Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  Ц.А

Улсын яллагч  Э.Т

Шүүгдэгч Х.Б, С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Х.Б, Б овогт С.Б нарт холбогдох эрүүгийн 1820002360139 тоот хэргийг 2018 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Туул тосгонд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аюулгүй ажиллагааны техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5-р багт оршин суух хаягтай, Д овогт Х.Б,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5-р багт оршин суух хаягтай, Б овогт С.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.Б нь Х.Б-тай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 16-ний өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр төв сааданд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Ч-той таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Х.Б нь С.Б-тэй бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 16-ний өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр төв сааданд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Ч-той таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. Би айлын ууган хүүхэд нь болж мэндэлсэн, бид эхээс 4-үүлээ төрсөн. Бага насаа Дорноговь аймгийн Замын-Үүд суманд эцэг эхийн гар дээр хүмүүжиж өнгөрүүлсэн. 2005 онд 7 настайдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 10-н жилийн Ерөнхий боловсролын 1-р сургуульд элсэн орж 2013 онд 9 дүгээр ангиа төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Ар гэрийн гажигдлын байдлаас болоод цаашаа суралцаж чадаагүй. 2016 онд цэргийн албыг дүйцүйлэхээр хаасан. Эхнэр Н.Б-тай 2016 онд Улаанбаатар хотод танилцаж 2018 онд нэг гэрт орсон. Албан ёсны гэрлэлтийн гэрчилгээ байхгүй. Дундаасаа 1 хүүхэд сая 7 хоногийн өмнө мэндэлсэн. Би одоогоор карго дээр хувиараа ачигч хийж байгаа. Би согтууруулах ундаа бараг хэрэглэдэггүй, тамхи татдаг. Би хүнтэй маргаж муудалцдаггүй. Урьд нь хуулийн байгууллагад ямар нэгэн байдлаар шалгагдаж байгаагүй. Одоо бие эрүүл, ухаан саруул. Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн үед гэрээсээ гарч найз М-тай вокзал дээр уулзсан. Тэгээд М бид хоёр “Я” караокед орж суусан ба тэндээс 4 лаазтай пиво авч хоёр хоёроор нь уусан. Ингэж байхад Б миний гар утас руу залгаад хаана байгаа юм бэ, хүрээд очъё гэсэн. Удаагүй Б согтууруулах ундаа хэрэглэчихсэн М бид 2 дээр ирсэн. Ингээд ахиж хүн бүр 2 лааз пиво захиалж уугаад караокенаас гарахад 01 цаг өнгөрсөн байсан. 2018 оны 10 дугаар сарын 16 болсон байсан гэсэн үг. Бид 3 “Б” буудлын хажуу дахь автобусны Зогсоол дээр такси хүлээгээд тамхи татаад зогсож байтал Ч гэх залуу нэг найзтайгаа ирээд Б-с тамхи нэхсэн. Б татаж байсан тамхиа хуваагаад татчихъя, ганц л тамхи байна гэхэд Ч нь Б-г хөөрхөн бацаан шүү гээд дагуулаад саад руу орсон. Ч-н найз бас хамт явсан ба М бид 2 үлдсэн. Саад руу ороод явчихаар нь хойноос нь очтол Б, Ч 2 өөд өөдөөсөө хараад маргаад зогсож байсан. Би дөхөж очоод Ч-г хөөе гэж дуудахад Ч над руу хүрээд ирсэн. Тэгэхээр нь би баруун гараа зангидаж байгаад Ч-н зүүн шанаа тус газар нь 1 удаа цохисон. Ч газар унахдаа Б-г татаад унасан. Ч хажуугаараа хэвтчихээд босохгүй өөдөөс хараад хэвтээд байсан ба Б босоод зүүн хөлөөрөө Ч-н нүүрэнд 1 удаа өшиглөсөн. Ингээд газар унасан байсан 2 утасыг аваад Ч-т өөрийнх нь утсыг өгсөн. Нөгөө нь утас нь Б-н гар утас байсан. Энэ үед Ч босоод суучихсан байсан ба М, Ч-н найз 2 хажууд хараад байж байсан. Ингээд Б, М бид 3 Г банкны хажуугаар явцгаасан. Ч найзтайгаа үлдсэн. Би найз Б-тай нийлж Ч-г зодон биед нь хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хариуцлагаа хүлээх болно. Ахиж ийм болчимгүй үйлдэл гаргахгүй байх болно гэжээ. /хх-ийн 42-43/

- Шүүгдэгч С.Б шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс нэмж ярих зүйл байхгүй гэв.

- Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хот Туул тосгонд төрсөн. Би айлын дунд хүүхэд нь болж мэндэлсэн, бид эхээс 3-уулаа төрсөн. Бага насаа Улаанбаатар хот Туул тосгон, Яармагт цэцэрлэгт хүмүүжиж 2004 онд 7 настайдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 10-н жилийн Ерөнхий боловсролын 1-р сургуульд элсэн орж 2014 онд 11 дүгээр ангиа төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 2014-2016 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд Польтехникийн коллежд суралцан төгсөж хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны техникч мэргэжил эзэмшсэн. Цэргийн алба хаагаагүй. 2017 онд Турк руу явж хөдөлмөр эрхлэж байгаад 2018 оны 08-р сард буцаж ирсэн. Эхнэр аваагүй. Би одоогоор эрхлэсэн ажилгүй. Аав Э каргод талбайн цэвэрлэгч, ээж Б дэлгүүрт үйлчлэгч, ах хотод Н компанид агуулахын түгээгч, дүү оюутан. Би согтууруулах ундаа бараг хэрэглэдэггүй, тамхи татдаг. Би хүнтэй маргаж муудалцдаггүй. Урьд нь хуулийн байгууллагад ямарваа байдлаар шалгагдаж байгаагүй. Одоо бие эрүүл, ухаан саруул. Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 64 айлд найз Ж-тай 2.5 литрийн 1 том пиво хувааж уусан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад найз Б рүү залгатал “Я” караокед М-тай хамт байна гэхээр нь би яваад очсон. Тэгээд хүн бүр 2 лааз пиво захиалж уугаад караокенаас гарахад 01 цаг өнгөрсөн байсан. Бид 3 “Б” буудлын хажуу дахь автобусны зогсоол дээр такси хүлээгээд тамхи татаад зогсож байтал Ч гэх залуу нэг найзтайгаа ирээд надаас дээрэнгүйгээр тамхи нэхсэн. Надад тамхи байгаагүй, татаж байсан тамхиа хуваагаад татчихъя, ганц л тамхи байна гэхэд Ч намайг хөөрхөн бацаан шүү гээд хацарлуу 1 удаа зөөлөн алгадаад ийшээ явъя гээд дагуулаад саад руу орсон. Ч-н найз бас хамт явсан ба хойно Б, М 2 үлдсэн. Саад руу ороод Ч чи ямар том юм бэ, хаанахынх юм бэ энэ тэр гээд дээрэлхээд эхэлсэн. Би дээрэлхүүлчихгүй юм шүү гэж бодоод, зугтдаг ч юм билүү гэж бас бодоод зогсож байтал Б араас ирээд Ч-г дуудаад баруун гараа зангидаж байгаад Ч-н зүүн тус газар нь 1 удаа цохисон. Ч газар унахдаа намайг татаад унасан. Би түрүүлж босоод зүүн хөлөөрөө Ч-н нүүрэнд 1 удаа өшгилсөн. Ингээд газар 2 утас унасан байхаар нь авсан. Нэг нь миний утас, нөгөө нь Ч-н утас. Ч-т утсыг нь өгчихөөд энэ үед Ч босоод суучихсан байсан ба бид хоорондоо юу ч ярилгүй салцгаасан. Би найз Б-тэй нийлж Ч-г зодон биед нь хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хариуцлагаа хүлээх болно. Ахиж ийм болчимгүй үйлдэл гаргахгүй байх болно гэжээ. /хх-ийн 38-39/

- Шүүгдэгч Х.Б шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: М, Б нартай автобусны буудал дээр тамхи татаад зогсож байсан чинь 2 залуу ирээд Ч нь тамхиа өг гээд дээрэнгүү хандаар хацар луу алагдсан. Тэгээд хүрээд ир гээд сад руу дагуулж явсан. Саадан дотор зогсож байтал Б, М 2 ирсэн. Б Ч-г цохисон. Ч унахдаа намайг татаад бид 2 хамт унасан. Би унахдаа төмөр хашлага толгойгоороо цохиж унаад толгой хагарсан. Тэгээд босоод уурандаа Ч-г нэг удаа өшиглөсөн. Газар утас унасан байсан. Ч-н утсыг өөрт нь өгөөд өөрийнхөө утсыг аваад цааш явсан гэв.

- Хохирогч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Замын-Үүд сумын 1-р багт байрлах М ресторанд ажилладаг. 2018 оны 10 дугаар сарын 15-ны орой 22:00 цагийн үед ажил тараад найз Б-н хамт Замын-Үүд сумын 1-р багт байрлах “Н” ресторанд орж Б З лааз пиво, би 300 грам архи авч уусан. Тэгээд караоке хаах үеэр буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны 01:40 минутын үед бид хоёр гараад төв зогсоол дээрээс такси барих гээд “Б” буудлын урд талаар явж байсан чинь автобусны зогсоол дээр 3 залуу байж байхаар нь тамхи асуугаад цаашаа талбай руу орсон чинь хойноос нөгөө гурван залуу хүрч ирээд намайг цохиж унагаан нэг залуу нь нуурлүү өшиглөсөн. Тухайн үед би нилээд согтуу байсан учир хэн намайг цохьсоныг мэдэхгүй байна. Ямар ч байсан гурвуулаа намайг зодсон. Манай найз Б тэр залуучуудыг сайн харсан гэсэн. Б, Б хоёртой уулзсан. Намайг цохиж зодсоноо хэлсэн. Тухайн үед Б нүүр рүү өшиглөж, Б толгой руу цохьсон гэж хэлээд надаас уучлалт гуйсан. Надад эмчилгээний зардал өгсөн зүйл байхгүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-ийн 11-12/

- Хохирогч Б.Ч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2018 оны 10 сарын 16-ны 01 цагийн үед Б, Б нарт зодуулсны улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдан Замын-Үүд сумын Ш эмнэлэгт 10 хоног 670.000 төгрөг төлж тархины хаван хөөх эмчилгээ хийлгэсэн. Эмчлүүлж байх хугацаандаа БНХАУ-ын Эрээн хотод 10 сарын 19-нд гарч төв эмнэлэгт үзүүлж эм тариа хийлгэж 20-нд орж ирсэн явсан зардал, тариа, дусал, шархны эм тос нийлээд 1000 юань буюу 385.000 төгрөг болсон. 10 сарын 18-нд Дорноговь амйгийн Сайншанд сум руу явж шүүх эмнэлэгт үзүүлсэн зардалд 40.000 төгрөг болсон. М компанид би өдрийн 40.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. 10 хоногийн эмнэлэгт хэвтэж ажилгүй хугацааны 400.000 төгрөг, нийт 1.495.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. 

- Гэрч Г.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Замын-Үүд сумын 1-р багт төв талбайн баруун талд байрлах Б зочид буудлын жижүүрийн үүргийг гүйцэтгэж ажилласан. Миний хувьд жижүүрээр ажиллаж байсан боловч дуу чимээ хүмүүсийн маргалдаан сонсоогүй. Манай буудал 23 цаг гээд үүдээ барьсан. Тэрнээс хойш хүн аваагүй. Манай буудлаар хүн орж гараагүй. Би хаалгаа түгжсэн байсан гэжээ. /хх-ийн 08/

- Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны орой 22:00 цагийн үед найз Ч-той уулзаад Замын-Үүд сумын 1-р баг Н ресторанд орж би 3 лааз пиво Ч 300 грам архи авч уусан. Тэгээд Н-с гараад 23:30 минутын үед Н караокед орж нэг нэг лааз пиво авч уугаад хаах үеэр буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны 01:40 минутын үед гарсан. Н караокенээс гараад такси олдохгүй болохоор нь төв талбайн баруун талд зам дагуу алхаж байтал “Б” зочид буудлын хойд талын автобусны буудал дээр  3 залуу зогсож байсан чинь Ч хажуугаар нь зөрөхдөө тамхи байна уу? гэж асуусан чинь нөгөө гурван залууттай цуг явж байсан намхан биетэй туранхай бор царайтай залуу нь тамхиа өгсөнөө яваад өгсөн. Тэгсэн Ч тамхийг нь авч татаад төв саад руу орсон чинь нөгөө тамхи өгсөн намхан залуу намайг хүзүүдэж авсанаа Ч-н араас явж байснаа хавираад унагаахаар нь би зугтаарай гээд орилсон чинь нөгөө 3-н залуугийн өндөр залуу нь Чинзоригийг бариад авчих шиг болсон. Энэ хооронд би зугаатаасан. Би хэсэг хугацааны дараа 1-р сургуулийн баруун тийшээ гардаг хаалганы хажууд очсон чинь Чинзориг газар хэвтсэн байдалтай, нүд нь хөхөрчихсөн байхаар нь босгоод аваад явсан. Бид хоёртой муудалцсан тэр 3-н залууг урьд өмнө харж байгаагүй гэжээ. /хх-ийн 15-16/

- Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 23:00 цагийн үед дансанд мөнгө хийхээр гараад төв вокзал дээр Б-тэй таарч Замын-Үүд сумын 1-р баг Я ресторанд орж пиво уугаад сууж байсан чинь Б залгаад та хоёр дээр яваад очьё гэхээр нь хүрээд ир гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Б нилээд согтсон байдалтай ирж дахин пиво захиалаад ууж суусан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 16-ны 01:00 цаг өнгөрч байхад Я-с гарч төв талбайн эсрэг талын автобусны буудал дээр Б, Б бид гурвыг зогсож байсан чинь урд талаас 20 гаран насны 2 эрэгтэй хүрч ирсэнээ нэг залуу нь тамхи байна уу? гэж асуухаар нь ганц тамхи байна хуваагаад татъя гэж хэлсэн чинь Ч гэх залуу нь бид 3-т хандаж та гурав ах нараасаа мөнгө авах гээд байгаа юм уу? гэснээ Б-г Ч хамт явж байсан залуутайгаа хамт төв саад руу аваад орсон. Энэ үед би Б-тэй үлдээд 1 минутын дараа төв саад руу бид хоёрыг очсон чинь Б нөгөө хоёр залуутай маргалдаад зогсож байхаар нь Б түрүүлж очоод Ч-г түлхэж унагаасан. Тэгсэн Б Ч-н нүүрлүү өшиглөсөн чинь чинь босож ирэхгүй хэвтээд байхаар нь хажууд нь газар унасан гар утсыг нь Б Ч-т өгөөд бид нар явцгаасан. Тухайн үед Б бид хоёрыг төв саад руу орох үеэр Ч-той цуг явж байсан залуу зугтаагаад яваад өгсөн гэжээ. /хх-ийн 18/

- Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Х.Б-г 1997 онд Туул тосгонд төрүүлж байсан. Миний 2 дахь хүүхэд. бага насаа Туул тосгондоо өнгөрүүлсэн. 2 нас хүртэлээ эцэг эхийн гар дээр хүмүүжиж, тэрнээс хойш сургуульд ортолоо яармагийн цэцэрлэгт хүмүүжсэн. 2004 онд Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын 1-р сургуульд элсэн орсон. 2014 онд Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 11-р ангийг төгссөн. 2-р сургууль руу шилждэг нь шинэ сургууль нээгдээд ангиар нь тийш нь шилжүүлсэн юм. Ингээд миний 2014 ондоо Өмнөговь аймгийн төв дээр Польтехникийн коллеж суралцаж 2016 онд төгсөж Хөдөлмөр хамгааллын техникч мэргэжилтэй болсон. Одоо хүү маань 21 настай, эхнэр аваагүй, Замын-Үүд суманд аав, ээж дээрээ хамт амьдарч байгаа. Сургуульд байхдаа спортоор, ялангуяа хөл бөмбөгийн спортоор хичээллэдэг байсан. Бас сурлага сайтай, олимдиадуудад олон удаа орж медаль авч байсан. Миний хүү уг нь үг дуу цөөтэй, их л даруухан. Хүнтэй яаран муудалцахгүй, эв дүйг нь олж харьцахыг хичээдэг. Миний л хажууд тамхи татаж байгаагүй, архийг ч хэрэглэдэггүй байх. Урьд нь архи үнэртүүлээд аав, ээж дээрээ ирж байсан удаагүй. Найз нөхөд их олон, хажуудахдаа их тусархаг зантай. Хүнд их итгэмтгий байх гэж боддог. Ааш зангийн хувьд элдэв гаж, сөрөг зангүй, би хүүгээ гэр бүлийн хүмүүжлийн хувьд зөв хүмүүжсэн гэж боддог. Манай гэр бүлд аав нь л тамхи татдаг, архи уудаг хүн нэг ч байхгүй. Б урьд хэрэг төвөгт орооцолдож байгаагүй, хүнтэй зодоон нүдээн хийж байгаагүй. Хүүхдээ зөв хүмүүжилтэй, даруу төлөв гэж боддог гэжээ. /хх-ийн 23/

- Гэрч Т.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би С.Б-н төрсөн ээж нь байгаа юм. Би С.Б-г 1998 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрүүлсэн. Миний ууган хүүхэд. Б-г төрүүлээд манайх Замын-Үүд суманд ирж суурьшсан. Б багадаа цэцэрлэгт явж байгаагүй, бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж өнгөрүүлсэн. Доороо 3 дүүтэй. 2005 онд Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын 1-р сургуульд элсэн орсон. 2013 онд Замын-Үүд 9-р ангийг төгссөн. Одоо хүү маань эхнэр 1 хүүхдийн хамт тусдаа амьдарч байгаа. Эхнэр Н.Б-тай 2016 онд Улаанбаатар хотод танилцаад 2018 онд нэг гэрт орсон. Хүүхэд нь ... сарын ...-нд төрсөн. Сургуульд байхдаа спорт, урлагт идэвхи сайтай байсан. Харин хичээлдээ тааруухан байсан. Миний хүү ааш зангийн хувьд элдэв гаж, сөрөг зангүй. Их нийтэч, найз нөхөд олонтой. Тэднийхээ дунд болоод хамаатан садангийнхаа дунд нэр хүнд сайтай. Б тамхи татдаг, архи бол хэрэглэдэггүй байх. Би хүүгээ гэр бүлийн хүмүүжлийн хувьд зөв хүмүүжсэн гэж боддог. Б урьд хэрэг төвөгт орооцолдож байгаагүй, буруу зүйл хийж эцэг эхийнхээ чихийг халууцлуулж байгаагүй. Амьдралын эрхээр 9-р ангиа төгсөөд сургуулиа орхиж ажил хийж эхэлсэн. Миний хүү одоо Карго дээр ачигч хийж гэр бүлээ авч яваа. Аав, ээж, гэр бүлдээ их тус болдог. Хүүхдээ зөв хүмүүжилтэй, даруу төлөв гэж боддог гэжээ. /хх-ийн 24/

- Шинжээчийн 02/0332 дугаартай дүгнэлт: 1.Б.Ч-н биед баруун нүдний дотор салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 27/

- Шүүгдэгч нарын иргэний цахим үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-47, 48-53/

- Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 57-59/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Х.Б, С.Б нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 16-ний өдөр Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр төв сааданд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Ч-той таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар цохиж баруун нүдний дотор салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Ч-н “...2018 оны 10 дугаар сарын 16-ны 01:40 минутын үед бид хоёр гараад төв зогсоол дээрээс такси барих гээд “Б” буудлын урд талаар явж байсан чинь автобусны зогсоол дээр 3 залуу байж байхаар нь тамхи асуугаад цаашаа талбай руу орсон чинь хойноос нөгөө гурван залуу хүрч ирээд намайг цохиж унагаан нэг залуу нь нуурлүү өшиглөсөн. Тухайн үед би нилээд согтуу байсан учир хэн намайг цохьсоныг мэдэхгүй байна. Ямарч байсан гурвуулаа намайг зодсон.” гэх мэдүүлэг, гэрч О.Б “...Н караокенээс гараад такси олдохгүй болохоор нь төв талбайн баруун талд зам дагуу алхаж байтал “Б” зочид буудлын хойд талын автобусны буудал дээр  3 залуу зогсож байсан чинь Ч хажуугаар нь зөрөхдөө тамхи байна уу? гэж асуусан чинь нөгөө гурван залууттай цуг явж байсан намхан биетэй туранхай бор царайтай залуу нь тамхиа өгсөнөө яваад өгсөн. Тэгсэн Ч тамхийг нь авч татаад төв саад руу орсон чинь нөгөө тамхи өгсөн намхан залуу намайг хүзүүдэж авсанаа Ч-н араас явж байснаа хавираад унагаахаар нь би зугтаарай гээд орилсон чинь нөгөө 3-н залуугийн өндөр залуу нь Ч-г бариад авчих шиг болсон. Энэ хооронд би зугаатаасан. Би хэсэг хугацааны дараа 1-р сургуулийн баруун тийшээ гардаг хаалганы хажууд очсон чинь Ч газар хэвтсэн байдалтай, нүд нь хөхөрчихсөн байхаар нь босгоод аваад явсан.”  гэх мэдүүлэг, гэрч Ц.М “...Б, Б, бид гурвыг зогсож байсан чинь урд талаас 20 гаран насны 2 эрэгтэй хүрч ирсэнээ нэг залуу нь тамхи байна уу? гэж асуухаар нь ганц тамхи байна хуваагаад татъя гэж хэлсэн чинь Ч гэх залуу нь бид 3-т хандаж та гурав ах нараасаа мөнгө авах гээд байгаа юм уу? гэснээ Б-г, Ч хамт явж байсан залуутайгаа хамт төв саад руу аваад орсон. Энэ үед би Б-тэй үлдээд 1 минутын дараа төв саад руу бид хоёрыг очсон чинь Б нөгөө хоёр залуутай маргалдаад зогсож байхаар нь Б түрүүлж очоод Ч-г түлхэж унагаасан. Тэгсэн Б Ч-н нүүрлүү өшиглөсөн чинь чинь босож ирэхгүй хэвтээд байхаар нь хажууд нь газар унасан гар утсыг нь Б Ч-т өгөөд бид нар явцгаасан. Тухайн үед Б бид хоёрыг Төв саад руу орох үеэр Ч-той цуг явж байсан залуу зугатаагаад яваад өгсөн” гэх мэдүүлэг, шинжээчийн 02/0332 дугаартай дүгнэлт /хх-ийн 27/ зэргээр нотлогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч нарт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, шүүгдэгч нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзлээ.

Хохирлын хувьд:

Хохирогч Б.Ч нь БНХАУ-ын Эрээн хотын эмнэлэгт үзүүлсэн төлбөр 1000 юань буюу 385.000 төгрөг, Сайншанд суманд шүүх эмнэлэгт үзүүлсэн 40.000 төгрөг, 10 хоног ажилгүй байсан хугацааны цалин 400.000 төгрөг, Шонхормед эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 670.000 төгрөг нийт 1.495.000 төгрөгийн хохиролыг нэхэмжилж байгаа боловч нотлох баримтаар Шонхормед эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн талаарх 2018 оны 12 сарын 24-ний өдрийн 01/168 дугаартай Шонхормед эмнэлгийн захирлын албан тоотоор 670.000 төгрөгийн зардлаар хэвтэн эмчлүүлсэн нь нотлогдож байна. Иймд 670.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, үлдэх 825.000 төгрөгийн эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Шүүгдэгч нар нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх боловч өрхийн орлого тодорхойгүй, түүнчлэн шүүгдэгч нар нь банкны зээл төлдөг, шүүгдэгч С.Б нь гэр бүлийн хамт орон сууц хөлслөн амьдардаг зэрэг байдлыг харгалзан үзээд оногдуулсан торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар хэсэгчлэн төлөхүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Х.Б, Б овогт С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, С.Б нарыг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Б, С.Б нарт оногдуулсан 460.000 төгрөгийн торгох ялыг  2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Б, С.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Х.Б, С.Б нараас 670.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Ч-т олгож, хохирогч нь 825.000 төгрөгийн эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Э.Б