрүүлсэнээс хойш хэдэн км явсаныг мэдэхгүй байна, жолооч эмэгтэй “яанаа арын машин” гэж хэлсэн. Тэр үед ард явж байсан машин манай машины хажуугаар явж байгаа харагдаад манай машин шархийх дуугарах чимээ гарсан. Тэгээд манай машин замын гол хэсэг рүү нэг ороод, замын баруун гар тал руу өнхөрчихсөн. Осол болох үед би ухаан алдаагүй ч ухаан санаа орж гараад байсан. Нэг харахад машин 4 дугуйн дээрээ зогчихсон, би өөрөө гарах гэсэн боловч гар маань эвгүй болчихоод хаалгаа нээж чадахүй байсан тул нэг гараараа хамгаалах бүсээ тайлж байгаад цонхоороо гарсан. Намайг машинаас гарах үед нөгөө машинаас бууж ирсэн жолооч бололтой эрэгтэй хүн “Чи эргүү юм уу? Жирэмсэн юм байж юу хийж машин барьсан юм бэ? мал юм уу?” гэх мэтээр загнаад байсан. Жолоог барьж байсан эгч ард талын суудал руу орчихсон байсан тул тэр хүн намайг машин жолоодсон гэж бодсон юм шиг байна лээ. Тэгээд ард сууж явсан эгч /жолооч барьж байсан эмэгтэйн ээж/ нөгөө машины жолоочийг миний охиныг гаргаад өгөөч гэж байсан. Мөн манай том хүү О машинаас нилээд хол хэвтэж байсан. Би тэр жолоочоос “Та миний хүүхдийг аваад ирээч” гэтэл авчирч өгөхгүй байсан. Манай хүүг надад яг хэн авчирч өгсөнийг би одоо санахгүй байна. Тэгээд байтал замын хажуугаар явсан машинууд зогссон. Тухайн үед ямар ямар улсын дугаартай машинууд зогссоныг би сайн мэдэхгүй байна. Замаар явж байсан нэг машиныг зогсоогоод жолоо барьж байсан Б, манай 2 хүүхэд бид дөрвийг суулгаж Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/
Хохирогч О.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... Оройны 17 цагийн орчимд Замын-Үүд сумаас гараад 1 удаа зогсож жолоочийн хүүхэд бие зассан. Цааш явж байгаад Улаан-Уул сум руу салдаг замд буюу 100-ын колонк дээр дахин зогсож бие засацгаагаад цааш хөдлөөд явж байтал яг хаана гэдгийг мэдэхгүй байна машин барьж байсан жолооч замаас орж гараад байсан. Энэ үед миний хажууд сууж явсан охин Б “Чи үүрэглээд байгаа юм уу?” гэж асуухад жолооч эхнэрээсээ “би хэдэн цагт унтсан билээ” гэж асуухад эхнэр нь “02 цагийн үед унтсан” гэж хэлж байсан. Тэгээд явж байтал жолооч залуу Б-с “та машин барьдаг уу?” гэж асуухад Б “барьдаг” гэж хэлэхэд жолооч “та машин барих юм уу?” гэхэд нь “тэгвэл тэгье” гэж хэлээд замын хажууд тал руу гар зогсоод Б жолоог шилжүүлж авсан. Б жолоог аваад цааш явж байтал зам дээр ... маркийн автомашин зогсож байгаад зөөлөн хөдөлсөн. Бид нарыг тэр машинд дөхөж очиход урдаас том оврын автомашин ирж байгаа харагдсан. Энэ үед С жолоо барьж байсан Б-д хандаж “та хурдаа жаахан нэмээд урд талд нь гарчих. Урдаас том тэрэг ирж байна” гэж хэлсний дагуу Б хурдаа нэмж ... маркийн автомашины урд талд гарсан. Тэгээд цааш явж байтал хэдэн км явсаныг сайн мэдэхгүй байна ард хоцорсон X-Trail маркийн автомашин араас гүйцэж түрүүлэхээр ирээд хажуугаар зэрэгцээд давхиад байсан. Ингэж зэрэгцэж давхиж байхдаа хажуунаас шахаж, манай машины урд талын гупер тэр машины ард талын гуперт цохигдоод замын хажууд тал руу өнхөрсөн. Машиныг 4 дугуйн дээрээ тогтохоор нь би хартал жолоочийн суудал дээр сууж явсан Б ард талын суудал дээр суучихсан, С машин дотор байхгүй байсан. Тэгээд би машинаас гарах гэсэн боловч хаалга нээгдэхгүй байсан тул X-Trial маркийн автомашины жолоочийг татаад гаргаад өг гэхэд намайг татсан боловч миний бие өвдөөд гарч чадахгүй байсан. Тэгээд би “Хоёулаа нийлж байгаад татаад гаргаад өг” гэхэд цаанаас нэг залуу гүйж ирээд нийлж байгаад намайг татаж машинаас гаргаад, дараа нь манай эхнэр Э, охин Б нарыг гаргасан. Намайг харахад С машинаас хол ухаангүй хэвтэж байгаад босож ирээд “машин аймар болчихсон байна шүү дээ. Миний машиныг хэн төлөх юм бэ?” гэж хашгираад байсан. Харин Ц 2 хүүхэдтэйгээ машины хажууд талд байсан. Ингээд замаар явж байсан машиныг зогсоож Б, Ц нарыг 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан. Осол болсоны дараа намайг машинаас гарах үед X-Trail маркийн автомашин манай машинаас урагш чиглэлд байсан. Харин дараа нь машинаа урагшлуулсан байсан......Тэр машин манай машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ нэг хэсэг зэрэгцэж явсан. Ингэж байгаад сүүлдээ манай машиныг шахаж их ойрхон ирсэн. Тэгээд манай машины урд талын гуперыг мөргөсөн…....Эсрэг урсгалаас машин байгаагүй, бид нарын хөдөлгөөнд саад учруулах юу ч байгаагүй, зам чөлөөтэй, үзэгдэх орчин хэвийн, нартай, цаг агаар тогтуун байсан. Тэгтэл тэр машин хажуугаар гүйцэж түрүүлэхдээ манай машиныг шахсан......Ойролцоогоор 70 км цагийн хурдтай явж байсан. Тэр машин ч манай машинтай адилхан хурдтай явж байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32/
Иргэний нэхэмжлэгч Б.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: ”...Ингээд би замын хажууд тал руу шахаж зогсоод жолоогоо Б-д шилжүүлсэн. Б жолоог барьж, би жолоочийн ар талын суудал дээр суугаад, охиноо өвөр дээрээ авсан. Тэгээд хөдлөөд цааш явж байтал хөдөлсөнөөс хойш хэдэн км явсаныг мэдэхгүй байна. 10 гаруй км байж магадгүй урд талд нэг автомашин явж байсан. Тухайн үед жолооч Б тэр машиныг гүйцэж түрүүлэх гэтэл өөдөөс эсрэг урсгалаар нэг том оврын автомашин ирж яваа харагдсан. Тэгэхээр нь би Б-д “та хурдаа жаахан нэмээд наад машиныхаа урд нь гарчих” гэж хэлэхэд жолооч хурдаа нэмж X-Trail маркийн автомашины урд талд гарсан. Тэгээд том оврын автомашин ч зөрөөд явсан. Тэр том оврын автомашин бид нарын хөдөлгөөнд ямар нэг саад учруулаагүй. Цааш явж байтал жолооч Б “Энэ арын машин ирж байна. яанаа” гэж хэлсэн. Тэгээд машин нэг савлах шиг болоод л би ухаан алдсан. Түүнээс хойш юу болсоныг би санахгүй байна. Нэг сэрэхэд машины гадаа хэвтэж байсан.Тухайн үед тэр машиныг яг шахаж орж ирсэнийг би сайн мэдэхгүй байна. Зүгээр хажуугаар гарахдаа манай машиныг шахсаны улмаас манай машин өнхөрсөн гэж бодоод мэдүүлэгтээ тэгээд хэлчихсэн юм. Яг юунаас, хэний буруутай үйлдлээс болж осол болсоныг би сайн мэдэхгүй байна. Учир нь би замын хөвөө талдаа сууж явсан болохоор X-Trail маркийн автомашин ямар байдалтай орж ирсэнийг мэдэхгүй байна. Мөн би охиноо өвөр дээрээ суулгачихсан утсаараа тоглоод явж байсан тул анзаараагүй. Манай автомашин ойролцоогоор 70 км цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна. Би өөрөө ч жолоогоо барьж байхдаа 70 гаруй км цагийн хурдтай явж байсан. Харин нөгөө машиныг манай машин гүйцэж түрүүлэх үед хурдаа нэмээд 80 км цаг болгосон байх гэж бодож байна. Ер нь хурдтай яваагүй. Ойролцоогоор 19 цаг өнгөрөөд 20 цаг болж байсан байх. Нартай, цаг агаар тогтуун, замын үзэгдэх орчин чөлөөтэй байсан....Миний эзэмшлийн автомашин. Би уг автомашиныг 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Т гэх хүнээс 4.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж 120.000 төгрөгөөр нуруу, цээжний зураг авахуулсан. Ингэхдээ ээжийхээ хамт галт тэргээр ирж очсон. Иймд дээрхи зардлуудыг нэхэмжилнэ. Надад баримтууд нь байгаа тул хэрэгт хавсаргахаар танд авчирч өгье. Миний эхнэр, хүүхэд мөн Улаанбаатар хотод үзүүлсэн ба эмчилгээний баримтуудыг тусад нь хавсаргах байх. Мөн би өөрийн автомашинд учирсан эвдрэл гэмтлийн мөнгийг буруутай этгээдээр төлүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
Гэрч Ч.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд би замын хажууд тал руу гарч машиныхаа дугуйг сольж запас дугуйгаа тавьчихаад зөөлөн хөдлөөд зам руу орох үед хажуугаар нэг Приус маркийн автомашин өнгөрсөн. Тэгээд би тэр Приусны араас хөдлөөд зам руу ороод явахад уг зам нь өгсүүр зам байсан. Тэр өгсүүр замыг даваад доош уруудах үедээ би 75 км цагийн хурдтай явж байтал нөгөө хажуугаар гарсан Приус маркийн автомашин миний урд талд нилээд удаан яваад байсан тул би гүйцэж түрүүлэхээр дохиогоо өгөөд, сигнал дарсан. Уг зам нь 2 эгнээ, дундаа тасархай шугамтай зам байсан ба тухайн үед өөдөөс ямар нэг автомашин ирээгүй, зам чөлөөтэй байсан тул гүйцэж түрүүлэхээр эсрэг урсгал руу орсон. Ингээд эсрэг урсгал руугаа орж нөгөө автомашиныг гүйцэж түрүүлчихээд өөрийн эгнээ рүү орохоор буруу талын толиндоо хартал нөгөө Приус маркийн автомашин замын хажуу руу орж гараад байсан. Ингэж байгаад огцом дарж зам руу ороод эсрэг урсгалд явж байсан миний автомашины ард талын гуперын баруун хэсгийг шүргэсэн. Тухайн үед би өөрийн эгнээ рүүгээ орж амжаагүй, эсрэг урсгалаар явж байсан. Би гүйцэж түрүүлэх үед ачаа ихтэй байсан тул тийм ч хурдан яваагүй. Тухайн үед тэр автомашин надаас 5 км цагаар бага хурдтай явж байсан байх гэж бодож байна. Ер нь аль аль автомашин бага хурдтай явж байсан. Уг автомашин миний машиныг шүргээд зам дам дээр хөндлөн байрлалтай болж тэр байрлалаараа хэсэг газарт гулсаж байгаад замын хажуу руу өнхөрсөн. Би тэр автомашиныг шүргэх үед замыг чөлөөлж замын хажууд тал руу шахаж зогссон. Тэгээд машинаас буугаад эхнэрийн хамт тэр автомашин дээр очсон. Намайг уг машин дээр очиход ард талын суудал дээр 6 орчим настай жаахан банди “ахаа намайг аваарай” гээд кока кола тэвэрчихсэн уйлаад байсан. Би хамгийн түрүүнд тэр хүүхдийг гаргаж аваад машинаас нилээд зайдуу аваачиж суулгасан. Энэ үед замаар явж байсан цагаан автомашинаас бууж ирсэн залуугийн хамт ард талын хаалгыг нээж нэг залууг машинаас гаргасан. Уг залуу нь Приус маркийн автомашины эзэн гэж байсан ба тухайн үед ухаан алдсан зүйл байгаагүй, өөрийн ухаантай байсан. Намайг очиход жолоочийн талын суудал дээр жирэмсэн эмэгтэй сууж байсан тул би тэр эмэгтэйг жолоо бариад явж байсан юм байх гэж бодоод очтол тэр эмэгтэй “би машин бариагүй. Ард сууж байгаа хар хувцастай эмэгтэй жолоог барьж явсан. Би хажууд талын суудал дээр сууж явсан” гэж хэлж байсан. Тэгээд хартал тухайн үед машиныг жолоодож явсан гэх хар хувцастай эмэгтэй ухаан алдсан байдалтай байсан. Түүний хажууд сууж явсан ээж нь бололтой хүн “Миний охион” гэж хэлээд аманд нь ус хийхэд нөгөө охин сэргэсэн. Ингээд замаар явж байсан машиныг зогсоогоод жирэмсэн эмэгтэйг 2 хүүхдийнх нь хамт, мөн жолооч эмэгтэйг аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргүүлсэн. Осол болсоны дараа буюу 20 цагийн орчимд би цагдаагийн газар, нэгдсэн эмнэлэгт дуудлага өгсөн. Ойролцоогоор 1 цаг орчим цагийн дараа эмнэлэг болон цагдаагийн ажилтнууд ирж бид нарыг эмнэлэг рүү авч явсан. …Би гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ тэр автомашиныг шахсан зүйл байхгүй. Тухайн үед зам чөлөөтэй байсан тул шахах ямар ч үндэслэл байгаагүй. Би гүйцэж түрүүлэх үйлдэл хийхээр эсрэг талын урсгал руу орсон. Ингээд өөрийнхөө эгнээнд орж амжаагүй, эсрэг урсгалд явж байхад тэр автомашин замаас орж гарч байгаад миний автомашины ард талын гуперны баруун хэсгийг шүргэсэн. Би эсрэг урсгалаар яваад гүйцэж түрүүлэх үйлдлээ хийгээд эгнээндээ орж амжаагүй байхад тэр машин миний ард талын гуперыг шүргэсэн. Цагдаагийн бүрэлдэхүүнийг ирээд хэргийн газрын үзлэгийг хийж байхад Приус маркийн автомашиныг жолоодож явсан эмэгтэй цагдаагийн алба хаагчид “гэнэт толиндоо хартал араас нэг машин тулаад ороод ирсэн. Тэгэхээр нь би машинаа холдуулах гээд сандраад рулиэ баруун тийш дарсан. Түүнээс цааш яасныг мэдэхгүй” гэж хэлж байсан. Гэхдээ энэ үгийг байцаалтандаа хэлсэн үгүйг би мэдэхгүй байна. Энэ үгний хариуд цагдаа “чи тэгээд зогсоох арга хэмжээ авсан юм уу? хэзээ жолооны дамжаа төгссөн юм бэ?” гэхэд “би сандарсан байсан болохоор сайн мэдэхгүй байна. Би жолооны дамжаа төгсөөд 2 сар болж байна” гэж хэлж байсан. Миний хувьд тэр автомашиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эгнээндээ орохоор толиндоо хартал тэр машин замаас орж гараад байсан. Ингэж байгаад огцом дарж зам руу орж ирээд эсрэг урсгалд явж байсан миний автомашиныг шүргэсэн. Ингээд тэр чигтээ хөндлөнгөөрөө гулсаж явсаар байгаад замын хажууд тал руу өнхөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 45-47/
Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ... улсын дугаартай NESSAN XTRIAL автомашинтай Улаанбаатар чиглэлд Замын-үүдээс хоёр охины хамт 5 өнгөрөөж гарсан ер нь бол хүнд ачаатай явж байсан болохоор 80 км явсан тээврийн хэрэгсэлийн жолоог манай нөхөр болох Ч.Ө барьж явсан Замын-үүдээс гараад 3 цаг орчим яваад 7 цаг 50 минутын үед нэг машинныг гүйцэд түрүүлээд хажуугаар нь гарсан тэгэхэд машины ард нэг юм дуугарах шиг болсон. Тэгээд би цонхоороо харахад нэг машин унасан өнхөрч байсан. Тэгээд машинаа зогсоож манай нөхөр гүйж очиход эмэгтэй эрэгтэй хоёр хүн гарсан эрэгтэй нь гараад хүүхдээ аваад эхнэртэй өгсөн өөрөө газар хэвтсэн нөхрийнх нь толгой хагарсан байсан тэгээд замаар явж байсан нэг залуу ирж тусалсан тэр залуу түргэн тусламж 103 руу залгаж дуудлага өгсөн тэгээд машинд байсан хүмүүсийг бүгдийг нь гаргасан. Түргэн тусламж Цагдаа иртэл хоёр эмэгтэй хоёр хүүхдийн хамт машинд суулгаж эмнэлэг явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/
Шинжээч О.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ... улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл Монгол Улсын замын хөдөлгөөний 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдол зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн. Мөн Э.Б нь зогсоох арга хэмжээ аваагүй үндэслэлтэй. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч Ч.Ө замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй болно. Учир нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын бүдүүвч зураг, гэрч нарын мэдүүлэг, зэргээс авч үзвэл тухайн Приус-11 маркийн автомашины жолооч Э.Б нь X-TRAIL маркийн тээврийн хэрэгсэл гүйцэтгэж байх үедээ зэрэгцээ ирсэн тээврийн хэрэгслийг харан сандарч жолооны хүрдээ баруун гар тийш даран шороон хөвөөн хэсэг рүү гарах үед нь мөн сандарч жолооны хүрдээ зүүн гар тийш огцом дарсаны улмаас тухайн X-TRAIL маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд хэсэгт шүргэн жолооны хүрдээ баруун гар тийш огцом дарсаны улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон байна. Энэ нь ослын газрын үзлэгийн гэрэл зургийн 7 дугаартай гэрэл зургийн үзүүлэлт дээр тодорхой харагдаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 196-197/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12/
Шүүгдэгч Э.Б-н согтуурлын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 16/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-23/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 02/0241 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “
1. А-н биед баруун шаант ясны зөрүүгүй хугарал, толгойн орой баруун алганы ар хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. С.А-н биед учирсан баруун шаант ясны зөрүүгүй хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цааш ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Толгойн орой, баруун алганы ар хэсгийн зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг хамаарахгүй цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 71/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 02/0236 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. О.Г-н биед зүүн эгэм ясны хугарал, тархи доргилт, дагзны шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. О.Г-н биед учирсан зүүн эгэм ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Тархи доргилт, дагзны шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Шинжилгээний явцад шинээр илэрсэн зүйл үгүй” гэжээ. /хх-ийн 95/
2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 14 дугаартай дүгнэлтэнд:
1. ... улсын дугаартай Nissan X-TRAIL маркийн автомашиныг жолоодож явсан Ч.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байх үндэслэлтэй байна.
2. Жолооч Ч.Ө нь гүйцэж түрүүлэх үйлдэл гүйцэтгэж явсан учир зогсоох арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Асуулт 2, 3-д бүрэн хариулсан болно.
3. ... улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн автомашиныг жолоодож явсан Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна. Жолооч Э.Б нь зогсоох арга хэмжээ аваагүй байх үндэслэлтэй байна. 3, 4-д бүрэн хариулсан болно.
Хариулт 5. Ч.Ө нь жолоодох эрхтэй ... дугаартай В,С,D ангиллын жолооны үнэмлэхтэй нь жолоочийн мэдээллийн сангаар нотлогдож байна. Э.Б жолоодох эрхтэй ... дугаартай В ангиллын жолооны үнэмлэхтэй нь жолоочийн мэдээллийн сангаар нотлогдож байна.
Жолооч нарыг хэдэн км/цагийн хурдтай явж байсныг тогтоох боломжгүй.
Хариулт 7. Тухайн зам тээврийн осол жолооч Э.Б-н буруутай үйлдэл дээр дурдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй болох нь тогтоогдож байна. Асуулт 6, 8-д бүрэн хариулсан болно гэжээ. /хх-ийн 113-114/
А ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 117-118/
Х ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 122-127/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 133-134/
Ц.О, С.А нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 136-137/
Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн шүүгдэгч Э.Б-н оршин суудаг талаарх тодорхойлолт /хх-ийн 141/
Шүүгдэгч Э.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 143-144/
... улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 146/
Иргэний нэхэмжлэгч Б.С-т хохирлын төлбөр төлсөн талаарх баримт /хх-ийн 207/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн орчим Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг Алаг гүүр гэх газар ... дугаартай Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж ... улсын дугаартай Nissan X-TRAIL маркийн тээврийн хэрэгсэлтэй шүргэлцэн зам тээврийн осол гаргаж хохирогч О.Г-н эрүүл мэндэд зүүн эгэм ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч С.А-н эрүүл мэндэд баруун шаант ясны зөрүүгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулжээ.
Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Э.Б-н автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... жолооч эмэгтэй “яанаа арын машин” гэж хэлсэн. Тэр үед ард явж байсан машин манай машины хажуугаар явж байгаа харагдаад манай машин шархийх дуугарах чимээ гарсан. Тэгээд манай машин замын гол хэсэг рүү нэг ороод, замын баруун гар тал руу өнхөрчихсөн. Осол болох үед би ухаан алдаагүй ч ухаан санаа орж гараад байсан. Нэг харахад машин 4 дугуйн дээрээ зогчихсон, би өөрөө гарах гэсэн боловч гар маань эвгүй болчихоод хаалгаа нээж чадахүй байсан тул нэг гараараа хамгаалах бүсээ тайлж байгаад цонхоороо гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/, хохирогч О.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд цааш явж байтал хэдэн км явсаныг сайн мэдэхгүй байна ард хоцорсон X-Trail маркийн автомашин араас гүйцэж түрүүлэхээр ирээд хажуугаар зэрэгцээд давхиад байсан. Ингэж зэрэгцэж давхиж байхдаа хажуунаас шахаж, манай машины урд талын гупер тэр машины ард талын гуперт цохигдоод замын хажууд тал руу өнхөрсөн. Машиныг 4 дугуйн дээрээ тогтохоор нь би хартал жолоочийн суудал дээр сууж явсан Б ард талын суудал дээр суучихсан, С машин дотор байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-32/, иргэний нэхэмжлэгч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Цааш явж байтал жолооч Б “Энэ арын машин ирж байна. Яанаа” гэж хэлсэн. Тэгээд машин нэг савлах шиг болоод л би ухаан алдсан. Түүнээс хойш юу болсоныг би санахгүй байна. Нэг сэрэхэд машины гадаа хэвтэж байсан.Тухайн үед тэр машиныг яг шахаж орж ирсэнийг би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/, гэрч Ч.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Ингээд эсрэг урсгал руугаа орж нөгөө автомашиныг гүйцэж түрүүлчихээд өөрийн эгнээ рүү орохоор буруу талын толиндоо хартал нөгөө Приус маркийн автомашин замын хажуу руу орж гараад байсан. Ингэж байгаад огцом дарж зам руу ороод эсрэг урсгалд явж байсан миний автомашины ард талын гуперын баруун хэсгийг шүргэсэн. Тухайн үед би өөрийн эгнээ рүүгээ орж амжаагүй, эсрэг урсгалаар явж байсан. Би гүйцэж түрүүлэх үед ачаа ихтэй байсан тул тийм ч хурдан яваагүй. Тухайн үед тэр автомашин надаас 5 км цагаар бага хурдтай явж байсан байх гэж бодож байна. Ер нь аль аль автомашин бага хурдтай явж байсан. Уг автомашин миний машиныг шүргээд зам дам дээр хөндлөн байрлалтай болж тэр байрлалаараа хэсэг газарт гулсаж байгаад замын хажуу руу өнхөрсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 45-47/, шинжээч О.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгт Монгол Улсын замын хөдөлгөөний 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдол зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн. Учир нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын бүдүүвч зураг, гэрч нарын мэдүүлэг, зэргээс авч үзвэл тухайн Приус-11 маркийн автомашины жолооч Э.Б нь X-TRAIL маркийн тээврийн хэрэгсэл гүйцэтгэж байх үедээ зэрэгцээ ирсэн тээврийн хэрэгслийг харан сандарч жолооны хүрдээ баруун гар тийш даран шороон хөвөөн хэсэг рүү гарах үед нь мөн сандарч жолооны хүрдээ зүүн гар тийш огцом дарсаны улмаас тухайн X-TRAIL маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд хэсэгт шүргэн жолооны хүрдээ баруун гар тийш огцом дарсаны улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон байна. Энэ нь ослын газрын үзлэгийн гэрэл зургийн 7 дугаартай гэрэл зургийн үзүүлэлт дээр тодорхой харагдаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 196-197/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 02/0241 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 02/0236 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 14 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-23/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Б нь уг үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч О.Г, насанд хүрээгүй хохирогч С.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Доноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Э.Б нь үйлдсэн хэргийн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Насанд хүрээгүй хохирогч С.А-н хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эх Э.Ц-г тогтоосон / хх-ийн 24/ атлаа Э.Ц-г хохирогчоор байцаасан нь хууль зөрчжээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Э.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Б нь иргэний нэхэмжлэгч Б.С-т гэмт хэргийн улмаас учруулсан машины хохирол 4.000.000 төгрөг төлж, иргэний нэхэмжлэгч болон хохирогч О.Г, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ц нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлын хэмжээ бага, шүүгдэгчийн хувийн зан байдал, төрийн байгууллагад ажиллаж, сар бүр тогтмол орлоготой зэргийг харгалзан прокуророос санал болгосон 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Б-г /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Э.Б нь 460.000 төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц